Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 654

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө овогт Н-ын О-д холбогдох эрүүгийн 190502702000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 36 дугаар гудамж 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, /              / Ө овогт Н-ын О

.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын арын зам дагуу байрлах дугуй засварын гадна үйлчилгээ авахаар ирсэн машиныг булаалаа гэх шалтгаанаар “ахыгаа дээрэлхээд байна уу" гэж Б.О-тэй маргаан үүсгэн улмаар заамдан авч нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмд цус хуралт, зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын арын зам дагуу байрлах дугуй засварын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу үйлчилгээ авахаар ирсэн машиныг булаалаа гэх шалтгаанаар хохирогч Б.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын хойно байрлах зам дагуу байрлах дугуй засварт ажиллаж байхад хажуу талын дугуй засварын ах О- хүрч ирээд яагаад томроод байна гээд намайг заамдаад авахаар нь би бас заамдсан. Тэгээд ойр хавьд байсан хүмүүс салгасан. Тэгсэн бид 2 салаад би дугуй засвар руугаа орох гээд байж байхад хүрч ирээд намайг заамдаж аваад нүүр лүү мөргөсөн. Тэгээд би хамраа бариад доош суугаад байж байхад ойр байсан хүмүүс О-ыг салгаад цаашаа аваад явсан. Тэгээд би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ нээх согтоогүй байсан. Зодооныг дугуй засварт хамт ажилладаг Г харсан. Дугуйгаа булаалцалдсан болохоор намайг зодсон байх. О- миний хамар руу мөргөсөн. Эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 14-16 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын ажил дээрээ О-тэй ээлж солиод ажлаа дөнгөж авчихаад хүн ихтэй байсан учир нэг машины дугуй хийлж байтал тэр машины ард нэг приус-11 маркын автомашин байхаар нь ахаа ямар үйлчилгээ хийлгэх юм гэхэд нэг дугуй солиулна гэсэн. Тэгээд би нөгөө машины дугуйг хийлж дуусчихаад шланк, хийн буу хоёроо засвартаа оруулж тавьчихаад гараад иртэл манай хажуу талын засварын О- ах нөгөө приус-11 маркын машины дугуйг данхраадаж байхаар нь би очоод ахаа наад дугуйг солино гээд ярьсан байсан юм гэж хэлээд тэр машинд тавих ёстой дугуйг нь засвартаа оруулаад байж байтал гадаа орилолдохоор нь гараад хартал О-, О- хоёр заамдалцсан байсан. Тэгтэл тэр хавьд дугуй янзлуулж байсан болон тэр хавиар явж байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэгтэл О- гэнэт О-ийг өөр лүүгээ татаж байгаад толгойгоороо нүүр лүү нь нэг удаа мөргөсөн, О-ийн хамарнаас маш их цус гарсан. Би очоод харсан чинь О-ийн хамар хавдсан байсан. Миний солих ёстой байсан машины дугуйг О- ах авч янзалснаас болж О- ах, О- нар маргалдсан...” /хх-ийн 7 тал/

 

Шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. О-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би О-ийн нүүр лүү мөргөхөд хамар нь хугарч, тархи нь доргисон байх. Мөн заамдалцаж зууралдах үед эгэм нь зулгарсан байх. О- миний ажлыг булаагаад, багажнууд дураараа авч явснаас болж хоорондоо маргасан юм. О- дунд зэргийн согтолттой архи уучихсан байсан. Би бол архи уугаагүй эрүүл байсан. Би О-өөс уучлалт гуйн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг өгч бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаанп/й болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна. ...” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Б.О-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл тоөлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25-27/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.О-ийн биед “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл нь хэргийн 18 дахь талд авагдсан шинжээч эмчийн 7710 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Н.О-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.О гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.О нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын арын зам дагуу байрлах дугуй засварын гадна үйлчилгээ авахаар ирсэн машиныг булаалаа гэх шалтгаанаар хохирогч Б.О-тэй маргаан үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн здийн няцрал, баруун эгэмд цус хуралт, зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Т Н.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.О нь хохирогч Б.О-д 700.000 /долоон зуу мянга/ төгрөгийг хохирол, хор уршигт тооцож нөхөн төлөхөөр тохиролцсон байх ба үүнээс 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 200.000 төгрөгийн 2019 оны 9 дүгээр сард нөхөн төлөхөө илэрхийлэн хохирогч Б.О-тэй эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна.

 

Иймд хэргийн оролцогч нар хохирол хор уршгийн талаар эвлэрэн хэлэлцэж барагдуулах хугацаагаа өөрсдөө тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаар маргаан гарсан тохиолдолд хохирогч Б.О- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Отанилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ошүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О- иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Н.Онь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О-д 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА