Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 617

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 1905025030000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч, мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Дамбадаржаагийн 0000 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 10 дугаар 2 хэсэг 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /           / Б овогт Б-ын О

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 0000 тоотод иргэн Г.Э-ын эсер брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, утасгүй мауз 1 ширхэг, цагаан өнгийн ребүүк брэндийн пүүз зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 хороо, Тэмүүлэл хотхоны 0000 тоотод оршин суух хохирогч Г.Э-ын гэрээс зөөврийн компьютер, компьютерийн хулгана, цагаан өнгийн пүүз алга болсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд ...О-г аваад такситайгаа хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 0000 тоот гэрлүүгээ очсон. Гэртээ очоод нэг шил архи хувааж уугаад хоносон. Өглөө 10 цагийн үед би дэлгүүрээс нэг шил архи аваад гэртээ ороод О-тай хувааж уусан. Нэг мэдсэн би тасарсан байсан. Сэрээд хартал 14 цаг 50 минут болж байсан. О- байхгүй байхаар нь утас руу залгатал утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд жижиг өрөөнд ортол ширээн дээр байсан эсер маркын улаан өнгийн нөүтбүүк, мауз, бас цагаан өнгийн ребүүк нэртэй пүүз алга болсон байсан. Би тэр дор нь ээж рүү утсаар ярихад ээж удалгүй ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Би алдагдсан эд зүйл болох нөтебүүк, компьютерийн хулгана, цагаан өнгийн пүүз зэргийг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 46-47 тал/,

 

гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э над руу залгаад ээж гэрээс нөүтбүүк алга болсон байна гэхээр нь би юу яриад байгаа юм гээд гэрээсээ гараад Тэмүүлэл хотхоны 0000  тоот иртэл Э согтуу унтаж байсан. Эсер маркын улаан өнгийн нөүтбүүк, мауз, цагаан өнгийн ребүүк пүүз алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

 

гэрч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээж надад 320.000 төгрөг өгөөд дүү чинь нөүтбүүктэй болъё гэж ярьж байсан. Чи энэ мөнгөн дээр нэмээд ломбарданд 450.000 төгрөгөөр эсер маркын нөүтбүүк тавьсан байгаа аваарай гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ээжийг дагуулаад өгсөн мөнгөн дээр нь мөнгө нэмээд 486.000 төгрөгөөр хүүг нь бодуулж ломбардаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

шүүгдэгч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Э над руу залгаад хаана байна ганц шил архи уух уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Тэмүүлэл хотхоны 0000 тоот Э-ын гэрт нь очоод нэг шил хараа архи авч ороод уусан. Архиа хувааж ууж дуусаад байж байтал Э дахиад дэлгүүр гарч нэг шил архи авч ирээд уусан. Удалгүй Э бид 2 согтоод унтаад өгсөн санагдаж байна. Тэгээд би бас согтоод нэг мэдсэн чинь жижиг өрөөнд байсан нөүтбүүк, цагаан өнгийн пүүзийн хамт аваад гараад явсан байсан..., пүүзийг нь хэрэглээгүй байж байгаад буцаагаад өгсөн, барьцаанд тавьсан нөүтбүүкээ мөнгийг нь төлж аваад Э-т буцаагаад өгсөн....” /хх-ийн 43-44 тал/ гэх мэдүүлэг,

 

“Д” ХХК-ийн “...Нөтбүүк 1.799.900, мауз 9900, пүүз 189000, нийт 1.998.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19, 26, 33, 36-37, 48 тал/ нотлох баримтуудаар 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 0000 тоотод байх иргэн Г.Э-ын гэрээс түүний эсер брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, утасгүй мауз буюу компьютерийн хулгана 1 ширхэг, ребүүк брэндийн цагаан өнгийн пүүз 1 ширхэгийг шүүгдэгч Б.О нууц, далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

             

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 54, 55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар хохирогч, шүүгдэгч нар найз нөхдийн холбоотой байх ба хэрэг учрал болсон өдөр хамтдаа хохирогч Г.Э-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогчийг согтсон хойно түүнд мэдэгдэлгүйгээр гэрээс нь эд зүйлийг авч явж, ломбардад тавьж буй шүүгдэгч  Б.О-гийн үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгч Б.О-гийн бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Э-т 1.998.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Д” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О-гийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхоны 0000 тоотоос буюу хохирогч Г.Э-ын гэрээс эсер брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, утасгүй мауз 1 ширхэг, цагаан өнгийн ребүүк брэндийн пүүз зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.998.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Б.О-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, хулгайн эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн авсан талаараа хохирогч Г.Э мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан ялын саналын хүрээнд шүүх шүүгдэгч Б.О-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.О-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА