Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 647

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч Т.Ц-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Т-ын Ц-тад холбогдох эрүүгийн 1805061980000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 12 дугаар байр 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод оршин суух, урьд Төв аймгийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /              / Б овогт Т-ын Ц-т.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Ц-т нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод Д.У-тэй маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Ц-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.Ц-т нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод Д.У-тэй маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод манай эмэгтэй дүү Э-гийн нөхөр болох Ц-тынд эгч А, дүү Э- нарын хамт очсон. ... Ц-т бид хэдийг яах гэж яваа юм бэ гэхээр нь манай эгч А,  танай хоёр хүүхэд орох оронгүй айл айлаар яваад байна. Сүүлдээ байсан айлаасаа хөөгдөөд гудамжинд гарч байна. Танайд ороод тухтай ярилцъя гэсэн. Тэгээд Ц-т бид хэдийн урд явж байгаад гэрийнхээ хаалгыг онгойлгож оронгуутаа хаалгаа угз татаж хаах гэхээр нь хаалгыг нь татаж ороод яагаад хаалгаа хаах гээд байгаа юм бэ, чамтай уулзах гэж байхад гэхэд “хуц пиздаануудаа”  гэж хэлээд гэрийнхээ том өрөө рүү яваад орсон. Бид хэд дагаад том өрөө рүү нь ороход том өрөөнийх нь орон дээр нүцгэн хүүхэн хэвтэж байснаа бид нарыг харангуутаа хүүеэ гэж хэлээд давуу авч нөмрөн полкон руу гараад явангуут Ц-т полконоо түгжин, хөшгөө хааж ирээд Э- рүү би чамаас салж байна, пизда минь гэсэн. А эгч чи ямар аймар болчихсон юм бэ гэтэл А эгчийг хүзүүндээ зүүсэн байсан ороолтоор нь боогоод хойш нь унагасан. Тэгэхэд нь би манай эгч чамайг юм болгоноос өмөөрч байдаг. Чи яаж байгаа юм гэхэд Ц-т нөгөө өрөө рүү гүйж орсон. Ингээд буцаж нөгөө өрөөнөөс гарч ирэхдээ тоос соригчийн төмөр иш барьсан гарч ирээд тэр төмрөөрөө миний толгой, нуруу, гар луу төмөр хугартал зодсон...” /хх-ийн 32-33 тал/,

 

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед санагдаж байна Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод манай охин Э-гийн нөхөр Ц-т амьдарч байгаа гэх сургаар уулзахаар очсон. ... 15 давхарт гартал Ц-т лифтнээс архи, ундаа барьчихсан гараад ирсэн. Сайн байна уу гэж мэндлээд гэр лүү нь хамт орох гэтэл оруулахгүй байхаар нь хүчээр бид гурав орсон. ... Ц-т муу сайн хулгайч нар яах гээд байгаа юм бэ гээд хэл амаар доромжлоод намайг толгой мөр лүү олон удаа цохиод авахаар нь би барилцалдаж аваад цамцаар нь боогоод бариад авчихсан юм. Тэгтэл Ц- гайгүй болоод ирэхээр нь гайгүй болчих юм болов уу гэж бодоод тавьсан чинь алаад өгье гээд ариун цэврийн өрөө рүү ороод төмөр барьж гарч ирээд дайрхад манай дүү У намайг өмөөрч миний урдуур орж баахан зодуулсан ” /хх-ийн 12 тал/

 

Шүүгдэгч Т.Ц-тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн орчим гэртээ орох гээд лифтнээс буух гэтэл манай орцны харанхуй хэсэгт 2-3 хүн зогсож байх шиг байсан. Би хэн байсныг анзаараагүй. Гэртээ орох гэтэл араас хүн дайраад орох гэхээр нь эргээд хартал миний салсан эхнэр Э-, хадам ээж А, Батбилэг гэх хүмүүс байсан. Манайд эдгээр хүмүүс орж ирээд манай эхнэр Б руу дайраад, нөгөө янхан энд хэвтэж байна гээд У гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Б юун хүмүүс вэ гэтэл А янхан минь чамайг алсан ч багадна гээд Б руу дайрсан. Б айсандаа б0лкон руу бараг нүцгэн шахуу гарсан. Тэгтэл А, У нар Б руу дайраад болкон руу гарах гээд байсан. Би А, У хоёрыг гаргахгүй хорьтол хэн нь мэдэхгүй нэг нь намайг өшиглөж цохисон. Би энэ үед болконы хажуу талд шил арчигчийн иш байхаар нь аваад буцаж хараад шал арчигчаар савтал Угийн нүүрийг оносон...” /хх-ийн 53-54 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 00000  дугаартай “...Д.У-гийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн алганд өнгөц шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 42-46 тал/, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-108/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Д.У-гийн биед “зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн алганд өнгөц шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь хэргийн 33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Т.Ц-тын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ц-тын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г парк хотхоны 302 дугаар байрны 000 тоотод Д.У-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Т.Ц-тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц-т нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Д.У-д 1.130.000 /нэг сая, нэг зуун гучин мянга/ төгрөгийг хохирол, хор уршигт тооцож нөхөн төлсөн, хохирогч Д.У- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Ц-т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Ц-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  .

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Ц-тад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Ц-тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ц-тад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Ц-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Ц-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Ц-т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.У-д хохиролд тооцож 1.130.000 /нэг сая, нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА