| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/00337/И |
| Дугаар | 385 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 385
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 11 сарын 03 Дугаар 385 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 5-16 тоотод оршин суух Г.Тулгын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2-р баг, Дэлгэр гэх газар нутаглах Хошуу чамдан овогт Жамбалжамцын Алтанхуягт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3756000 /гурван сая долоон зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Тулга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.Алтанхуяг нь 2014 оны 04-р сарын 22-ны өдөр 3000000 /гурван сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр Ц.Энэбишээс бэлнээр авч, зээлийн гэрээг наториатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээнд зааснаар 3000000 төгрөгийг 2014 оны 07-р сарын 22-ны өдөр хүүгийн хамт 3720000 төгрөг болгож өгөхөөр талууд тохиролцсон боловч Ж.Алтанхуяг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Ж.Алтанхуягтай удаа дараа утсаар холбогдсон боловч байнга шалтаг тоочиж, удахгүй өгнө гэдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахгүй, холбогдох боломжгүй болсон. Тухайн зээлийг олгосон миний ээж Ц.Энэбиш нь 2015 оны 02-р сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Ганболд овогтой Тулга би түүний өв залгамжлагчаар тогтоогдсон тул Ц.Энэбишийн хууль ёсны өв залгамжлагч юм. Иймд зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй Ж.Алтанхуягаас үндсэн зээлд 3000000 төгрөг, зээлийн хүүд 720000 төгрөг, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсаны төлбөр 36000 төгрөг, нийт 3756000 /гурван сая долоон зуун тавин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Алтанхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Тулгын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би 2014 оны 04-р сарын 22-ны өдөр Г.Тулгын ээж Ц.Энэбиш гэгч хүнээс 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 3000000 /гурван сая/ төгрөг зээлж авсан. Ц.Энэбиш нь 2015 онд нас барж, хүү Г.Тулга нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг ойлголоо. Г.Тулгын нэхэмжлэлийн шаардлага 3756000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 37525 төгрөгний хамт нийт 3793525 төгрөгийг 2016 оны 11-р сарын 20-ны дотор төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Тулга нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3756000 /гурван сая долоон зуун тавин зургаан мянган/ төгрөгийг хариуцагч Ж.Алтанхуягаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Алтанхуяг нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Тулгын 3756000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75050 төгрөгний тал хувь 37525 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 37525 төгрөгийг хариуцагч Ж.Алтанхуягаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Тулгад олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Тулгын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3756000 /гурван сая долоон зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Алтанхуяг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Тулгын 3756000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75050 төгрөгний тал хувь 37525 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 37525 төгрөгийг хариуцагч Ж.Алтанхуягаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Тулгад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА