Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 645

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Д.Агар,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-ны Т-тад холбогдох эрүүгийн 190300608000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Г” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 00 хэсэг, Б.Доржийн гудамж, 26 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /              / Б овогт Ч-ны Т

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ч-ны Т нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын 1 дүгээр тавцангийн сандал дээрээс иргэн С.С-гийн гээгдүүлсэн цүнхийг завшиж бусдад 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Т-тыг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ч-ны Т нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын 1 дүгээр тавцангийн сандал дээрээс иргэн С.С-гийн гээгдүүлсэн цүнхийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 345.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудалд байрлах гадна  хүлээлгийн сандал дээр өөрийн үүргэвчтэй эд зүйлээ хамт явж байсан ажлын багш Ц-д захиж орхиод машинаас эд зүйлс зөөж байх хооронд манай багш Ц миний цүнхийг мартаад явсан байсан. Тэгээд 10 минут орчмын дараа очиход миний цүнх байхгүй байсан тул цагдаа дээр ирж бичлэг үзэхэд цэнхэр цамцтай эрэгтэй хүн авч байсан.  ...Би өөрийн эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,

 

Гэрч Ж.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааний шатанд өгсөн “....2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай 000 дүгээр цэцэрлэгийн хамт олон “Б” амралт явахаар өглөө Улаанбаатар төмөр замын төв вокзал дээр 10 цагт ирсэн. Тэгээд ачаа тээшээ янзалж байтал Х эгч надад өөрийн авч явж байсан ногоон эрээн судалтай 2 үүргэвчтэй цүнхээ орхиод Х эгч ус, ундаа зөөх гээд машин зогсоол руу явсан. Тэгээд бид нар хоол идчихээд вагондоо суух гээд ортол Х эгч цүнхээ асуунгуут нь гэнэт мартсанаа санаад бид хоёр цүнх тавьсан газраа очтол цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай ажилчид бүх ачаа тээш болон цүнхээ сандал дээр тавьсан байсан. Тэгээд бид нар хоол идэхээр явахдаа анзааралгүй мартсан байсан. Ногоон эрээн судалтай 2 үүргэвчтэй цүнх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,

 

Шүүгдэгч Ч.Т-тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Улаанбаатар төмөр замын вокзал орж “Баянбуурал” орохоор билет авсан. Тэгээд билетээ авчихаад дэлгүүр орж зайрмаг аваад тунелин гарцны хажууд сандал дээр суусан. Тухайн үед нилээд хэдэн эмэгтэй миний хажууд ирж суугаад 10 орчим минут болоод босоод явсан. Би зайрмагаа идэж дуусах үед галт тэрэгний хаалга онгойж хүмүүс сууж эхэлсэн. Би галт тэргэнд суухаар босох үед миний зүүн талд хоёр хүний суудлын цаана ногоон, эрээн өнгийн үүргэвч байхаар нь би тухайн цүнхийг аваад төмөр замын вокзалын урдуур яваад зам гарч замын дунд хэсэгт байдаг сааданд саравчин дотор очоод цүнхийг онгойлгож үзэхэд ягаан өнгийн түрүүвчинд байсан 46.000 төгрөгийг аваад цүнхийг тухайн саравчныхаа дээд талд орхиод Баянбуурал орох галт тэргэнд суугаад явсан. Тэгээд Баянбууралд очоод байтал нэг цагийн дараа цагдаагийн газраас утасдаад хүний эд зүйлийг андуураад авч явсан байна. Эзэнд нь аваачиж өг гэхээр нь надад байхгүй байна. Улаанбаатар хотод байгаа гэтэл яаралтай ир гэхээр нь би тэндээс гараад цүнх тавьсан газраасаа очиж цүнхийг нь аваад цагдаад аваачиж өгсөн... ” /хх-ийн 46-49 тал/ гэх мэдүүлэг, 

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-42 тал/

 

“Виннэр вэй” хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний компанийн XY-00000 дугаартай “...Үнэлгээний зүйл гар утас, цүнх, түрийвч, 2 ш өмд, 1 ш фудволк, үнэлгээний дүн 345.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 21-24 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.О, Ч.З нарын мэдүүлэг, Ч.Т-тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Г” ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52-63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Т нь хохирогч С.С-гийн эзэмшлийн гээдэл эд хөрөнгө буюу төв вокзалын хүлээлгийн сандал дээр тавиад орхисон байсан үүргэвчийг бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан, улмаар цүнх доторх түрийвчнээс 46000 төгрөг байсныг авсан үйлдэл тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байх бөгөөд хохирогч С.С-гийн гээгдүүлсэн эд зүйлс 345.000 төгрөгйин үнэлгээтэй болох нь хэргийн 22-24 дахь талд авагдсан “Виннэр вэй” хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.Т-тыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч С.С- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааний шатанд мэдүүлсэн /хх-ийн 35 тал/ байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Т нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.Т-тад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Т-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Т-тад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ны Т-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Т-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА