Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Нарийн бичгийн дарга                           Д.Соёлзул

 Улсын яллагч                                         Э.Гантулга

 Хохирогч                                                 Ц.Ям

             Шүүгдэгч                                                 Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Дашзэвэгийн Аод холбогдох эрүүгийн 1932000000112 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, ам бүл ганцаар, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Дашзэвэгийн А. /РД:*/

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 07 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 даваа гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 215 дугаар километрийн заалтын орчим 19-50 УБР улсын дугаартай Х.Соната-7 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэхь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ц.Ямгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: .....2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байгаад 2 даваа уруудаж яваад замын хагархай гаргах гэж баруун тийш нь дараад эрэг мөргөөд зогссон. Ям гуайн эгэм хугараад нурууны 2 дугаар үе салсан эхлээд сайн мэдээгүй хүү рүү гээ явна гээд замын машинд суулгаад өгчих гээд замын машинд нь суулгаж явуулчихаад би хэргийн газарт үлдээд араас нь найз 2 эмэгтэй, хүргэн ах руу гаа утасдаж энэ хүнийг Дархан-Уул аймгийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэд тосч аваад эмнэлэгт үзүүлсэн. Шинэ гэмтэл юмуу, хуучин гэмтэл юмуу мэдэхгүй байна. Улаанбаатар хотод MRI зураг авахуул гээд ажил тарсан учраас хувиараа түргэн хөлсөлж яв гээд түргэн хөлсөж Улаанбаатар явуулсан. Манай найз эмэгтэй надруу утсаар MRI-д харууллаа эгэм нь хугарсан нурууны 2 дугаар үе салсан байна гэж хэлсэн. Эмнэлэг ор байхгүй гэрт нь гаргана гээд байна Ям гуай гарахгүй гээд уйлаад байна гээд эмнэлэг коридортоо авсан. Манай 2 найз эмэгтэй 5 хоног сахисан би 3 дахь хоног дээр нь эргэж очсон. 5 дахь хоног дээр нь Ям гуайн ах сахина гэж очсон 10 хонох байсан чинь 7 хоноод эмнэлэгээс гарсан байсан. Уул нь 10 хоноод хажуу талд нь хувийн эмнэлэгт хэвтэе гэж өөрөө хэлж байсан.  10 дахь хоног дээр нь очиход гараад явсан байсан. Хэд хоногийн дараа утасдаад би Налайхад байна эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед би нурууны хамгаалалт, имра зурагны мөнгө зэргийг өгсөн. Би өдөр болгон байцаагдаад байсан болохоор очиж чадахгүй байгаад 2 эгчийгээ явуулж 800000 гаруй төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа өрхийн эмнэлэгээс эмч нь гээд хүн надруу утсаар хагалгаанд орох шаардлагатай дахиад мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь би хамаагүй ээ хагалгаа хийлгэ би зардал мөнгийг өгье гэсэн. Эмч нар хагалгаа хийлгэх шаардлагагүй настай хүн байж цус нөжөө гоожуулж яах юм бэ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа байцаагч Ям гуайгаас мэдүүлэг авах ёстой гэж надтай хамт Налайх явсан. Намайг орж уулзахад Ям гуай 5000000 төгрөг өгчих тэгээд салъя гэж хэлсэн. Тэгэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд гарсан. Сүүлд нь надруу залгаад байхаар нь би утсаа аваагүй. Намайг утсаар яриагүй гэж тэрийг хэлж байгаа байх ийм л юм болсон. Өөр надад хэлээд байх юм байхгүй гэжээ.

Хохирогч Ц.Ям шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ......Би гэртээ асаргаатай хэвтэрийн хүнтэй байдаг болохоор хүүхэд дээрээ очих гэж Дархан-Уул аймгаас фэйсбүүкээс зар хараад гэрийнхээ гаднаас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Аын автомашинд суугаад Налайх руу  гарсан. Замд явж байхад А  жолооны руль ямар аймар булааж байнаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би замруу харсан чинь газрын зураг шиг хагархай харагдах шиг болсон. Тэгээд удаагүй ойж буугаад замын хажуугийн овгор шороог мөргөөд наад талд нь ухсан жалга руу баруун талын дугуй нь төмөрнөөс бараг салах шахаад гацаад зогссон байна гэж би харсан. Би машины хаалга нээгээд буух гэтэл эгэм баруун талын мөр тэр чигээрээ шаржиганаж байсан. Тэгэхээр нь мөр гэмтсэн байна гээд машинаас буугаад 3 алхаад өнхрөөд ойчиход А бос бос гээд намайг босгосон. Аын ярьсан хүмүүс намайг Урьхан оруулаад ир гэсэн би бол өөрийгөө эмнэлэг бараадахгүй бол болохгүй гэдгийн мэдсэн. Дотор муухай оргиод А намайг замын машинд өргөж суулгаад Дархан-Уул аймаг явуулсан очиход Оюунсүрэн нэг хүүхэнтэй хамт эмнэлэг дээр намайг хүлээж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн эмнэлэг Улаанбаатар хот яв гэсэн MRI зураг авахуулахад баруун талын эгэм хугарч нурууны 2 дугаар үе салсан байна гэсэн зөөлөн эдийн гэмтэл бас зөндөө байсан. Би эхний 3 хоног цус шиг улаанаар шээж байсан. Гомдлын талаар тайлбар хэлэхэд анх осолд ороход намайг эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд оруулах гэтэл эмч нар та хагалгаа даахааргүй биетэй байна гэсэн тиймээс ясыг нь бороолуулж байж шийднэ гэсэн юм ярьж байсан. А надтай утсаар л ярьж байсан болохоос биечлэн ирж уулзаагүй, хохирол мөнгийг минь төлж барагдуулаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Аод 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгож шийдсэн байсанд миний бие гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн. Бүхэл бүтэн амьд хүн байхад шүүхээс шүүх хуралдаан болох өдрийг хэлэлгүй шийдвэр гаргасан нь гомдолтой байна. Одоо би босч сууж алхаж гишгэхэд хүндрэлтэй байна өөрийн хүүгээ ч асарч чадахгүй байдалд байна. Би тэтгэвэрт гарсан ч гэсэн хувиараа  барилгын ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг байснаа чадахгүй болсон. А надтай ганц ч уулзаагүй. Хүний сэтгэл байна даа эгчээ ингэлээ тэглээ гээд над дээр ирээд яваад байсан бол би өнөөдөр ингэж их гомдохгүй байсан. Ахмад настай хүнийг гэмтээчихээд юу ч болоогүй юм шиг яваад байгаад нь гомдолтой байгаа. Би зохих ёсны төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Одоо би Аоос эмнэлгийн зардал болон бусад зардалд нийт 1600000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Гэрч Б.Мдийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хувиараа Дархан-Уул аймгийн Баян-Идэр гэх үйлчилгээний төвийн урдаас 19-50 УБР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Сонато-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байх шед Баянгол сумын төвөөр дайран өнгөрч явж байгаад нэг уруу зам дээр яг газар усны нэрийг нь бол хэлж мэдэхгүй байна ямар ч байсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэтэг дэвсгэр дээр миний сууж явсан тээврийн хэрэгсэл замын хагархай гаргах гэж байгаад л руль алдаж замын хажуу руу орж зогссон. Тухайн үед би уг машины жолоочийн хажуугийн суудал дээр суудлын бүсээ хийж зорчиж явсан. Тэр үед миний биед ямар нэгэн гэмтэл бол учраагүй. Миний зүгээс бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46 дугаар хуудас/

Гэрч Б.Уяын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхрийнхөө хамт хот руу явахаар болоод фэйсбүүк зараар хот явах машин олж утсаар холбогдож нөгөө машин нөхөр бид-г гэрийн гаднаас ирж авсан юм. Ингээд хотруу яваад Баруунхараа өнгөрөөд явж байтал машин гэнэт дайвалзаад замаас гарч замын хажуу талын эргэн дээр гарч зогссон юм. Тухайн үед нөхөр бид хоёрын хажууд сууж явсан хүний эгэмний яс нь эвгүй болчихлоо гээд байсан. Бусад хүмүүс зүгээр хэвийн байсан..” гэх мэдүүлэг /хх-н 47-р хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ” №5708 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           1.Ц.Ямгийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан, баруун эгэм ясны хугарал, хүзүү, баруун мөр, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /ХХ-ийн 57 дугаар хуудас/

 

          2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 11. Шинжээчийн дүгнэлт:

 

Асуулт: 1950 убр улсын дугаартай Н.Sonotа-7 маркын машин жолоодож явсан иргэн Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар заалт зөрчсөн байна вэ?

           Хариулт: Н.Sonotа-7 маркын 19-50 УБР дугаартай машины жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. зэрэг заалтуудыг зөрчсөн байна. Д.А Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж дүгнэлт гаргав гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 07-18 дугаар хуудас/

“Сонато-7” маркийн 19-50 УБР улсын дугаартай автомашины битүүмжилсэн тухай тэмдэглэл /Хх-ийн 36-38 дүгээр хуудас/

“Саното-7” маркийн 19-50 УБР улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 19 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Аын согтуурал шалгасан тухай тэмдэглэл /0.00 хувь/ /Хх-ийн 5  дүгээр хуудас/

Автомашин техникийн үнэлгээ /ХХ-ийн 51 дугаар хуудас/

Улаанбаатар Баянзүрх дүүрэг 26-р хороо, баянмонгол 404-р байр 81 тоотод оршин суудаг тодорхойлолт /Хх-ийн 77 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.А нь ял шийтгүүлсэн талаар цагдаагийн хэлтэсийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 79 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 76 дугаар хуудас/

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 35 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 07 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 даваа гэх газарт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 215 дугаар километрийн заалтын орчим 19-50 УБР улсын дугаартай Х.Соната-7 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэхь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ц.Ямгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас зорчигч Ц.Ямгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

            Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.Энэ ослын улмаас хохирогч Ямгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал болон гэм хор учирсны хохирол 1600000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 720000 төгрөгийг төлж үлдэх хохирол 880000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно.

             Иймд Д.Аыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас зам тээврийн осол бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг тооцон 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний үзлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, “Сонато-7” маркийн 19-50 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: :

            1.Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.А нь торгууль 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд буюу хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас Д.Аын эзэмшлийн “Сонато-7” маркийн 19-50 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 880000  төгрөгийг гаргуулж, *тоотод оршин суух, хохирогч Боржигин овогт Цэрэндоржийн Ям /РД:*, утас:*/-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний үзлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч Д.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАНЦЭЦЭГ.