| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2402000000245 |
| Дугаар | ХШТ/2025/105 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар ХШТ/2025/105
Г.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ДШМ/49 дүгээр магадлалтай, Г.Б-д холбогдох 2402000000245 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Б, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хүүхдийнхээ хамт **** дүүрэг, **** хороо, **** дугаар байрны **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: ****/
Шүүгдэгч Г.Б нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу **** газрын **** ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,
****газрын даргын тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг, мөн газрын даргын “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д “Тээврийн хзрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна”, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд **** сумын **** байрлах **** ажлын байрандаа байхдаа иргэн С.Б-өөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн С.Б-аас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн П.М-аас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Г.Б-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч Г.Б-н байршуулсан 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хуртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх өөрчлөлтийг оруулсан. Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд 2-5 жилийн хугацаагаар хасахаар хуульчилсан боловч шүүх хамгийн олон жил буюу 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа талаар тайлбарласан байдаг. 7 жилийн өмнөх тохиолдлын шинжтэй болчимгүй алдаанаас болж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухаарч, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг маань хөнгөрүүлэн зарим хэсгийг чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв хяналтын шатны шүүхэд танилцуулсан саналдаа: “…2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн санкци нь 2 жилээс 5 жилийн хугацаагаар нийтийн албан тушаал эрхлэхийг хасахаар зохицуулсан. Г.Б 2017-2018 оны хооронд 500,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр авсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үе буюу 2017, 2018 онуудад Эрүүгийн хуулийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хуулиар хөнгөрүүлэх боломж байсаар байхад хөнгөрүүлсэнгүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Торгох ялын талаар Г.Б-н зүгээс гомдол гаргаагүй. Гэм буруугийн талаар маргаагүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхэд маргаагүй, өөрийн сайн дурын үндсэн дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хамгийн бага хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн “албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэсэн дүгнэлтээсээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрөөр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан уг гэмт хэргийн бүх шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөлтөөр “Хахууль авах” гэмт хэрэгт оногдуулах нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хэмжээ нь 2-5 жил байна. Гэтэл хоёр шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар эрх хасах ялын хэмжээг 5-8 жил болгон нэмэгдүүлж өөрчилсөн хуулийг хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байгаа тул энэ талаарх өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б-г **** сумын ****д байрлах **** газрын ****аар ажиллаж байх хугацаандаа иргэн С.Б, С.Б, П.М нараас үргэлжилсэн үйлдлээр нийт 500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
3.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг.
Хуулийг тайлбарлан хэрэглэх арга зүй нь Эрүүгийн хуулийн заалт, хэм хэмжээг тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд иш үндэс болгон ашиглан хэрэгжүүлж буй процесс ажиллагаа тул шийдвэрийг гаргах үндэслэлээ бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, түүнээс ишлэн эрх зүйн гипотез, диспозиц, санкцийн агуулгыг нээн илрүүлэхэд чиглэгдэх хэдий ч хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилгод нийцүүлж, хуулийг буцаан хэрэглэх эсэхийг үндэслэлтэйгээр танин мэдэж, нэг мөр ойлгосноор хууль ёсны зарчим хангагдах учиртай.
4.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэх үед нь үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаагүй ямар нэг үйлдэл буюу эс үйлдэлд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш уг хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг яллагдагчид тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж тодорхой тусгасан байна.
Эрүүгийн эрх зүйд хуулийн үйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн цаг, хөөн хэлэлцэх болон ялын хугацаа зэрэг олон хугацааны ойлголт байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацааны ойлголт нь зөвхөн хууль зүйн техникийн бус, хуулийн цаг хугацааны үйлчлэлийн зарчим буюу хууль буцаан үйлчлэх эсэх, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болон дуусах мөчийг тодорхойлох замаар хууль хэрэглээний хүрээнд хууль ёсны байдлыг хангаж, шударга ёсны үнэт зүйлийг хамгаалж, гэмт хэрэгт тооцохгүй үйлдэлд шийтгэх, шинэ хуулиар хүндрүүлсэн ял шийтгэхээс сэргийлэх зорилгыг илэрхийлдэг.
Шинэ хууль нь тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзсэн, ял хөнгөрүүлсэн эсхүл хүний эрх зүйн байдлыг хөнгөлөх зохицуулалт агуулсан тохиолдолд буцаан хэрэглэдэг.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасныг Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ” хэмээн тодруулан зохицуулжээ.
Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “хоёр жилээс таван жил” гэснийг “таван жилээс найман жил” гэж баталсан бөгөөд уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №07/1109/ дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн учир мөн өдрөөс эхлэн түүнд заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөнө.
Шүүгдэгч Г.Б 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хахууль авах гэмт хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялтай байжээ.
6.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгааг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг харуулах үндсэн шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн доод, эсхүл дээд ялыг оногдуулсан бол энэ тайлбарыг заавал, дэлгэрэнгүй хийх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээнээс хамаарч тухайн ялын дээд хэмжээгээр оногдуулах үндэслэл нь уг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнүүдийг шүүгдэгчийн үйлдэл мөн тийм хэмжээнд хангаж байх явдал юм.
Тухайлбал, гэмт хэргийг хүндрүүлэх хэд, хэдэн бүрэлдэхүүнээр бүгдээр нь үйлдэх, хохирлын хэмжээ, хохирогчдын тоо олон байх, хүний амь нас хохироох зэрэг онц ноцтой хор уршиг үлэмж хэмжээгээр учирсан байх зэрэг нь хамгийн хүнд төрлийн ялыг дээд хэмжээгээр оногдуулах үндэслэл болж болно.
7.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжийг харгалзан…” гэж дүгнэсэн атлаа түүнд тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын дээд хэмжээгээр буюу таван жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан үндэслэл, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн үйл баримт, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг “2 жил 6 сар” болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг хоёр шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ хүрээнд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
8.Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу прокурорын ялласан хэргийн хэмжээ, хязгаарын дотор явагдах хуулиар тогтоосон журамтай болно.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй үйлдэл, гэмт хэргийн шинж, нөхцөл байдлын талаар шүүх өөрийн санаачилгаар хууль зүйн дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээгүй юм.
Прокуророос шүүгдэгч Г.Б-н албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэж хахууль авах гэмт хэргийн хуульд заасан бүх шинжийг бичиж гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.
Давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхээс зөвтгөхөөр тогтов.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ бус харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл болдог.
Нэгэнт хууль тогтоогчоос тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг хоёр шатны шүүх хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй тул шүүгдэгч Г.Б-н хяналтын шатны шүүхэд гаргасан “…гэм буруугаа ухаарч, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, …эрүүгийн хариуцлагыг маань хөнгөрүүлэн зарим хэсгийг чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлын хэсэг хангагдахгүй.
10.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “…5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан…” гэх хэсгийг хангаж, “…гэм буруугаа ухаарч, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, …эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн зарим хэсгийг чөлөөлж өгнө үү” гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Г.Б-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ