Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 618

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж овогт Х-гийн Б-т холбогдох эрүүгийн 1905025420000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,             дугаар регистртэй, Ж овогт Х-гийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” клубт эхнэр Н.Д-ыг тодорхой шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” клубт эхнэр Н.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим нөхөр Б-ийн ажил дээр очсон. Намайг ороход нөхөр Б- Н, Д гээд 2 найзтайгаа архи уугаад сууж байсан. Хаачаад ирж байгаа юм гэхээр нь ажлынхантайгаа тэмцээнд ороод жаахан яваад ирлээ гэсэн чинь гичий чинь янхандаад байна уу, муу хөгширсөн ал гэхээр нь чи хань ижилээ ингэж хэлж болохгүй гээд уйлсан. Найз Д, Н хоёр нь чи арай эхнэрээ ингэж хэлж болохгүй гэсэн чинь ам хальтраад хэлчихлээ гэсэн. Удалгүй Д яваад өгсөн. Манай нөхөр Б- амралтын өрөөнд орсон хойно Н бид хоёр юм яриад сууж байтал нөхөр Б- гэнэт сонин зүйл яриад над руу том савтай пиво шидсэн. Би Н-гийн араар нь ороод 102 руу залгасан чинь миний гар утсыг булааж аваад намайг өшиглөөд юм авч шидээд намайг цохиод байсан. Би нөхөртөө чи яагаад байгаа юм бэ, болиоч гэж гуйсан. Би зугтаад өрөөнөөс гараад үүд рүү шатаар буух гэж байхад Б- намайг үсдэж унагаагаад толгой, хавирга болон биеийн бүх хэсэг рүү өшиглөөд байхаар нь би Б-т чи хүн аллаа шүү дээ гэсэн. Энэ үед Н ирээд Б-ийг хорьсон, би толгойгоо бариад үзтэл миний толгойноос цус гарч байхаар нь Б-т чи одоо болиоч, хоёр хүүхдээ бодооч гэж хэлтэл миний үгийг сонсохгүй намайг зодох гээд байсан. Би нөхрөөсөө зугтан өөр өрөө лүү орсон боловч араас ирээд над руу гартаа таарсан болгоноо авч шидээд байсан. ...Би зугтаад нэг жижиг өрөө рүү ортол Б- араас орж ирээд над руу 14 килограммын том баллон хоёрыг авч шидсэн. Би арай гэж тэр газраас зугтаж гараад цагдаа дуудаад цагдаатай хамт буцаж иртэл Б- байгаагүй. Нөхөр Б- нилээн согтуу, хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй байх шиг байсан. Бид 10 жил хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаагүй. Дундаасаа нэг охинтой. Өмнө нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ажлынхантайгаа баяр тэмдэглээд ирсэн чинь хамар луу гараараа цохиод цус гаргаж байсан. Би тухайн үед цагдаад хандаагүй. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Б- бид эвлэрч учир зүйгээ ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 50-51 тал/,

 

Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д чи намайг хараалаа гэсэн чинь Б- босч ирээд эхнэрийнхээ толгой руу гараараа цохисон. Тэгээд би голоор нь ороод салгасан. ...Б- Д-ыг үсдэж байгаад толгой, нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Партизаны сангийн аж ахуй явж ирээд орой 23 цагийн орчим багын найз Нтай уулзаад 10 дугаар хороололд байдаг манай дүүгийн ажиллуулж байсан, одоо үйл ажиллагаа явуулахаа больсон Г нэртэй караокед 2 шил архи хувааж уусан. Шөнө хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Архи уугаад сууж байтал манай эхнэр ажлынхантайгаа тэмцээд ороод ирлээ гээд намайг авахаар ирсэн. Энэ үед би эхнэртэйгээ маргалдсан бөгөөд би нилээд согтсон байсан учир болсон зүйлийг санахгүй байна. Өглөө нь сэртэл Н чи чинь солиотой юм уу. Эхнэр лүүгээ дайраад зодоод байх юм. Би салгах гэсэн боловч чамайг дийлсэнгүй гэж хэлсэн. Би эхнэртээ гар хүрсэндээ маш их харамсаж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” /хх-ийн 47-48 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “Н.Д-ын биед тархи доргилт, дагзны зүүн хэсэг, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн дээд хэсэгт шарх, цээжний баруун хажуу, баруун бугалга, сарвуу, зүүн ташаа, өгзөг, гуянд цус хуралт баруун сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх бололжтой...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 19 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6-7 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг Г клубт хамтран амьдрагч Н.Д-ыг зодож биед нь тархи доргилт, дагзны зүүн хэсэг, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн дээд хэсэгт шарх, цээжний баруун хажуу, баруун бугалга, сарвуу, зүүн ташаа, өгзөг, гуянд цус хуралт баруун сарвуунд шалбаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хохирогч Н.Д-ын биед учирсан дээрх гэмтэл хэргийн 19 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь нотлогдсон байх ба шүүгдэгч Х.Б-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Х.Б-, хохирогч Н.Д- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2009 оноос эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Х.Б-ийн хамтран амьдрагч хохирогч Н.Д-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Х.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 50-52 тал/ -ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Х.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 33-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол,  Энхтайваны өргөн чөлөө гудамж 80б байрны 00 тоотод оршин суудаг, хувьдаа 0000 УБӨ улсын дугаартай Nissan Sunny загварын тээврийн хэрэгсэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, тогтмол эрхэлсэн ажилгүй, хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ялаа эдэлж дууссан болох нь тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Х.Б-т шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж овогт Х-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА