Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0314/З |
Дугаар | 221/МА2020/0461 |
Огноо | 2020-08-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2020/0461
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ж.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-аас гаргасан “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 1702,2 м2 газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “Кц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “Иргэн Ж.Д миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 161 м2 үл хөдлөх хөрөнгийг олон жил хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байгаа. Ингээд уг газрын өмчлөх эрхээ авах талаар холбогдох байгууллагад байнга хүсэлт тавьж ирсэн. Миний гаргасан удаа дараагийн хүсэлтэд өгдөг хариу нь та хүлээж бай, эхлээд бусдын газартай орц гарцны маргаанаа шийдвэрлэж байж, үндсэн хүсэлтийг шийдвэрлэнэ гэдэг хариу байсан. Харин орц, гарцны маргаанаа шийдвэрлүүлье гэхээр эхлээд та өмчлөл, эзэмшлийн асуудлаа шийдвэрлүүл гэдэг хариулт өгдөг. Энэ мэтчилэн Нийслэлийн газрын алба өдийг болтол иргэн намайг чирэгдүүлж асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж өдийг хүрээд байна. Ингээд миний гомдлыг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны явцад маргаан бүхий газар дээр байгаа хөрөнгийг /үл хөдлөх хөрөнгө/ намайг өмчлөх эрхтэй болохыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй байгаа нь анхан шатын шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлтийг дараах үндэслэлээр шийдвэрт орууллаа.
Нэхэмжлэгч Ж.Д-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1702,2 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах, нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “Кц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн “Кц” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн маргаж буй тус акт илт хууль бус шинжийг агуулаагүй талаар зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Д нь “...газар эзэмших хүсэлт гаргах эрхгүй этгээдийн хүсэлтэд үндэслэн газрыг эзэмшүүлсэн, ингэхдээ хүсэлтэд дурдсан хэмжээнээс илүү газрыг эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус шинжийг агуулсан” маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар “Кц” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрх нь баталгаажсан этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байхад тухайн захирамжийг “гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж маргасан нь үндэслэлгүй, мөн хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд “Кц” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулах шийдвэрийг гаргасан байх тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.
Тодруулбал, “илт хууль бус захиргааны акт”-ын шинж нь тухайн актын алдаа нь ноцтой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байхыг ойлгох ба энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж буй үндэслэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Д-ийн “...газар эзэмших хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа” нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны харьяа Иргэний хамгаалалтын сургалт арга зүйн төвийн захирлын 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаар албан бичигт “... хийн бууны буудлага явуулах зориулалттай барилгыг н.Д-д худалдсан” гэж, Төрийн өмчийн хорооны 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/462 дугаар албан бичигт “...Дэнжийн 1000-ын захын хашаан дотор байрлалтай хийн буудлагын барилгыг Иргэний хамгаалалтын сургалт арга зүйн төвийн шийдвэрээр худалдагдсан, төрийн өмчид бүртгэлгүй” гэж тус тус тодорхойлсон.
Мөн О.О, Ж.Д нарын хооронд 1996 оны 12 дугаар сарын 17-ны хийсэн хэлцэлд “...400 м.кв талбай бүхий барилгын хэсгийг түрээслэгч О.Оад худалдаж 5704000 төгрөг, 161 м.кв талбай бүхий хэсгийг Ж.Дд худалдаж төлбөрт 2296000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиров, хойшид эдгээр хүмүүсийн байр болон үндсэн хөрөнгө нь тус тусын эзэмшил хөрөнгө болно” гэж тохиролцсон, улмаар 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “БГС” ХХК-ийн захирал О.Оаас Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд хандан “...өөрийн эзэмшиж буй барилгаас 161 м.кв талбай бүхий агуулахын барилгыг Ж.Д болон компанид шилжүүлэн өгөх ... газар эзэмших гэрээг тус тусад нь салган хийж барилгыг харгалзах газартай нь баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Ж.Д нь 161 м.кв үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авсан, үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хэн аль нь маргаагүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ж.Д нь хувьчлан авсан 161 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрыг эзэмшихээр хүсэлт гаргахад Нийслэлийн Газрын албанаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01-06/125 дугаартай албан бичгээр “...161 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг таны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна, ...иймд тус барилгын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгох шаардлагатай” гэх үндэслэлээр 161 м.кв газарт холбогдох хэсгээр эзэмшүүлэхээс татгалзсан нь бодит байдалд нийцэхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлаар болон нэхэмжлэгч Ж.Дг тухайн барилгыг одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаангүй байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д нь газар эзэмших хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган нийслэлийн Засаг даргад гаргасан, газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн талаар маргаангүй, маргаан бүхий 161 м.кв газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага зөрчигдөхөөргүй байх тул нийслэлийн Засаг дарга нь үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг түүнд эзэмшүүлэх боломжтой, иймд нэхэмжлэгч Ж.Д-ийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан 1702,2 м.кв газраас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар 1541,2 м.кв газрыг /үл хөдлөх эд хөрөнгийн доорх 161 м.кв газраас бусад/ нь “Кц” ХХК-д эзэмшүүлсэн, тус захирамж хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа энэ тохиолдолд хариуцагчаас тухайн газрыг нэхэмжлэгч Ж.Дд эзэмшүүлэх ёстой гэж дүгнэх боломжгүй.
Гэхдээ маргаан бүхий 161 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Дд эзэмшүүлсэнтэй холбогдуулан орц, гарцны асуудлыг шийдвэрлэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдвал зохино.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн “...олон жил эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м2 газар эзэмшихийг хүсэж гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Д-ийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Д-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН