Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1278

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03528 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХХХ-тай 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,2 хувийн алдангийг хоног тутам төлөхөөр харилцан тохиролцож мөнгө зээлүүлсэн. Гэтэл хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын хүү 400 000 төгрөг төлөөд үүнээс хойш удаа дараа шаардсан боловч үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг төлөөгүй. Мөн гэрээ байгуулахгүйгээр 2014 оны 5 дугаар сарын 1-ны өдөр 300 000 төгрөгийг түүний Хаан банк дах 5026528344 тоот дансанд 300 000 төгрөг шилжүүлэн зээлсэн. Иймд гэрээний дагуу төлөх 8 400 000 төгрөг, алданги 4 200 000 төгрөг, сүүлд зээлсэн 300 000 төгрөг, нийт 12 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Барьцаалсан гэх ХХХХХХХХ дугаарыг нь ХХХХ-аас, нэхэмжлэгч нь нэр дээрээ шилжүүлэн авсан боловч хариуцагч ХХХХ нь уг дугаарыг БНХАУ-ын иргэн ХХХХ-аас хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон. Уг дугаар нь  Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр "ХХХХХХХХХ" ХХК-д хандан гаргасан "Дугаар буцаан олгуулах тухай" албан бичгийн дагуу ХХХ-д буцаан шилжсэн байна. Энэ байдлыг буюу дугаарыг өөр этгээдэд шилжүүлсэн талаар хариуцагчид тухайн үед мэдэгдсэн, өөртэй нь уулзаж ярилцсан боловч эрүүгийн хэрэг үүссэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай бидэнд хэлээгүй, санаатайгаар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХХХХХ-ээс өөрийн нэр дээр байсан мобикомын ХХХХХХХ дугаарыг барьцаалан 8 000 000 төгрөг, мөн 300 000 төгрөг авсан нь үнэн. Миний дугаарыг буцааж өгвөл, эсхүл дугаарыг минь нийт нэхэмжилсэн зээл, хүү, алдангидаа тооцон аваад нэхэмжлэлээсээ татгалзвал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Эрүүгийн хэргийн тухайд надаас юу болсон талаар цагдаагийн байгууллагаас нэг удаа л дуудаж тайлбар авсан, тэгээд дараа нь хэрэгсэхгүй болсон гэж хэлсэн. Барьцаанд тавьсан ХХХХХХХХ дугаар нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үед миний нэр дээр байсан ба нэхэмжлэгч ХХХХ өөрөө дугаарыг барьж, хэрэглэж байсан. Барьцааны зүйлийг буцааж өгвөл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ ас 12 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие ХХХХ-тэй 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож алданги төлөхөөр болж 8 000 000 төгрөгийг авсан болно. Миний бие ХХХХ-д зээлийн хүүд 400 000 төгрөгийг 2014 оны 4 сард төлсөн болно. Зээлийн гэрээний барьцаанд өөрийн 9911 3718 дугаарыг барьцаалсан байсан. Гэтэл ХХХХ нь 5 дугаар сарын хүүгээ төлөөгүй гээд миний ХХХХХХХХ дугаарыг хаалгаж зээлийн гэрээндээ суутган авч зээлийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл БНХАУ-ын иргэн ХХХХ-н нь надад холбогдуулан хххххххх дугаарыг хуурамч итгэмжлэл, бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гээд цагдаад өгсөн байсан. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан бөгөөд миний буруутай эсэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Ингэж хэрэг эцэслэн шийдвэрлээгүй, буруутай нь тогтоогдоогүй байхад Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2800 дугаартай "Дугаар буцаан олгуулах тухай" албан бичгийн дагуу "ХХХХХ" ХХК-иас дээрх дугаарыг БНХАУ-ын иргэн ХХХХ-нд өгсөн нь буруу юм. 2013 оны 12 сарын 20-ны өдрийн хавьцаа урьд нь таньдаг байсан Замын үүдэд амьдардаг залуутай таарч мэндлээд явах гэтэл тэр хамт явж байсан Өвөр Монгол ХХХХХ гэх хүнтэй танилцуулсан. Тэр хүнийг нэг хятад эмэгтэй зуучлан ажил хийгээд ажил нь дуусаад нутаг буцах гэтэл мөнгөө өгөхгүй оронд нь 9911-тэй дугаар өгөөд мөнгө болго гэсэн. ХХХХ нь миний дээрх хххххххх дугаарыг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрийн нэр дээр шилжүүлж авсан зээлийн гэрээний үүргээ хангуулсан байхад надаас зээлийн хүү, алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 3528 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.   

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 400 000 төгрөг, нийт 8 400 000 төрөг, алдангид 4 200 000 төгрөг, мөн бичгийн гэрээ байгуулалгүйгээр зээлсэн 300 000 төгрөг нийт 12 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч барьцааны зүйлийг буцааж өгвөл, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХХХ нь зээлдэгч  ХХХХ-д 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаагаар 8 000 000 төгрөгийг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлжээ. /хэргийн 4 дүгээр тал /

 

Хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХ ээс 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 300 000 төгрөг зээлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байна. Түүнчлэн зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч зээлийн хүүд 400 000 төгрөгийг төлсөн талаар маргаангүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ нь хариуцагч ХХХХ ас үндсэн зээлд 8 700 000 төгрөг, зээлийн хүүд 400 000 төгрөг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ. Зээлийн гэрээний 3 дахь заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байх тул анхан шатны шүүх хариуцагаас үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 12 900 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын бичгээр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8 400 000 төгрөгийн 50 хувь болох 4 200 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалттай нийцсэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь зээлийн барьцаанд хххх-тэй дугаарыг өгсөн гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй, уг дугаар нь өөр хүний эзэмшлийн дугаар байсан нь тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн эрхийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүүгийн заалтыг баримтлаагүй орхигдуусныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03528 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт...” гэсний дараа “...282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг…” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                          ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА   

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО