Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 635

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Ө,

Шүүгдэгч: Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О овогт Ц-ийн И-д холбогдох эрүүгийн 1905017740000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо мөн дүүргийн 1 дүгээр хороо, 1а байрны 00 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгэр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71.1- Д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Торгуулийн ялыг бүрэн төлж биелүүлсэн, О овогт Ц-ийн И

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.И нь 2019 оны 3 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны 301 дүгээр байрны 46 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн охин болох бага насны буюу 9 настай И.М-ийг “хичээлээ муу хийгээд байна” гэж баруун хацрыг нь алгадаж, улмаар “гэрээ цэвэрлэ” гэж шаардан шөнийн 03 цаг хүртэл гэр цэвэрлүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Иыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.И нь 2019 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны 301 дүгээр байрны 00 тоотод төрсөн охин И.М-ийг “хичээлээ муу хийгээд байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан баруун хацрыг нь алгадсан, улмаар шөнийн 03 цаг хүртэл гэр цэвэрлүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны буюу 9 настай хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч И.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав гэртээ 23 цагийн үед ирээд надтай хамт хичээл хийх үедээ пиво уугаад согтсон, тэр үедээ намайг математик гаргаад ир хамт хийе гээд бид хоёр ноорог дэвтэр дээр ноорог хийж тоог бодож байгаад дэвтэр дээрээ хуулж бичих болсон. Тэгтэл 18-ыг 3-т хуваагаад би 6 гарна гэхэд 8 гарна гээд аав намайг зүүн гараараа баруун хацар луу нэг удаа алгадсан. Би уйлсан тэгтэл уйлахаа боль гэж хэлээд намайг аргадсан. Тэгээд Монгол хэлний хичээлээ хийх болсон. Тэгтэл орон нутгийн нэр бич гэсэн чинь жоохон хүүхэд ийм их даалгавар хийхгүй наадахыг чинь 4 дүгээр ангид хийдэг битгий хий гээд даалгавар хийлгээгүй. Ингээд дараа нь намайг гэр орноо цэвэрлэ гээд гэр цэвэрлүүлээд шөнө 03 цагийн үед унтуулсан. ...Маргааш нь би сургууль дээрээ байхдаа ээж рүү залгаад аавыг алгадаж, намайг унтуулахгүй гэр цэвэрлүүлсэн талаар хэлсэн. Манай аав нэг зүйлд уур нь хүрэхээр гэнэт уурлаад аймаар хурдан стрессддэг. Түүнээс болоод хэрүүл болдог. Аав гэрийн хэрүүлийг өөрөө гаргаад ээжтэй хэрэлдээд байдаг. Аав хүүхдүүддээ халамжгүй хоол идээд зурагт үзээд л байж байдаг. Ээж дүү бид гурвыг зарц шиг хандаад загнаад байдаг. ...Миний хувьд аавдаа гомдсон, аав намайг яагаа ч үгүй байхад зодсонд гомдолтой байгаа. Аав гэрт ирэхээрээ уурлаад дандаа хэрүүл хийдэг. Би аавынхаа хажууд байхаас айдаг. Манай аав И- түргэн ууртай муухай ааштай, заримдаа хийх гэж байгаа зүйлийг хориглоод байдаг. Намайг хоол унд идэх гэхээр өөрөө идэж байгаа атлаа чи битгий ингэ тэг гээд байдаг. Ээж пиво авч өгье гэхээр шууд долигоноод гэрээ цэвэрлэдэг. Аав ...гэртээ байх үед нь би дүүгийн гарыг балаар зурсан чинь аав уурлаад илдүүр далайгаад хүүхэд уйлууллаа гээд намайг гуя руу илдүүр модоор цохисон. Тэр үед ээж цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирж аавыг авч явсан ба дахиж аав гэрт ирэхгүй зөндөө удсан. Би аавынхаа бага эгч болон том эгчийн гэрт очсон. Тэр үед аав том эгчийнхээ гэрт байсан ба аав над руу огт хараагүй юм дугараагүй. ...Би ааваас 2 сая төгрөг авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 тал/,

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ОХУ руу яваад өчигдөр орой Монгол руу ирж байх замдаа охин И.М-тэй утсаар холбогдоход манай охин аав И- намайг алгадаад шөнө 4 цагт унтууллаа гэж хэлсэн. Тухайн үед би охиноосоо шалтгааныг сонсоход хичээлээ сайн хийхгүй байна гээд намайг алгадсан гэж хэлсэн. Би охинтойгоо ярьчихаад нөхөр И- руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр ээж Б, аав Б нартай утсаар ярьсан. Тэр орой манай хоёр хүүхдийн аав И- 2 хүүхэд үлдээгээд гараад явсан байхад нь аав маань очиж авсан байсан. Би Улаанбаатар хотод 2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнө ирээд охиноо хартал нүдэнд нь цус хурсан, баруун хацар нь цус хурсан байсан учир би цагдаад дуудлага өгч шалгуулсан. …И- архи ууж ирээд гэртээ агсам согтуу тавиад байсан учир бид хоёр 2017 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулан салсан, 2018 оноос эхлэн эргээд хамт амьдарсан Шүүх эмнэлэгт үзүүлсэн бага насны хүүхэд учир төлбөр аваагүй. Эмчилгээний хувьд крес хөнгөн түрхээд хичээлд нь явуулж байсан сүүлдээ аяндаа эдгэрсэн. ...Миний хувьд охин М-д зарцуулсан эмчилгээний зардал болон гаргаж өгөх баримтгүй ч гэсэн сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа ба би охинтойгоо ярилцаад 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 84-86 тал/,

 

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Охин Б И-тай гэр бүлээ батлуулсан, баталгаагаа охин салгана гэж байсан яасныг мэдэхгүй. 2 хүүхэд нь гэртээ дарамттай байдаг учир эмээ өвөө нартайгаа амьдрах дуртай. Би одоо охин М-ийг сургуульд хүргэж өгч байгаа. ...М- намайг очиж авах үед урьд өдөр нь аав намайг алгадсан гээд хацар нь улаасан бага зэргийн хавдар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 92-93 тал/

 

Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц- овогтой И- нь тус хорооны оршин суугч бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Уг хүн нь манай хороонд амьдарч байх хугацаандаа архаг архичны судалгаа бүртгэлд авагдсан хүн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар ямар нэгэн мэдээлэл авагдаагүй. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 9 настай төрсөн охин М-ийг алгадсан талаар ээж Б гомдол гаргасны дагуу аюулын зэргийн үнэлгээ гаргахаар манай хорооны баг ажиллаж үнэлгээ гаргасан. Ингэхдээ ээж Б болон охин М- нартай уулзан үнэлгээг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2019 оын 04 дүгээр сарын 02-ны өдрийн  Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийлэлийн талаарх дуудлага, мэдээллийн талаарх лавлагаа /хх-ийн 34-37, 123-124 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай “И.М-ийн биед хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

 

Шинжээч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх бүх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 тал/,

 

Шүүгдэгч Ц.И-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Пиво ууж байгаад орой охины хичээлийг хийлгэхээ мартсан байсан учир охиноо босоод хичээлээ хий гэж хэлсэн. Тэр үед цаг 21 болж байсан байх. Ингээд охин М- зурагт үзэж байгаад болиод босож хичээлээ хийж байгаад надад туслаач би тоог ойлгохгүй байна гэхээр нь би баганаар бодох бодолт зааж өгсөн. Тэгээд би дэвтэр дээр битгий бод ноорог дээр хуулж бичээд баганаар бод гэсэн. Тэгээд тоог нь бодоод өгч байхад дахин дахин заалгаад ойлгохгүй байхаар нь уур хүрээд зүүн гараараа баруун хацар луу нь нэг удаа алгадсан. М- уйлсан, би хичээлээ хийхээ боль бүтэхгүй юм байна гэж хэлээд хичээлийг нь дуусгаад би гэрээсээ гарч найз нартайгаа уулзах гээд гудамжинд 22 цагийн орчим гарсан. Би тэр үед 0.5 граммтай 2 лааз Сэнгүр пиво уусан байсан. Согтолт гайгүй байсан. Миний хувьд уг хэргийг хийсэндээ гэмшиж байна, дахин алдаа дутагдал гаргахгүй. Гарсан эмчилгээний зардал төлбөрийг баримтаар нь барагдуулж өгнө. Гэр бүл хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна...” /хх-ийн 101-103 тал/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.И нь 2019 оны 3 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны 301 дүгээр байрны 00 тоотод төрсөн охин болох бага насны буюу 9 настай И.М-ийг “хичээлээ муу хийгээд байна, тоо буруу бодлоо” гэж баруун хацрыг нь алгадаж, биед нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хохирогч И.М-ийн биед учирсан дээрх гэмтэл хэргийн 31 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь нотлогдсон байх ба шүүгдэгч Ц.И-ын бага насны хохирогчийг зодож биед нь халдсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Ц.И, хохирогч И.М- нар нь төрсөн эцэг охин болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, И.М-ийн төрсний гэрчилгээ хуулбар болон бусад үйл баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “...энэ гэмт хэргийн хохирогч бага насны буюу 9 настай хүүхэд. Шүүгдэгч Ц.И-ын төрсөн охин. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн бие махбодид халдсан үйлдэл өөрөө хүчирхийлэлд тооцогддог. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцлөөс харахад бага насны хохирогчийг шөнийн 3 цаг хүртэл гэр цэвэрлүүлж дарамталсан байдал нь гэр бүлийн хүчирхийлэл мөн тул шүүгдэгч Ц.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна...” гэж мэтгэлцснийг шүүх хүлээн авч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэв.

 

Иймд шүүгдэгчийн төрсөн охиноо буюу бага насны хохирогч И.М-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.И “...Би охиндоо гар хүрч зодсон буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчэлд маргаан байхгүй. Гэхдээ шөнө хүртэл гэр орон цэвэрүүлсэн зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг төлөх боломж байхгүй. Ээж минь нас барахад үлдсэн хөрөнгө мөнгөөр нь би байр хүртэл авч өгсөн. Би одоо өөрөө амьдрах газаргүй, жаахан архи уухаар эхнэр намайг цагдаад байнга өгдөг. Гэр бүлийн энэ байдлаас болж би бас өөрөө хохирч байна...” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө “...Би шүүгдэгчийг гэм буруугаа ойлгож гэмшихгүй байна гэж харж байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 сая төгрөгийг шүүгдэгчийг төлөх нь зөв гэж үзэж байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Хохирогч И.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн хохиролд тооцогдох ба хохирогч, иргэний нэхэмжлэг Б.Б- нар нь хор уршигт тооцож эрүүл мэндийн зардал нэхэмжлээгүй, харин сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг гаргуулна гэх шаардлага гаргасан байна.

 

Хэргийн үйл баримтаар энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогчийн сэтгэл зүйд өөрчлөлт орсон, айдас түгшүүрт автсан талаарх сэтгэцийн байдлыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох талаарх эрх зүйн зохицуулалт үгүй тул 2 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.И-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.И нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Х, Ц.Н, Ц.Б нарын мэдүүлэг, Ц.И-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаартай, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-62, 72-74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.И нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 44ф байрны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 1 хороо, 00 тоотод эгчийндээ байгаа, тогтмол эрхэлсэн ажилгүй, гэр бүлээ цуцлуулсан, эхнэр, хүүхдүүдээс тусдаа амьдарч байх ба урьд өмнө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа холбогдож байсан болох нь тогтоогдсон байна. 

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.И-д шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч архинд донтох өвчтэй болсон, байнгын шинжтэй хэрэглэж архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан нөхцөл байдал нотлогдоогүй тул улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д ...согтууруулах ундаа, мансруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасны дагуу шүүгдэгчид архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү...” гэх саналыг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.И-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овогт Ц-ийн И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-д 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэх сэтгэл санааны хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  5. Шүүгдэгч Ц.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

               

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА