Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00505

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дүгээр шийдвэр,

      Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Б

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

    Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор 15.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2016-09-07-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-с компаний үйлдвэрлэл ажил төрөлтэй танилцаж, хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 23.000.000 төгрөгийн алдагдалтай ажилласан  гэж намайг ажлаас  халсан бөгөөд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинэ ТУЗ-с хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн бичгээр үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг Д.Энхбат гэдэг хүнд хүчээр хүлээлгэн өгсөн. Намайг  ажлаас халах үндэслэл гаргаагүй, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын үзүүлэлтийн талаар тайлбар өгсөөр байтал, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн саналыг минь хүлээж авалгүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваагүй  халсанд гомдолтой байна. Иймд хуучин ажилдаа эргэн орох, олговорт 15.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016-09-19-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан. Үүнд: 2016 эхний хагас жилийн санхүүгийн тайлан буруу гаргасан. 2016 оны 812 сая төгрөгийг төлөх. Н.Б нь ерөнхий нягтлан бодогч Буянжаргал өөрийн эхнэр Хаш ХХК-с даавуу худалдаж авах гэрээг байгуулахад хяналт тавихгүйгээр гэрээнд гарын үсэг зурсан. Энэ компани нь эмнэлгийн компани байсан 29.450.000 төгрөгийн даавуу худалдаж авах гэрээг хяналт тавихгүй нуун дарагдуулсан байдлаар байгуулсан. Гэр бүлийн компанид давуу байдал олгосон байна. Энэ гэрээнээс татгалзах ёстой байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол их хэмжээний болон хувийн ашиг сонирхолтой хэлцэл хийхээр бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой байсан аваагүй мэдэгдээгүй. Ашигтай ажиллагааны байдлыг бууруулсан үзүүлэлттэй байна. Компаний эцсийн зорилго бол ашигтай байдал юм. Эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан буюу удаа дараа давтан гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.3-т зааснаар, мөн Компаний тухай хуулийн 84.4.1-84.4.4 болон 84.4.9., 89.1.1, 89.1.2 зэрэгт зааснаар тусгайлан хориглосон байсан. Дотоод журмын 4.2-т эрх мэдлээ хэтрүүлсэн хувийн зорилтод ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан Н.Б нь төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. 2016-04- 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийсэн гэрээ Буянжаргал, Мандах нартай баталгаажуулсан 29.450.000 төгрөгийн гэрээ. Мандах нь Буянжаргалын эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-т заасан зөрчлийг давтан гаргасан гэдэг 2 удаагийн шийдвэрээр гарсан 812 сая төгрөгийн өр төлбөрийг 3 удаагийн тайландаа тусгаагүй буюу эдгээр зөрчлийг 2015 жилийн эцэст 2016 оны 1 болон 3 дугаар тайлан гээд 3 удаа гарахад гаргаагүй байна. Удаа дараа хайнга хандаж 2015 болон 2016 оны бизнес төлөвлөгөөнд тусгаагүй. Компаний тухай хуулийн 76.1.8 болон 76.1.10-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах эрхтэй. Дүрмийн 10.3-т гүйцэтгэх захирлын эрх хэмжээг заасан үүнд компаниас гаргасан санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэсэн энэ үүргээ мөн зөрчсөн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон эрх хэмжээний хүрээнд хөрөнгөө зарцуулах үүргийг мөн хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээний 13.11-д зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байнгын хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийлгэж хяналтаа хэрэгжүүлэхгүй яваад байсан байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 13.13-т зааснаар компаниас олгосон эрх хэмжээний дагуу гадаад, дотоодтой тогтоосон чиглэлийн дагуу гэрээ хэлцэл байгуулна гэж заасан. Нэр бүхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Цалин хөлс олгох нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрсэн хүнтэй захиргааны санаачлагаар шууд цуцлахаар байгаа энэ асуудлыг хязгаарлаж нэхэмжлэх ёстой байсан гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Быг Э ХХК-н охин компани Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Э ХХК-с 15 500 000 төгрөг гаргуулан Н.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай тэмдэглэгээ хийхийг “Э” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 305.650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэг. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид "ИХШХШТХууль" гэх/ 116 дугаар зүйлийн 116.2-т: “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т: “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг шүүх дараах байдлаар зөрчсөн. Шүүх нэхэмжлэгч Н.Бын овог нэр, оршин суугаа газар, хаягийг нотолсон иргэний үнэмлэх, хариуцагч Э ХХК болон Э ХХК-ийн эрх зүйн байдал, оршин байгаа газар, удирдлагыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл зэргийг\ тодорхойлсон, томилсон нотлох баримтууд буюу Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Н.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан албан тушаалтны эрх, хэмжээг тогтоосон баримт зэрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх зүйн байдал, оршин суугаа хаягийг нотолсон хэргийн харъяаллыг тогтоож хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дээр дурдсан нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 20, 22, 26.1, 26.5, 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.10, 5.1, 11.9, Компанийн тухай хуулийн 6.3, 9.3, 10.4, 16 дугаар зүйл болон ИХШХШТХуулийн 14,  44.1, 44.2, 62, 65 дугаар зүйлд заалтыг тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь Э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийг төлөөлж хувиар гаргасан бөгөөд Э ХХК-д хамааралгүй. Шүүх хэргийн 2-34, 40-50, 52-82, 112-113 дугаар хуудсанд байгаа хариуцагчаас ирүүлсэн хуулбар нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас үнэлээгүй гэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь эдгээр нотлох баримтууд буюу Н.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал-2х., Н.Бын иргэний үнэмлэхийн хуулбар- Зх., Э ХХК-ийн 2016 оны эхний хагас жилийн тайлан-4-26х, ТУЗ-ын тогтоол - 40х.,ТУЗ-ын хурлын тэмдэглэл 41- 50хх, зэрэг баримтууд хуулбар баримтууд нь Н.Баас шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэхийн хуулбараас /Зх/ бусад баримтууд нь хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 23-24, 93-97, 122-123-р хуудсанд нотариатаар гэрчлүүлсэн байдлаар авагдсан болно. Нэхэмжлэгч Н.Б нь 2014.02.03-ны өдрийн 1208 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 3.4.3, 4.2.3, 4.2.6 заалтуудыг болон Компанийн тухай хуулийн 76.1.17, 84.1.1 - 84.1.3, 89- 93, 95., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2, 14.4.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, 8.6, 11 дүгээр зүйл, Э ХХК-ийн дүрэм /1-р хавтсанд -97-105х./, СТОУСтандарт зэргийг ноцтой зөрчиж, Э ХХК-ийн 2016 оны эхний хагас жилийн тайланг /2-р хавтсанд 32-39х/. буруу гаргаж, хяналт тавиагүй, компанийн ашигт ажиллагааны түвшин буурсан зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй болохыг нотолсон баримтууд болох Дээд шүүх, бусад шүүхийн шийдвэрүүд /2-х боть-3-4, 5-8, 9-12 хх. санхүүгийн тайлангууд, ТУЗ-ын удаа дараагийн хурлын тэмдэглэл-/93-97х, ТУЗ-ын шийдвэр /95-96х/ тайлбарууд зэрэг чухал ач холбогдол бүхий баримтуудыг огт үнэлсэнгүй, тэдгээрт дүгнэлт хийсэнгүй. Э ХХК-ийн 2014, 2015, 2016 оны эхний хагас жилийн тайлан балансыг буруу гаргасан 4-р улирлын тайлан балансыг залруулсан. Түүнчлэн, энэхүү хөдөлмөрийн маргааны нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Э ХХК-д хамааралтай байхад үндсэн нэхэмжлэлийг гардаж авсан энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч Э ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, Э ХХК-ийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр ИХШХШТХуулийн 28,  76.1.2, 77.1., Компанийн тухай хуулийн 3.1, 9.1-г зөрчсөн. Э ХХК нь нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд “Хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийн талаар шүүхэд тайлбар гаргах боломжгүй байна гээд ИХШХШТХуулийн 28 дугаар зүйлд зааснаар Э ХХК-ийг хариуцагчийг татах” талаар тайлбар /51х./ ирүүлсэн байх бөгөөд шүүхээс хариуцагчийг Э ХХК-иар солих, эсвэл хамтран хариуцагчаар татах зэрэг асуудлыг шийдвэрлэлгүй, захирамж гаргалгүй хэргийг хянан шийдвэрлэж ИХШХШТХуулийн 28.1., 123.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Шүүх Н.Бын 2016.10.13-ны өдрийн үндсэн нэхэмжлэлийг Э ХХК-д хүлээж аваад 2016.10.24-ны өдрийн 142/Ш332016/05603 тоот захирамжаар Иргэний хэрэг үүсгээд Э ХХК-д гардуулсан боловч уг захирамжаа өөрчлөлгүй, хүчингүй болголгүйгээр шууд Э ХХК-ийг хариуцагч гэж үзэж 2016.11.15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлэх тухай, 2017.07.08-ны өдрийн ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэлийг өөрчилж, ихэсгэх тухай нэхэмжлэлүүдийг тус тус Э ХХК-д гардуулсан нь ИХШХШТХуулийн 26.3, 28.1, 28.4, 67.1.12, 72.1, 72.2 дахь заалтуудыг зөрчсөн. Шүүх үндсэн нэхэмжлэлийн хувийг Э ХХК-д гардуулаагүй, уг үндсэн нэхэмжлэлд Э ХХК-иас хариу тайлбар гаргаагүй болно. Н.Бын 2016.10.13-ны өдрийн болон 2016-11-15-ны өдрийн нэхэмжлэлийг өөрчилж нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2017.05.10-ны өдрийн 001/хт2017/00605 дугаар тогтоолд  “хариуцагч нь нэг эсхүл хоёр этгээд аль болохыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ, хариуцагчийн эрх зүйн байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ” гэсний дагуу "жинхэнэ хариуцагчийг тогтоогоогүй, үндсэн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй" зэрэг алдааг засч залруулалгүйгээр үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 15,500,000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.  Компанийн тухай хуулиар Компанийн эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг зэргийг тодорхойлсон бөгөөд Э ХХК нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулинд зааснаар бие даасан хуулийн этгээд, харин компанийн хувьцаа эзэмшигч,ТУЗ нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт зааснаар Э ХХК-ийн удирдлагын бүтцийн зохион байгуулалтын нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш, шүүхэд Хувьцаа эзэмшигчийн дангаар гаргасан шийдвэрийг Э ХХК-д хамааруулж шийдвэрлэхгүй болно. Гэтэл шүүх бие даасан, тусдаа эд хөрөнгөтэй, санхүүгийн тайлан баланс тусдаа гаргадаг толгой компани Э ХХК-иас 15,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 25.1-г буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч буй ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15, 48.3-т тус тус зааснаар болон хавтаст хэрэгт /хх.122/ эх хувиар авагдсан "Э ХХК-ийн ХХОАТатварын тодорхойлолтоор болон Э ХХК-ийн захирал Д.Энхбатаас шүүхэд ирүүлсэн түүний цалинг 2,1 сая төгрөг гэсэн цалингийн тодорхойлолт /хх.89/ зэргээр нэхэмжлэгч Н.Б нь Э ХХК-ийн байнгын ажлын байр, орон тоонд ажиллаж, Э ХХК-иас цалин хөлс авч байсан зэрэг нь иргэний хэргийн хариуцагч Э ХХК биш Э ХХК хариуцагч болохыг нотолж байхад шүүх Компанийн тухай хууль, Иргэний хуулийг тус тус буруу хэрэглэсэн болно. Нэхэмжэлгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тусгаснаар нэхэмжлэгчийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар зэргийг ажил олгогч Э ХХК нь хариуцан төлдөг учраас ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар зэргийг Э ХХК хариуцан төлснөөр нэхэмжлэгчийн ажилласан жил, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар зэрэг нь тасралтгүй төлөгдөх боломжтой. Нэхэмжлэлийн агуулга, шаардлага болон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байр, түүнийг томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар зэрэг асуудал харилцаа нь Компанийн тухай хуулиар Э ХХК-д хамааралтай харилцаа учраас Компанийн тухай хуулийн 3.1, 3.5, 6.1, 6.4, 76, 83, 83.15, 84, 85, 89 дүгээр зүйл, заалт зэргийг хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй болно. Бие даасан компанийн гүйцэтгэх захирлын тухайд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Компанийн тухай хууль-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуулиар зохицуулагддаг байхад шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н.Б нь 2016 оны 10 дугаар арын 17-ны өдөр “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Э ХХКийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх зохигчийн эрх зүйн байдал, оршин суугаа хаягийг нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн...энэ маргаан нь Э ХХК-д хамааралгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй... Н.Б тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон... Н.Бын нэмэгдүүлсэн шаардлага нь Э ХХК-д хамааралтай байхад үндсэн нэхэмжлэлийг гардаж авсан энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч Э ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн... шүүх хариуцагчийг Э ХХК-иар солих, эсвэл хамтран хариуцагчаар татах зэрэг асуудлыг шийдвэрлэлгүй, захирамж гаргалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн...нэхэмжлэлийг хүлээж авч хэрэг үүсгэж, Э ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч уг захирамжийг өөрчлөөгүй... шууд Э ХХК-ийг хариуцагч гэж үзэж нэхэмжлэлийн хувийг Э ХХК-д гардуулсан нь хууль зөрчсөн... шүүх үндсэн нэхэмжлэлийг Э ХХК-д гардуулаагүй тул хариу тайлбар гаргаагүй болно... Улсын Дээд шүүхийн 2017 оны  001/хт2017/00605-р тогтоолд заасан алдааг засч залруулалгүй.... 15,500,000 төгрөгийг Э ХХК-с гаргуулсан нь мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй ... Э ХХК бие даасан тусдаа хуулийн этгээд юм...” гэсэн үндэслэл заажээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Зохигч талууд нэхэмжлэл болон татгалзлаа нотолж Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 02, 03 дугаар шийдвэр /хх 1-н 2, 53, хх 2-92/, ТУЗ-ын 2016 оны  02, 03, 07 дугаар тогтоол /хх 1-н 40, 52, 95, 96, хх 2-н 23-25/, ТУЗ-ын 2016-09-08-ны өдрийн  хуралдааны тэмдэглэл /хх 1-н 41-50, хх 2-н 93-99/., нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон /хх 1-н 3/ нийгмийн даатгалын дэвтрийн /хх 1-н 116/ хуулбар, Э ХХК-ийн 2014, 2015, 2016, 2017 оны санхүүгийн тайлан /хх 1-н 4-34, хх 2-н 32-39, 40-53, 54-60,61-67, 68-74, 75-81, 82-88/, Э ХХК-ийн 2012, 2016 оны дүрэм /хх 1-н 54-66, 67-82, 97-105/, Э ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны б/17, б/72 /хх 1-н 107, 108/ болон 2006 оны 587 /хх 2-н 124-126/ дугаар тушаал., Э ХХК-ийн ТУЗ-ын дарга болон нэхэмжлэгч нарын хооронд 2014-02-03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 112-113, хх 2-122-123/, хувь хуний орлогын албан татварын /хх 1-122/ болон цалингийн /хх 2-н 89/ тодорхойлолт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1253 дугаар  захирамж, 1030 дугаар шийдвэр  /хх 2-н 3-4, 9-14/, хяналтын шатны шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00546 дугаар тогтоол /хх 2-н 5-8/, Э ХХК-н үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан /хх 2-н 22/., татварын улсын байцаагчийн 2016 оны 200015618 дугаар акт /хх 2-26-31/, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах, худалдан авах 2014, 2016 оны гэрээ /хх 2-н 100-111/-г шүүхэд  өгсөн, эдгээр баримтын хэмжээнд  шүүх хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

       Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргасан байх тул “...шүүх нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ...” гэх хариуцагчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

      Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд  нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

       2. Н.Б анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг “...Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э ХХК...” гэж тодорхойлсны /хх 1-1/ дагуу шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШЗ2016/05603 дугаар захирамжаар Э ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн /хх 1-35/ байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагчийг “...Э ХХК, захирал Ц.Даваацэрэн, Э ХХК-ийн ТУЗ-ын дарга...” гэж /хх 1-84/ зааснаас нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргасан нь тодорхой бус болжээ. 

       Хяналтын шатны шүүх 2017-05-10-ны өдрийн 001/ХТ2017/00605 дугаар тогтоолд /хх 1-н 204-207/ энэ талаар заасны дагуу 2017-07-08-ны өдөр Н.Б нэхэмжлэлээ тодруулж, хариуцагчаар Э ХХК-ийг нэрлэсэн /хх 1-211/ байна.

       Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

       Иймд шүүх нэхэмжлэгчийн заасан хариуцагчид буюу Э ХХК-д  холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 66 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

        3. Шүүх Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, 2016-11-15-ны өдрийн болон 2017-07-08-ны өдрийн нэхэмжлэлийг гардуулан өгсөн /хх 1-84, 87,88, 211-213/ нь тогтоогджээ.

         Н.Б 2016-10-17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг шаардлагыг 2016-11-15-ны өдөр нэмэгдүүлж, 2017-07-08-ны өдөр тодруулсан бөгөөд эдгээр нь агуулгын хувьд ялгаагүй байгаагаас гадна хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгч /хх 1 117-118, 216-217/ хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцсон  тул  “...үндсэн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй...” гэх гомдол шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-67.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-г зөрчөөгүй байна. 

       4. Хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.

       Н.Б нь хариуцагчийг солих, хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүх энэ тухай Э ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь /хх 1-н 243-245/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт нийцжээ. Хариуцагчийг солих болон, хамтран хариуцагч оролцуулах ажиллагааг хариуцагчийн бус, харин нэхэмжлэгчийн хүсэлтээр хийнэ.

       Түүнчлэн, Н.Б нь Э ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт болон уг хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

       Иймд “... хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй ...” мөн “... Э ХХК-г хариуцагчаар оролцуулаагүй...” тухай “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

       5.  Э ХХК-ийн  2012 оны дүрмийн 10.3-т зааснаар гүйцэтгэх захирлыг томилох, хугацаанаас өмнө чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн танилцуулснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх эрхтэй байна.

       Н.Б Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Э ХХК-ийн 100%-н хувьцаа эзэмшигч нь Э ХХК болох нь тогтоогджээ.

      Түүнчлэн, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг  Э ХХК-ийн 2012 оны дүрмийн 8.1-д заасан этгээд гаргаагүй тухай шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул “...ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг Э ХХК-д холбогдуулан гаргах ёсгүй...” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

       6. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хурлын шийдвэрээр Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Э” ХХК-н дүрмийн 10.3,  ТУЗ-ын  2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын 02, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн “...Э ХХК-н 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг буруу гаргаж, хяналт тавиагүй, компанийн ашигт ажиллагааны түвшин буурсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж цуцалжээ.

        Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан аль үндэслэлээр гэрээг цуцалж буйг шийдвэртээ заагаагүйгээс гадна нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Э ХХК-ийн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон байх тул Н.Быг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзнэ.

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал бүрийн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01040 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 305.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ