Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 634

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч: Ц.А-,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт М-гийн Б-д холбогдох эрүүгийн 190502232000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюуш гудамж, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 00 тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлэээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /            / Б овогт М-гийн Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын хойд талд байрлах худгийн орчим маргааны улмаас Ц.А-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын хойд талд байрлах худгийн орчим маргааны улмаас Ц.А-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ц.А-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарны 17-18-нд Зурагтын хуучин эцсийн замд явж байсан. Нэг ах ирээд урдаас машин өшиглөсөн. Би буугаад яаж байгаа талаар асуухад над руу шүлсээ хаясан. Тэгээд бид 2 жоохон маргалдсан. Тэр ахын эхнэр хүүхэд нь бид хоёрыг салгах гээд чадахгүй байсан. Тэр ах намайг тавихгүй байсан. Тэгээд машинаас нь нэг танихгүй залуу бууж ирээд миний нүүрэн тус газар луу нэг удаа цохисон. Тэр үед машинаас нь нэг хүүхэн бууж ирээд Б-ийг аваад явсан. Би араас нь машинынх нь дугаарыг хараад цагдаа дуудсан. Тухайн өдрийн өглөө нь очиж би шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Хамраа янзлуул гэсэн. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 23:00 цагийн үед өөрийн машинтай Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн орчим явж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн настай эрэгтэй хүн машины гупер орчимд өшиглөхөөр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй юм...Тухайн согтуу ах миний хувцаснаас зуураад тавихгүй хувцсаа тавиулах гээд нилээд ноцолдож байхад танихгүй нэг залуу ирж миний хувцсыг тавиулаад би холдоод машиныхаа урд хэсэгт зогсож байхад замын хажууд зогсож байсан “0000 УБА улсын дугаартай “Приус-20" маркийн цагаан өнгийн машинаас 160-165 см өндөр бараан хувцастай согтуу залуу бууж ирээд үгийн зөрүү байхгүй миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход би доошоо болоод толгой манарах үед нэг эмэгтэй машинаас гарч ирээд намайг цохисон согтуу залууг авч машиндаа суулгаад яваад өгөхөөр нь араас нь машиных нь дугаарыг хараад хэсэг машиныхаа хажууд зогсож байгаад цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөний дагуу цагдаагийн алба хаагч ирээд хамт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Би томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн...” /хх-ийн 17-18 тал/,

 

Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр эхнэрийг нэг эрэгтэй мангасдаад нүүр лүү нь алгадсан. Би машинаас бууж очоод А-ийн нүүрэнд нэг удаа цохисон. Ингээд эхнэр намайг түлхээд машинд суулгасан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” /хх-ийн 45-46 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Ц.А-ийн биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 22 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30-32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ц.А-ийн биед “хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл нь хэргийн 22 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.Б-ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Б-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын хойд талд байрлах худгийн орчим маргааны улмаас Ц.А-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч М.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хор уршигтай холбоотой буюу толгойн томографф хийлгэсэн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг /хх-ийн 21, 23 тал/-ийн баримт хэрэгт авагдсан, уг эрүүл мэндэд учирсан зардлыг шүүгдэгч төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-эс 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.А-д олгох үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.А- нь шүүх хуралдаанд “...хамраа янзлуулахаар ямар нэг эмчилгээ одоогоор хийлгээгүй, хагалгаа хийх шаардлагатай гэсэн...” гэж мэдүүлж байх тул цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д мэдэгдсүгэй.

 

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эс 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.А-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА