Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 650

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч/хохирогч: Н.Ө,

Шүүгдэгч/хохирогч: О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ын Ө, Б овогт О-гийн Т нарт холбогдох эрүүгийн 1805042940000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, дүүгийн хамтаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /               / Б овогт Н-ын Ө,

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, төрсөн эх, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 5 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /          / Б овогт О-гийн Т

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "П” баарны гадна О.Т-тай маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун шанаа, эрүү, уруул, хамар, баруун сарвуунд зулгаралт, зулаин хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн уедээ, 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” баарны гадна Н.Өтай маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ө, О.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Н.Ө, О.Тнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "П” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдсон, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “Би хуурай эгч Тболон түүний найз эмэгтэйн хамт модны 2-ын голын зам дагуу байрлах П нэртэй бааранд 00 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн. Бааранд ороод бид 3 хүний нэг нэг шил пиво захиалж аваад 00-н өрөө орсон... Тооцоо төлчихөөд гарах гэтэл таксны мөнгө 9000 төгрөг өг гэж хамгаалагч залуу нэхэхээр нь Т эгч тэр хамгаалагчтай яахаараа бид нар мөнгө төлөх ёстой юм бид хоёр 00-н өрөө орчихоод гарч байна гэж маргалдсан. Хамгаалагч өндөр залууг Т эгч өшиглөсөн. Тэгтэл нөгөө хамгаалагч нь Т эгчийг заамдаад байсан. Хажуу талаас намхан туранхай хамгаалагч залуу бичлэг хийгээд байсан Гадаа гараад такси бариад бариад хөдлөөд жаахан явж байтал Т эгч таксинаас бууна. Буцаж орж бичлэгээ устгуулна гэж орилохоор нь таксины жолооч ах машинаа зогсоогоод та хоёр чинь ямар хэцүү юм бэ, буу, буу гэхээр нь Т эгч буугаад явсан. Тэгэхээр нь таксины жолооч ахаас уучлалт гуйгаад Т эгчийн араас очоод та яах гээд байгаа юм бэ, маргааш ирээд устгуулчихъя гэхэд Фэйсбүүкт бичлэг тавьчихвал яах юм бэ гээд өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би савсагнаж гүйгээд хүнд зодуулах дуртай юм уу гэхэд Т эгч уурлаад намайг чи одоо хэн бэ гээд бид хоёр үсдэлцээд ноцолдсон. Намайг хойш түлхээд би газар савж унасан. Дээрээс үсдээд байхаар нь би нүүрийг нь маажсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” /хх-ийн 35-37 тал/,

 

О.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “Бид хороололд байрлах В нэртэй пабад орж суун, хүний 2, 3 шил пиво уучихаад пабаасаа гараад хороололд байдаг П нэртэй баар луу шөнийн 00 цагийн орчимд орсон. Бааранд ороод байж байтал Ө, Н 2 хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгтэл Н явлаа гээд гараад явсан. Н гадаа гараад намайг гараад ир гэхээр нь би баарнаас гарах гэтэл хамгаалагч нар нь тооцоогоо хий гээд гаргахгүй мөн миний бичлэгийг хийгээд байхаар нь би хамгаалагч нартай маргалдсан. Тэгээд тооцоог нь хийчихээд тэр баарнаас гарсан. Баарнаас гараад такси бариад явах гэж байснаа би Өд буцаж орж саяны хамгаалагч нарын бичээд байсан бичлэгийг устгуулъя гэхэд Ө яах юм бэ маргааш бол гэсэн. Тэгэхээр нь би Ө-ыг таксинд үлдээчихээд буугаад баар руу алхаж байснаа таксин дотор цүнх үлдээснээ санаад буцаад нөгөө такси руугаа очоод цүнхээ үзээд байхгүй байсан. Би тэр үед цүнх алга болсон бас баарны хамгаалагч нар миний бичлэгийг хийсэнд бухимдаад Ө-тай маргалдсан. Эхлээд би Ө-ыг түлхсэн тэгсэн чинь Ө намайг үсдээд бид хоёр газар унасан. Унасан байхад Ө юу юугүй миний нүүрийг хумсаараа хэд хэдэн удаа маажсан. ...Ө бид хоёр хуурай эгч дүүс учир ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү...” /хх-ийн 31-32 тал/,

 

Н.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Т-ны биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Т бид хоёр харилцан биө биенээсээ уучлалт гуйн одоо ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна...”,

 

О.Т-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Ө бид хоёр такси бариад дөнгөж хөдлөөд явж байхдаа хамгаалагч бичлэг хийснийг санаад фэйсбүүкт тавьчих байх гэж буцаад баарны гадаа ирээд орж бичлэгээ устгуулъя гэхэд Ө маргааш бол гээд хориод байсан. ...Бид хоёр маргалдаж байгаад би Өыг алгадтал Ө миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж үсдээд бид хоёр газар унасан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ө-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөр байна. ... Ө бид хоёр харилцан бие биенээсээ уучлалт гуйж, одоо ямар нэгэн маргаангүй болсон...” гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай “...Н.Ө-ын биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг юм уу нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 43 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай “...О.Т-ы биед дух, баруун хөмсөг, баруун зүүн нүдний зовхи, баруун шанаа, эрүү, уруул, хамар, баруун сарвуунд зулгаралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 47 тал/,

 

Цагдаагийн 102 дугаар утсанд ирсэн дуудлага, мэдээлэл лавлагаа, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 76, 63-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарч байна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-58 тал/, эрүүлжүүлэгдсэн картын хуулбар /хх-ийн 62-66 тал/, О.Т-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70-71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч О.Т-ы биед “дух, баруун хөмсөг, баруун зүүн нүдний зовхи, баруун шанаа, эрүү, уруул, хамар, баруун сарвуунд зулгаралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 47 дахь талд авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр,

Хохирогч Н.Ө-ын биед “тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 43 дахь талд авагдсан шинжээч эмчийн 00000 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдсон.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00000 дугаартай дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10137 дугаартай дүгнэлт тус тус үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Мөн хохирогч нарын биед учирсан дээрх гэмтлүүд тэдгээрийн үл ойлголцлын улмаас өөр хоорондоо харилцан зодолсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна.

 

Иймд хохирогч буюу шүүгдэгч О.Т-, Н.Ө нарыг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 

 

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Н.Ө, О.Тнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ө, О.Тнар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарын хэн алинаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ө, О.Тнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Ө, О.Т0нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Ө, О.Т0нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Ө, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ө, О.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ө, Б овогт О-гийн Тнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ө, О.Т нарт тус бүр 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө, О.Т нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н Н.Ө, О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө, О.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА