Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 667

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 1905024990000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт, Орхон, Баян-Өндөр, 3 баг, Уурхайчин, 3 хороолол, 16 байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 0 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Х овогт Б. Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э- нь 2019 оны 06 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талаас таксинд суухдаа Самсунг А9 плас маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч З.Ц-дбага хэмжээнээс дээш буюу 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э-г “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талаас таксинд суухдаа Самсунг А9 плас загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч З.Ц-д бага хэмжээнээс дээш буюу 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч З.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 сарын 05-ны орой өөрийн найз болох Н, О нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод 1 литрийн виски захиалаад хамт ууж суусан. Тэр үед миний өмссөн хувцсанд халаас байхгүй болохоор худалдаж аваад 14 хонож байгаа Самсунг А9 плас маркийн 1,8 сая төгрөгийн үнэ бүхий гар утсаа найз О-д өгсөн. Бааранд сууж байгаад 1 цагийн орчимд гэртээ харих болчихлоо миний гар утсыг өгчих гэхэд Онадад байхгүй чамд гар утсыг чинь өгсөн гэж хэлсэн. ...Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,

 

              Иргэний нэхэмжлэгч М.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 06-нд ажил дээрээ байхад 18 цагийн үед хүүхэн залуу 2 орж ирээд гар утас тавих гэсэн юм гэж 2019 оны Самсунг А9 гэдэг утас гаргаж ирсэн. 600.000 төгрөгөнд тавих гэсэн юм гэхээр нь би утсыг шалгаж үзэхэд ямар нэгэн цоож түгжээ байхгүй, дотроо файлуудтай, зураг хөрөг, сэжиглэх зүйлгүй байсан учир 500.000 төгрөгөөр авах боломжтой гэхэд тэр залуу цаашаа хүүхэнтэйгээ ярилцаж байгаад за за 500.000 төгрөгөөр тавьчихъя гээд бичиг баримтаа гаргаж ирэн, 500.000 төгрөг аваад явсан. Тэгтэл 2 хоногийн дараа цагдаагаас утасдсан. Удалгүй утасны эзэн гэх хүн ирээд сим картаа авчихмаар байна гэж байсан. Манай байгууллагад учирсан хохирол болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

              Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 05-ны 23 цагийн үед өөрийн найз Ц, Н нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Кензо бааранд орсон. ...Ц надад өөрийнхөө самсунг А9 маркийн гар утсыг өгөөд миний хувцасанд халаас алга чи аваад халаасандаа хийчих гэхээр нь зөвшөөрөөд өмднийхөө халаасанд хийсэн. Бааранд хэсэг сууж байхад Ц надаас миний гар утсыг өгчих гэхээр нь утсыг нь өгсөн. Тэгээд нилээд муудаад хэсэг сууж байгаад хартал Н байхгүй, Ц бид хоёр үлдсэн байсан. Тэр үед Ц надаас утсаа нэхсэн. Би чамд өгсөн гэхэд би чамаас аваагүй гэж гүрийгээд байсан. Бид 2 шөнийн 3 цаг орчимд баарнаас гараад гадаа хэсэг маргалдаж байгаад өглөө Нын гэрт очсон. ...Цагдаад мэдэгдсэний дараа Ц өөрийнхөө утас руу залгаад, миний утсыг өгөх юм бол мөнгө өгнө гэж мессеж бичээд утас руугаа залгахад үл таних эмэгтэй би утсыг чинь олсон юм, урамшуулал өгнө гэхэд тэр эмэгтэй 5097053464 Э- гэх хүний дансыг өгөөд 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

              Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажил тараад гэртээ байж байхад гаднаас манай эхнэрийн найз Э- гэрт орж ирээд ахаа гар утас олсон юм. Энэ утас 2 сая төгрөгийн үнэтэй юм байна. Утасны эзэнтэй утсаар ярьсан, согтуу явж байгаад утсаа хаясан гэнэ. Дансны дугаараа өгчих 500,000 төгрөг өгнө гэж байна яах уу?’’ гэхээр нь би “чи өөрийнхөө дансны дугаарыг өгчих” гэж хэлсэн. Тэгээд өдөр нь Э- утасны эзэнтэй залгаад 500.00 төрөгөө данс руу хийсэн үү, хийх бол өгнө, мөнгө хийхгүй бол энэ утсыг чинь ломбарданд тавиад мөнгө болгоно гэж утсаар ярьж байсан. Тэр өдрөө Э- ирээд “ахаа энэ утсыг ломбарданд тавих гэсэн юм. Надад бичиг баримт байхгүй болохоор тавьж болохгүй байна. Та тавиад өг” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр “Хар хорин”- захын гүүрний хойд талын ломбарданд очоод 500.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлсэн. ...Би мөнгөнөөс аваагүй. Э- өөрөө мөнгийг нь үрсэн” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ийн “...гээгдэл эд хөрөнгийг 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлсэн...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 тал/, “Эвсэг хүсэл” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3-5 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талаас таксинд суухдаа бусдын гээж орхисон байсан хохирогч З.Ц-гийн эзэмшлийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, улмаар тухайн гар утсыг 500.000 төгрөгөөр ломбарданд тавьсан үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр барьцаат зээлийн гэрээний үүрэгт тавьж ломбарднаас зээл авч байгаа үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч З.Цгийн гар утас нь 1.650.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 33-34 дэх талд авагдсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-г “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эвсэг Хүсэл ХХК-д барьцаат зээлийн гэрээний үүрэгт тавьсан байсан хохирогч З.Ц-гийн Самсунг А9 загварын гар утсыг тус ломбарднаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй гэж үзлээ.

 

Харин энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Х- буюу “Эвсэг хүсэл” ХХК-д 500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Э- төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 500.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эвсэг Хүсэл ХХК-д буюу М.Х-д олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

                     

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б. Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 500.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Эвсэг Хүсэл” ХХК /М.Х-/-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч З.Ц нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА