Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 649

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Б-ны Б-нд холбогдох эрүүгийн 1902002500000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч, барилгын инженер мэргэжилтэй, “Э” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /                  / Г овогт Б-ны Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б нь “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Задгай болон савалгаатай фемент ачиж буулгах байгууламжийн төсөл”-д зориулан 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцлийн зээлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зорилгоор зээл, төслийн материал бүрдүүлж өгөхдөө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот тушаалын 1 дүгээр хавсраптаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан “Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаарх тодорхойлолт"-ыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны 1 дүгээр гудамж, “Э” төвийн 000 тоотод байрлах өөрийн компанийн байранд цахим хэрэгсэл ашиглан Татварын ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд нэвтрэн “Э” ХХК-ийн татварын албанд 27.294.215 төгрөгийн өртэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн авч, мөн өдрийн байдлаар татварын өр төлбөргүй болгон бүртгэлийн бар кодыг засварлах зэргээр үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслийн материалын хамт өгч ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б-ийг хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны 1 дүгээр гудамж, “Э  төвийн 000 тоотод буюу өөрийн “Э” ХХК-ийн байранд цахим хэрэгслэл ашиглан Татварын Ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд нэвтрэн “Э” ХХК татварын албанд 27.294.215 төгрөгийн өртэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн авч, өр төлбөргүй болгон засварлаж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслийн материалын хамт өгч ашигласан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Бий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Анх 2018 оны 3 сард Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, төслийн сонгон шалгаруулалт зарлахад нь манай “Э” ХХК задгай цемент ачиж буулгах үйлдвэр байгуулах төслөө өгсөн боловч манай компанийн шалгараагүй гэсэн хариу өгсөн юм. Тэрний дараа 2018 оны 7 сард дахин тус яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн сонгон шалгаруулат зарлахад нь манай компани дахин задгай цемент ачиж буулгах үйлдвэр байгуулах төслөө бичиж орохоор болсон. Төслийн материалд Татварын өргүй гэсэн бичиг хавсаргах ёстой байсан. Тухайн үед манай “Э” ХХК нь татварын байгууллагад 27.294.215 төгрөгийн өртэй байсан болохоор би 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ажилчны 1 дүгээр гудамж Э төвийн 000 тоотод байх өөрийн “Э” ХХК-ийн байранд Татварын ерөнхий газрын сайтад хандан өөрийн компаний регистр дугаарыг оруулан 27.294.215 төгрөгийн өглөгтэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн аваад скайнердан он, сар, өдөр, бар код, 27.294.215 төгрөгийн өглөгтэй гэснийг засаад татварын өргүй гэсэн бичиг үйлдэн төслийн материалтайгаа хавсарган Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд аваачин өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр манай компанид Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас хүссэн зээлийн хэмжээ чинь буурсан, танай компани буурсан дүнгээрээ төслөө хэрэгжүүлэх боломжтой юу гэсэн албан бичиг ирэхээр нь би хэрэгжүүлэх боломжтой гээд үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан 2018 оын 9 дүгээр сарын 26-ны өдөр 300 сая төгрөгийн 5 жилийн хугацаатай зээл авч, Цемент ачиж буулгах үйлдвэрийг Багануур дүүрэгт бариад одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хэн нэгэн уг хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Би ганцаараа хуурамчаар баримт бичиг үйлдсэн юм. Авсан зээлээ графикийн дагуу төлж байгаа. Одоогийн байдпаар 5.600.000 орчим төгрөгийн хүү төлчихөөд байгаа ба зээл 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд төлж барагдах ёстой юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

 

Шинжээч О.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шинжилгээ хийхэд “Э" ХХК-ийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахдаа бүрдүүлж өгсөн гэх татварын тодорхойлолт нь татварын ямар нэгэн өргүй, 27.294.215 төгрөгийн татварын өрийг төлсөн мэтээр, бар код нь 000 дугаартай байсан ба ийм бар кодтой тодорхойлолт байхгүй. Харин манай татварын байгууллагын нэгдсэн бүртгэлээс харахад тус компани нь тодорхойлолт авсан өдрийн байдлаар татварын өр төлбөр өгөөгүй, татварын албанд 27.294.215 төгрөгийн өртэй, мөн яг бүртгэлтэй бар код нь 000 дугаартай байсан ба С үсэгний зөрүүтэй байсан. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байдал нь тогтмол бус, сүүлд илгээсэн баримтын огноо нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байсан. Энэ нь бид нарын хэлдгээр Е баримт гэсэн үг. Харин татварын албаны мэдээлэлд байгаа тодорхойлолтонд цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байдал болон баримт илгээсэн байдал нь ямар нэгэн баримт илгээгээгүй төлөвтэй байсан. Ер нь бол АТГ-аас ирүүлсэн “Э” ХХК-ийн татварын албанд өргүй гэсэн тодорхойлолт нь Татварын ерөнхий газрын мэдээллийн сантай зөрүүтэй байсан гэсэн үг. Энэхүү тодорхойлолт нь ямар нэгэн үнэт цаасан дээр хэвлэгдэхгүй. Нууцлал нь гэвэл бар код нь байгаа. Энэ бар кодьн өөрчлөн бичсэн байна. Энэ нь хуурамч болно”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-80 тал/,

 

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 000 тоот тушаалаар 300 сая төгрөгний зээл авсан байна. Зээл олгох журмын дагуу эхний 12 сар хүү төлөөд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж зээлийн үндсэн төлбөрийг төлнө. Зээлийн хүүг 2018 оноос хойш тасралтгүй төлж байгаа..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103 тал/

 

Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 000 тоот тушаалаар батлагдсан урт хугацаатай болон хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын дагуу судалсан уг төсөл нь журмын болоод холбогдох шаардлага хангасан хэрэгжих боломжтой төсөл болсон учраас төслийг сонгон шалгаруулах хорооны хуралд хэлэлцүүлэх санал өгсөн. Тэрний дагуу хуралд орон дэмжигдэж зээлээ авсан байх. Миний хувьд судлаад хуралд оруулах үгүйг шийдээд миний ажил дуусдаг. ...Би хуралд оролцож шийдвэр гаргадаггүй юм. Харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолт нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн цахимаар авсан тодорхойлолт байна. ...Би “Э" ХХК-ийн зээл хүссэн төслийн материалд ямар нэгэн бичиг баримт хуурамч байсан эсэхийг мэдэхгүй байна. Манайд ирдэг зээл хүссэн материалууд нь зарим эх хувиараа, зарим нь хуулбарлан авчирсан, зарим нь интернэтээс хэвлээд авчирсан, зарим нь ТҮЦ /Төрийн үйлчилгээний цахим- машинаас хэвлэн авчирсан байдаг учир ямар нэгэн байдлаар хуурамч эсэхийг нь мэдэх боломж байдаггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 02-05, 2-р хх-ийн 104-105 тал/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 117 тал/

 

“Э” ХХК-ийн “Задгай болон савалгаатай цемент ачиж буулгах байгууламжиин төсөл хэрэгжүүлэх зорилгоор 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцлийн зээлд хамрагдахаар тус компанийн захирал Бээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд бүрдүүлж өгсөн материалын хуулбарууд /1-р хх-ийн 98-240, 161 тал/,

 

Э” ХХК-ийн төслийн материапд үзлэг хийсэн “...Харьяалагдах татварын хэлтсийн өртэй эсэх лавлагаа, ...2018.08.02. Үндэсний татварын алба цахим тодорхойлолт. Төслийн хуудас 12, 1.783.070 илүү төлөлт...” гэх тэмдэглэл /1-р хх- ийн 241-246 тал/,

 

2018 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангааас 300 сая төгрөгийн санхүүжилт авсан “Э” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 28-36 тал/,

 

“...Үндэсний татварын албаны мэдээллийн сангаас хэвлэн гаргасан ЖДҮДС-т гэсэн 1808020710000 дугаартай тодорхойлолт” /1-р хх-ийн 27 тал/,

 

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 000 дугаартай “...Татвар төлөгчийн 000000 дугаартай “Э” ХХК нь тодорхойлолт авсан өдрийн байдпаар татварын хяналт шалгалтаар ногдуулсан дутуу үлдэгдэл 13.835.300 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 13.458.915 төгрөг, нийт 29.294.215 төгрөгийн дутуутай байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 2018.10.30-нд 1.713.238 төгрөг төлсөн байна. Татвар төлөгчийн 00000 дугаартай “Э” ХХК- нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. “Э” ХХК- ийн “Татварын албаны өргүй” эсэх тодорхойлолтод дурдсан мэдээлэл Татварын ерөнхий газрын мэдээллийн санд буй мэдээлэлтэй тохирохгүй байна. Уг тодорхойлолтыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр цахим татварын системээс авсан байна. Тодорхойлолт нь доорх шалтгаанаар татварын албаны мэдээллийн сангийн мэдээлэлтэй зөрүүтэй байна. Үүнд: АТГ-аас ирүүлсэн тодорхойлолтод “Э” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар татварын өргүй. Татварын албаны мэдээллийн санд буй мэдээллээр татвар төлөлт нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 27.294.215 төгрөгийн дутуу байна. Тодорхойлолтын нууцлалын үсэг /бар код/ нь зөрүүтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 106 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 108 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б нь “Э” ХХК-ийн захирал байх ба “Задгай болон савалгаатай цемент ачиж буулгах байгууламжийн төсөл”-д зориулан 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцлийн зээлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зорилгоор зээл, төслийн материал бүрдүүлж өгөхдөө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 тоот тушаалын 1 дүгээр хавсраптаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан “Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаарх тодорхойлолт"-ыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны 1 дүгээр гудамж, “Э” төвийн 000 тоотод байрлах өөрийн компаний байранд цахим хэрэгсэл ашиглан хуурамчаар үйлджээ.

 

Тодруулбал, хэргийн 1 хавтасны 26 дахь талд авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн Татварын албанд бүртгэлтэй, татвар төлөгчийн 000000 дугаартай “Э” ХХК-ийн “Татварын албаны өргүй” эсэх тодорхойлолтод дурдсан мэдээлэл Татварын ерөнхий газрын мэдээллийн санд буй мэдээлэлтэй тохирохгүй, хуурамч, тодорхойлолтын нууцлалын үсэг бар код зөрүүтэй болох нь нотлогджээ. /1-р хх-ийн 27, 161 тал/

 

Мөн шүүгдэгч Б жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн Э ХХК-даа төслийн зориулалтаар зээл авахын тулд Татварын албанд 27.294.215 төгрөгийн өр төлбөртэй атлаа өр төлбөргүй болгон үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримтаа төслийн материалд хавсарган ашигласан байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлтэй болно.  

 

Иймд шүүгдэгч Бий Татварын ерөнхий газрын цахим төлбөрийн баримтын системд нэвтрэн өөрийн “Э” ХХК-ийн татварын албанд 27.294.215 төгрөгийн өртэй гэсэн тодорхойлолтыг хэвлэн авч, уг тодорхойлолтын он сар өдөр, бар код, өр төлбөртэй эсэх талаарх мэдээллийг засварлаж,  2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслийн материалын хамт өгч ашигласан үйлдэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн иргэн, аж ахуй нэгж хохироогүй, шүүгдэгч нь авсан зээлээ цаг хугацаанд төлж байгаа тул шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэсэн, шүүгдэгч нь “...хэргийн зүйлчлэл, үйл баримтын хувьд маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өөрийн авсан зээлийг цаг хугацаанд нь зөрчилгүй төлж байна. Төсөл хэвийн үргэлжилж байгаа тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн байр суурьтай тус тус оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллага хохирсон гэж үзвэл энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийтгэх тогтоол хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-ны Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА