Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1256

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03559 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох

 

6 108 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХ

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “ХХХХ” ХХК-тай ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ дугаар байрны ХХХХ тоот 2 өрөө, 40.08 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 1 350 000 төгрөгөөр орон сууц захиалахаар гэрээ байгуулж тус компанийн ажилтан ХХХ-т бэлнээр 500 000 төгрөг, ХААН банк дах 5041096209 дансаар 4 910 800 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 697 200 төгрөгийг тус тус хийж нийт 6 108 100 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. ХХХХ хэлэхдээ урьдчилгаанд нь дээрх мөнгийг хийчихвэл банкны зээлэнд хамрагдах боломжтой гэж зөвлөж байсан. Гэтэл 2014 оны 2 дугаар сард ХХХХ нас барсан. Миний тушаасан дээрх мөнгө “ХХХХ” ХХК-ийн данс руу ороогүй ХХХХ гэдэг хүн хувийн дансандаа хийлгэж авсан атлаа компанийн дансанд оруулаагүй байсан байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсэн шалгах явцад тогтоогдсон. Тэр үед үүнийг би мэдсэн. Тус компанийн ажилтан ХХХХ нь манай байгууллагын хэд хэдэн хүний мөнгийг өөрийн данс болон бэлнээр авч ямар нэг баримт үйлдэлгүй хохироосон. Одоо миний авах ёстой орон сууцыг “ХХХХ” ХХК нь өөр хүнд худалдсан надад тус байрны 4 давхарт 2 өрөө 26 тоот орон сууцыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр санал болгосон боловч үүний урьдчилгаа 30% төлөх шаардлага тавьсан. Миний хувьд урьдчилгаанд нэмж мөнгө төлөх боломжгүй байсан тул энэ байр ч гэсэн өөр хүнд худалдагдсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц захиалгын өмнөх гэрээний байрыг хариуцагч “ХХХХ” ХХК нь өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байна энэ нь гэрээгээр нотлогдож байна. ХХХХ нь тухайн компанийн борлуулалтын менежер гэдэг нь тодорхой байна. Орон сууц захиалгаар оруулсан нь нотлогдож байна. Хууль хяналтын байгууллага бүрэн тогтоосон байгааг үгүйсгэх боломжгүй юм ХХХХ захиалсан эхний байрыг бусдад худалдсан.  Сүүлийн байрыг өөрсдөө үнийг нэм гэсэн учраас гэрээнээс татгалзсан. Эхний гэрээ бол 1 300 000 төгрөг байсан, сүүлийн гэрээ нь 1 500 000 төгрөг болсон учир нэхэмжлэгч ХХХХ үнэ төлбөрийг төлөх чадваргүй болсон учир бид гэрээнээсээ татгалзаад мөнгөө авна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХ-т “ХХХХ” ХХК итгэмжлэл олгоогүй, “ХХХХ” ХХК-тай ямар нэг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй. ХХХХ гэдэг хүний хувийн данс руу мөнгө хийсэн нь компанид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм. Цагдаагийн байгууллага руу хандсанаар “ХХХХ” ХХК бусдад хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Энэ гэрээн дотор төлбөрийг  Төрийн банкны дансаар төлж болно гэсэн байгаа. Бэлнээр гэдэг нь ХХХ-т төл гэсэн үг биш шүү дээ. Компанид төлснөөр баримтжуулж баримт олгодог. Манайхаас баригдсан орон сууцнаас “ХХХХ” ХХК борлуулж байсан юм билээ. ХХХХ нь тухайн компанийн ажилтан буюу борлуулагч байх. Тэгэхдээ орон сууцыг борлуулах талаар хийгдсэн албан ёсны гэрээ байхгүй. Борлуулсан хөлсөнд уг компанийн захирал ХХХХ авсан. 2012 оны гэрээ нь дээр он сар дугаар байхгүй гэрээ өөрөө хүчин төгөлдөр гэрээ биш, гарын үсэгний дардас байгаа. Мөн тэр гэрээнд компанийг төлөөлөх этгээдэд ХХХХын нэр байдаггүй. Цэргийн дуу бүжгийн байгууллагатай хамаатуулж яриад байх юм. Энэ нотлох баримт биш. ХХХХ-ын мөнгө төлөөгүй учраас байр зарагдсан байх бизнесийн байгууллага байраа зарсан нь буруугүй шүү дээ. Сүүлд байгуулсан гэрээгээр өөрсдөө мөнгө төлөөгүйн улмаас өөрснөө гэрээнээс татгалзсан. Компани ХХХ-т өгсөн мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Компани ХХХ-т орон сууцны төлбөрийг өгөөрэй гэж тохироогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн.

 

Гэрч ХХХХ “... 4 дүгээр сарын 1-ний өдөр захирлын төрсөн өдөр 4 дүгээр сарын 2-ны өдөр яриад урьдчилгаа мөнгөө аваад ирээ гэсэн бид тэр амралтын газрын 2 давхарт очоод гэрээ хийсэн. Бэлнээр 500 000 төгрөгийг авч, үлдсэн мөнгийг миний данс руу хий гэсэн. Бид нар 4 910 800 төгрөг данс руу хийсэн дараа нь ХХХХ над руу яриад тэгшитгээд оруулвал зүгээр байна гээд дахиад 697 200 төгрөгийг данс руу нь хийсэн. Анх    500 000 төгрөг хийхдээ гэрээ хийгээгүй. ХХХХ анхны захиалсан байрандаа ороогүй нь сугалаагаар явж байна гээд байсан гэтэл менежир гэх ХХХХ нь гэнэт л нас барсан байсан. Бид захиралтай нь очиж уулзсан гэтэл тэр үеэс л ХХХХ гэдэг хүн манай ажилчин биш гэсэн яриа гарсан. 500 000 төгрөг өгсөн өдөр олон гэрээ хийсэн захирлынхаа төрсөн өдөр тэмдэглэж байна гэж байсан тэр өдөр ажлын өдөр байсан. Би дүүгийнхээ хэлсэн зүйлд итгэсэн гэрээ хийсэн байсан Би гэрээг уншсан тэр хүнд итгэсэн мөн би хурдан байрандаа орох юмсан гэж бодож байсан. 500 000 төгрөгийг өгсөн нь миний буруу юм...” гэжээ.

 

Шүүх: 205 дугаар 205.1 дэх хэсэгт зааснаар ХХХ ХХК-иас 6 108 000 төгрөг ХХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ болон түүний өмгөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч ХХХХ нь 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр "ХХХХ" ХХК-иас ХХХХ дүүргийн ХХХ-р хороо ХХХХХ дугаар байрны ХХ давхарт ХХ тоот 40,08 мкв, 2 өрөө байрыг 1м.кв-ыг 1 350 000 төгргөөр худалдан авахаар орон сууц захиалгаар барих бариулах гэрээг тус компанийн борлуулалтын менежер ажилтай ХХХ-тай гэрээ байгуулж эхний 500 000 төгрөгийг Их тэнгэрийн аманд байхад нь бэлнээр аваачиж өгсөн бөгөөд н.Болорчимэгийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд дараа нь 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ХХХХын 5041096209 тоот дансанд 4 910 800 төгрөгийг, мөн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 697 200 төгрөгийг борлуулатын ажилтан ХХХХын зөвлөснөөр 48 000 000 төгрөгийг банкнаас зээлэхэд Зээлийн мөнгө батлагдахад тэгш байвал зүгээр байдаг юм гэсний дагаа нэмж тушаасан байдаг ба нийт 6 108 000 төгрөгийг байр захиалгын урьдчилгаанд төлсөн. ХХХ-тай удаа дараа очиж уулзахад орон сууцны барилга дээр байнга байдаг байсан ба зээл чинь удахгүй бүтнэ хүлээж байг гээд явуулдаг байсан. Гэтэл 2014 оны эхээр ХХХХыг нас барсан гэж сонсоод компани дээр очиж уулзсан. Гэтэл миний гэрээнд заасан уг байрыг "ХХХХ" ХХК нь бусдад худалдсан байсан. Компанийн захирал ХХХ гэдэг хүнтэй 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр уулзахад шинээр гэрээ хийнэ гэхдээ м.кв-ыг нь 1 500 000 төгрөгөөр хийх шаардлага тавьж, 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 30 хувь төл, төлөхгүй бол гэрээ хүчингүй болгоно гэж хүлээн зөвшөөрүүлж хуучин гэрээний доод талд гарын үсэг зуруулчихаад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрээгээ хийж тус байрны 4 давхарт 2 өрөө, 26 тоот байрыг санал болгож 1 м.кв-ыг 1 500 000 төгрөг болсон өмнөх гэрээний төлбөр дээрээ нэмж 5 608 000 төгрөгийг нэмж төл гэж гарын үсэг зуруулсан гэвч мөнгө хайсан боловч банкнаас зээл бүтээгүй учир нэмж мөнгө төлөх боломжгүй болсон. Дээрх 2 гэрээний байдлаас үзэхэд ХХХХ , "ХХХХ" ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. ХХХХ нь эхний гэрээний урьдчилгаа төлбөрийг "ХХХХ" ХХК-ийн борлуулалт хариуцан ажиллаж байсан ХХХ-тай 2013 оны 4 дүгээр сарын 1, 2-ны өдөр заримыг бэлнээр, заримыг нь дансаар тус тус шилжүүлсэн. Энэ нь талийгаач ХХХХын Хаан банк дахь 504 109 62 29 тоот дансны хуулга болон шүүхэд гэрчээр асуугдсан ХХХХ-ийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх шийдвэртээ “Эхний буюу 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж хамааралгүй цаг хугацааг хэрэгт хамааруулж бичсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв тодорхойлж үнэлээгүй байх бөгөөд ХХХХ-ын урьдчилгаа мөнгө тушаасан 2013 он гэсэн цаг хугацааг 2014 он гэж буруу бичсэн нь асуудалд хэт нэг талыг барьж шийдвэрлэхдээ хэрэгтэй цаг хугацааг нотлох баримтгүйгээр шийдвэртээ тусгасан гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан орон сууц захиалгын 2 гэрээний төгсгөлд юнителийн ХХХХХХХ гэсэн гap утасны дугаар бичигдсэн, мөн тус компанид борлуулалт хариуцан ажиллаж байсан, талийгаач ХХХХын хаан банкны 504 109 62 29 тоот харилцах дансны хуулганд юнителийн ХХХХХХХ тоот гар утасны дугаар тэмдэглэгдсэн нь компанийн ажлыг гүйцэтгэж байсныг, БЗД-ийн Прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний 487 дугаар тогтоолоор ХХХХыг тус компанийн борлуулалт хариуцсан ажилтан гэснийг тодорхойлсон ба байрны борлуулалт хариуцан ажиллаж байхдаа, “...орон сууцны захиалгыг авч гэрээ хийж ХХХХ , ХХХХ , ХХХХ гэх мэт олон иргэдээс байрны урьчилгаа төлбөрийг бэлнээр болон дансаар авч байсан байна” гэж тогтоосон, ЦДБЭЧ-ын ажилчдын өмнө тус компанийн борлуулалтын менежер гэдгээ танилцуулсан гэсэн тайлбар, гэрч ХХХХ-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, МБА-ны явцад ХХХХ-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нь ХХХХыг "ХХХХ" ХХК-ийн борлуулалтын ажилтан байсанг нотолсон байхад шүүх эдгээр баримтыг нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэр ойлгомжтой давхардсан санаа, эргэлзээ төрүүлэхээргүй байхын тулд яагаад нотлох баримт болохгүй байгаагаа дүгнэх хэсэгт зааж өгөөгүй нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. ХХХХ нь "ХХХХ" ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан мөн гэж тус компанийн тамга тэмдэгтэй, 2 захирлын гарын үсэгтэй, нөхөж бичиж хийгдэхээр зориулж хийсэн гэрээг барьж ЦДБЭЧ-ын ажилтан, албан хаагчдаас орон сууцны захиалга авч байсан нь компанийг төлөөлөх эрхтэйг нотолж байгаа ба нэхэмжлэгч ХХХХ-ын Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, Прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 487 тоот тогтоолд ....Тус компанийн байрны борлуулалт хариуцан ажиллаж байхдаа, “...орон сууцны захиалгын авч гэрээ хийж ХХХХ , ХХХХ , ХХХХХ гэх мэт олон иргэдээс байрны урьчилгаа төлбөрийг бэлнээр болон дансаар авч байсан байна” гэж тогтоолд бичигдсэн. Мөн ХХХХ нь "ХХХХ" ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа тус компаний эзэмшлийн юнителийн ХХХХХХХ дугаартай гар утас ашиглаж байсан энэ нь түүний Хаан банк дахь 504 109 6229 дансны хуулгаар давхар нотлогддог. “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа талийгаач ХХХХыг манай компанитай гэрээгүй, итгэмжлэл олгоогүй гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь гэсэн байрнаас хандаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. “ХХХХ” ХХК нь ХХХ-т эрх мэдэл олгоогүй бол тус компанийн танилцуулга барьж, мөн тус компанийн 2 захирлын гарын үсэг, тамгатай гэрээ барьж бусдаас байрны урьдчилгаа төлбөр авах байсан уу. Тус компани хувь хүний дансаар байрны урьдчилгаа төлбөрөө авч татвар төлөхөөс зайлхийж ХХХХын хувийн дансаар мөнгөө авч байсаныг үгүйсгэх аргагүй юм. ХХХХ өнөөдөр амьд байсан бол үнэнийг өгүүлэх л байх, Тус компанийн захирал ХХХХХ ... нар өнөөдөр үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь гэсэн байдлаар хандаж хохирогч нарын орон сууц захиалгын урьдчилгаа төлбөрийг завшиж байгаа нь шударга биш байна. Тус компани ажилтныхаа буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэйг хуульд заасан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хандан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХХ-т холбогдох Эрүүгийн хэргийн 2014250000498 дугаартай хэргийн материалаас ХХХХыг тус компанид борлуулагчаар ажиллаж байсанг нотлуулах зорилгоор нотлох баримтыг нэмж гаргуулахаар хүсэлт өгсөн боловч шүүгч хүсэлтийг хангаагүй хэрэгсэхгүй болгож, давах эрхгүй захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсэгт заасныг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр ч байна. Иймд ХХХХ-ын нэхэмжлэлтэй "ХХХХ" ХХК-д холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, "ХХХХ" ХХК-иас нэхэмжлэгч ХХХХ-ын захиалгын орон сууцны урьдчилгаанд төлсөн 6 108 000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч "ХХХХ" ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 6 108 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ХХХХХ" ХХК-ийн борлуулалтын ажилтан ХХХ-т өгсөн мөнгөө тус компанид өгсөн гэж ойлгож байсан, тэрээр урьдчилгаа мөнгөө хийчихвэл банкны зээлд хамрагдах боломжтой гэж хэлсэн. Миний тушаасан мөнгө "ХХХХ" ХХК-ийн дансанд ороогүй байсныг эрүүгийн хэрэг шалгаж байхад нь мэдсэн...” гэж тайлбарлажээ. 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “…хариуцагч байгууллагаас итгэмжлэл олгоогүй, ямар нэгэн хөдөлмөрийн гэрээгүй ХХХХ гэдэг хүний дансанд мөнгө хийсэн манай компанид хамааралгүй юм…” гэсэн үндэслэл зааж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХХХ нь "ХХХХ" ХХК-тай “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, ХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХ дугаар хорооллын нутаг давсгэрт байрлалтай ХХХХХ дугаар байрны ХХ дүгээр орц, ХХ давхрын 40.08 м.кв 2 өрөө ХХ тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна. /хэргийн 10-11 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ. 

 

            Нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг тус компанийн борлуулалтын ажилтан ХХХ-т бэлнээр 500 000 төгрөг, түүний ХААН банкны 5041096209 дансанд 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 4 910 800 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 697 200 төгрөг төлсөн гэсэн тайлбар гаргаж, нотлох баримтаар ХХХХын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг, мөн хамт байр захиалсан гэх иргэн ХХХ-ийн ХХХХын дансанд урьдчилгаа төлбөрөө хийж байсан депозит дансны хуулгыг тус тус ирүүлсэн байна. /хэргийн 47-50 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллага нь гэрээнд манай компанийн тамга бус, дардас дарагдсан, он сар, өдрийг нөхөж бичээгүй, ХХХХ нь манай компанийн ажилтан биш гэсэн үндэслэл заан маргаж байгаа татгалзал нь дараахь нотлох баримтаар няцаагдаж байна.     

  

            “Орон сууц захиалгаар барих гэрээ”-нд "ХХХХ" ХХК-ийг төлөөлж ХХХХХ , нэхэмжлэгч ХХХХ нар гарын үсгээ зурж тус компанийн гүйцэтгэх захирал ХХХХ баталж, компанийн тамга дарагдсан байх бөгөөд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл хийх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Түүнчлэн ХХХХ "ХХХХ" ХХК-ийн борлуулалтын албыг хариуцан ажиллаж байсан болон нэхэмжлэгч ХХХХ нь орон сууцны төлбөрийн мөнгийг ХХХХын ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн болох нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 487 тоот прокурорын тогтоол, иргэн ХХХ-ийн орон сууц захиалсан урьдчилгаа төлбөрөө ХХХХын дансанд хийж байсан депозит дансны хуулгаар тогтоогдсон үйл баримт гэж үзлээ. 

Хариуцагч байгууллагыг ХХХХ төлөөлөх эрхгүй этгээд гэж маргаж байгаа боловч ХХХХ нь захиалагч байгууллагыг төлөөлөн үйл ажиллагаа явуулж, мөнгийг дансандаа шилжүүлэн авсан байгаа нь тухайн компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой, ХХХХыг тус компанийг төлөөлөх эрхгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй бөгөөд байгууллагын төлөөлөгчийн заасан дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрөө хийсэн үйлдэлд нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хэдийгээр иргэний хэргийн шууд нотлох баримт болохгүй ч тус тогтоолд дурьдагдсан “…Иргэн ХХХХ "ХХХХ" ХХК-д борлуулалт хариуцан ажиллаж байхдаа тус компанийн барьж байсан ХХ нэртэй 480 айлын орон сууцны захиалгыг авч гэрээ хийж хэрэгт хохирогчоор тогтоогдсон ХХХХ , ХХХХХ , ХХХХ , ХХХХ , ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ… нарын иргэдээс байрны урьдчилгаа төлбөрийг бэлнээр болон дансаар авч, завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч ХХХХ 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нас барсан байх тул эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэл тогтоогдсон гэсэн мэдээллийг агуулж байгаа үйл баримт нь иргэний хэрэгт цугласан нотлох баримт болох орон сууц захиалсан иргэн ХХ мөнгөө ХХХХын дансанд хийж байсан бичгийн баримт, гэрч ХХХХ нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.  

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахааргүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан бөгөөд "ХХХХ" ХХК нь ХХХХыг борлуулалтын албыг хариуцан ажиллуулж байх үед захиалагч нараас орон сууцны төлбөрийг авч байсан байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглахыг хориглосон.

 

Анхан шатны шүүх ХХХХ-ын нэхэмжлэлтэй "ХХХХ" ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “ Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

 

Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт зааснаар “Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг "ХХХХ" ХХК-иас буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч байгууллагатай ХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХ дугаар хорооллын нутаг давсгэрт байрлалтай ХХ хотхон ХХ дугаар байрны ХХ дүгээр орц, 3 давхрын 40.08 м.кв 2 өрөө 38 тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, урьдчилгаа төлбөр төлсөн орон сууц нь өөр хүний өмчлөлд шилжсэн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагатай 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулан ХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХ дугаар хорооллын нутаг давсгэрт байрлалтай ХХ хотхон ХХ дугаар байрны ХХ дүгээр орц, 4 давхрын 39.55 м.кв 2 өрөө 26 тоот орон сууцыг авахаар тохиролцсон боловч уг гэрээ нь хэрэгжээгүй, энэ гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгө төлөөгүй асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь талийгаач ХХХ-т 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагаас 5 608 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03559 дүгээр шийдвэрийн

 

1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан хариуцагч "ХХХХ" ХХК-иас 5 608 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ од олгож нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “ХХХХ доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, "ХХХХ" ХХК-иас 104 678 төгрөг гаргуулан ХХХХ од олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ оос төлсөн 112 678 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                  ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД  

 

                                                                  Ц.ИЧИНХОРЛОО