Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00523

 

С.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэр,

     Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.Б

          Хариуцагч: Л.От холбогдох

          Зээл 9.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-01-23-ны өдрөөс эхлэн Л.От нийтдээ 9.420.000 төгрөг зээлүүлсэн. Ингэхдээ өөрийн дансанд 2015 оны 01 дүгээр сарын 23-нд 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-нд 2.780.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 170.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-нд 2.370.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-нд 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг авсан бөгөөд бид нар хүү алданги тооцоогүй. Л.О  одоог хүртэл зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Л.Оийн ааваас 50 толгой хонь авсаны мөнгийг Л.Оийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл аав н.Лхагваа нь 7.740.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх надаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу би 5.005.413 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн. Хонины мөнгө гэсэн утгатайгаар Л.Оийн дансанд 2.800.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс өмнө нийт 6.620.000 төгрөг шилжүүлсэн тул нийт 9.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Би С.Бтэй гэрээ хийгээгүй, мөнгө зээлж аваагүй. С.Б самрын наймаа хийдэг гээд Дарханд самар бөөндөн авч бөөгнүүлж өгөөч гэж надаас гуйж мөнгөө миний данс руу хийдэг байсан. Шилжүүлсэн мөнгөөр нь Бугант, Хүдрээс самар бөөндөн авч айлд хурааж байгаад С.Бийг ирэхэд нь кг, тонноор нь хийж аваад явдаг байсан. Энэ талаараа бичээгүй байсан болохоор мөнгө зээлсэн мэт нэхэмжлэл гаргасан байна. Самар авахуулах мөнгөө зээлдэв гэж хийдэг байсныг нь би сая хуулгыг нь хараад мэдэж авсан. Хэрэв тэр надад мөнгө зээлдүүлж авч чаддаггүй байсан юм бол яагаад ахин дахин мөнгө нэмж шилжүүлээд байхав. Үнэнд нийцэхгүй нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Б самар хориотой гэдгийг мэдэж байгаад надаар авахуулдаг байгаагаа нуух зорилгоор дурдаагүй, мөнгө зээлдүүлсэн гэж заль гаргаж, надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Түүний хууль бус үйлдлүүдийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болно. Мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг зээлүүлээгүй, самар авах зорилгоор шилжүүлэхдээ 2 удаагийн шилжүүлэгт мөнгө зээлдэв гэсэн агуулгаар шилжүүлсэн байдаг. Гэтэл мөнгө зээлэх шаардлага байгаагүй, мөнгөөр нь самар авч бөөгнүүлж байгаад С.Б өөрөө ирж авдаг байсан. Нэг удаагийн шилжүүлэгт 40 000 төгрөг тээврийн зардал гэж шилжүүлсэн байдаг. Үүгээр мөнгө зээлж байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Ааваас нь 50 толгой хонь авсны мөнгөнөөс 2.800.000 төгрөгийг  дансанд шилжүүлснийг зөвшөөрч байна. Бусад 6.620.000 төгрөгийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан Л.Оээс 2.800.000 төгрөг гаргуулж С.Бэд олгож, нэхэмжлэлээс 6.620.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 6.620.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.15-ны өдрийн 102/ШШ2017/00709 дугаар шийдвэртэй хэрэгт хариуцагчаар оролцож байх үед С.Бийн /энэ хэрэгт М.Батсүх нь нэхэмжлэгчээр оролцож байгаа/ гаргасан хариу тайлбарыг үндэслэл болгож нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Шүүхэд зохигчид эсрэг тайлбар өгч байгаа тохиолдолд хэн нэгнийх нь тайлбараар хэргийг шийдвэрлэх бус харин хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчдын тайлбар нотлогдож байгаа тохиолдолд тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх байсан. 2017 оны 102/ШШ2017/00709 дугаар шийдвэртэй хэргийн Э.Лхагваа нь /Л.Оийн төрсөн эцэг/ хонины үнэ нийт 7.740.500 төгрөг С.Бээс нэхэмжилсэн. Тухайн үед С.Бийн зүгээс Л.От хандаж “чи урьд зээлсэн мөнгө болон Э.Лхагваад өгөх ёстой хонины мөнгөнөөс зээлж авсан мөнгө нийт 9.420.000 төгрөгөөс чи аавдаа 7.740.500 төгрөгийг нь өгчих, тэгээд хоёулаа өр зээлийн асуудлаа дуусгая” гэсэн санал тавихад  Л.О зөвшөөрсөн боловч эцэг нь энэ саналыг хүлээж аваагүй. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч  давж заалдах шатны шүүх “Л.От зээлдэв гэж шилжүүлсэн учраас хонины мөнгө гэж тооцох боломжгүй” гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан. Өөрөөр хэлбэл, С.Бээс 6.850.000 төгрөг гаргуулан Н.Лхагваад олгохоор шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/00709 дугаар шийдвэр бол шүүхийн эцсийн шийдвэр биш юм. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1103 дугаар магадлалыг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх  “шаардлагагүй” гэж үзэж хүсэлтийг хангаагүй. Энэ нь ИХШХШТХ-ийн  76.1.1, 71.1, 38.9, 105.2-г зөрчсөн. Ер нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалснаар хэрэгт ач холбогдолтой эсэхийг тогтоохоос биш хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж урьдчилан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийх үндэслэл болсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.15-ны өдрийн 102/ШШ2017/00709 дугаар шийдвэрт Э.Лхагваагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол энэ хэрэгт авагдсан байгаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснийг нотлох нотолгоо юм. Дээрх байдлаас үзэхэд шүүх өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны магадлалыг биш харин уг магадлалаар өөрчлөлт оруулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн оролцогчийн тайлбарыг үндэслэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсангүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолд өгсөн тайлбартаа: С.Б нь Л.От гэрээ хэлцэл хийж мөнгө зээлүүлээгүй, харин самрын наймаа хийдэг гэдэг утгаараа Л.Оээр Дарханаас самар бөөндүүлэн авхуулдаг, мөнгийг нь данс руу нь шилжүүлдэг байжээ. Худалдан авч буй самар нь 1-2 тонн болохоор нь С.Б өөрөө машинтай ирж ачиж аваад явдаг байжээ. Самар авахуулах мөнгөө С.Б нь шилжүүлэхдээ 2 удаа зээлдэв гэж бичиж шилжүүлсэн байдаг. С.Б нь Л.Оийн ааваас хонь зээлээр авсанаасаа хойш самрын мөнгөө шилжүүлэхдээ зээлдэв гэж бичсэн нь аавд нь өгөх мөнгөө өгөхгүй гэсэн зорилгыг агуулж худлаа зээлдэв гэж бичиж байсан нь тодорхой байна. Хэрэв С.Б нь Л.От мөнгө зээлдүүлж байсан бол өмнөх мөнгөө авахгүйгээр удаа дараа нэмж ахин дахин мөнгө шилжүүлэхгүй байх байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан мөнгө зээлдүүлсэн гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй, харин Л.О нь аавынхаа хонины мөнгөнөөс 2.8 сая төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2.8 сая төгрөгийг хасан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл явдалын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шударгаар үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.Б 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Л.От холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “... 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 удаа мөнгө зээлүүлсэн ч  буцааж аваагүй ...” гэсэн үндэслэлээр нийт 9.420.000 төгрөг шаарджээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө зээлж байгаагүй...харин надад мөнгө шилүүлж самар бөөндөж авдаг байсан ... хонины үнэ 2.800.000 төгрөг авсан тул  буцааж өгөхөд татгалзахгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн байна.   

        Анхан шатны шүүх хариуцагчаас 2.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       С.Б нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан нь, мөн зээлийн гэрээний дагуу  Л.От мөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна. 

       Нэхэмжлэгч, 2015 оны 01 дүгээр сарын 23-нд 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-нд 2.780.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 170.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-нд 2.370.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-нд 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг зээлүүлсэн гэх боловч эдгээр   тохиолдол бүрт ямар нөхцөл, хугацаатай мөнгө зээлүүлсэн талаар тайлбар, түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

        Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд засан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 120.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ