Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 671

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б-овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1905026750000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Д-” ХХК-д хяналтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Жавхлант 2 дугаар баг, Моностой гудамж 9-3 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Б-овогт Б.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б-нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П-” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Т.Т-гийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П-” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Т.Т-гийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө манай бааранд үйлчлүүлж байсан нэг залуу пиво бариад бүжгийн талбай дээр гараад байсан. Тэгээд шаардлага тавьсан чинь эхлээд нэг удаа биелүүлсэн, дараа нь дахин гарч ирээд асгаж цутгаад байсан. Би очоод нөгөө пивийг нь аваад ширээн дээр нь тавьсан. Гэтэл нөгөө залуу нь намайг яагаад байгаа юм гээд уурлаад байсан. Би найз чинь пиво асгаад яваад байна, хүн цохиул яах юм гээд хэлсэн. Гэтэл нөгөө залуу чи лалар минь дуугүй бай энд бид нар хаана ч юу хийсэн яадаг юм, бид нар үйлчлүүлэгч нар байна гээд уурлаад байсан. Тэгээд байнга намайг дуудаад маргаан хийгээд байхаар нь би сонсохгүй гээд үүдэн дээр байж байхад хоёулаа гаръя гээд байсан. Би араас нь тооцоо хийгээгүй байсан болохоор дагаад гарсан чинь шууд яваад байсан. Би араас нь хаашаа яваад байгаа юм гээд асуусан чинь наашаа ир гэсэн. Намайг булан тойронгуутаа доошоо суугаад шууд намайг нүүрэн тус газар нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь цусаа гаргаад доошоо суусан. Гэтэл нөгөө залуу Хөгжил хотхоны зүг гүйсэн. Би цагдаад гомдол гаргана байж бай гэж хэлсэн чинь чигээрээ гүйгээд явсан. ...Миний биед хамар ясны хугарал гэмтэл учирсан. ...Б.Б- гэх  залуу надад учирсан хохирлын зардал болох 1500000 /нэг сая таван зуу/ төгрөг бэлэн мөнгөөр өгсөн. Одоо надад уг гэмт хэрэгтэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 28-30, 40-41 тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Манай найз М- бүжгийн талбай дээр шилтэй пиво бариад бүжиглээд байсан, тэрнээсээ болоод нэг хамгаалагчтай маргалдсан. Хамгаалагч чи муу дуугүй бай гээд гарчих уу гээд байхаар нь дагуулаад гарсан. Гадаа гараад намайг чи гомдолгүй гэвэл үзчихье чи гарын үсгээ зурчих гээд байсан. Тэгэхээр нь би өрсөөд нэг удаа толгойгоороо нүүр, дух орчим нь мөргөсөн. Гэтэл нөгөө залуу хамраа дараад би цагдаа дуудлаа гомдолтой гээд цаашаа гүйсэн, надад дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт маргаантай зүйл байхгүй. Уг гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 36-39 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7881 дугаартай “...Т.Т-гийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Б.-ий гэрлэлт бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, асап сангийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Г.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 44-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Т.Т-гийн биед “хамар ясны хугарал” гэмтэл учирсан нь хэргийн 31 дэх талд авагдсан шинжээч эмчийн 7881 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ий хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ий 2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П-” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Т.Т-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл /хохирол/ учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Т.Т- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно..

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА