Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 598

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан Г М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г М ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: Г Г ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Г М ХХК 2016 оны 9 дүгээр сард хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тендерт оролцон *** аймгийн *** сумын нутагт орших *** нэртэй, планшетийн код М-**-**, 188,03 га талбайд материалыг зохих журмын дагуу бэлтгэн сонгон шалгаруулалтын комисст хүргүүлсэн юм. Гэтэл сонгон шалгаруулалтын комиссоос манай компанийн тендерийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байх ба учрыг тодруулбал “сонгон шалгаруулалтаар авах талбайн зураг нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс аваагүй хувийн компаниар хийлгэсэн зураг" гэсэн үндэслэлээр татгалзсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоход баримтлах журамд тухайлбал, оролцогч компаниуд сонгон шалгаруулалтын санал хүргүүлэхдээ түүнд хавсаргах баримт бичгийг жагсаасан бөгөөд журмын 10 дугаарт “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг” гэж заажээ. Үүнээс үзвэл тухайн талбайн зураг нь хувийн компани хийсэн эсэхээс үл хамааран зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардсан байна. Гэтэл сонгон шалгаруулалтын комиссоос хууль болон журмын заалтыг илт гуйвуулан тайлбарлаж манай компанийн тендерээс татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн *** аймгийн *** сумын нутагт орших *** нэртэй, планшетийн код М-**-**, 188,03 га талбайн сонгон шалгаруулалтанд Г Г ХХК-ийг шалгаруулан тус компанид ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

        Журамд зааснаар шалгарсан оролцогчид шалгарсан тухай мэдэгдлийг 3 хоногийн дотор хүргүүлэх үүргийг сонгон шалгаруулалтын комисс хүлээх бөгөөд ийнхүү гардуулснаас 5 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд удаах байранд орсон оролцогчид шалгарах боломж бүрдэх учиртай. Сонгон шалгаруулалтын комиссоос уг мэдэгдлийг дээр заасан хугацаанд хүргүүлээгүй нь илт хууль бус юм. Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр гомдол гаргасан бөгөөд “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй тул татгалзсан...” гэсэн илт үндэслэлгүй хариуг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 7/693 албан бичгээр ирүүлсэн болно. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгаж өгнө үү” гэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд сонгон шалгаруулалтад орохын тулд эртнээс бэлдсэн бөгөөд тухайн үед материал задлаад кадастрын зураг шаардлага хангахгүй гэсэн үндэслэлийг амаар хэлээд уг баримтуудыг буцаасан байдаг. Сонгон шалгаруулалтыг зарлахдаа урилгыг нээлттэй зарладаг бөгөөд тухайн баримтад талбайн зургийг нэгт хавсаргаагүй бөгөөд хоёрт солбицлын цэгүүдийг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн кадастрын зургийг хийхдээ өөрсдөө зохиож хийгээгүй. Тухайн үед хариуцагч байгууллагаас өгсөн градус, минут, секундээр зааж өгсөн хэмжээгээр кадастрын зургийг хийсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчсөн гэж үзээхгүй байгаа. Манай компанийн хувьд анх удаа сонгон шалгаруулалтад орсон асуудал биш өмнө нь өөр сонгон шалгаруулалтад орж байсан бөгөөд уг сонгон шалгаруулалтад өөрсдийн хийсэн зургийг өгч болоод байсан. Энэ хуулийн заалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эрх хэмжээний асуудал болоод байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар кадастрын зургийг тус газрын Кадастрын хэлтсээр хийлгэнэ гэсэн зүйл байхгүй. Цаанаас өгсөн солбицол цэгийн хүрээнд кадастрын зургийг хийсэн. 

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул хуульд заасан боломжийн хүрээнд эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагаас манай материалыг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тухай бичгээр хариу мэдэгдээгүй тул нэхэмжлэгч тал эрхээ хамгаалах боломжгүй байсан. Нэхэмжлэгч компанийн материалыг хүлээн авахаас татгалзсан бол ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа талаар болон түүнд хэрхэн гомдол гаргах талаар тодорхой зааж өгөх ёстой. Төрийн захиргааны байгууллага мэдэгдэх зарчмыг огт хэрэгжүүлээгүй.  Гуравдагч этгээдтэй өрсөлдсөн компанитай уулзахад нэг компани 500 сая төгрөгийн санал нөгөө компани 14,5 сая төгрөгийн үнийн санал гаргасан байдаг. Ийм зөрүүтэй үнийн саналтай сонгон шалгаруулалт явагдахгүй. Сонгон шалгаруулалтын комисс болон шалгарсан компанийг өөр бусад байгууллагад өргөдөл өгч шалгуулна гэж бодож байгаа. Хугацааны хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Татгалзсан үндэслэл болон сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргаж байж олж авсан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгон шалгаруулалтын комисс нэхэмжлэгчийн материалыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлага хангаагүй. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан загварын дагуу зураг үйлдэнэ гэсэн болохоос заавал кадастрын хэлтсээс зураг авна гэсэн зохицуулалт биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 18.2-т заасан шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцааж өгнө” гэж заасны дагуу бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч бичгээр мэдэгдээгүй. Үндэслэлийн хувьд хавтаст хэргийн 246 дугаар талд хайгуулын талбайн солбицлыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга баталсан бөгөөд тэр цэгийн дагуу зургийг хийсэн байгаа. Түүнээс заавал гуравдагч этгээдийнх шиг хийнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуульд зөвхөн төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загвар гэж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын баталсан загвар зураг гэж байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын баталсан зураг гэж байгаа боловч тус газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлөхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс гэдэг бол төрийн захиргааны төв байгууллага биш юм. Захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдсэн бол түүнийг баримтжуулах ёстой. Гэтэл уг захиргааны актыг мэдэгдээгүй. Мэдэгдээгүй учраас гомдол гаргах хугацааны хувьд тоологдохгүй. Уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан учраас дээрх акт нь сөрөг захиргааны акт юм. Хэдийгээр журамд 5 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан боловч уг зохицуулалтад энэ нөхцөл үйлчлэхгүй юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёсгүй. Тийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй” гэв.

       Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн хуулийн 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9 дэх заалтуудыг үндэслэн Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол батлах тухай”, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын талбайн солбицол батлах тухай” 511 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Засгийн газраас зарласан талбай дээр сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу сонгон шалгаруулалт зарлах, нээх, оролцогчдын саналд үнэлгээ өгөх, дүн зарлах, тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хийгддэг. Сонгон шалгаруулалтын журмын 5 дахь хэсэгт Сонгон шалгаруулалтад оролцогчийн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана, ... 10. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг, ...зэргийг хавсаргахаар заасан байна.

        Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтын баримт бичигт хавсаргасан талбайн зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицолуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хавсралт “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8 дахь хэсэгт Сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлэх талаар зааж өгсөн ба Г М ХХК-ийн талбайн зураг шаардлага хангаагүй тул Сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шалгарсан оролцогч болж шалгараагүй болно. Тус сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсан оролцогч Г Г ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаар шийдвэрээр ашит малтмалын хайгуулын Х\/-***** дугаар тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.

        Иймд Г М ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос өөрийн компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтанд шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын XV- ***** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

        Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг "...Ирүүлсэн саналын материалд хавсаргасан талбайн зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангаагүй "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам "-ын 7.2.4-т заасны дагуу саналыг хүчингүйд тооцож, буцаан хүлээлгэн өгсөн" байна.

Нэхэмжлэгч Г М ХХК-ийн кадастрын зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "...хайгуул хийх талбайн байршил, булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицолуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана" гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг" гэж заасан нь хэн нэгэн дурын этгээдийн гаргасан газрын зураг биш харин Төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газраас гаргасан газрын зураг дээр талбайн байршил, булангийн цэгийг тэмдэглэхийг шаардсан байна. Сонгон шалгаруулалтад оролцогч бүр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс кадастрын зураг гаргуулан авдаг. Энэ кадастрын зураг нь доороо зохиогчийн эрх, Монгол Улсын Ашигт малтмалын газар гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Нэхэмжлэгч нь Г М ХХК-ийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн кадастрын зураг нь хэнээр гаргуулсан нь тодорхой бус байна.

     Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан шаардлага нь "...булангийн цэгийг ...газрын зураг дээр тэмдэглэж, солбилцолуудыг градус, минут, секундээр тодорхойлно" гэсэн байна. Булангийн цэг нь тодорхой дэс дугаараар тэмдэглэгдэж, тодорхой солбилцолоор тодорхойлогддог. Хэрэгт авагдсан баримтуудаар сонгон шалгаруулалт зарласан *** аймгийн, *** сумдын нутаг 188,09 га бүхий *** нэртэй талбайн солбилцолуудыг 1,2,3,4 гэж дугаарлан тодорхойлж, баталсан байна. Гэтэл нэхэмжлэгч Г М ХХК нь кадастрын зураг дээрээ энэ тушаалаар баталсан булангийн цэгүүдийг илэрхий алдаатай тэмдэглэж ирүүлсэн байна. Г М ХХК-ийн кадастрын зураг дээр 1 дүгээр булангийн цэгийг 2 гэж, 2 дугаар буланг 3 гэж, 3 дугаар булангийн цэгийг 4 гэж, 4 дүгээр буланг 1 гэж алдаатай тэмдэглэсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч Г М ХХК нь сонгон щалгаруулалтын санал, түүнд хавсаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан шаардлага хангаагүй, мөн тусгай зөвшөөрөл олгон сонгон шалгаруулалтын журмын 9.3-т "Сонгон шалгаруулалтын саналд энэхүу журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийг нотлох баримтын хамт үнэн зөв бүрдүүлж ирүүлэх" үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир сонгон шалгаруулалтын комисс нь Г М ХХК-ийн саналыг хүчингүйд тооцож, буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

      Сонгон шалгаруулалтын журмын 13 дугаар зүйлийн 13.1-д "Оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах"-аар заасан байна. Сонгон шалгаруулалт нь Ашигт малтмалын тухай хууль, журмын дагуу тодорхой цаг хугацаанд, тодорхой үе шаттайгаар явагддаг. Ийнхүү цаг хугацаатай байдаг учир сонгон шалгаруулалтын явцад үүссэн асуудлыг тухай бүр гомдол гарган, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх боломжийг оролцогчдод олгосон байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ журамд заасан ажлын 5 хоногт гомдол гарган түүний саналыг хүчингүйд тооцож, буцаан хүлээлгэн өгсөн комиссын шийдвэрийг хянаж шалгуулах боломжтой байсан, Гэвч энэ хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь "сонгон шалгаруулалтад оролцох эрхээсээ өөрөө сайн дураараа татгалзсан" гэж үзэх үндэслэлтэй байна.

      Захиргааны ерөнхий хуулиар "илт хууль бус захиргааны акт" болон "хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт"-ыг тус бүрд нь хуульчилж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д “Захиргааны акт илт хууль болох 7 үндэслэлийг жагсаасан байх бөгөөд энэ хаалттай жагсаалт байна. Нэхэмжлэгч Г М ХХК-ийн зүгээс "сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг илт хууль бусад тооцуулах"-аар гаргаж байгаа үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

      Иймд нэхэмжлэгчийн гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох" нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

      Сонгон шалгаруулалтын комисс нь нэхэмжлэгч Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг хүчингүйд тооцож, буцаан хүлээлгэн өгсөн. Г М ХХК нь сонгон шалгаруулалтын үнэлгээ өгөх, шалгаруулах процесст оролцоогүй, эдгээр процесст зөвхөн 2 компани буюу Г Г ХХК, Үлэмж тайж ричерс ХХК оролцсон учир Г М ХХК нь "энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй этгээд" болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох"-оор заасан байна. Захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой. Энэхүү захиргааны хэргийн хувьд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нэгэнт явагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сонгон шалгаруулалтын саналыг үнэлээгүй, шалгаруулаагүй эс үйлдэхүй байхгүй. Сонгон шалгаруулалтын комисс нь нэхэмжлэгч Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтын санал, түүнд хавсаргасан материалыг Г М ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь ямар материалыг үнэлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул “Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г М ХХК-ийн “Ашигт малтмал, Газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан байдлаар шийдвэрлэв.

“Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г М ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн а/40 дүгээр  тушаалаар *** аймгийн  *** сумын нутагт орших *** нэртэй газарт зарласан сонгон шалгаруулалтад оролцож, сонгон шалгаруулалтын баримт бичигт хавсаргасан талбайн зураг нь шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Сонгон шалгаруулалтын комиссын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар  дүгнэлтээр Г М ХХК-ийн  ирүүлсэн саналыг хүчингүйд тооцож, сонгон шалгаруулалтын материалыг Г М ХХК-д буцаасныг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г М ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээхэд ирүүлсэн баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "...хайгуул хийх талбайн байршил, булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицолуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана" гэж заасан шаардлагыг хангаагүй байсан тул тус компанийн ирүүлсэн саналыг Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж буцаажээ.

Г М ХХК нь өргөдөл гаргасан талбайн цэг солбицолын зургийг Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу гарган ирүүлээгүй, Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 9.3-т "Сонгон шалгаруулалтын саналд энэхүу журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийг нотлох баримтын хамт үнэн зөв бүрдүүлж ирүүлэх" гэж заасныг зөрчсөн болох нь  хэрэгт авагдсан Г М, Г Г ХХК-иудын ирүүлсэн зураг , Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар  тушаалын хавсралтаар батлагдсан маягтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаасан талаар хариуцагчаас мэдэгдээгүй гэж маргаж байгаа боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтэд дурдсанаар Сонгон шалгаруулалтыг нээхэд Г М ХХК-ийн захирал Ж.М байлцсан талаар тусгагджээ .

Дээр дурдсан журмын 13 дугаар зүйлийн 13.1-д "Оролцогч нь сонгон шалгаруулалтын комиссыг энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл, энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах"-аар заасан байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ журамд заасан ажлын 5 хоногт гомдол гарган түүний саналыг хүчингүйд тооцож, буцаан хүлээлгэн өгсөн комиссын шийдвэрийг хянаж шалгуулах боломжтой байсан боловч журамд заасан хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан Захиргааны акт илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

“Сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын газраас *** аймгийн *** сумын нутагт орших *** нэртэй газарт зарласан сонгон шалгаруулалтад ирүүлсэн Г М ХХК-ийн саналыг хүчингүйд тооцож, Г Г ХХК, Ү Р ХХК-иуд сонгон шалгаруулалтад оролцож, сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр Г Г ХХК шалгарсныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн а/43 дугаар  тушаалаар комиссын дүгнэлтийг баталгаажуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаар  шийдвэрээр Г Г ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж,  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2702 дугаар  албан бичгээр шийдвэрийг мэдэгджээ.

Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Сонгон шалгаруулалтын саналыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө” гэж заасан байх ба Г М ХХК-ийн ирүүлсэн саналыг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.4.5-д заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр буцааж, уг компанийн сонгон шалгаруулалтын материалд үнэлгээ хийгдээгүй тул сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. 

Иймээс *** аймгийн *** сумын нутагт орших *** нэртэй газарт зарласан Сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгаруулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас сонгон шалгаруулалтад ирүүлсэн санал нь буцаагдсан Г М ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэгч “сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д зааснаар “Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г М ХХК-ийн шүүхэд гаргасан “Ашигт малтмал, Газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г М ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Г М ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан комиссын шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасныг баримтлан Г М ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “сонгон шалгаруулалтын комиссоос Г Г ХХК-ийг шалгарсанд тооцож олгосон ашигт малтмалын хайгуулын ХҮ-***** дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтын материалыг хуульд нийцүүлэн үнэлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН