Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 665

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Ш.С-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ш-ын С-д холбогдох эрүүгийн 1805061840000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхит 1а гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А- овогт Ш-ын С-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.С-нь 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “U” караокед иргэн Н.Э- нь “Ай фоун икс макс” загварын гар утсаа гээгдүүлсэнийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.С-г алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ш.С-нь 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Up” караокед иргэн Н.Э- нь “Ай фоун икс макс” загварын гар утсаа гээгдүүлсэнийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.105.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Up” гэх нэртэй караокед найз нартайгаа үйлчлүүлж байгаад өөрийн “Ай фоун икс макс” загварын гар утсаа тамхи татах өрөөнд мартаад алдсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. Миний үйлчлүүлж байсан караокены хяналтын камерт хажуу талын өрөөнд үйлчлүүлж байсан автобус баазад ажилладаг гэх хүмүүстэй хамт явж байсан эмэгтэй миний утсыг авч гарч байгаа бичлэг байсан...” /хх-ийн 9 тал/,

Шүүгдэгч Ш.С-гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Баянгол дүүрэгт байрлах Up нэртэй караокед Эрдэм транс ХХК жолооч болох Баатар, Даваа, Төмөрөө гуравтай үйлчлүүлж байгаад тамхины өрөө болох 5 номерийн өрөөд ороод тамих татах гээд байж байтал буйдан дээр хар өнгийн утас байсан. Би тэр утсыг аваад гарсан. ...Хүний гээгдэл эд хөрөнгө авч үрэгдүүлсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн гүйцэт барагдуулах болно...” /хх-ийн 28, 38-39 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

 “Дамно” компаний БГ2-19-554 дугаартай “...Хуучин хэрэглэж байсан Ай Фоун Икс макс загварын гар утас, Үнэлгээний дүн 3.105.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 13-14 тал/, Up караокены хяналтын камерын бичлэг, Ай Фон Икс Макс маркийн гар утасны хайрцаг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43, 45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ш.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ш.С-нь 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Up” караокены тамхины өрөөнд байсан “Ай фоун икс макс” загварын гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр өөртөө авч явсан үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Н.Э-ын гар утас нь 3.105.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 13-14 дэх талд авагдсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.С-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Ш.С-г “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна” гэж мэдүүлж оролцсон.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э- өөрийн эд хөрөнгөөрөө буюу 3.105.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фон Икс Макс загварын гар утсаараа хохирсон болох нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон алдагдсан гэх гар утасны хайрцагт тэмдэглэгдсэн гар утасны загвар, код бүхий мэдээлэл, эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, уг хохирлыг шүүгдэгч Ш.С-төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ш.С-гаас 3.105.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э-т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш.С-нь “... гээгдэл эд хөрөнгө ... завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.С-д тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ай фон икс макс” загварын гар утасны хайрцаг, U караокены хяналтын камерын бичлэг бүхий сиди зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А- овогт Ш-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гээгдэл хөрөнгө .... завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.С-д мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-гаас 3.105.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э-т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ай фон икс макс” загварын гар утасны хайрцаг 1 ширхэг, хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтсугай.

   6. Шүүгдэгч Ш.С-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА