Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 653

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: М.Мөнхзул,

Шүүгдэгч Т.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянголын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х  овогт Т-гийн И-д холбогдох эрүүгийн 190501085000дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 19 ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Их эрин” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хороолол 53/9 дүгээр байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /           / Х  овогт Т-гийн И

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Т.И нь 2019 оны 2 дугаар сарын 16-наас 2019 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрин” хороололын 00 дүгээр байрны гадна иргэн Д.Ц-ийн эзэмшлийн Хувэй нова-2 плас загварын утсыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 479.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.И-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.И нь 2019 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрин” хороололын 00 дүгээр байрны гадна иргэн Д.Ц-ийн эзэмшлийн хувэй нова-2 плас загварын утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогчид 479.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг 50 минутын орчим Хөгжим бүжгийн коллежийн автобусны буудал дээр приус 11 маркийн автомашин зогсож байхаар нь суугаад тэндээсээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эрин хороололын 00 дүгээр байрны гадна хүргүүлсэн. Тэгэхдээ машин дотор өөрийн хувэй нова 2 плас загварын гар утсаа хаяж буусан. ...таксинаас буухдаа куртикны халаасанд хийгээд буусан санагдаж байгаа юм. Халаасандаа хийлээ гэж бодсон боловч хийлгүй унгааж хаяж гээгдүүлсэн байна. Миний гар утсыг олж аваад ашиглаж байсан хүн надад учирсан хохирол буюу гар утасны үнэлгээгээр гарсан 479.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд надад цаашид гаргах гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12, 41-42 тал/,

 

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хуавэй Нова 2 плас загварын гар утсыг би одоо санахгүй байна. Хугацаа нь дуусаад зарагдсан байх. Манай ломбард хугацаа нь дууссан эд зүйлээ бичиг баримтыг нь устгалд оруулчихдаг юм...” /хх-ийн 43 тал/,

 

Шүүгдэгч Т.И-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн эзэмшлийн 0000 УНГ улсын дугаартай Мазда атенза маркийн автомашинаа 53/9 байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлуулж тавьсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Баянгол дүүргийн 20 дугаар хороо эрин хороолол 53/9 байрны 00 тоот дахь гэрээсээ гарч ирээд машины бүтээлгээ сөхөж үзэх үед бүтээлэгний доод хэсэгт хар өнгийн Хувай Нова 2 плас загварын гар утас унасан байсан. Ингээд уг гар утсыг авч үзэхэд унтраалттай байсан ба асааж үзэх гэсэн боловч цэнэггүй учир асахгүй байсан. Ажилтай байсан учраас гар утсыг аваад, ажил руугаа явсан. Ингээд гар утас цэнэггүй байсан учраас машин дотор 7-8 хоног явсан ба энэ үедээ эзэн нь олдох болов уу гэж бодоод хэсэг хүлээсэн боловч эзэн нь гарч ирээгүй. Ингээд эзэн нь гарч ирэхгүй байсан учраас гар утсыг цэнэглэж асаахад кодтой байхаар нь Хархорин захын ар талд байдаг засварын газарт очиж байгаад кодыг нь тайлуулаад, гар утсанд өөрийн 0000000 дугаарын сим картыг хийж 20 гаруй хоног барьсан. Энэ хугацаанд мөн гар утасны эзэн нь олдохгүй, гар утсан дээр эзэмшигчийн талаарх мэдээлэл байхгүй, кодыг нь гаргуулахад гар утсан дээрх мэдээлэл бүгд байхгүй болчихсон. 2019 оны 03 дугаар сарын дундуур мөнгөний шаардлага гараад байхаар нь гар утсыг 25 дугаар эмийн сангийн урд байдаг Лоло нэртэй ломбарданд 200.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан. Ингээд гар утсыг эргүүлж авалгүй, хугацааг нь дуусгасан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 15-нд цагдаагийн байгууллагаас намайг дуудсан юм. Гар утсыг эргүүлж авчраад өгчихөе гэж бодоод барьцаалан зээлдүүлэх газраа очсон боловч хугацаа дуусч зарагдсан, мөн миний барьцаанд тавьж байсан баримт байхгүй болчихсон учраас ямар нэгэн нотлох баримт байхгүй болсон. Ингээд тухайн гар утасны эзэнд 470.000 төгрөг өгсөн. Одоо 9400 төгрөгийг өнөөдрийн дотор төлөх тул бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн мэдлэггүйгээс ийм хэрэгт холбогдсон. Миний үйлдэл буруу гэдгийг сайн ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” /хх-ийн 46-47 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

“Д” компанийн БГ2-0000 дугаартай “...Үнэлгээний дүн 479.400 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 тал/, Юнител ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 01 -ны өдрийн 05-01/1919 дугаартай албан тоот /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.И-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36 тал/ “Их Эрин” ХХК-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.И нь 2019 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороололын 00 дүгээр байрны гадна таксинаас буухдаа гээгдүүлж орхисон байсан хохирогч Д.Ц-ийн эзэмшлийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан, улмаар тухайн гар утсыг 200.000 төгрөгөөр ломбарданд тавьсан үйлдэл нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр өөрөө ашиглаж хэрэглэсэн, барьцаат зээлийн гэрээний үүрэгт тавьж ломбарднаас зээл авч байгаа үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Д.Ц-ийн гар утас нь 479.400 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 15-16 дахь талд авагдсан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж дүгнэж,  шүүгдэгч Т.И-г “...гээгдэл эд хөрөнгө, ...завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.И нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Д.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааний шатанд мэдүүлсэн /хх-ийн 57 тал/ байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.И нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.И-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, яллах дүгнэлтэд 1 ширхэг флаш диск хавсаргасан, уншигдахгүй болно гэснийг болон шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Т.И-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Т-гийн И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт уншигдахгүй нэг ширхэг флаш диск хавсаргагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА