Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 669

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч М.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-овогт М.М-д холбогдох эрүүгийн 1905024410000  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Рашааны 17 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Cургуулийн 0 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлсэн, Т-овогт М.М-д.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.Мнь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах вокзалын орчим иргэн Г.Бтай урдуур орж ачаа авах гэлээ хэмээн маргалдан толгой орчим газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Мнь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах вокзалын орчим иргэн Г.Б-тай урдуур орж ачаа авах гэлээ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим би замын үүд явах гээд 73- ... Д...-улсын дугаартай марк Х машинтай хүн тээвэрлэх гэж байсан чинь нэгэн хүн дайвар ачаа өгөх гээд М-тай юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би наад ачааг чинь 5000 төгрөгөөр авч явна гэж хэлтэл М- надтай маргалдаж эхлээд намайг 2-3 удаа хоолой боож, би ухаан алдаж унасан. Тэгэхээр нь би хоёулаа хүн амьтнаас холдоод уулзъя гэсэн. Тэгээд вокзалын автобусны буудлын хойд талд хүнээс хол очиж уулзаад зогсож чинь намайг нэг удаа алгадаж, дараа нь гараа атгаж байгаад хоёр удаа нүүрэн тус газар цохисон...” /хх-ийн 15-16 тал/,

 

Гэрч Б.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б- сааданд очоод Б-д хандан “чи миний ачааг авдаг хэн бэ” гэхэд Б- “чи яадгын чиний талбай юм уу, чамаас айхгүй шүү” гэж хэлэхэд Б- Б-ын хацар луу баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадсан, Б- газар хэвтээд өгсөн. Б- хажууд нь очоод гараа зангидаад “чамайг цохиод яахын бэ, чи бал цаас бариад явна шүү дээ” гэж хэлээд тэндээс өвгөн Зоригоо, Б- бид 3 явсан. Б-гийн жинхэнэ нэрийг М- гэдэг. Бид нар Б- гэж дууддаг...” /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч З.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б- болон Б- нар дайвар ачаанаас болж хоорондоо муудалцаж барьцалдаж авсан Би тэр хоёрыг салгах, болиулах гээд Б-ын араас татаад салгахад дахиад хоорондоо барьцалдаад авсан. Б- Б-ыг газар унагахад нь дахин очиж татаж салгасан...” /хх-ийн 20 тал/  гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6517 дугаартай “...Г.Бын биед дээд уруулын дотор салстын шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 3-р шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүгдэгч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Г.Б-ыг 2 удаа алгадаж гэмтэл учруулсан. Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна...” гэх мэдүүлэг хэргийн үйл баримтыг тогтоосон дээрх нотлох баримтуудтай нийцэж байх тул үнэн зөв гэж үнэлэв.

 

Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл байдаг.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо үл ялих зүйлээс буюу урдуур орж ачаа авлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шүүгдэгч М.М-хохирогч Г.Б-ыг цохиж зодсон болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогджээ.

 

Хохирогч Г.Б-ын биед “...дээд уруулын дотор салстын шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 3-р шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 6517 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.М-ын хохирогч Г.Быг цохисон дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.М-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, энэ гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч М.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.М-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотой гэрч Б.Э-, З.У- нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтээ лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 43-60, 69-73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Мнь эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Cургуулийн 26-504а тоотод оршин суудаг, хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг байх ба урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 500 нэгжээр торгох ялаар тус тус  шийтгүүлж байсан байна.

 

  Тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг эдэлж дууссан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдүүлэх хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 18/2808 дугаартай тогтоолоор тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх шаардлага үүсэхгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн...” гэж заасан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно. 

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч М.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч М.М-ад мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Товогт М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.М-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА