Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 668

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Н.О,

Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн М.М-д холбогдох эрүүгийн 1905017510000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Баянгол дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, 8 настай хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сум 2 дугаар баг, Асгат 1 дүгээр байрны 7 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 0 тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ширээний теннисний спортын мастер, НЫ92062913 дугаар регистртэй, Б- овгийн М.М-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Н.Оыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Н.О-ыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.О-ын шүүх хуралдаанд өгсөн “Хорооллын шөлөндөө хоолны газар хоолонд орох гээд явж байтал энэ хүн 2 эмэгтэй хүнтэй маргалдаад янханаар нь дуудчихсан зогсож байсан. 2 хүүхэнтэй хамт явж байсан хоёр залуугийн нэг нь М.М-г цохиж унагаачихаад зугтаасан. М.М- газар унаад үлдсэн. Би туслах санаатай М.М-н нэг бандгар найзтай хамт хөөгөөд гүйцээгүй. Иргэж ирээд “За би найзтайгаа явлаа та нар учраа олоорой” гээд явах гэтэл энэ залуу намайг цохисон. Цагдаа дээр очтол М.М- зугтаагаад алга болчихсон. Цагдаа сар гаруй хугацааны дараа энэ хүнийг олсон. Би эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан, нүд дотогшоогоо 0.04 мм цөмөрч орсон тул нүдний хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хамрын гэмтэл удах тусмаа үнэтэй болчихдог гэсэн. Хагалгааны төлбөр нэг сая гаруй төгрөг болно гэсэн. Надад өөрийгөө эмчлүүлэх мөнгө байхгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө найз Бат-Эрдэний хамт ажлаа тараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Шөлөндөө хоолны газрын гадаа саарал польтотой жижиг нүдтэй 175 см орчим өндөр нэг залуу хоёр эмэгтэйг янхан гээд доромжилсон. Тэгэхэд уг эмэгтэйчүүдтэй хамт явж байсан нөгөө хүн доромжилсон залууг тохойлдсон. Тэгээд уг залуу урдаас нь үсрээд цохих гэхэд уг залуу урдаас нь цохисон. Цохиулсан залуу газар унаад толгой хагарсан, Энэ үед уг залуу зугтсан тул би араас нь хөөгөөд барьж авч чадаагүй буцаж ирэхэд толгой нь хагарсан байсан залуу нь байж бай гээд манай найз Бат-Эрдэнийг түлхсэн. Энэ үед нь би зүгээр бай яах гээд байгаа юм бэ гэхэд миний нүүр лүү цохисон, би манарсан...” /хх-ийн 10-13 тал/,

 

Гэрч Б.Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө ажлаа тараад хоолны газар орох гээд явж байхад Шөлөндөөгийн урд хэдэн хүмүүс маргалдаад байсан. Нэг нь газар уначихсан маргалдаад байсан залуу нь цаашаа явчихсан. О- араас нь хөөгөөд буцаад ирсэн. Тэгээд газар унасан пальтотой залууг босгон яасан талаар ярилцаж байхад уг залуу над руу дайрсан. Тэгэхэд нь манай найз О- салгасан. Гэтэл уг залуу О- руу дайраад цохисон. Энэ үед О- хамар эвгүй болчихлоо гээд тонгойсон...” /хх-ийн 15-17 тал/

 

Шүүгдэгч М.М-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би согтуудаа хүнтэй андуураад энэ хүнийг цохисон байна. Энэ хүнийг огт танихгүй. Учруулсан хохирлыг төлөх болно...” гэх мэдүүлгүүд, 

 

Хэрэгт эд мөрийн баримтаад хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4645 дугаартай “...Н.Оын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Н.О-ынбиед “тархи доргилт зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт” гэмтэл нь хэргийн 21 дэх талд авагдсан шинжээч эмчийн 4645 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.М-гийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.М- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.М-гийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Н.Оыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч М.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хор уршигтай холбоотой буюу толгойн томографф хийлгэсэн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг /хх-ийн 22 тал/-ийн баримт хэрэгт авагдсан, уг эрүүл мэндэд учирсан зардлыг шүүгдэгч төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.М-гаас 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.О-д олгох үндэслэлтэй.

 

Хохирогч Н.О нь шүүх хуралдаанд “...хамраа янзлуулахаар ямар нэг эмчилгээ одоогоор хийлгээгүй, хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Мөнгөний боломж байхгүй учраас чадаагүй байгаа..” гэж мэдүүлж байх тул цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор авагдсан М.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/16330 дугаартай албан бичиг /хх-ийн 49-60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.   

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаарр зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн тогтмол цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг болон 8 настай хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзаж, шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч М.М-нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцогдож, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба уг ялаас 235 цагийн ялыг биечлэн эдлэж, 245 цагийн үлдэгдэл ялтай байгаа нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/16330 дугаартай албан бичгээр нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2-д “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэдэн хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч М.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, мөн өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 245 цагийн ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-д мэдэгдэх нь зүйтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Сиди ирсэн бөгөөд уг Сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон гол нотлох баримт байх тул тухайн хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалах үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овгийн М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М- шүүхээс оногдуулсан торгох ялыг болон эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-гаас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Од олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

 

8. Шүүгдэгч М.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА