Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 633

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н овогт С-ны Б-д холбогдох эрүүгийн 1905019800000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнссэн, /  / Н овогт С-ны Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч С.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчим М.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчим М.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-нд ангийн найзууд болох С, С, О, Э, Б, Т нарын хамт Өргөө кинотеатрын урд талын автобусны буудлын ойролцоо байдаг гар утас янзалдаг газар орж гар утсаа засуулаад Өргөө кинотеатрын урд талын автобусны буудлын хажууд жимсний пиавран сээтэг байхаар нь би тэр пиавран сээтэг дээр сууж байтал миний сууж байсан пиавран сээтэг хагарсан юм. Тэгтэл замын урдаас нэг ах гүйж ирээд наад сээтэг төл гэхээр нь уучлаарай энийг одоо яаж төлөх үү гэхэд тэр ах намайг шууд хамар луу баруун гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гоожоод цусаа гоожуулж байхад тэр ахыг С түлхэж холдуулсан. Б гээд ах намхан бор ах баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисноос болж энэ гэмтэл учирсан. ...Хамраа цохиулснаас болж 256.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо хамын голын ясаа янзлуулахад 2.000.000 төгрөг шаардлагатай байна. Нийт эмчилгээний зардал болох 2.256.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 42 тал/,

 

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өргөө кинотеатрын автобусны буудал дээр юм яриад зогсож байх үед Д жимсний пиавран сээтгэн дээр сууж байсан юм. Тэгтэл нэг намхан бор ах гүйж ирээд Д-ыг чи миний эд юман дээр суугаад эвдчихлээ гэсэн. Тэгтэл Д ахаа эвдэлсэн бол уучлаарай төлье гэхэд тэр намхан бор ах шууд Даваанмын хамар луу гараараа нэг удаа цохисон. Д хамраа бариад тонгойсон би тэр ахыг цааш түлхсэн. Тэгтэл С цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр цагны зай зардаг юм. Би тухайн өдөр 12 цагийн үед Баянгол хүнсний зах орж махны үнэ харчихаад буцаад зам гарч байтал миний цагны зай зардаг хайрцган дээр нэг залуу суучихсан тамхи татчихсан, 5-6 залуу тойроод зогсож байсан. Би очоод наад хайрцаган дээр чинь би юм тавьж зардаг юм гэсэн чинь хайрцаган дээр сууж байсан залуу би хог юм байх гэж бодсон гэж хэлэхээр нь чи энэ хайрцагийг эвдсэн байна гэхэд энэ хайрцагийг чинь төлөөд өгчье хэдийг авахын гуйлгачин минь гэхээр нь хайрцаган дээр сууж байсан залуугийн дух руу нэг удаа цохисон...” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...М.Д-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                             

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Д-ын биед учирсан “хамар ясны хугарал” гэмтэл нь хэргийн 15 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон ба шүүгдэгч С.Б-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчим М.Д-ыг  нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, хор уршигт тооцож нийт 2.265.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт эмчилгээнд 176.200 төгрөгийн бодит зардал гаргасан талаарх баримт авагдсан /хх-ийн 18 тал, 80.000 төгрөгийн баримт давхардсан/ байх ба уг зардлыг шүүгдэгч С.Б хохирогч М.Д-д хохиролд тооцож төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан банкны орлогын баримтаар тогтоогджээ.

 

Иимд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв. Харин хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх хохирол, хор уршгийг талаарх бусад шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэж гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...ял шийтгэхээр заасан мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд түүнд ял оногдуулахад хуулинд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт С-ны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч С.Б нь хохиролд тооцож 176.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Д-, түүний хууль ёсны төлөөлөгчийн “...хамар янзуулахад шаардлагатай гэх 2.000.000 төгрөгийн...” шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА