Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 630

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт С-ын Э-д холбогдох эрүүгийн 190502512000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /                   / Б овогт С-ын Э

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч С.Э нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 00 тоот гэртээ эхнэр болох Х.М-ыг утсаар байнга залгадаг гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас марган биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 00 тоотод буюу гэртээ эхнэр Х.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 22-нд 16 цаг 20 минутын үед манай нөхөр гаднаас гэрт орж ирээд миний хойноос байнга утсаар ярьдаг чи хэн бэ гээд миний толгой руу хоёр удаа гараараа цохисон. Би чиний утас руу дуудлага ирээд байхаар нь чам руу залгасан гэхэд чи байнга над руу залгадаг гээд миний зүүн шанаа руу алгадсан. Тэгээд гал тогоо руу ороод хутга барьж гарч ирээд чамайг ална гээд над руу дайрсан. Би хүүхэд чинь байна, болиоч битгий гээд гуйсан. Тэгээд хүүхдүүд тарах цаг болсон байна гэхэд Э- би хүүхдүүд авч ирчихээд чамайг ална гээд миний баруун гуя руу өшиглөөд гараад явсан. Би цагдаа дуудаад гэрээс гарсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 26-30 тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Гэр бүлийн маргаан болж би эхнэр Х.М-ыг зодсон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Х.М-ыг хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 43-46 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай “...Х.М-ын биед тархи доргилт, зүүн шанаа, хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 58-68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Х.М-ын биед “тархи доргилт, зүүн шанаа, хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 37 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч С.Э-гийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Э- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 00 тоот гэртээ хохирогч буюу эхнэр Х.М-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Х.М- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.Э-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА