Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 656

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д овогт Н-ны У-од холбогдох эрүүгийн 190502643000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын цахилгааны механикийн инженер мэргэжилтэй, “Б" ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6а байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /                / Д овогт Н-ны У

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.У нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичлийн аркны орчим иргэн Н.Д-г машинаар хүүхэд мөргөлөө гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил аркны орчим иргэн Н.Д-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын цагийн орчим Баянгол дүүргийн 12-р хороо бичлийн аркны харалдаа 0000 УБӨ улсын дугаартай "Мазда бонго" машинтай усны түгээлт хийгээд явж байхад хороолол доторх зам дээр замаа чөлөөлж зогсоод айлд ус хүргэж өгөөд гарч ирээд дараагийн айл 13 дугаар байр луу явах гээд ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ хөдлөөд зогсоолоос гараад иртэл замын хажуугаар машинууд нэгдүгээр эгнээнд машин тавьсан байхад машинуудын голоос баруун гар талаас гэнэт жоохон хүүхдүүд гүйж гарч ирэхээр нь тоормозоо гишгэхэд нөгөө хүүхэд машины баруун талын гупер орчим мөргөөд газар унатал цаанаас нэг эрэгтэй хүн гүйж ирээд хүүхдээ авалгүйгээр миний машины хаалгыг онгойлгоод түлхүүрийг сугалж аваад миний энгэрээс заамдаж аваад миний цээжийг ураад өмсөж явсан подвалк ураад ам руу 3 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон. Миний уруул дотор талдаа язарч, толгой, цээж нуруу орчим цохисон. Тэр согтуу эрэгтэй хүүхдээ авахгүй байж намайг ирж цохиж зодож байгаад их сонин санагдсан. Эмнэлэг, цагдаа дуудахгүй байж намайг ирж цохиж зодоод байхад би их гайхсан. ...У- гэх залуу хүүхэд машинаар мөргөчихлөө гэх шалтгаанаар гараараа миний уруул хэсэгт 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлээгүй болохоор гаргаж өгсөн баримт байхгүй” /хх-ийн 6, 20-22 тал/,

 

Шүүгдэгч Н.У-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Тухайн өдөр би 2 настай эрэгтэй А-ийн хамтаар салхинд гараад явж байхад миний хүү гэнэт замын хажуугаар гүйгээд замаар явж байсан цагаан өнгийн машинд мөргөхөөр нь би уг машины жолоочид замаа харахгүй явлаа гэх шалтгаанаар түлхүүрийг аваад тэгээд хүүхдээ аваад түргэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Н.Д-гийн биед учирсан гэмтлийн дүгнэлттэй танилцсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай “...Н.Д-гийн биед дээд уруулын язарсан шарх, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б ХХК-ийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Н.Д-гийн биед “дээд уруулын язарсан шарх, хүзүүний зулгаралт” бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн 27 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Н.У-ын хохирогчийг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.У гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч Н.Д- мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэж өгнө үү /хх-ийн 70 тал/ гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.У танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 510.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.У өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Н-ны У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-од 510 /таван зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510.000 /таван зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА