Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 646

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Чулуунбаатар,

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т овогт Ж-ны Б-д холбогдох эрүүгийн 1905009090000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хот тохижилт үйлчилгээний компанид жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /                 / Т овогт Ж-ны Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт таксинаас буухдаа гээсэн иргэн Д.А-гийн “Huawei p20” гар утсыг мэдсээр байж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б-ыг “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт таксинаас буухдаа гээсэн иргэн Д.А-гийн “Huawei p20” гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын гадаа зам дагуу буусан, Тэгээд дүүгийндээ орж ирээд байж байтал миний утас алга болсон байсан. Би гайхаад утас руугаа залгаад үзтэл утас холбогдохгүй байсан. Тэгээд таксинд орхисон гэдгээ санасан. Тухайн үед таксиний дугаар нь 0000 УБО улсын дугаартай машин байсан болохоор цагдаад мэдэгдсэн, Би өөрөө таксинаас буух болгондоо дугаарыг нь харчихдаг юм. Удалгүй цагдаа нар миний утсыг олоод маргааш өдөр нь хүлээлгэн өгсөн. Надад ямар нэг гомдол санал байхгүй, миний утас “Хуйвей” маркийн “Пи-20” маркийн гар утас байсан. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр юнителийн төв салбараас лизингээр 800.000 төгрөгөөр худалдан авсан, миний хувьд таксины жолооч миний утсыг гээж орхисон байсныг аваад хувьдаа завшсан гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ би утсаа хүлээн авсан учраас цаашдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би би хйисэн хэрэгтээ их гэмшиж байна. Миний барьж байсан таксинд гар өргөн суусан хүний гар утсыг орхиод буухаар нь гар утсыг авч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Т” нэртэй ломбарданд тавьсан нь миний буруу. Тухайн үед буюу 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний барьж байсан Соната-7 маркийн саарал өнгийн 0000 УБО улсын дугаартай машинд манай хамаатны ах болох У хамт явсан, У ах одоо БНХАУ-д Хөх хотод ажил хийж байгаа. Гэхдээ намайг арын суудал дээр байсан хүний утсыг авсан гэдгийг мэдэхгүй. Тэр утсыг авахаас өмнө Ууганаа ах буусан байсан. Цагдаагаас дуудахаар нь нөгөө авсан гар утсаа ломбарданд байсныг нь авч цагдаад хүлээлгэн өгсөн. Миний хувьд хүний гээж орхисон эд зүйлийг завшсан гэдгээ ойгож байна, Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Учруулсан хохирлоо барагдуулсан гэм буруугаа сайн дураар хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, 

 

Д ХХК-ийн “...хуучин хэрэглэж байсан Huawei P20 загварын гар утас 800.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гар утсыг барьцаалан зээл авсан талаарх барьцаат зээлийн гэрээний хувийг Тунамал нэртэй ломбарднаас хураан авсныг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээний эх хувь /хх-ийн 09, 14-15, 20-22 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ж.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Бнь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Соната-7 загварын саарал өнгийн 0000 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслэлээр такси үйлчилгээнд явсан байх ба үйлчилгээ аваад буухдаа гээж орхисон байсан хохирогч Д.А-гийн эзэмшлийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, улмаар тухайн гар утсыг 300.000 төгрөгт ломбарданд тавьсан үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр барьцаанд тавьж ломбарднаас зээл авч байгаа үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба үүний улмаас хохирогч Д.А- 800.000 төгрөгийн үнэ бүхий гар утсаараа хохирсон болох нь хэргийн 14-15 дахь талд авагдсан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 7 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Д.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааний шатанд мэдүүлсэн /хх-ийн 12, 39 тал/ байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ж.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ж-ны Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бшүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА