Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 55

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                         Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                          Н.Анхбаяр

Хохирогч                             Т.Долгоржав

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                          Э.Биндэръяа

Хохирогчийн өмгөөлөгч   Л.Данзанноров

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч     Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар

Шүүгдэгч                               Ж.Баттулга

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэръяа, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын давж заалдах гомдлоор Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518020129 дугаартай, 149/2015/0080/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 73 дугаар хотхоны 49-13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн 4дүгээр курсэд  суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бэсүд овогт Жаргалсайханы Баттулга /РД:УХ93120733/

2.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Яллагдагч Ж.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн, Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд орлцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д зааёныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 55 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

-Шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ж.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Баттулгад өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин Чойжамц овогтой Ганбаяр нь 2015.04.08-09-ний шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сум нутаг Улаанбаатар хотоос 147 дахь замд УНЯ 90-32 улсын дугаартай автомашинд зорчиж яваад ангийн охин Дэлгэрмөрөнгийн хамт зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаараа хохирч, бидэнд нөхөж барашгүй гарз, хор хохирол учирсан билээ. Хэрэг гарсан өдрөөс л уг машиныг эзэмшигч Ж.Баттулга болон тухайн ослоос амьд үлдсэн н.Гантөмөр, н.Долгоржав нар үгсэн хуйвалдаж, бурхан болсон охиныг минь жолооны хүрдний ард сууж яваад энэ ослыг хийсэн

3.

 

хэмээн гүтгэн доромжилсоор өдийг хүрсэн юм. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн газар мөрдөн шалгаж улмаар Прокурорын газар хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд шилжсэнээр олон удаа хойшлогдож, удаа дараа туршилт шинжилгээнд орсноор 2 жил нэг сарын дараа буюу 2017.05.10-ы өдөр тус сумын шүүн таслах нээлттэй хурал хуралдсан бөгөөд тус хурлаар Ж.Баттулгыг жолоо барих эрхгүй хүнд жолоогоо шилжүүлснээр 2 хүний амь нас хохирч, 1 хүний биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдаж 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан яллах дүгнэлтийг хөнгөрүүлж өөрчилж, 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэснийг эс эсэргүүцэж, энэхүү гомдлыг гаргаж байна.    

Учир нь: 1.Хавтаст хэрэгт авагдсан арын машинд сууж явсан н.Мөнхнаран, н.Нямсүрэн, н.Соёмбо, н.Цэнд-Аюуш нарын мэдүүлгээс харахад Ж.Баттулгыг машинаа жолоодоод хөдлөөд явсан, бид нарын буруу талаар гүйцэж түрүүлээд, өмнө явж байсан машиныг зөв талаар нь гүйцэд түрүүлээд сүлжээд их хурдтай яваад өгсөн гэсэн мэдүүлгүүд,

-Осол болсны дараа очсон замын машины жолооч нарын 32 дугаартай машин уу? Аймар хурдтай сүлжээд давхиад алга болсон гэх яриа,

-Гэрч н.Цолмонгийн – Миний анх харснаар уг 2 эмэгтэй хүний хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй харагдаад байсан гэх мэдүүлэг

-Гэрч Соёмбын –С.Цэнд-Аюуш Баттулгаас машиныг чинь хэн барьж явсан юм бэ? гэж асуухад эхлээд би мэдэхгүй байна гээд дуугүй сууж байснаа 2-3 удаа асуусны дараа саналаа, саналаа Ганаа барьж явсан гэж хэлсэн, Ж.Баттулга яагаад машинаа жолоодож явсан хүнийг шууд зааж нэрлээгүйг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Монгол Улсын зөвлөх инженер Цэндсүрэнгийн-Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч уг ослын үед арын суудал руу шидэгдэн орж суух ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт,

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнд уг осол хийсэн автомашин дээр бурхан болсон охинтой минь өндөр, жингээрээ адил хүнийг суулгаж, хийсэн туршилтаар жолоочийн суудлаас арын суудал руу шидэгдэж орж, хэв байрлалаа олон өөд болох боломжгүй гэсэн дүгнэлт,

-Уг автомашинд хийсэн цусны толбоны шинжилгээгээр хоёр эмэгтэй хүний нийлмэл холилдсон цус нь арын суудлын шалан дээр тунарсан цус мөн болохыг тогтоосон дүгнэлт,

Шүүн таслах хуралд гэрчээр орж байгаа Гантөмөрийн өгч буй зөрүүтэй мэдүүлэг болон хохирогч гэгдэх Долгоржавын илтэд шүүгдэгч Баттулгын мэдүүлгийг дэмжин өөд болсон охин руу минь хэргийг тохож байгаа мэдүүлгүүдээс харахад Ж.Баттулга нь автомашинаа өөрөө барьж явснаар барахгүй өндөр хурдтай жолоодож явсныг нотлон хариуулж байна. Учир нь миний охин Ч.Ганбаяр нь жолооны курсэд ч сураагүй, жолоо барих эрхийн ч үнэмлэхгүй, машинч барьж сураагүй бөгөөд  өмнөө яваа машинуудыг зөв болон буруу талаар нь өндөр хурдтайгаар сүлжин гүйцэд түрүүлж яваад байхаар чадвар, дадал, зуршлыг шүүгдэгч ж.Баттулгын 6 удаагийн хурд хэтрүүлэн явсан замын камерт бичигдсэн зөрчил торгуулиас харж болох бөгөөд тэр ч бүү хэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ч тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явдагаас ч илүү тод харж болох юм.

2.Шүүгдэгч Баттулгын эцэг Жаргалсайхан нь хэрэг гарснаас хойш надтай уулзахдаа хүүгээ уг хэргийг үйлдснийг хүлээн зөвшөөрч ярьж байсан бөгөөд 2015.08 сарын үед надтай утсаар ярихдаа ..миний хүү дээлээ нөмрөөд хар гэрт, шоронд орох нь тодорхой болсон. Чи эх хүн байж ямар хатуу сэтгэлтэй юм бэ? Чи л одоо

4.

 

гомдолгүй гээд хэлчихвэл бүх зүйл болох гээд байна. Чиний хүүхдийн шороонд булах мөнгийг өгч байхаар хүүгээ шоронгоос гарч ирэхэд нь эмчилгээнийх нь зардалд зориулж хадгалж байсан нь хамаагүй дээр. Чиний хүүхэд шороонд булагдаал биз, миний хүү ямар хийе гэж байгаад энэ хэргийг хийгээ юу? Амьд үлдсэн хүүг минь чи бодож болохгүй байна уу? Шорон гэдгийг чи мэдэхгүй байна. Өмхий чийг үнэртсэн, хүний эрхэнд торны цаана олон жил суух миний хүү тэр шоронгоос магадгүй амьд гарч ирэхгүй ч байж магадгүй, гарч ирлээ гэхэд өвчний хүүр л гарч ирнэ. Тэр үед надад хүүгээ эмчлүүлэх мөнгө хэрэгтэй болно гэж надруу дайрч, хашхирч, дормжилж байсан. Тухайн үед би маш их гомдож, энэ яриа болсны дараа уйлаад, өөрийн өмгөөлөгч Ш.Цэдэн гуай руу залгаж дээрх яриаг хэлж байсан. Өмгөөлөгч маань тэр даруй Ж.Баттулгын өмгөөлөгч Энхбаатар руу залгаж, энэ яриаг хэлсэн бөгөөд та нар ингэж ярьж болохгүй ээ. Охиныг нь дагуулж явж алчихаад дараа нь эхийг нь ингэж дайрч доромжилж болохгүй гэдгийг хэлсэн байдаг. Ер нь өсгөж хүмүүжүүлсэн хүний эцэг эх гэдэг үр хүүхдээ хэн хүнээс илүүтэйгээр мэддэг, мэдэрдэг бөгөөд Баттулгын эцэг Жаргалсайханы хувьд олон жил цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсны хувьд ч хүүгийнхээ хийсэн хэргийг мэдэхийн дээдээр мэдэж байсныг дээрх яриа нотлон харуулж байгаа юм.

3.Механик Инженерийн сургуулийн 5 шинжээчийн гаргасан дүгнэлтээс харахад аливаа зам тээврийн осол нь асар богино хугацаанд болдогийг мэдсээр байгаа хирнээ тухайн болсон хэргийг цаг хугацаа, нөхцөл байдал, орон зайн хэм хэмжээ, бурхан болоочийн өндөр, биеийн жинг тооцон үзэлгүй зөвхөн амьд үлдсэн Долгоржавын мэдүүлэгт тулгуурлан хэт нэг талыг барьсан, хийсвэр дүгнэлт гаргасан хэмээн үзэж байна. Тухайлбал:

- 1-4-А цэгийг баруун гар талруугаа буцааж хэт дарсанаас урд талын 2 дугуйгаар, 3-5-Б цэгийг  хойд талын 2 дугуйны шарвасан ул мөрийг үүсгэсэн нь “А” цэгийг зүүн урд дугуйгаар мөргөж ойгоод, уг цэгийг тойрох харьцангуй хөдөлгөөн хийхийн хамт, “Б” цэгт зүүн хойд хэсгээрээ мөргөсөн байна. Хоёр дахь цохилтын үеийн хүчний үйлчлэлийн чиг автомашин баруун урд булангаас зүүн хойд булан руу чиглэлтэй, автомашин урдаасаа хойшоо налуу байдалтай байгаа нь бүхээгт явсан зорчигчид автомашинтай харьцангуй зүүн хойд чиглэлд шидэгдсэн байж болох магадлалтай. Эндээс жолооч гэх хүн арын суудал руу шидэгдэх боломжтой. Тус автомашины хоосон үеийн өөрийн жин 1200 кг, 5 зорчигчийн жинг нэмж тооцвол бодит жин 1500-1600кг-н хооронд байна гэжээ. Энэ дүгнэлтээс харахад:

-“Б” цэгийг зүүн хойд хэсгээрээ мөргөж байхад машин налуу буюу урд талын хоёр дугуй газраас хөндийрсөн болж байна. Бүтэн тонн, 500-600кг жинтэй машин хойд хэсгээрээ цохиж байхад цохилтонд орж буй машины зүүн хойд хэсэг газартай илүү доошоо сууж өгнө үү гэхээс арын суудлын гол хүн, арын суудлын баруун гар талын хүмүүс дэс дараалан арын салхины шилээр гадагш гарна гэдэг байж боломгүй. Харин ч энэ хүчний үйлчлэлээр жолооны ард суусан гэх хүн хамгийн түрүүнд арын суудал руу орж, ард сууж явсан хүмүүс дээр дарж унах магадлал өндөр байна. Учир нь иухайн автомашины хөтлөгч эд ангиуд болох мотор, кроп, аккумлятор гэх мэт хамгийн их жин дарах хүнд хэсгүүд урд талдаа төвлөрсөн байдаг.

-“Б” цэгийг хойд хэсгээрээ мөргөж байхад ярын суудлын голын хүн арын салхины шилээр гарсан эсвэл уг автомашины сүүлчийн зогсолт болох “В” цэг нь энэхүү “Б” цэгээс 31.20м-н зайнд байна. Мөн шидэгдсэн гэх Долгоржав нь “В” цэгээс Сэлэнгэ орох чиглэлд 2 метрийн цаана гадаа хэвтэж байсан. Тэгвэл үндсэндээ Долгоржав 33.20м-н цаана машины арын цонхоор шидэгдсэн болж таарч байна. Ийм хол зайнд шидэгдэхдээ алхаж яваад газарт унасан юм шиг хэвтэж байсан нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлж байна.

5.

 

-Бурхан болсон охины минь хоёр пүүз үдээс нь суларсан байдалтай машины гадна талаас олдсон нь миний охиныг хөл нүцгэн гутлаа тайлаад амарч явсныг харуулж байна. Учир нь миний охин хөдөө гадаа машинаар гэр бүлийнхэнтэйгээ явахдаа машины арын суудалд суугаад хэзээний гутлаа тайлчихсан тухлан суух дуртай байсныг бид бүгд мэддэг юм. Хэргийн газарт надтай хамт очсон миний эгч Энх-Амгалан: ...миний дүү гутлаа тайлаад, амарч явж байгаад бурхан болж дээ. Царай нь илүү амар амгалан байсан нь илүү их өвдөлт зовиурыг бага мэдэрсэн байдалтай байсан нь унтаж яваад өөд болсон байна даа гэж бодогдсон хэмээн мэдүүлсэн нь бий. Үүнээс харахад ч тээврийн хэрэгслийг жолооны ард дадлага, туршлага, чадваргүй хүн хөл нүцгэн, оймстойгоо суугаад жолоо бариад явна гэдэг байж боломгүй асуудал болж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудад эрхэм шүүгчид та бүхэн дүгнэлт хийж, Ж.Баттулгад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017.05.10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдолдоо “...Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Данзанноров /ҮД:0408/ миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн 222-р зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн Ж.Баттулгын үйлдлийн улмаас амь насаа алдсан Ч.Ганбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм.

Ж.Баттулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн 2017 оны 5 сарын 10-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284-р зүйлд заасан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул Монгол Улсын ЭБШХ-ийн 315-р зүйлийн 315.1.4-д заасны дагуу тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.Учир нь:

  1.Хэргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Баттулгын мэдүүлэг хэргийн бодит нөхцөл байдлуудаас илтэд зөрүүтэй байгаа юм. Тухайлбал Хавтаст хэргийн 226-д Ж.Баттулга “...О.Цэнд-Аюуш, З.Мөнхнаран, Н.Нямсүрэн, Э.Соёмбо нар намайг жолоочийн талын хаалгаар бууж ирэхийг бүгд харж байсан" гэж мэдүүлсэн. Гэтэл түүний уг мэдүүлгийг З.Мөнхнаран хавтаст хэргийн  103-р талд 2015-04-30-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ, мөн О.Цэнд-Аюуш хавтаст хэргийн  123-р талд ...Баттулга жолоочийн эсрэг талын хаалгыг өөрөө онгойлгоод буугаад ирсэн. Жолоочийн талын хаалгаар бол давж бууж ирээгүй” гэж үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг. Ж.Баттулга нь өөрөө автомашин унаж яваагүй л бол хэргийн нөхцөл байдлын талаар худал мэдүүлэх шалтгаан байхгүй билээ. Түүнчлэн Ж.Баттулга нь мөрдөн байцаалтын шатанд “...миний сууж явсан талын хаалга онгойхгүй байсан учир жолоочийн талын хаалгаар буусан” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн ба шүүх хуралдаан дээр ч адил мэдүүлсэн. Гэтэл хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд 4 хаалга онгойхгүй байсан талаар огт тусгагдаагүйгээс гадна, Хх-ийн 234-д байх туршилт хийсэн тэмдэглэлд "... Осолд орсон тээврийн хэрэгслийн 4 хаалга дөрвүүлээ онгойж байв” гэж тусгагдсан байдаг. Тэгэхээр Ж.Баттулгын хаалга онгойхгүй байсан учир жолоочийн талын хаалгаар буусан гэх мэдүүлэг бодит байдлаас зөрүүтэй байгаад ач холбогдол өгөх ёстой.

Мөн тэрээр удаа дараагийн мэдүүлэгтээ ослоос хойш юу ч санахгүй байгаа мэтээр, мөн Дарханы эмнэлэгт ухаан орсон мэтээр мэдүүлсэн нь ч шалгалтын явцад үгүйсгэгдсэн бөгөөд ослын дараа араас ирсэн автомашинд сууж байсан хүмүүстэй харилцан ярилцаж, цай ууж, уужирч тайвширсан байдал нотлогдох

6.

 

бөгөөд гагцхүү түргэн тусламжийн машинд орж тайвшруулах тариа хийлгэснийхээ дараа л унтсан байдаг.

Ж.Баттулга нь бодит нөхцөл байдлыг гуйвуулан худал мэдүүлгүуд өгсөн нь үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд автомашины дотор салоны болон ослын гэрлийг асааснаа, мөн хөтлөгч арааг Р буюу зогсоолын горимд шилжүүлсэнээ ч мөн бодитоор нь хэлээгүй нь хэргийн шалгалтын явцад тодорхой болсон билээ.

Нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Ч.Ганбаяр нь Улаанбаатар хотоос гарах үед тухайн автомашиныг хэсэг хугацаанд жолоодож байсан боловч, арын машинд явж байсан З.Мөнхнаран, О.Цэнд-Аюуш нарын зүгээс Ж.Баттулгад тавьсан шаардлагын дагуу жолоогоо Ж.Баттулгад шилжүүлсэн ба үүнээс хойш уг тээврийн хэрэгслийг жолоодоогүй байдаг. Ж.Баттулга ч "... за за. Би одоо дахиж бариулахгүй" гэж амлалтын шинжтэй зүйл хэлж байсан нь хавтаст хэргийн 119-122-р талд авагдсан О.Цэнд-Аюушийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байдаг. Ингэж бусдын шахалт шаардлагаар өөрөө машинаа жолоодсон, мөн бусдад шилжүүлэхгүй талаараа хэлсэн хүн шөнийн замд, жолооны эрхгүй, хөл нүцгэн, арын суудалд амарч явсан хүнд жолоогоо шилжүүлэх үү?

Талийгаач Ч.Ганбаяр нь Ж.Баттулгад автомашины жолоог шилжүүлэн өгөх нөхцөл нь 1-рт тэрээр автомашиныг маш удаан, хурд багатай жолоодож байсан, нөгөөтэйгүүр харанхуй шөнө, жолоодлогын ур дүй дадлага муутай жолоодож байсанаас үүдэлтэй нь гэрчүүдийн бүгдийнх нь мэдүүлгээс харагддаг бөгөөд түүнийг 60-80 км цаг ямар хурдтай явсаныг арын машинд явсан О.Цэнд-Аюуш, З.Мөнхнаран, Н.Нямсүрэн, Э.Соёмбо нар, түүнчлэн Н.Гантөмөр ч хавтаст хэргийн  96-д "... хурдтай давхиагүй, зөөлхөн яваад байсан, бид нарын араас нөгөө машинд яваа хүмүүс дагаж явсан” гэж мэдүүлсэн байгаа.

2.“Тоёота Аллион” маркийн автомашиныг 60-80 км цагийн хурдтай, эвсэл, ур дүйгүй жолоодож явсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодлогын дадлагагүй, эмэгтэй хүн, гуталгүй, хөл нүцгэнээр шөнийн цагаар өмнөх машинуудаа сүлжээд өндөр хурдтайгаар явж, улмаар 140 км цаг хүртэл хурдлах боломжгүй гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Ямар ч хүн, тэр тусмаа жолоодох дадлагагүй, эрхийн үнэмлэхгүй хүн, автамашиныг гуталгүйгээр, маш өндөр хурдтай жолоодох ямар ч боломжгүй байдгийг авто машин, болоод жолоодлогын талаарх анхны ойлголттой хэн бүхэнд илэрхий зүйл. Үүнийг ч шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч Г.Цэндсүрэн тодорхой мэдүүлсэн. Мөн хэрэгт мэдүүлэг өгсөн зарим гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд осол болох хүртэл 8-10 минут өнгөрсөн байдаг. Эндээс тооцож үзэхэд автомашин 156-195 км цагийн хурдтай явсан байх ба гуталгүй, эхлэн суралцагч эмэгтэй ийм хурдтай давхиж чадах уу?

Алс замд явахдаа Ч.Ганбаяр нь гутлаа тайлж, хөлөө амрааж явдаг зуршилтай гэдгийг хэрэгт гэрч Энх-Амгалан, хохирогч Э.Биндэръяа нар тодорхой мэдүүлсэн.

3.Осол болох үед талийгаач Ч.Ганбаяр нь тухайн автомашиныг жолоодож яваагүй талаарх олон нотолгоо байдаг. Түүнийг тус машиныг жолоодож яваад ослын үед арын суудалд шидэгдсэн гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Хэргийн газар анх очсон гэрч, цагдаа- зохицуулагч Б.Цолмон хавтаст хэргийн 130-д мэдүүлэг өгөхдөө "... миний анх харсанаар бол уг хоёр эмэгтэй хүн /талийгаач Ч.Ганбаяр, Дэлгэрмөрөн/-ий хэн нь ч жолоо барьж явсан байх боломжгүй харагдаад байсан” гэжээ. Ч.Ганбаяр нь осол болсон даруйд автомашины арын суудалд, зорчиж явсан хэв хэлбэрт, суугаа байдлаар олдсон. Ослын үед шидэгдсэн хүн бага оврын суудлын автомашины арын суудал руу шидэгдэж, арын суудалд яваа зорчигчийн байдалтай байрлах боломж байхгүй.

Хавтаст хэргийн 131-132 хуудсанд анх хэргийн газарт очсон гэрч Г.Сугар хэн жолоо барьж явсан талаар ”... хоёр аваарт орсон залуугаас асуусан чинь

7.

 

дуугарахгүй байсан” гэж мэдүүлсэн. Нэгэнт өөрөө барьж яваагүй, мөн хэн барьж явсаныг мэдэж байсан бол хэлэх боломж, чадамж тухайн үед тэдэнд, тэр тусмаа араас ирсэн машинд орж цай ууж байсан, бусадтай тодорхой хэмжээнд харилцаж байсан, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл авсан Ж.Баттулгад бүрэн байсан нь хэргийн материалаас харагддаг.

Зайлшгүй анхаарал хандуулах зүйлийн нэг нь Ж.Баттулга удаа дараагийн мэдүүлэгтээ “Ганбаярыг машин жолоодож явахад хурдыг нь хараагүй, арын суудлын гол сууж явсан охин /Т.Долгоржав/ талийгаачийг “...ямар хурдан явдаг юм бэ?” гэсэн чинь талийгаач өөдөөс нь “чи чимээгүй хойноо дуугүй суугаад яв гэсэн” гэжээ. Гэтэл үүнийг Т.Долгоржав эрс үгүйсгэж байгаа бөгөөд үүнийг Т.Долгоржав өөрийн мэдүүлгээрээ болон хэргийн материалтай танилцаад гаргасан санал хүсэлтийн хэсэгт өөрийн гараар бичиж, хэрэгт үлдээжээ. Энд мөн л Ж.Баттулга яагаад худал хэлэх болов гэдэгт тодорхой дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

4.Хэргээс харахад “Урьхан” зоогийн газрын урд тэд бие засцгаасан гэх бөгөөд энэ үед Ж.Баттулга машин барьж явсныг бас нэгэн гэрч Н.Нямсүрэн хавтаст хэргийн  110-112-р талд мэдүүлсэн нь мөн л ихээхэн ач холбогдол бүхий нотолгоо болно. Уг мэдүүлэгт тэрээр “...гэтэл Баттулга бид нарын үгэнд ороогүй, бид нарыг гүйцэж түрүүлээд алга болсон” гэж мэдүүлсэн нь тухайн үед автомашиныг хэн жолоодон хөдөлсөнийг тодорхой нотолж байгаа ба О.Цэнд-Аюуш хавтаст хэргийн 274-д "... Намайг их хурдтай гуйцээд туруулээд явсан болохоор нь би Баттулгыг машин жолоодож яваа юм болов уу гэж бодсон” гэж, мөн З.Мөнхнаран хавтаст хэргийн  276-д Мөнхнаран “Бид нар зогсоод хөдлөхдөө Баттулгыг өөрөө машинаа жолоод гэж хэлсэн болохоор Баттулгыг машинаа жолоодож явсан байх гэж бодож байна” гэж мэдүүлсэн. Чухам энэ үеэс л О.Цэнд-Аюушийн жолоодож явсан автомашиныг Ж.Баттулга гүйцэж түрүүлсэн, мөн цаашид осол болтол тэдэнд гүйцэгдээгүй байдаг. Ийм жолоодлогын дадлага, туршлага, боломж, чадвар Ч.Ганбаярт байхгүй, тухайн үед машинд байсан хүмүүсээс Ж.Баттулгад, эсхүл автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй Т.Долгоржавт л байсан нь ойлгомжтой.

  5.Яллагдагчийн хувийн байдал тухайн хэрэгт шууд бус нотолгоо болох бөгөөд Ж.Баттулга нь 2013-04-23-наас 2015-01-20-ныг хүртэлх 1 жил 9 сарын хугацаанд нийт 6 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж хариуцлага хүлээсэн бөгөөд үүний 5-д нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн гэх үндэслэлээр, харин хамгийн сүүлд 2015-01-20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байдаг. Эндээс дүгнэхэд Ж.Баттулга нь автомашины хурдыг удаа дараа хэтрүүлж, удаа дараа хариуцлага тооцуулж байсан, улмаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолооддог, хурд хэтрүүлдэг нь 2-р хавтасны 19-20-р талд авагдсан лавлагаануудаар тогтоогдсон.

6.Хэрэг гарсаны дараа, Н.Гантөмөрийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь удаа дараа ирж, Ж.Баттулгын ээж Ариунаа одоо манай хүү л бүх хариуцлагыг хүлээх болчихлоо ... миний хүүд гомдол саналгүй бол бичээд өгчих гээд цаас бал бариад ороод ирэхээр нь ... бичээд өгчихсөн” гэж мэдүүлсэн ба хохирогч Биндэръяа ч мөн ийм агуулгатай зүйлс Ж.Баттулгын ар гэрийнхэнээс ярьж, түүнийг гуйж ятгаж байжээ. Мөн Ж.Баттулгын ээжталийгаачийн ээж Э.Биндэръяа руу Танай охин машин барьж явсан гэж хэлсэнийхээ дараа ийм зүйл ярьж Н.Гантөмөртэй уулзсаны учир юу вэ? Түүнчлэн Ж.Баттулгын аав Жаргалсайхан хохирогч Э.Биндэръяа руу утсаар холбогдон “Чиний хүүхэд шороонд булагдсан, тийм болохоор би хүүхдээ шоронгоос гарч ирэхэд нь хүүхдээ шоронгоос гарч ирэхэд нь чамд өгөх мөнгөө хүүхдийнхээ эмчилгээнд зориулсан нь дээр” гэж хэлсэн нь ч тухайн осол болох үед Ж.Баттулга автомашиныг жолоодож явсаныг нотлох дам нотолгоо мөн.

8.

 

Жолооны хүрд, хөтлөгч араа, ослын болон салоны гэрлийн товчлуур зэргээс шинжилгээнд тэнцэх гарын хээ илрээгүй огт байгаа нь мөн л анхаарал татах бөгөөд хэрэв талийгаач Ч.Ганбаяр авто машиныг унаж явсан бол түүний гарын хээ жолооны хүрд, хөтлөгч араа зэргээс ядаж илрэх байсан бус уу? Жолооны хүрд нь хүн бүрэн атгаж явдаг эд анги бөгөөд үүнээс гарын хээ, ул мөр илрэхгүй байх тохиолдол байх уу? байдаг бол ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ? Ул мөрийг балласан, арчсан байх боломжтой гэж үзвэл энэ боломж зөвхөн Ж.Баттулгад л байсан. Нэгэнт амь нас эрсэдсэн хүн жолооны хүрд болон бусад эд анги, товчлууруудад хүрэх, улмаар ул мөр баллах боломжгүй нь ойлгомжтой. Түүнчлэн шүүхээс Ж.Баттулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэхдээ 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг гол болгожээ. Гэтэл тухайн асуудлаар, мэргэжпийн байгууллагуудын  хамтарсан 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд автомашин жолоодож явсан хүн арын суудалд шидэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн.

Үүгээрээ уг 5 шинжээчийн "... тогтоох боломжтой” гэж үзэж, улмаар шидэгдсэн байх  боломжтой” гэх дүгнэлтийг үгүйсгэсэн хэрэг. Хэдийгээр шинжээч томилох тогтоолын зарим асуултууд шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн гэсэн тайлбартайгаар дүгнэлтэд тусгагдсан боловч чухам аль асуултуудад хариулахад 1 шинжээчийн тусгай мэдлэг хангалтгүй, аль асуултуудад хамаарах нөхцөл байдлыг тогтоох боломжгүй талаар ялган тодруулаагүй.

Арын суудалд шидэгдэн, арын суудалд явсан зорчигч шиг, хэв хэлбэрээ олсон байдлаар байрших боломжтой гэж дүгнэсэн, ШУТИС-ын Механик Инжинерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дугаар дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхүйц зүйлс маш их. Тухайлбал, Автомашины ослын үед замын хажуугийн далангийн шороог мөргөсөн гэх А цэгээс баруун хойш, Дархан хотын чиглэлд 39.30 м  зайд өнхөрч, цохигдон автомашин зогссон байдал хэрэг осол гарсан хэмжилтийн бүдүүвчээс харагдана. Мөн осолдсон автомашины жолооч талын баруун урд дугуйнаас 14 м 70 см зайд Т.Долгоржав шидэгдсэн байдлаар тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл дүгнэлтэд тусгагдсанчлан Г.Долгоржав арын суудлын голд байрлалтай сууж явсан бол түүнийг гадагш шидэгдэх хүртэл уг суудал хүнтэй /чөлөөлөгдөөгүй/ байсан болж таарч байна. Ийм тохиолдолд Т.Долгоржавыг шидэгдэхээс өмнө, түүнийг хойд суудлын голд сууж байхад, жолоодож явсан гэх хүн урд суудлаас хойд суудалд шидэгдэн голын байрлалтай хэв хэлбэрээ олон суух ямар ч боломжгүй. Тэр тусмаа жолоодож явсан гэх хүн шидэгдэж Т.Долгоржавын байрлалд ирсэнээс хойш Т.Долгоржав гадаа шидэгдэж гарах /жолоодож явсан хүний доороос/, улмаар Т.Долгоржавын сууж байсан гэх байрлалд Ч.Ганбаяр нь /хэрэв жолоодож явсан гэж үзвэл/ суудлын хэв хэлбэрээ олох ямар ч боломжгүй юм.

Автомашин замын шороон хэсгийг хойд хэсгээрээ мөргөсөн байж болзошгүй гэх /дүгнэлтэд тусгагдсанаар/, бүдүүвч зурагт Б цэгээр тэмдэглэгдсэн хэсэгт цохигдоход, жолооч арын суудалд шидэгдэн орсон байж болзошгүй гэх үед Т.Долгоржав шидэгдсэн гэж үзсэн ч уг газраас 31.20 м-т шидэгдсэн байх боломж үндсэндээ байхгүй, байлаа ч энэ нөхцөл байдлаас амьд үлдсэн байх боломжгүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад автомашины урд салхины шилэнд хагарал цуурал гарсан боловч хүн шидэгдсэн гэхээр ул мөргүй байсан нь Т.Долгоржавыг урд салхины шилний хэсгээр шидэгдээгүй гэдгийг нотлох ба прокурорын тогтоолын 5-д тусгагдсан байдлаар автомашин хөндлөнгөөрөө өнхөрөөгүй, зүүн хойд хэсгээр газартай харилцан өнхөрсөн тохиолдолд Т.Долгоржав нь Дарханы чиглэлд, зам дагуу /А4 цэгт/, тэр тусмаа 40 гаруй метрт шидэгдсэн байх ямар ч боломжгүй юм. А цэгийг автомашин зүүн урд талаар мөргөөгүй нь бүдүүвч зураг дахь зүүн дугуйн тормосны мөрнөөс

9.

 

тодорхой харагдана. Учир нь А цэгийг зүүн дугуйн тормосны мөр огтхон ч дайраагүй, тэнд хүрээгүй байна. /бүдүүвчээс тормосны мөрийг үзнэ үү/ Тээврийн хэрэгсэл баруун урд хэсгээр А цэгээр тэмдэглэгдсэн газарт мөргөөд 8.1 метр газар хажуулдан явсныг харуулах гол хүчин зүйл нь бүдүүвч зурагт тусгагдсанаар зүүн дугуйны мөр баруун дугуйн тормосны мөрөөс илүү урт зайд гарсанаар тодорхойлогдоно.

Түүнчлэн Т.Долгоржав нь замын хажууг эхэлж мөргөсөн гэх А, Б цэгүүдэд мөргөх үед тээврийн хэрэгслээс шидэгдсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Харин ч тэрээр тухайн тээврийн хэрэгслээс огт шидэгдээгүй, автомашины осол болсон даруйд тээврийн хэрэгслээс гарч 4.7 м зайд очсон байхыг ч үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтийн хариулт 1-д “...цаашид уг автомашин мөргөлтийн А цэгийг тойрох харьцангуй хөдөлгөөн хийхийн хамт, замын дагуу чиглэлд хөдөлгөөн хийж ус зайлуулах сувгийн шороон эргийг Б цэгт зүүн хойт хэсгээрээ дахин мөргөсөн байна. Хоёр дахь цохилтын хүчний үйлчлэлийн чиг баруун урд булангаас зүүн хойд булан руу чиглэлтэй...” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Бүдүүвч зурагт 1-4-А, 3-5-Б цэгүүдийг холбосон шарвасан мөр тусгагдсан ба баруун дугуйны тормос “1”-ээр тэмдэглэгдсэн цэгээс, зүүн дугуйны тормосны мөр “3”-ын тоогоор тэмдэглэгдсэн цэгээс эхэлснээс үзэхэд хоёр дугуйны тормосны ажиллагаа харилцан адилгүй болохыг нотолж байгаа ба нөхцөл байдлаас харахад Б цэгт автомашин зүүн хойд хэсгээрээ бус харин баруун урд хэсгээрээ мөргөж, цаашид тухайн тээврийн хэрэгсэл онхолдож, Б цэгээс 31.2м зайд өнхөрсөн байж болохоор байна. Т.Долгоржавын тухайд Б цэгт цохигдох үед шидэгдээгүй, харин бүдүүвч зурагт В цэгээр тэмдэглэгдсэн хэсэг орчмоос шидэгдсэн гэж үзэхээр байгааг зайлшгүй анхаарах ёстой.

7.Монгол юулсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296-р зүйлийн 296.1-т Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгад хамаарах нөхцөл байдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйл хэсэгт зааснаар “...бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг зайлшгүй тусгах ёстой. Гэтэл Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 55 тоот тогтоолыг гаргахдаа Ж.Баттулгын гэм бурууг үгүйсгэж байгаа баримтуудыг болон өмгөөлөгч нараас гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй орхигдуулсан, гагцхүү нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн хэт Ерөнхий дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Түүнчдэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319-р зүйлийн 319.1.3-д “дүгэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэл болох ба энэ тохиолдолд Эрүүгийн байцаан гийтгэх хуулийн 317-р зүйлийн 317.1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх ёстой.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ж.Баттулга нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315-р зүйлийн 315.1.2 дах хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Манадл сум дах сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхээс Ж.Баттулгын хэрэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг нь нотлогдсон учраас давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэраг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхэд

10.

 

хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 буюу хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас зарим нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл тогтоогдоогүй. …Энэ нөхцөл байдлууд болон гомдолд дурдсан үндэслэлийг харгалзаж үзээд анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгөөч, хэргийн хувьд нотлогдсон гэж үзэж байна гэв.

 

Хохирогч Т.Долгоржав давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “...Хохирогч Биндэръяа, түүний өмгөөлөгч Данзанноров нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудтай танилцаж дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Үүнд: Мандал сум дахь сум дундын шүүх холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие анхнаасаа эхлээд зам тээврийн ослын талаар болон зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг талийгач Ганбаяр жолоодож явсныг нүдээрээ харсан хүний хувьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг Баттулга, түүний гэр бүлийн хүмүүстэй хуйвалдан худал мэдүүлэг өгсөн гэж ор үндэслэлгүй гүтгэж сэтгэл зүйн дарамтанд олон удаа оруулж мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулж, сэжигтэн яллагдагчаар татан байцааж, үндэслэлгүй эрүү үүсгэн шалгаж хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Биндэръяа, өмгөөлөгч Данзанноров нарын зүгээс намайг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарсны дараа өөрөө мөлхөж 31.20 метрт очсон юм шиг үндэслэл нотолгоогүйгээр бичиж буруутгах оролдлого хийж байгаад маш их гайхаж байна. Учир нь 2015.04.08 өдрийн орой хотоос хөдлөөд 161 гармын тэнд зогсож 2 машины дугуйг хийлүүлээд тэндээс хөдлөх үед талийгаач Ганбаяр машин жолоодож хөдлөөд тэгээд Урьхан зоогийн газрын наана зогсож тэндээс Баттулга машинаа жолоодож хөдлөөд нэлээн явж байгаад өлсөөд байна хоол идье гээд зогсоод хаалгаараа буулгүй шууд араан дээгүүрээ даваад Ганбаярын сууж явсан урд талын суудал руу шилжиж суусан. Ганбаяр машинаас буугаад жолоочийн талын хаалгаар орж ирээд жолооны ард суугаад машин жолоодоод хөдөлсөн. Ганбаярын жолоодож явсан машины хурд нь 120км/цаг хүрээд хаазаа нэмсэн чинь хөдөлгүүр нь 3-4 хүрч байсан. Тэгээд машины хурд нь 140км/цаг хүрч байсан. 140км/цаг хурдтай чигээрээ явж байгаад гэнэт үрүүлээ баруун талруугаа дараад буцаагаад зүүн талруугаа дарсан тэгээд машин онхолдсон. Нэг мэдсэн би гадаа хэвтэж байсан. Ийм үйл явдал болсон хэрэг учраас энэ байдлыг үнэн зөвөөр бичсэн. Ганбаярыг буруутгаж Баттулгыг хамгаалж өмгөөлөх ямар ч бодол санаа шаардлага байхгүй. Би харсан болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Зам тээврийн осол болоход талийгаач Ганбаяр машиныг жолоодож явсан юм. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт болсон зүйлийг үнэн зөв хариулсан болно. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно...” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нар давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Хохирогч Э.Биндэрьяа туүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын Давж заалдах шатны шуухэд гаргасан гомдлуудтай 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр танилцаж, дараахи тайлбарыг гаргаж байна.

Ж.Баттулгад холбогдох Эрүүгийн 201518020129 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам, хохирогчын эрхийг зөрчөөгүй, хэргийн үйл баримт, нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэсэн, хэрэглэх ёстой хууль, зарлигийг

11.

 

зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн үндэслэл, шаардлагыг зөрчөөгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэлтэй гарсан.

Хохирогчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудад дурьдагдсан асуудлууд нь шүүх хуралдааны шатанд яригдсан боловч түүнийгээ баримтаар нотолж чадаагүй. Тэгээд ч хохирогч Э.Биндэрьяа, өмгөөлөгч Л.Данзанноров нарын ярьж, гомдлоод байгаа гомдолд бичигдсэн зүйлүүд нь зам тээврийн осол гарсан тэр цаг хугацаанаас өмнө буюу хойно болсон үйл явдлуудыг болон хувийн байдлуудыг гэрчилсэн болохоос зам тээврийн осол гарах тэр цаг хугацаа, зам тээврийн осол гарах тэр үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсныг нотлох, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтууд биш юм.

Ж.Баттулга болон Хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нар нь эхнээсээ эхлэн мэдүүлэгээ тогтвортой өгч, мэдүүлэгийнхээ эх сурвалжийг тодорхой, шууд зааж байгаа бөгөөд энэ 3 хүний мэдүүлэг зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн гэдгийг хохирогчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс ярьж байгаа боловч түүнийгээ нотолж чадаагүй, нотлогдоогүй. Зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийн зүүн, баруун талын хаалганууд гажиж, ангайж, гүлзайж, зурагдсан, үрчийсэн, зүүн талын хаалга онгойхгүй байсан гэдэг нь гэрч Нямсүрэн /ХХ-1-110-111/, Пүрэвдорж /ХХ-1-135/, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /ХХ-1-190-192/-ээр нотлогдож байхад, түүнийг зам тээврийн осол гарснаас хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр хууль зөрчиж хийсэн туршилтын тэмдэглэлээр /ХХ-1-234/, үгүйсгэх оролдлого хийсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс ШУТИС-н механик тээврийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр ...тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь осол гарах үед арын суудал руу шидэгдэх боломжтой байна гэснийг дурьдах нь зүйтэй ба уг дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийтгэх тогтоолд дурьдсан болохоос түүнийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй. Тэгээд ч Техникийн болон Физикийн ШУ-ны үндэслэлтэй гарсан энэ дүгнэлтийг дараагийн 7 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон шинжээч нар ШУ-ны үндэслэлтэй эсэхийг нотлоогүй буюу үгүйсгэж чадаагүй, ойлгомжгүй, эргэлзээ бүхий хариулт өгсөн байхад, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр дээрхи 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үгүйсгэх оролдлого хийж байгаа боловч түүнийгээ нотлоогүй.

Хохирогч, өмгөөлөгч нараас шүүх бүрэлдэхүүн ЭБШХуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан заалтыг зөрчөөгүй байхад уг заалтыг үндэслэл болгож, Ж.Баттулгын гэм бурууг үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг болон түүний өмгөөлөгч нараас гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгагдаагүй орхигдуулсан, гагцхүү нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн нь буруу байна гэсэн агуулга бүхий ойлгомжгүй гомдлуудыг гаргаж байгааг бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д заасан заалтыг шүүх бүрэлдэхүүн огт зөрчөөгүй, хэргийг тал бүрээс нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судлуулж, үнэлж, дүгнэсэн.

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, хуулийн шаардлага хангасан, хууль зөрчөөгүй.

Иймд хохирогч Э.Биндэрьяа түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55

 

12.

 

дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Баттулга давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Жаргалсайхан овогтой Баттулга би хохирогч Э.Биндэръяа түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг 2017оны 6 дугаар сарын 13 өдөр хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлдсэн хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэсэн бөгөөд хууль зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан.

Миний бие өөрийн үйлдсэн хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлсэн, надад худал ярьсан, талийгаач Ч.Ганбаярыг гүтгэсэн, хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нартай хуйвалдсан, худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй.

Миний хувьд талийгаач Ч.Ганбаяртай 2003-2011 он хүртэл Улаанбаатар хотын БГД-н 46 дугаар сургуулийн 10 жилийн нэг ангид сурч байсан ба 2014 оноос эхлэн ханилан суухаар үерхэж байсан, Э.Биндэръяа ээж бол талийгаач бид 2-ын хоорондын харилцааг дэмжиж, хооронд нь өөрөө холбож өгч уулзах нөхцөл бололцоог нээж өгдөг, чиглүүлдэг, манай Тулгаа сайн хүү шүү гэж хэлдэг байсан хүн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд намайг огт танихгүй, бүр мэдэхгүй, анх удаа харж байгаа мэтээр ярьж, үгүйсгэж, надад ингэж хөлдүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаад нь би маш их харамсаж байна.

Миний хувьд би өөрөө тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бол хэргээ үнэн зөвөөр нь хүлээнэ, ханилан суух гэж байсан хайрт хүнээ гүтгэх, буруутгах үндэслэл, шаардлага надад байхгүй, болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн.

Талийгаач Ч.Ганбаяр тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь үнэн бөгөөд нотлогдож байхад хохирогч Биндэръяа түүний өмгөөлөгч нар хийгээгүй хэргийн минь хийсэн болгож, хийгээгүй хэрэгт намайг буруутган ял оногдуулах гэж үндэслэлгүйгээр, баримтгүйгээр дайрч, доромжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Миний болон аав, ээжийн зүгээс асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн, ээж Ариунаагийн хувьд өөрийн сонссон, мэдсэн зүйлээ ямар нэгэн санаа, зорилгогүйгээр хохирогч Э.Биндэръяад хэлсэн нь үнэн, харин аав Жаргалсайханы зүгээс хохирогч Биндэръяагын яриад, бичээд байгаа зүйлийг хэлээгүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хохирогч Э.Биндэръяа, өмгөөлөгч Л.Данзанноров нарын намайг хийгээгүй хэрэгт буруутан болгох гэж гомдолдоо бичсэн зүйлүүдийг зам тээврийн осол гарсан тухайн тэр цаг үед миний зүгээс хийх ямар ч боломж, нөхцөл байгаагүй гэдгийг эдгээр хүмүүс сайн мэдэж байгаа, тэгээд ч намайг гомдолд дурьдагдсан зүйлүүдийг хийсэн гэдгийг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй.

Зам тээврийн осолд орж амь насанд нь аюул тулгарсан, ухаан алдаж, ухаан санаа нь орон гаран, толгой тархи нь хүчтэй өвдөлт өгч байсан хүн хохирогч түүний өмгөөлөгчийн гомдолд бичсэн зүйлүүдийг хийх боломжгүй, хийж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Дахин хэлэхэд миний хувьд тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан асуудал байхгүй, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэн өгснөөс зам тээврийн осол гарсан нь бодит үнэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг тээврийн хэрэгслийн жолоогоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд шилжүүлсэн, гэм буруутай болохыг тогтоож, зохих ялыг оногдуулсныг үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

13.

 

Хайртай хүндээ тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлэн өгч амь насыг нь хохироосондоо маш их харамсдаг, үрээ алдсан эхийн сэтгэлийг ч ойлгож байна. Иймд хохирогч Э.Биндэръяа түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Хэргийн бодит байдалд дүгнэлт хийсэн нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

Ж.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн, Т.Долгоржав, Н.Гантөмөр нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ээж мод орохоор замын хөдөлгөөнд орлцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д зааёныг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Улаанбаатар хотоос 147 дахь километр замд замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ч.Ганбаяр, Ч.Дэлгэрмөрөн нарын амь нас хохирсон, Т.Долгоржавын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 55 дугаартай шийтгэх тогтоолоор:  

-Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

-Шүүгдэгч Бэсүд овогт Жаргалсайханы Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлж  шийдвэрлэжээ.

 

14.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Биндэрьяа болон түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Баттулгад холбгдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянахад дараах зөрчлүүд илэрлээ.

Үүнд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын /3-р хх-ийн 39-р ху/ дагуу Улаанбаатар хотын Механик тээврийн сургуулийн багш Ц.Цэвэгжав, Ж.Мягмаржав, И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Д.Бадрах нарын 5 хүнийг  /мэргэжилтэн/ шинжээчээр томилж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулж /3-р    хх-ийн 41-43-р ху/, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.Цэвэгжав, Ж.Мягмаржав, И.Базаррагчаа, Н.Мөнхзул нарыг шинжээчээр байцаасан нь   /3-р      хх-ийн 30-37-р ху/  тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт …Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмыг баримтална…,

 Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр 9.1 дэх хэсэгт …Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана…, 9.2 дахь хэсэгт …Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна… гэсэн заалтуудыг ноцтой зөрчжээ.

Гэтэл анхан шатны шүүх   2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт …Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй…гэсэн заалтыг зөрчин дээрх дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт … 2016 оны 03 дугаар сарын     25-ны өдрийн 10/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр …90-32 УНЯ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүн нь осол гарах үед арын суудал руу шидэгдэх боломжтой байна… гэснийг дурдах нь зүйтэй ба уг дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үндэслэлгүй байна…гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ¹1842 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 190-192-р ху/, Механик тээврийн сургуулийн багш нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн    41-43-р ху/, Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтүүд /3-р хх-ийн 64-р ху/  нь хоорондоо илт зөрүүтэй, хохирогч Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр, З.Мөнхнаран, Н.Нямсүрэн, О.Цэнд-Аюуш, Э.Соёмбо, Б.Цолмон, Г.Сугар, шинжээч Г.Цэндсүрэн нарын мэдүүлгүүд харилцан бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байхад анхан шатны шүүх зөвхөн хохирогч  Т.Долгоржав, гэрч Н.Гантөмөр нарын мэдүүлгүүд, Механик тээврийн сургуулийн багш нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/24 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн, бусад нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт …дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол… гэсэн заалтыг зөрчиж байх тул тогтоолд дурьдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцээгүй байна.

Хэдийгээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн туршилт хийсэн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 234-235, 237-р ху/  нь 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн тул анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн шалгах туршилт хийж гүйцэтгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.Баттулгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                               Д.БУЯНЖАРГАЛ