Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 597

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Э-гийн Х-д холбогдох эрүүгийн 1905015820000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “М- К” технологийн коллежийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 000 дугаар байрны, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /              / Б овогт Э-гийн Х

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Х нь 2019 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф” бааранд Г.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф” бааранд хохирогч Г.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын 30-наас 2019 оны 3 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найзууд болох Ж, Бат-Очир, Ц, Хүчитбуян, Л нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ф бааранд орсон. ...Х- гэнэт Бат-Очир луу зодох гээд дайраад байсан, гаднаас Ц орж ирсэн. Ц Х- гэх залуу руу яагаад байгаа юм бэ гээд зандрангуй хэлтэл Х- нь эхлээд Цыг цохиод дараа  нь намайг цохиод нойлоос гараад гүйчихсэн. ...Би нойлын өрөөнд шүлсээ хаятал миний үүдэн хоёр шүд уначихсан байсан...” /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч Ү.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 30-наас 2019 оны 3 дугаар сарын 31-нд шилжих шөнө Э, Ц, Ж, Л, О нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ф бааранд орцгоосон. ...Би нойлын өрөөнд ороод яагаад манай найзтай маргалдаад байгаа юм бэ гэхэд тэр залуу тэгээд чи яах гээд байгаа юм бэ гээд намайг заамдсан. Тэгэхэд нойлын өрөөнөөс Э гарч ирсэн. Ц гаднаас орж ирээд яасан юу болсон бэ гээд намайг заамдчихсан байсан нөгөө залуугийн гарыг нь тавиултал тэр залуу шууд Ц ыг цохиод дараа нь Э очоод тэр хоёрыг салгах гэтэл мөн Э-ын нүүрэн тус газар цохиод нойлын өрөөнөөс гараад зугтаасан. Би нойлын өрөөнөөс гартал Э, Ц хоёрыг цохисон залуу болон манай найзуудыг баарны хамгаалагч нар барьчихсан байсан. Энэ үед Э нойлын өрөөнөөс гарч ирээд миний шүдийг цохиод хугалчихлаа гэсэн...” /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би салгахад намайг цохиод дараа нь Э-ыг цохиод зугтаагаад нойлын өрөөнөөс гарсан. Э миний хоёр шүд уначихлаа гээд шүднүүдээ бариад амнаас нь цус гарсан байдалтай нойлоос гарч ирсэн...” /хх-ийн 24 тал/,

 

Шинжээч Ц.Б-ын “...0000 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан Г.Э-ын биед учирсан зүүн дээд 1, 2 шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүгдэгч Э.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 30-наас 2019 оны  3 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01 цагийн орчим найзууд болох М, С, Т, П нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф нэртэй бааранд орцгоосон. ...Би ганцаараа бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу миний хүзүүн дээр дараад чи ямар овоо залуу вэ, бүжгийн талбайгаас холдож уулзъя гээд намайг нойлын өрөөнд оруулсан. Энэ үед тэр залуу чи ямар овоо муу пизда вэ, чамайг булшилна гээд байхаар нь би тэр залууд хандан чи хүн андуураад байна. Тэнэг пизда минь гэтэл намайг духаараа мөргөн хана руу шахаж хоолой боохоор нь та нар чинь харин орк пизда нар вэ гэтэл тэр залуугийн найзууд намайг тал талаас цохиод байхаар нь би нүүрээ хамгаалж доош суусан. Энэ үедээ урд талд байсан залууг цохиод нойлын өрөөнөөс гарч гүйсэн. Нойлын өрөөнөөс гартал хамгаалагч нар намайг бариад авсан. Дараа нь нойлын өрөөнөөс нэг залуу амнаас нь цус гарсан байдалтай, шүдээ барьж гарч ирээд энэ залуу намайг цохиод шүдийг маань унагачихлаа гээд над руу заасан...” /хх-ийн 43-44 тал/ гэх мэдүүлгүүд,  

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Г.Э-ын биед зүүн дээд 1.2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хоёр шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Х-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, М-К техникийн коллежийн тодорхойлолт /хх-ийн 46-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.Э- биед “зүүн дээд 1.2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэргийн 33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Э.Х-гийн хохирогч Г.Э-ын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Х-гийн 2019 оны 3 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ф” бааранд хохирогч Г.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Э.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Г.Э-т 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгийг хохирол, хор уршигт тооцож нөхөн төлсөн, хохирогч Г.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Х-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Э-т хохиролд тооцож 1500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА