Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 563

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.Б, Ю.С,

Хариуцагч: *** дүүргийн Засаг дарга, 

Гуравдагч этгээд: Ж.И

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ж.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ю.Сийн нэр дээр газар эзэмших эрх олгохыг *** дүүргийн Засаг даргад даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, Ю.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ж.И, түүний өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, Ю.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю.С миний бие өөрийн төрсөн ээж Д.Бтай хамт Нийслэлийн *** дүүргийн ** хороо, *** *** буюу ***тын зусланд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна. Би өөрийн ээж Д.Бгийн хамтаар уг зуслангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар 2006 оноос хойш өдийг хүртэл хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна. 

2006 оноос хойш *** дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч хууль тогтоомж шинэчлэгдэж байгаа, дарга эзгүй байгаа, байгаль орчны газраас лавлагаа авах шаардлагатай гэх мэтчилэн тухайн үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар энэ тухайгаа амаар хэлж байсан, огт бичгээр хариу өгч байгаагүй. 2006 оноос 2016 оныг хүртэл амьдарч байгаа зуслангийн газрын асуудлаар газар зохион байгуулагч Дтай Ю.С миний бие очиж уулзахад Ж.И гэх хүнд Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар олгосон байна гэж хариу өгсөн. 

2006 оноос 2016 он хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар *** дүүргийн Өмч, газрын харилцааны албанд итгэж, хэлсэн ярьсан тайлбар бүрт нь хүндэтгэлтэй хандаж, хүлээсээр байтал олон удаа ир, оч газрыг үзнэ гэж удаа дараа явуулж хүнд суртал гарган тодорхой бус хариулт өгч байсанд гомдолтой байна. 

Ю.С миний кадастрын зурган дээр баталгаажсан газрыг газар зохион байгуулагч н.Д, Ж.И гэх хүнийг *** амьдардаг гэж хаяг өгсөн боловч бид огт уулзаж байгаагүй, газартай хүнд газар нэмж олгосон нь ямар учиртайг шалгаж өгч бидний гомдлыг барагдуулж өгнө гэдэгт гүнээ найдаж байна. Ю.С миний нэр дээр эзэмшсэн газар үгүй билээ. Олон жил хуулийн дагуу зөвшөөрлөө авах гэж хөөцөлдсөн газрыг минь шударгаар шийдэж өгнө үү. 

2011 онд бидний өгсөн өргөдөл, гомдлыг харгалзаж үзэлгүйгээр, мөн *** дүүргийн газрын албаныхан бидний энэ зусландаа амьдарч, мөн удаа дараа уулзаж, өөрсдөө ирж үзэж байсан хэрнээ, юуны учир ийнхүү бидний олон жил сэтгэл зүтгэл гарган амьдарч буй газрыг маань хэн нэгэн хүнд захирамж гарган өгөх болов. Бидэнд тухайн үед 18 хороо одоо бол ** хорооноос хашааны дугаар тараан өгч байсан. Гэтэл баруун жалганд 2015 оны 6 дугаар сарын үеэр бууж ирсэн энэ айл манай газар луу шунаж, байгаа нь хууль бус байна. Мөн үнэхээр 2011 онд гарсан захирамж юм бол яагаад 2016 онд бидэнд хэлэх болов. 2006 онд ажиллаж байсан н.Т, н.Тө зохицуулагч нар бидэнд хэлэхдээ, танай газрыг хууль гарахаар өгнөө гэж, ажлаар манай зуслангийн газар ирэхдээ хэлж байсан. Түүнээс хойш Б.Д зохицуулагч бидний энэ олон жил амьдарч ирснийг мэдэж байгаа. Хөрш айлууд манайхыг энд анх нүүж ирсэн гэдгийг маш сайн гэрчилж чадна. 

2006 онд н.Тө зохицуулагч ажиллаж байх үед *** дүүргийн буад албаны хүмүүс анх удаа ирж шалгаж, хуульд заасны дагуу 0.7 га албан ёсоор анх удаа амьдрахаасаа өмнө н.Тө зохицуулагчид хүсэлтээ гарган хүсэлтийн дагуу байршилтай танилцаж, шинэ хууль дахин гаргахаар шийдвэрлэх болно гэсэн аман хариуг бидэнд өгч байсан. Үүнээс хойш ир гэсэн үед нь очиж, болоогүй байна гэсэн 

хариуг сонссоор өдийг хүрсэн. Газрын албаны амласан амлалтыг дагаж ирсэн. *** дүүргийн өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ өөрийн нэрээр болон ээж Д.Бгийн нэрээр тухай бүр гаргаж байсан. Бидний гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу зохих ёсоор шийдвэрлээгүй атлаа 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр бидэнд газрын асуудлаар хариу ирүүлэхдээ 2011 оны 3 дугаартай дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Ж.Ид уг газрыг олгосон байна. Уг асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг бидэнд ирүүлсэн. 

Энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргахад бидний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг бидэнд ирүүлээд байна. Гомдол шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа таны газар эзэмших хүсэлт дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивт бүртгэгдээгүй байна. Гомдлыг шалган шийдвэрлэсэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хэлэхдээ дүүргийн өмч, газрын харилцааны албанаас бүртгэгдээгүй байна гэдэг лавлагаа ирүүлсэн тиймээс таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэв. Бидэнд гаргасан гомдлыг шалгаж байх хооронд буюу 2016 оны 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зуслангийн газрын модон хашааг минь дур мэдэн буулгаж, бусдын өмч хөрөнгөнд халдаж, гэр оронгоо нүүлгэ гэх мэтчилэнгээр хөрш айлын залуус зандарсан. Тэд хэлэхдээ Ж.Игоос энэ газрыг чинь худалдаж авсан тиймдээ хурдхан нүү гэх зэргээр дайрсан. Шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй байхад бусдын өмч хөрөнгөнд дур мэдэн халдаж байгаад гомдолтой байна. 

*** дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хууль бус үйлдэл түүнд үндэслэн олгосон тус дүүргийн Засаг даргын 2011 оны ******* дугаартай хууль бус захирамжийг хууль зүйн үндэслэлийг дээд шатны байгууллага шалган тогтоох бус зөвхөн ирүүлсэн лавлагаанд үндэслэн гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ дашрамд нэмж хэлэхэд 2011 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэх Ж.И гэх хүн нь манай зуслангийн газрыг хөрш айл бөгөөд зуслангийн газартай. Тэгсэн атлаа бидний газарт шунаж хууль бусаар шийдвэр гаргуулж авсан байна. Иймд *** дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ж.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ю.Сийн нэр дээр газар эзэмших эрх олгохыг *** дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү ” гэв. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Нэхэмжлэгч Ю.С, Д.Б нар *** дүүргийн ** хороо, *** *** буюу ***тын зуслангийн газрыг 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа юм. Нэхэмжлэгч Ю.С өөрийн ээж Д.Болмаагийн хамтаар тус зуслангийн газрыг эзэмших эрхийг олж авахаар удаа дараа *** дүүргийн Газрын албанд өргөдөл, хүсэлтийг гаргаж байсан. Өргөдөл хүсэлтийг ном журмын дагуу шийдвэрлэхгүй, тухайн үеийн газар зохион байгуулагч, болон мэргэжилтнүүд байгаль орчны дүгнэлт шаардлагатай, хууль батлагдаагүй гэх мэт ямар нэгэн байдлаар үндэслэлгүй шаардлага тавьсаар байгаад хойшлуулсаар ирсэн байдаг.

Нэхэмжлэгч нар 2006-2016 оныг хүртэл тус газартаа амьдарч байгаа. Газар зохион байгуулагч Б.Дтай Ю.С өөрийн биеэр очиж уулзахад Ж.И гэдэг хүнд Засаг даргын 2011 оны ******* дугаартай захирамжаар газар олгосон байна гэсэн хариу өгсөн байдаг. Энэ хариуг 2016 онд бичгээр ирүүлсэн. Нэг ойлгомжгүй зүйл нь нэхэмжлэгч нар нь 2006 оноос хойш хөөцөлдөөд жил болгон өргөдөл, хүсэлт өгч байсан. 2012 он, 2013 он, 2015 онд бас өргөдөл хүсэлтээ өгсөн. Өргөдөл хүсэлтийн бүртгэлийн баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл яагаад 2011 онд уг газарт эзэмших эрхийг Ж.И гэж хүнд олгосон юм бол яагаад 2012, 2013, 2015 онд яагаад хариу өгч болоогүй юм. Гэрч М.Т гэдэг хүний тухайд 2009 онд Газрын харилцаанд ажиллаж байсан газар зохион байгуулагч. Маргаан бүхий зуслангийн газар дээр очоод хээрийн судалгаа хийгээд тэнд амьдарч байгаа болон судалгаанд хамрагдаж байгаа газрууд дээр амьдарч байгаа гэр байшин байгаа хэсэг, тэр үед амьдарч байгаа хүмүүс энэ газраа эзэмшиж авах талаар сонирхол байгаа эсэх талаар мэдээлэл цуглуулаад явж байсан байгаа. Тэр бүртгэл мөн хийгдсэн байдаг. Гэрч нэхэмжлэгч нарыг танина, харж байсан, уулзаж байсан гэж хэлсэн байдаг. 2009 онд нэхэмжлэгч нар газар эзэмшихээр хөөцөлдөж байхад нь газар олгох боломжгүй байсан юм бэ гэдэг асуудал яригдсан. Энэ үеэр М.Т байцаагч тухайн үед Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гаргуулах шаардлагатай. Яагаад гэвэл ойтой газар учраас бид нар Ойн тухай хуулийн дагуу дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Газрын алба газар олгох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт гаргуулаад ир гэдэг шаардлага тавьсан. 2011 онд Газрын харилцааны алба бие даагаад газрыг олгоод эхэлсэн байсан. Яагаад өмнө нь газар эзэмших хүсэлт гаргасан хүмүүст газар олгодоггүй юм гэхээр нэхэмжлэгч нарын өргөдлийг бид албан ёсоор бичиг хэргээр цохож оруулаагүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байсан гэдэг. Яагаад бичиг 

хэрэгт бүртгүүлээгүй юм бэ гэж асуухад тухайн газар, нэгж талбарыг хариуцаж байсан газар зохион байгуулагчтай эхэлж уулздаг бөгөөд газар зохион байгуулагч нь бичиг хэрэгт бүртгүүл гэж тэмдэглэл хөтлөөд гарын үсгээ зурдаг гэнэ. Газар зохион байгуулагч зөвшөөрөхгүй бол бичиг хэрэгт бүртгүүлдэггүй. Тухайн үед газар зохион байгуулагч нь зөвшөөрөөгүй юм. Байгаль орчны газраас дүгнэлт дутуу гарсан байсан. Нэгэнт дутуу материалыг бичиг хэрэгт бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн.

Одоо хариуцагч талаас нэхэмжлэгч нар албан ёсоор бичиг хэрэгт хандаагүй, хандсан бол Засаг даргын эс үйлдэхүйгээр нотлогдох байсан. Нэхэмжлэгч нарын өргөдөл хүсэлтийг шийдвэрлээгүй Засаг даргын эс үйлдэхүйн асуудал яригдах байсан. Та нар албан ёсоор бичиг хэргээр баталгаажуулж, бүртгүүлээгүй тэр талаар тэмдэглэл нэг ч авагдаагүй учраас бид шийдвэрлэх боломжгүй гэж ярьдаг. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж байна. Шүүхийн журмаар цугларсан хэргийн материалд Нийслэлийн байгаль орчны газарт нэхэмжлэгч нарын хандсан хүсэлтийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний хэлэх гээд байгаа гол санаа нь нэхэмжлэгч нар тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрх олж авахаар газар зохион байгуулагчийн хэлснээр байгаль орчны дүгнэлт гаргуулах гэж Нийслэлийн байгаль орчны газарт хандсан байдаг. Тухайн үед сангийн сайдад бас хандаж байсан. Нэхэмжлэгч нар тухайн үед хууль дүрэм мэдэхгүй учраас шийдвэрлэж болох албан тушаалтан бүрт хандсан. Тэр талаарх үйл баримт хэргийн материалд авагдсан. Мөн 2006 оноос хойш маргаан бүхий газарт өөрсдийнх нь гэр бариатай байгаа. Газрын тухай хуульд заасан үндсэн зарчмыг илтэд зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар иргэн Ж.Ид 700 м.кв газрыг эзэмшүүлсэн Ж.И нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох материалыг бүрдүүлэн өгснийг үндэслэн захирамжаар газрыг эзэмшүүлсэн байна. Харин нэхэмжлэгч Ю.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2006 оноос хойш *** дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч “...бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар энэ тухайгаа амаар хэлж байсан” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хандаж байгаагүй нь нотлогдож байна. Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 1235 дугаар албан бичигт “Тус албаны архивт иргэн Ю.С, Д.Б нарын нэр дээр 2006, 2009 онуудад газар эзэмших тухай өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй байгаа болно” гэж хариу албан бичгээр нэхэмжлэгч нар нь огт хандаж байгаагүй байна. 

Иймд маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ж.И шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.И нь эмэгтэй, 1964 онд төрсөн ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Улсад 32 жил тасралтгүй ажиллаж байна. Би *** дүүргийн газрын албанд 2004 оноос хойш зулсангийн болон амьдран суух зориулалтаар хашаа байшин барих газар эзэмшихээр хөөцөлдөж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар 2011 онд *** дүүргийн ** хорооны нутагт “Бэлх”-д зуслангийн газар айлуудад эзэмшүүлэхэд 698 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасны дагуу хуулийн хүрээнд 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмших газартай болсон юм. /Гэрчилгээний дугаар *******/

Би зуслангийн газраа кадастрын зураглалын дагуу шон босгож тэмдэглэсэн бөгөөд хашаагаа битүүлж барихаар очиход тэмдэгт газрын шонгуудыг нь авч хаян миний эзэмшил газрын ихэнх хэсгийг дайруулан модон хайлсан хашаа барьж, нэг гэр бариад цоожтой орхисон байсан. Би өөрийн эзэмшлийн газар дээр зун, намартаа очиж майхан пластик барин гэр бүлээрээ зуслангийн зориулалтаар ашиглаж байсан боловч, дураараа хашаа, гэр барьсан хүмүүс ирдэггүй, гэр нь байнга цоожтой байдаг байсан болно. Би хүний хөрөнгөнд хүрээд яах вэ биднийг газраа ашиглаж байхад ирж уулзах байх гэж харсаар өдий хүрсэн юм. Би хуулийн хүрээнд газраа зориулалтын дагуу зуслангийн зориулалтаар ашиглаж, газраа төлбөрөө жил бүр төлж ирсэн. Ю.С, Д.Б гэх хүмүүсийг огт танихгүй ба 1 удаа ч болов нүүр тулж уулзаж байгаагүй болно. Надад газар эзэмшүүлэхээр *** дүүргийн Газрын албанаас газар зааж зураглал хийж өгөхөд миний эзэмшил газар хоосон байсан ба манайхаас хойш уулын энгэр өгсүүлээд нэлээд олон хүнд газар олголт хийж байсныг санаж байна. Дүүргийн Засаг дарга болон газрын албаныхнаас надад таних хүн ч байхгүй, дүүргээс надад хууль ёсны дагуу зуслангийн газар олгосон гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох өгнө үү гэж хүсч 

байна. Яагаад гэвэл буруу гаргасан нэхэмжлэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэн нь эхэлж хүсэлт гаргасан гэдэг дээр маргаж байгаа боловч хоёр тал хоёулаа хандсан гэж ярьж байгаа боловч хариуцагчийн тайлбараар гуравдагч этгээд түрүүлээд хандсан байсан гэдэг нь архивт авагдсан регистрийн дугаар, албан бичгээр нотлогдож байгаа. Газрын албанд хандах асуудал үнэхээр хэцүү гэдгийг бүгд ойлгож мэдэж байгаа. 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Газрын тухай хуульд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр газар ашиглаж эзэмшинэ гэж заасан. Нэхэмжлэгч нар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын төлбөрөө төлөөд 5-6 жил болсон хүний захирамжийг хүчингүй болгоно, нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрх гаргахыг даалгуулахаар шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар зохих ёсоор Газрын албанд хандаагүй. Зохих ёсоор хандаагүй учраас эрх нь үүсээгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй байгаа. Газрын төлбөр төлөөгүй олон жил амьдарсан. Улс хохирлоо нөхөж төлүүлэхээр хуулийн дагуу шаардах эрх нь үүсчихээд байгаа. Үүнийг шүүх анхаарч өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Д.Б, Ю.С нарын нэхэмжлэлтэй, *** дүүргийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээд Ж.И нар оролцсон газрын маргаантай хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.О миний бие оролцлоо. Шүүх хуралдаанаар маргаж буй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэх, хашаа хатгаж гэр барьсан эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нэхэмжлэгч Д.Б, Ю.С нар 2006 оноос хойш одоог хүртэл газар эзэмших талаар хөөцөлдсөөр иржээ. Иймд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан ойлголцож, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Нэхэмжлэгч Д.Б, Ю.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, Ю.С нар тус шүүхэд “*** дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ж.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ю.Сийн нэр дээр газар эзэмших эрх олгохыг *** дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нарын маргаж буй газарт *** дүүргийн Засаг дарга Ж.Игийн  2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн  2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар  захирамжаар газар эзэмших эрх олгожээ. 

          Гуравдагч этгээд Ж.Ид эзэмшүүлсэн уг газарт нэхэмжлэгч Д.Б, Ю.С нар “2006 оноос амьдарч эхэлснээс хойш уг газрыг эзэмших талаар холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж байсан боловч хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр Ж.Ид эзэмшүүлсэн”  гэж маргаж байна.

*** дүүргийн Газрын албанд 2006-2011 онд нэхэмжлэгч Ю.С, Д.Б нарын газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй нь тухайн онуудын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр  тогтоогдож байгаа боловч 2009 оны 8 сарын 21-ний өдөр Сангийн сайдад гаргасан өргөдөл , гэрч М.Тын “Иргэний өргөдөл хүсэлтийн дагуу газар дээр үзлэг хийж байх явцад тухайн орчинд байгаа иргэдээс би газраа баталгаажуулж авмаар байна үзээд өгөөч гэсэн хүсэлтүүд ирдэг. Энэ тохиолдолд бид хүсэлтээ өгсний дараа үзэж шалгахаас илүү боломжтой иргэний хувьд урьдчилаад үзлэг хийх тохиолдол байдаг. Тухайн үед энэ иргэний хүсэлт бүртгэгдээгүй талаар тайлбар хийх боломжгүй.” гэх мэдүүлэг , гэрч Б.Ды “2013 оноос хойш өргөдөл авахгүй байж байгаад 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өргөдөл авч эхэлсэн. Ю.С өргөдөл гаргасныг шалгаж үзэхэд модтой газарт хамаарч байсан учраас Байгаль орчны газраас дүгнэлт авахуулахаар буцаасан. Хэсэг хугацааны дараа байгаль орчны газраас уг газар нь модтой газарт хамаарахгүй, газрын алба өөрөө шийдэх асуудал гээд дүгнэлт гаргаж өгөхгүй байна гэж дахин өргөдөл гаргасан. .....Өргөдлийг газар зохион байгуулагчид хянаж үзээд боломжтой бол цохолт хийдэг боломжгүй бол буцаадаг. Олон жил удаа дараа хөөцөлдсөн гээд Сэлэнгийн 2 дахь өргөдлийг нилээн удсаны дараа хүлээж авч байсан” гэх мэдүүлэг , гэрч Т.*******ы “Миний мэдэхийн 10 гаруй жил Д.Б, Ю.С нар тэр газартаа гэр бариад ирж, очоод гэр хашаагаа надад захиж үлдээдэг байсан гэх мэдүүлэг  болон Нийслэлийн Байгаль орчны газрын архивт хийсэн үзлэг  хийхэд Д.Бгийн тус байгууллагад 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл түүнд хавсаргасан баримтуудаар нэхэмжлэгч нар маргаан бүхий газрын гуравдагч этгээд Ж.Ид эзэмшүүлэхээс өмнө эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.  

Нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газарт 2006 оноос хойш амьдарч байсантай хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авсан болон шийдвэрлэсэн талаар бүртгэж, баримтжуулаагүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т “Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна.”,15 дугаар зүйлийн 5-д “Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчжээ. 

Түүнчлэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн тайлбарт дурдсанаар маргаан бүхий газар нь 2009 оны 1 дүгээр сард Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд Ж.Ид уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч нар тус газар амьдарч байсан нь тус газраас ирүүлсэн 2011 оны ортофото  зургаар   тогтоогдож байна.

Хариуцагч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 32 дугаар зүйлийн 32.5-т “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасныг  зөрчиж нэхэмжлэгч Ю.С, Д.Б нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, бүртгээгүй, шийдвэрлэж хариу өгөлгүйгээр гуравдагч этгээд Ж.Ид эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд *** дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ж.Ид холбогдох хэсгийг нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хүртэл  3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т 32 дугаар зүйлийн 32.5-т Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан *** дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ж.Ид холбогдох хэсгийг нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хүртэл  3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН

                                           ШҮҮГЧИД                               Н.ДАМДИНСҮРЭН

                                                                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ