Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 648

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогч: Б.Б,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-ын Э-д холбогдох эрүүгийн 1905017160000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг, Аваргууд академийн тамирчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхой 2 дугаар баг, Энхтал Бүрэнтолгой 3 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, чөлөөт бөхийн олон улсын тэмцээний мөнгөн медалтай, /              / Б овогт Г-ын Э

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Э нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-той маргалдан, үүрч газар унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Г.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Э зочид буудалд иргэн Г.Г-ын нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоосон байна.

 

Тодруулбал, хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой найз Ө-тай хамт Э зочид буудалд орсон. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө сэрэхэд Ө байхгүй байсан. Тэгж байтал гаднаас үл таних залуу орж ирээд гал асуухаар нь зөрүүлээд тамхи асуухад тамхи өрөөнд байгаа гээд буцаж гараад орж ирэхдээ найзыгаа дагуулж орж ирсэн. Бид нар танилцаад миний өрөөнд байсан тал шил архийг хамт уухаар болсон. Тэр залуучуудтай нэг охин хамт байсан. Бид гурав хамт архи ууж байгаад архи дуусахын үед нэг залуу нь гараад Нийслэл нэртэй том пиво авч ирсэн. Тэгээд ууж байтал нөгөө хоёр залуу эмэгтэйгээ булаацалдаад маргалдаж эхэлсэн. Намайг цохидог залуу нь түрүүвчнээсээ мөнгө гаргаж хамт явсан эмэгтэй рүүгээ цацсан. Хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр нь мөнгө түүгээд орон дээр авч тавьсан. Пиво ууж байгаад нөгөө залуучуудын нэг намайг пивонд яваад ир гэсэн. Би мөнгө байхгүй гэсэн чинь чамайг харья гээд байсан ба нөгөө 2 залуу муудалцаад өрөөнөөс гараад коридорт зогсож байхад хамт явсан охин нь газар унасан мөнгөнөөс аваад байсан. Би тэр мөнгөнөөс 10,000 төгрөг аваад гараад пиво авч ирээд хариултыг нь буцаад мөнгөний хажууд тавьсан. Тэгж байтал нэг залуу нь миний түрүувчнээс мөнгө дутчихлаа гээд намайг авсан гээд дайраад байсан. Тэгэхээр нь би хамт явсан охин чинь авсан гэж хэлсэн чинь чи найзуудыг муудалцууллаа гээд байсан. Нэг шар залуу нь миний хамар луу нэг удаа цохисон. Би хамраа дараад сууж байтал дээрээс 2-3 удаа цохисон. Би өрөөнөөс гараад зочид буудлын угтагч дээр очоод цагдаа дуудаарай гэж хэлээд сууж байтал араас гарч ирээд намайг ална гээд дайраад байсан. Гэмтэл дээр очиж оёдол тавиулсан. 3 дугаар эмнэлэгт хамраа янзлуулсан. Цаашдаа хамарны таславч хагалгаанд орох шаардлагатай гэсэн энэ эмчилгээг хийлгээгүй байгаа. Эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 11-12, 51-52 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө найз Э-, үл таних эмэгтэйтэй хамт ...бичлийн Э гэдэг зочид буудалд орсон. Уг зочид буудалд ороод унтах гэж байгаад Э- тамхи асуухаар ...хажуу талын өрөө рүү орсон. Үл таних залуутай хамт тал шил архи уусан. Нөгөө залуу хэлэхдээ надтай хамт байсан найз маань миний мөнгө төгрөгийг аваад явчихаж гэж хэлж байсан. Э- нөгөө үл таних залуутай 3 том Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво хувааж уугаад өглөө болсон. Тэгсэн чинь нөгөө үл таних залуу гэнэт би та хоёрт архи авч өгье гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл Э-гийн түрүүвчнээс 160.000 төгрөг байхгүй байсан. Удалгүй гаднаас нөгөө үл таних залуу пиво бариад орж ирсэн. Тэр үед Э- миний түрүүвчинд байсан мөнгө хааччихсан юм бэ гэж надаас асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Нөгөө үл таних залуу хөгшин нь санаа зовоод та хоёрт хэлж чадаагүй. Чиний түрүүвчнээс мөнгө авсан шүү гэж хэлсэн, гэхдээ хэдийг авсанаа хэлэхгүй байсан. Тэгээд Э- нөгөө үл таних залуу 2 хоорондоо мөнгөнөөс болоод маргалдсан. ...Э- уг залууг хамар руу нь нэг удаа гараараа цохисон... /хх-ийн 13-15 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байгаад сургуулийн найз С зүс таних Э- нар манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд нэг газар луу очиж С нэг эмэгтэй найзтайгаа хамт уулзсан. Э-гийн төрсөн өдөр болж байгаа гээд 5-р сургуулийн орчим нэгэн пабад бид 3 ороод 5 шил пиво хувааж уугаад би гэр лүүгээ ороод түлхүүрээ аваад буцаж гарч ирээд С, Э- нартай хамт шоудахаар болсон. ...Бид нар бичилд очоод С манай 2 найзтай маргалдаад манай 2 найз яваад өгсөн байсан. С намайг зочид буудалд орье, тэгээд би чамайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би Э- Содтүруү нартай хамт зочид буудалд орсон. Тэгээд буудалд ороод Э, С 2 шил пиво аваад уусан. Э- тамхи татмаар байна гэсэн чинь С байхгүй би зочид буудлын хүнээс гал авч ирье гэсэн. С хүрж ирээд гал байхгүй байна хажуу өрөөний хүн гал авсан гэж байна гэсэн. Тэгээд С хажуу өрөөнөөс гал асуугаад буцаж орж ирэхдээ тамхи байна уу гэж Э-гаас асуугаад хажуу өрөө руу хамтдаа орохоор болсон. Би өрөөндөө хэвтэж байгаад нөгөө хоёрыг удаад байхаар нь хажууу өрөө рүү ороод хартал Э- С нар уг өрөөнд байсан үл таних ахтай архи ууж байсан. Ууж байсан архи нь дууссаны дараа С гараад 2 том пиво аваад буцаад орж ирсэн. Тэгээд авч ирсэн пиво ууж байхдаа Э- над руу уурлаад түрүүвчнээс мөнгө гаргаж ирээд над руу шидээд байсан. Тэр үед С үл таних ах 2 цацсан мөнгийг хураагаад орон дээр тавьсан. ...Тэгж байтал нөгөө үл таних ах зочид буудлаас иргэний үнэмлэхээ аваад банк ороод пиво аваад ирье гээд гараад явсан. Удалгүй орж ирэхдаа нэг том 2,5 литрийн пиво авч орж ирсэн. Э- гэнэт миний мөнгө алга байна гээд байсан. Нөгөө үл таних ахыг авсан юм уу гэсэн чинь нөгөө үл таних ах би 10.000 төгрөг л авсан, өөр мөнгө аваагүй гээд маргаан болсон. Тэгээд С нөгөө үл таних ахыг чи 2 найзыг маргалдууллаа гээд нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгсэн чинь нөгөө үл таних ах С чи намайг алчих гээд дайраад байсан. Э- уурлаад нөгөө үл таних ахыг нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь нөгөө ахын хамраас цус гарсан. Тэр үед Э- нөгөө ахыг үснээс чирч орноос буулгаад нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. С зодооныг салгаад Э- гарынхаа цусыг угаах гээд 00-н өрөө рүү орох үед нөгөө үл таних ах өрөөнөөс гарч яваад цагдаа дуудсан...” /хх-ийн 16-17 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай “...Г.Г-ын биед тархи доргилт, хамар ясны ил хугарал, шарх, хамрын тасалавч мурийлт, баруун дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/-ээр шүүгдэгч Г.Энь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Э зочид буудалд иргэн Г.Г-ын нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.   

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-ын өгсөн “...Надад эрүүл мэндийн зардал огт төлөөгүй. 200.000 төгрөг, түрийвчний үнэ зэрэгт 330.000 төгрөг дансаар төлсөн. Би гомдолтой байна. Цаашид би нүүрэндээ үүссэн сорвийг арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн:  “...2018 оны 7 дугаар сарын 8- 9-нд шилжих шөнө хороололд Продокст Г.Э , А, М, гээд 2 найзтайгаа ирсэн. Г.Э согтуу ирсэн. Бид нар хорооллын Crystal гээд баар орсон. Баарнаас шөнийн 4 цагийн үед гарсан. Баарнаас гарахад А нэг охин дагуулаад гараад машинд цуг суулгасан. Тэгээд нэгдүгээр хорооллын ар талын 1-р байр хавиар явсан. Тэнд нөгөө охинтой буудал оръё гэж А хэлсэн. М бид хоёр машинд сууж байсан. Тэр охин буудал орохгүй гэж уурлахаар нэг нь тэр охиныг цохиход би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Э- намайг чи дуугай бай гэж над руу уурласан. Тэгээд Г.Э миний толгой руу цохисон. Намайг машинд суу гэж хэлэхэд би суухгүй харилаа гэж хэлсэн чинь шууд ирээд намайг үүрээд шидсэн. Би нүүрээрээ унаад нүүрнээс маш их цус гоожсон байсан. Тэгээд машинд буцаад суугаад Хан-Уул дүүргийн Туул гол руу явсан. Туул гол ороод Яармагийн гүүрний наад талд гол руу намайг Э- машинаас буулгаж авч явсан. Тэгээд тэнд намайг зодсон. Мийгаа гэдэг залуу намайг ирж авсан...” /хх-ийн 86-89/ гэх мэдүүлэг,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаартай “...Б.Б-ын биед баруун зовхи, эгэм, баруун гуянд цус хуралт, дух баруун хацар, эрүү, хуйх, нуруу, баруун мөр, 2 тохой, 2 өвдөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 100 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед учирсан гэмтлийн харуулсан гэрэл зураг /79-81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнө иргэн Б.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож хохирогч Б.Б-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан байна.    

 

            Хэргийн үйл баримтыг тогтоосон дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нарыг ялимгүй зүйлээр шалтаглан зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.  

 

          Хэргийн үйл баримтаар шүүгдэгчийн үйлдэл, хохирогч Г.Г-а, Б.Б нарын биед учирсан гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой байх ба хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны ил хугарал, шарх, хамрын тасалавч мурийлт, баруун дээд, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд баруун зовхи, эгэм, баруун гуянд цус хуралт, дух баруун хацар, эрүү, хуйх, нуруу, баруун мөр, 2 тохой, 2 өвдөгт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тус тус тогтоогдсон, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4508, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 20, 100 тал/-ээр тогтоогджээ.

 

          Мөн шүүгдэгч Г.Э гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

          Иймд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэв.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар буюу “хоёр, түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байгаа тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Иймд шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Буруу зүйл хийсэндээ хохирогчоос уучлалт гуйж байна” гэж мэдүүлж оролцсон болно. 

         

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож, шүүгдэгч Г.Э нь хохирогч Г.Г-ад 200.000 төгрөг, хохирогч Б.Бд 330.000 төгрөг тус тус төлсөн байна.

 

Хохирогч Г.Г-ад нийт 228.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 21, 48 дахь талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Э  ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн НӨАТ-ын баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гаас төлөгдөөгүй хохирол 28000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-ад олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

 Мөн хохирогч нар хор уршиг бүрэн арилаагүй, цаашид хагалгаа, эмчилгээнд орох шаардлагатай талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г-а, Б.Б нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, тэдгээрийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил болно.

 

Эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан тул шүүгдэгч Г.Э-гийн сүүлчийн үйлдэл буюу хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог байдал, хувийн зан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт 1 хоног сэжигтнээр баривчлагдсан болох нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, баривчлагдсан сэжигтнийг суллах тухай 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолоор нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Г.Э-д хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгч Г.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Г-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гийн сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож, 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Э нь хохиролд тооцож хохирогч Б.Б-д 330.000 төгрөг, хохирогч Г.Г-ад 200.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гаас 28.000 /хорин найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Г.Г-ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Б, Г.Г-а нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид өөрт гарах хохирол, хор уршгаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА