Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 611

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905015730000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Дотоодын цэргийн 000 дүгээр тусгай салбарын бүлгийн довтлогч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил хороолол, Махатма Ганди гудамж, 65 дугаар байрны 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /        /, Х овогт Э-ны Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Э.Энь 2019 оны 3 дугаар сарын 31-нээс 2019 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын автобусны буудлын орчим “миний эхнэрийг цохиж унагалаа” гэх шалтгаанаар иргэн Г.Д-ийн биед халдан зодож нүүрэн тус газарт нь өшиглөн түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э ыг хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 01-ний 02 цагийн үед ...би Н, Б, Б-гийн найз Б болон өөр нэг хүүхний хамт зочид буудалд орохоор Жукав явсан боловч зочид буудал олдоогүй. Тэгээд бид нар Төмөр зам орчим буудалд орохоор таксинд суун Төмөр замын автобусны буудал орчим явж байтал такси ямар нэг шалтгаанаар зогсож таарсан. Тухайн үед Б гэгчийн хамт явсан хүүхэн нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гичий гээд хэлсэн чинь Б гэх залуу таксинаас буун миний сууж байсан талаар ирээд миний хувцаснаас татан намайг таксинаас буулган маргалдсан. Тэр үед намайг хэл амаар доромжлоод байсан хүүхэн миний хажуу талаас ирээд өшиглөх гэхэд нь би өөрийгөө хамгаалах гээд хөлийг нь бариад автал нөгөө хүүхэн хойшоо бөгсөөрөө уначихсан юм. Энэ үед Б гэх залуу миний цамцнаас зуураад аль нэг гараараа миний цээж рүү нэг удаа цохиход нь би доошоо тонгойтол Б гэх залуу миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн бөгөөд би ухаан алдсан байсан. Сэрэхэд гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Миний хувьд хэн нэгний биед халдсан зүйл огт байхгүй. ...Нийт 1.350.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан бөгөөд яллагдагч Э.Э нь эмчилгээнд зориулан 2.000.000 төгрөгийг надад хүлээлгэн өгсөн. Би яллагдагч Э.Э тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хохирлын маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын мөнгөө бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 75-77 тал/,

 

Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүүлд орсон караокед манай эхнэр, Д.Д, О бид тав үлдээд дуулж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний 02 цаг өнгөрч байхад караокенээс гарсан. ...Төмөр замын орчим буудалд орохоор такситай явж байхад Б, Д хоёр маргалдаад байсан бөгөөд вокзалын орчим явж байгаад тамхи авахаар зогстол Бмашинаас буугаад Д-ийн талаар ирээд машины хаалга онгойлгоод Д-ийг буугаад ир гээд татаад буулгасан. Тэр үед би тэр хоёрыг хоорондоо зодолдох нь гэж бодоод машинаас буун салгасан. Тэгтэл О миний хажуугаар Д-д ямар нэг юм хэлээд өшиглөсөн үү яасан мэдэхгүй өөрөө хойшоо унах шиг болсон чинь Бминий найз охиныг яаж байнаа гээд намайг түлхээд Д рүү очоод гараараа нэг удаа цохисон. Тэр үед Д доошоо тонгойтол Б түүнийг нэг удаа өшиглөсөн. Гэтэл Д доош харж унаад нүүр хэсгээс нь маш их цус гарсан. Би та нар яаж байнаа гэтэл Б, О хоёр таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд би эхнэр Б-гийн хамтаар 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын замын хойд талын автобусны буудал ирээд бид нар ТҮЦ орж тамхи авахаар буусан юм. Тэгтэл Б шууд машинаас бууж ирээд Д-г машинаас татаж буулгаж гаргаж ирээд 2 удаа цохисон. Тэгтэл Д- шууд газарт ухаан алдаад уначихсан, дээрээс нь О нэмээд Д-г 1 удаа өөрийнхөө хөлөөрөө өшиглөсөн тэгээд тэр хоёр таксинд суугаад яваад өгчихсөн. Тиймээс цагдаагийн байгууллагад хандах болсон. Д- хэн нэгнийг цохих тэнхэлгүй байсан. ...Миний найз Д-гийн баруун нүднээс нь цус гараад хөхрөөд хавдчихсан одоо цус нь тогтохгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

 

Гэрч Э.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүүлд бид нар караокеноос гараад буудалд орохоор ярилцаад Төмөр зам руу явсан. Тэгээд Төмөр зам орчим такситайгаа ирээд явж байхад Д- гэх залуу намайг гичий минь гээд хараагаад байсан бөгөөд тэр үед такси зогсонгуут би машинаас буугаад нөгөө Д- гэх залуу намайг зүгээр зогсож байхад түлхээд, би газар унасан. Тэр үед Э намайг Д- гэх залуу түлхэн газар унагаснаас болж Д-г доошоо тонгойлгож байгаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд Э бид хоёр тэд нараас салаад явсан. ...Тухайн өдөр тэр хоёр ухаан мэдрэлээ алдсан юм шиг согтуу байгаагүй, хоёулаа уусан ч биеэ хянах чадвартай байсан. ...Одоо надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 79 тал/,

 

Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 31-ны орой 23 цагийн орчим найз эмэгтэй болох О, найз Э-, А нарын хамт Олимп хотхоны Б нэртэй пабад сууж пиво уусан. Тэгтэл шөнийн 00 цагийн орчим О найз эмэгтэй болох Б нь 11 дүгээр хороололд хүрээд ир хамт нэг газар сууя гэж дуудсан тул Таны Зоог нэртэй газар очиход Б нь өөрсдийгөө Д, Н гэж танилцуулсан 2 хүний хамт сууж байсан. Бид нар тэндээсээ гараад Сансарт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж пиво уусан. Э-, А нар явлаа гэж хэлэн гараад явсан. Харин О, Б, Д, Н бид тав үргэлжлүүлэн пиво уусан. Нэг хүн тус бүр 4 шил 0.45 грамын пиво уусан. Тухайн үед миний найз охин болох О-гийн гар утсанд хуучин найз залуугаас нь мессеж ирснээс болон маргаан үүссэн. Энэ үед Д нь бид хоёрыг яасан гэж маргалдаад байгаа талаар хэлээд өөрийгөө шоронгийн атман байсан гэж хэлэн над руу пивоны шил барин далайсан. Би тухайн үедээ Дээс уучлалт гуйгаад маргаан дууссан. Караокеноос шөнийн 02-03 цагийн орчим гараад зочид буудалд бүгд хонохоор явцгаасан. Тэндээс такси барин галт тэргэний буудал руу явсан. Таксины арын суудал дээр би голд нь суугаад миний хоёр талд Д О нар суусан. Ямар ч шалтгаангүй Д нь миний найз эмэгтэй болох О-г гичий минь гэж дуудан орилсон. Би машиныг зогсоогоод чи ямар шалтгаанаар миний найз охиныг доромжилж байгаа юм гэж уурласан. Энэ үед бүгд машинаасаа буусан. Д бид 2 үргэлжлүүлэн маргалдаж байснаа салсан. О, Д руү чи ямар шалтгаанаар намайг гичий гэж дуудаж байгаа талаар маргалдсан. Энэ үед би Д, О нараас зайтай Н, Б нартай юм яриад зогсож байхад Д нь О-г хойш түлхсэн чинь О дээш харан газар унасан. Би үүнийг хараад уурлан Д дээр очин өмсөж байсан хувцаснаас нь татаж байгаад нүүрэн тус газар луу нь нэг удаа өшиглөтөл Д доош харан газар унасан. Тухайн газар цементэн гадаргуутай байсан. Д ухаан алдчихсан байхаар нь гайгүй байх гэж бодон найз эмэггэй О-г аван ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-74 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Г.Д-ийн биед баруун ухархайн дотор дээд хананаас баруун духны хөндий дайрсан хугарал, баруун нүдний ухархайн дээд хананаас дух яс руу үргэлжилсэн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Баруун нүдний ухархайн дээд хананаас дух яс руу үргэлжилсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нилээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/, 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 000 дугаартай “...Э.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Э.Э нь хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Э.Э зөв мэдүүлэг өгөх чадвартай. Э.Э хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хохирогч Г.Д-ийн өвчний түүх /хх-ийн 82-92/ нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2019 оны 3 дугаар сарын 31-нээс 2019 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын автобусны буудлын орчим хохирогч Г.Д-ийг биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.Д-ийн биед “Баруун ухархайн дотор дээд хананаас баруун духны хөндий дайрсан хугарал, баруун нүдний ухархайн дээд хананаас дух яс руу үргэлжилсэн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл” учирсан нь хэргийн 25 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлт, хэргийн 83-92 дахь талд авагдсан хохирогчийн өвчний түүх баримтаар нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Э.Э ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон.    

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Э нь миний найз охиныг доромжилж, түлхэж унагалаа гэх шалтгаанаар хохирогч Г.Д-тэй маргалдаж эхэлсэн байх ба улмаар хохирогч Г.Д-ийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байгаа явдал нь хохирогчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, хохирогчид хохирол, хор уршиг учруулах гэсэн санаа зорилгоор хүсч, үйлдэж буй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.Э ын хохирогч Г.Д-ийг зодож, биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Э.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол бүрэн барагдуулсан” гэж мэдүүлж оролцсон.

 

Мөн хохирогч Г.Д- шүүгдэгчээс хохирол, хор уршигт тооцож 2 сая төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Э аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.   

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, спортын гавъяа шагнал батламж, өргөмжлөлийн хуулбар, Дотоодын цэргийн 000 дүгээр тусгай салбарын тодорхойлолт, Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, цалингийн тодорхойлолт /хх-ийн 37, 95-137 тал/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Э-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

 

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирол, хор уршиг нөхөн төлсөн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.050.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Э.Э нь тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой байх тул оногдуулсан торгох ялыг буюу 10.050.000 төгрөгиийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд уг ялыг биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.050 /нэг мянга тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.050.000 /арван сая тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 10.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.050.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 2 жил 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА