Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ХШТ/96

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар магадлалтай, Б.О-д холбогдох 2533000250007 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, “Ш” гэх газраас Б.Б-ын тугалыг ... улсын дугаартай “DAYUN DY150” загварын мотоциклдоо дүүрч авч яван мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...... улсын дугаартай “DAYUN DY150” загварын мотоциклийг шүүгдэгч Б.О-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэрийн тодорхойлолт хэсэгт тусгахаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй ба өмгөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн үндэслэлтэй гэж үзсэн талаар хууль ёсны, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй, зөвхөн хэргийн оролцогч нарын мэдүүлгийг тусгасан байна.

Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... манай тэр хавийн айлуудын үхрийг дөнгөж тугалласан тугал дагаад явж байхаар нь ...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “... манай үхрийн захад тугал дагаад явж байсан ...” гэж харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн.

Анхан шатны шүүхээс “... Өөрөөр хэлбэл тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагачихсан явахад нь авч алдуул мал завшсан гэх гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангаж байна ...”, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй, хэний өмчлөлд байгаа нь мэдэгдээгүй гэсэн үндсэн шинж байдаг ...” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлт нь харилцан өөр хоорондоо зөрүүтэй. Учир нь “... тэр хавийн айлуудын үхрүүдийн хажууд тугал дагаад явахад...” гэж дүгнэсэн ба уг дүгнэлт нь “...алдуул малыг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн малыг буюу тугалыг хэн өмчилж, эзэмших эрхтэй болох нь мэдэгдэхгүй, хэний өмчлөлд байгаа нь мэдэгдээгүй...” гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О-ы авсан гэх тугал нь эзэнгүй хээр, ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэг нутаг усны айлуудын үхрийн захад бэлчиж явсан ч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд тухайн тугал нь тэр хавийн айлынх буюу тугал дагаж явсан үхэр сүргийн зүс, им, тамгыг харахад хэний өмчлөлийн мал болохыг мэдэх бүрэн боломжтой нөхцөлд нууц, далд аргаар үхэр сүргээс авч байгаа нь завших гэмт хэргийг үгүйсгэж байх тул шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Анхан шатны шүүхээс “... шүүгдэгч Б.О нь эхтэйгээ явж байсан тугалыг салгаж, хулгайн замаар, хэний өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно ...” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрнэ.

Эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байхаар хуульчилсан бол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин тугалыг мотоциклоор очиж авсан идэвхтэй үйлдэл хийж өөрийн үнээнд амлуулсан нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон.

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудад дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын алдааг зөвтгөх арга хэмжээ аваагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 117.2-т “Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ...” гэж хуульчилсан ба Б.О нь иргэний үүргээ биелүүлээгүй ба давж заалдах шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаас өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлаагүй, таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийж, хэргийг буруу зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлүүдэд хамаарах ба эдгээр нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.О-ы үйлдлийг алдуул мал завших гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна.

“Алдуул мал” гэдэг нь хүний ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасран салж, холдсон хэнийх гэдэг нь тодорхой бус байгаа таван хошуу малыг ойлгохоор байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.О нь тугалыг эхээс нь салган авч, мотоциклоороо зөөвөрлөн өөрийн үнээнд авхуулж, маллаж байгаад хэрэг илэрсэн үйл баримтыг шүүхийн өмнөх шатанд хангалттай шалгаж тодруулсан байна. Шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан буюу бусдын малыг өмчлөлдөө шилжүүлэн авч буйгаар гэмт үйлдэл нь төгссөн байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй байдаг онцлогтой. Хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт этгээдийн эзэмшилд орсон байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн мэдүүлснээр тугал өөрийнх нь малыг даган явж байсан. Түүнийг мотоцикл дээрээ ачиж авчран үнээндээ авхуулсан гэдэг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд “миний бие 7 хоногийн дараа олж аваад бид тохиролцон 7 сарын дараа авахаар болсон. 7 сарын дараа авчирч өгөөгүй учраас цагдаад хандсан” гэж мэдүүлдэг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль хэрэглээний зөрүү гарсан эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаж үзлээ.

2.Шүүгдэгч Б.О нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, “Ш” гэх газраас иргэн Б.Б-ын тугалыг ... улсын дугаартай “DAYUN DY150” загварын мотоциклд дүүрч авч явсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхээс яллах ба өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох үүрэгтэй. Үүний тулд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангасан эсэх, хэргийн бодит байдалтай уялдаа холбоотой буюу батлах, эсхүл үгүйсгэх байдлаар хамааралтай эсэх, нотолбол зохих байдал (нотолгооны зүйл)-ыг тогтооход ач холбогдолтой эсэхийг шалгаж, үнэлэх хуулиар тогтоосон журмыг баримтална.

Анхан шатны шүүх энэ хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзээгүй, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд нөлөөлөхүйц нотлох баримтуудыг орхигдуулж, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн зарим хэсэгт тулгуурлан шийдвэр гаргасныг хуулиар тогтоосон нотолгооны стандартыг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, анхан шатны шүүхийн тогтоолоос үзэхэд хохирогч Б.Б-ын “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 15 цагийн үед тугалласан үнээ нь тугалаа дагуулаад гэрийн зүүн талд нь идээшилж байсан, 18 цагийн үед очиж авах гэтэл тугал нь байхгүй, үнээ нь мөөрсөн байдалтай, хажууд нь мотоциклийн мөр үлдсэн байсан...”, “... айлуудаас тугалаа асуусан. О-аас асуухад “хараагүй” гэж хэлж байсан... 6-7 хоногийн дараа О-ы тугалууд дотор манай тугал байсан” гэх мэдүүлэг, энэ талаар эхнэр Б.Х-ийн өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрч Л.Г-ын “... О-ы хар халзан үнээ тугаллахдаа буруу байрлалтайн улмаас тугал нь бүтээд үхчихсэн... удаагүй улаан халзан тугал амлуулчихсан харагдсан...” гэсэн нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй, харин шүүгдэгч Б.О-ы “... манай үхрийн захад тугал дагаад явж байхаар нь мотоциклд ачаад гэртээ ирсэн ...”, “... тэр хавийн айлуудын үхрийг дөнгөж төрсөн тугал дагаад явж байхаар нь мотоциклд ачаад ...” гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлгийн гол хэсгийг орхигдуулж, гэмт хэрэг гарснаас хойш тугалаа эрж хайж явахдаа Б.О-аас сураглахад “хараагүй” гэсэн мэдүүлэг зэрэгт үндэслэн “мал хулгайлах гэмт хэрэг үгүйсгэгдсэн”, “алдуул малыг завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон”, “эхтэйгээ байсан тугалыг салгаж, хулгайн замаар, хэний өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэх зэргээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

4.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мал хулгайлах, завших гэмт хэргүүдийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дотор тусгайлан хуульчилсан нь нүүдлийн соёл, уламжлал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, таван хошуу мал нь байгаль, цаг агаарын үзэгдэл, бэлчээрийн гарц, хүний нөлөөлөл, зэрлэг ан амьтдын довтолгоон зэргийн шууд хамаарлаар өмчлөгч-малчин малаа бүрэн эрхшээж, хараа хяналтдаа байлгах боломж хязгаарлагдмал учраас эрх зүйн тусгайлсан зохицуулалт, хамгаалалт шаарддаг эд хөрөнгийн онцгой төрөл юм.

“Алдуул мал” гэх ойлголтыг зөв тайлбарлах нь энэ төрлийн гэмт хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой. Мал ижил сүргээсээ тасарч сарнисан, бэлчээр нутгаасаа хөлөөрөө гарч өөр газар оронд очсон, эдгээртэй ижил төстэй нөхцөл байдлын улмаас тухайн малыг хэний өмч болохыг тодорхойлох боломжгүй тохиолдолд “Алдуул мал” гэж үзнэ. Энэ агуулгаас харахад хууль зүйн хувьд гэмт этгээдээс үл хамаарах шалтгаанаар, мал өөрийн хөлөөр түүний эзэмшилд шилжсэн байдгаараа “Мал хулгайлах” гэмт хэргийн нууц далд аргаар, өмчлөгчийн эсрэг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээс ялгаатай байна.

Гэтэл хоёр шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө “... алдуул мал завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь хэний өмч болох нь мэдэгдэхгүй байх...” гэсэн  алдаатай эрх зүйн дүгнэлт хийж, эхийн хамт бэлчээрлэн явсан тугалыг дүүрч авч явсан Б.О-ы үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.   

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ