Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 672

 

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч Н.Уранбайгаль

шүүгдэгч Ц.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1903004180000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой. Авто засвар, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Э-овогт Ц.Б-.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Техник импортын хойд замд “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшлийн тоёота приус маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Э-ын жолоодон явсан “Трансбус” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Аеросити” маркийн 00- улсын дугаартай автобусыг мөргөж, автобусанд зорчин явсан Б.С.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Хьюндай Аеросити” маркийн 00- улсын дугаартай автобусны эзэмшигчид 100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Ц.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Техник импортын хойд замд00улсын дугаартай Тоёота Приус загварын автомашин жолоодож яваад “Хьюндай Аеросити” загварын 00- улсын дугаартай автобусыг мөргөн зам тээврийн осол гаргаж, автобусанд зорчин явсан иргэн С.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.  

Энэ нь хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагийн орчим нэгдсэн 3 дугаар эмнэлэг орохоор Шадивлан, Ханын материал чиглэлийн автобусанд сууж ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд нэгдүгээр эгнээгээр Саппорогийн уулвараар гарч явахад Гурвалжингийн гүүрээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан саарал өнгийн приус маркийн авто машин миний сууж явсан автобусны урдуур орж автобус гэнэт тоормоз гишгэснээс болж би автобусны буудаг хаалганы бариулыг цээжний зүүн хэсгээрээ мөргөөд унасан. Тэгтэл автобусны жолооч түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр буухаар хаалган дээр зогсож явсан. Удалгүй яаралтай түргэн тусламж ирж үзээд шууд гэмтлийн эмнэлэг авч очин үзүүлэхэд 3 хавирга хугарсан байна гээд тэр өдрөө шууд Мөнгөн гүүр эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн... Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 915000 төгрөгийг приус маркийн автомашины жолоочийн ар гэрээс гаргасан. Баримт нь тэр хүмүүст байгаа. Би дахин зураг авахуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас 300.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгчихвөл миний зүгээс гомдол санал байхгүй...” /хх-ийн 15-16 тал/ ...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн “...Одоо ямар ч гомдол саналгүй, жолооч миний хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 79 тал/ гэх хүсэлт,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон Б.Н-мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан мэдүүлэгтээ “...Ц.Б-ы унаж ашиглаж байгаа 00улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин миний эзэмшлийнх. Тайгын Булаг ББСБ-д 2.5 сая төгрөгний барьцаанд тавьсан. Уг мөнгийг сар бүр төлж байгаа. Би дүүгээс авто машинд учирсан эвдрэл гэмтлийн талаар хохирлыг нэхэмжлэхгүй. Миний зүгээс С.С.Б-гийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг төлж барагдуулна...” /хх-ийн 20 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг 56 минутад Трансбус ХХК-ийн хашаанаас тус компанийн эзэмшлийн Хюньдай Аеро сити-540 маркийн 00- улсын дугаартай автобустай Баруун салаа, 10 дугаар хороолол, Ч-16 чиглэлд гарахаар явж байсан ба 09 цаг 21 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Техник импортын хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр 30-35 км/ц орчим хурдтай явж байтал Техник импортын хойд талын зам дээр нэг хүн гараа өргөхөд 2 дугаар эгнээгээр зорчиж явсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн авто машины жолооч нэгдүгээр эгнээнд гар өргөж байсан хүнийг авахаар 1 дүгээр эгнээ рүү шууд дараад орж ирсэн ба ямар нэгэн дохио өгөөгүй бараг хажууд зэрэгцээд явж байгаад шууд буруу тал руугаа дарсан. Би тухайн үед автобусаа зогсоохоор тоормоз гишгиж дагуулаад баруун тийш дарсан боловч Тоёота Приус 20 авто машины буруу талын хойд гупер, шанаа, хойд хаалга хэсэг рүү мөргөөд би машинаасаа буугаад Тоёота Приус 20 маркийн авто машины жолоочийг толиндоо хардаггүй юм уу гэж хэлээд буцаж автобус руугаа аваарын дохиогоо дарахаар ороход зорчигч нар энд хүн уначихлаа гэхээр нь автобус заал руугаа ороход хойд талын шатан дээр сууж явсан эмэгтэй урагшаа унасан байсан. Осол гарахад би нэг их хүчтэй тоормоз гишгээгүй. Би өөрийнхөө 00-дугаараас 103, 102 руу залгаж дуудлага өгсөн. ...Ослын улмаас автобусны зөв талын урд шанаа, болон зөв талын урд гуфер булан будаг нь халцарсан. Үнэлгээ хийлгүүлэхэд 100.000 төгрөгний хохирол учирсан. Уг мөнгийг осол гаргасан буруутай жолоочоор нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 23 тал/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг өнгөрч байхад би өөрийн найз Б-тай хамт машиных нь зөв талын урд суудалд суугаад Баянгол дүүрэг 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр зорчиж явтал Техник импортын хойд талд такси барихаар хүн гар өргөхөд нь Б- тэр хүнийг авахаар дохио өгөөд нэгдүгээр эгнээ рүү орох үед нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан автобус араас нь ирж шүргэлцээд зогссон. Тэр үед автобусанд зорчиж явсан хүн унаж гэмтсэн гээд замын цагдаа болон эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн...” /хх-ийн 27 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.С-гийн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагын эзэмшлийн автобусны зөв талын урд гуферийн хэсгийн будаг халзарсан. Өөр эвдрэл гэмтэл учраагүй. Тухайн үед үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 100.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирлыг осол гаргасан жолооч гаргаж өгөхөөр манай байгууллагын дансны дугаарыг авсан гэсэн. Уг мөнгө нь манай байгууллагын данс руу орсон эсэхийг мэдэхгуй байна. Осол гарсны дараа манай байгууллага автобусаа засаж янзлан оношлогоонд оруулан ажилд нь гаргасан Манай байгууллагын зугээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 50-51 тал/,

 

Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Сонгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 21 минутын орчим би нагац ах Нямдоржийн эзэмшлийн 90-94 УНР улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машинтай Баянгол дүүргийн 5 дугаар хороо Техник импортын хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт 2 дугаар эгнээгээр 45 км/ц-ийн хурдтай явж байтал замын зорчих хэсгийн урд талд хүн гар өргөхөөр нь 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү дохио өгч тасархай шугамаар орох үед 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан 00- улсын дугаартай автобустай мөргөлдсөн. Тухайн үед автобус миний унаж явсан тоёота приус 20 маркийн авто машины буруу талын хойд гуфер, шанаа хэсгээс мөргөөд зогсолгүй машиныг түрж яваад буруу талын хойд хаалга руу орсон. Ослын дараа автобусны жолооч бууж ирээд автобусны автобусанд зорчиж явсан зорчигч гэмтсэн гээд цагдаа болон түргэн дуудсан. ...Би хохирогч С.Б-гийн эмчилгээ болон шинжилгээнд 1000.000 төгрөг өгсөн. Одоо надаас 300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Уг мөнгийг би жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулж өгнө. Би өөрийн буруугаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/ гэх мэдүүлэг,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, жолооч нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 2-9 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5093 дугаартай “С.С.Б-гийн биед зүүн 9,10,11-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 31 тал/ гэх шинжээч эмчийн дүгнэлт,

 

Автотээврийн үндэсний төв, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 22033 дугаартай “...Тоёота Приус 20 маркийн00улсын дугаартай автомашины ...ерөнхий байдлын хувьд баруун хойд крыло 40*40 см хэмжээтэй, баруун хойд хаалга 60*60 см хэмжээтэй талбайд зурагдаж хонхойсон, мөн урд буфер зүүн доороо 20*10 см хэмжээтэй хагарсан эвдрэл, гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь осол гарах үед үүссэн байх боломжтой...” /хх-ийн 37-43 тал/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1656 дугаартай “...Тоёота приус 20 загварын ...техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 659.000 төгрөг...” гэх /хх-ийн 46 тал/ Автомашин техникийн үнэлгээний тайлан,

 

“Кости-Эстимэйт” хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13626863 дугаартай “...Hyundai Aero city 540 загварын 00- улсын дугаартай ...техникийн зүүн урд шанаа, буфер ...эвдрэл, хохирлын үнэлгээ ...100.000 төгрөг...” гэх Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64 тал/,

 

Мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 244 дугаартай “...Хюньдай Аеро сити маркийн 00-улсын дугаартай автобусны жолооч Д.Э-, зорчигч С.Б- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Тоёото приус маркийн00улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Б-нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.4-д “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. харин харилцан байр солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 70 тал/ бүхий хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн үнэмлэхтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 71-74 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэг учрал болсон өдөр жолооч Ц.Б-нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Техник импортын хойд замд “Тайгын булаг авто” ХХК-ийн барьцаат байгаа, иргэн эзэмшлийн тоёота приус маркийн00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн мөрдөгчийн магадлагаа, хувьд өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, автомашины үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогджээ.  

 

Мөн зам тээврийн осолд өртөсний улмаас хохирогч С.С.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 5093 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Түүнчлэн, Д.Э-ын жолоодон явсан “Трансбус” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Аеросити” маркийн 00- улсын дугаартай автобусны зүүн урд шанаа, буфер эвдэрч эзэмшигчид 100.000 төгрөгийн, Ц.Б-ы жолоодон явсан Б.Н-ийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн00улсын дугаартай автомашины баруун хойд крыло 40*40 см хэмжээтэй, баруун хойд хаалга 60*60 см хэмжээтэй талбайд зурагдаж хонхойсон, мөн урд буфер зүүн доороо 20*10 см хэмжээтэй хагарсан эвдрэл, гэмтлүүд тогтоогдож эзэмшигчид 659.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч С.Б-гийн хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн дээрх хохирол нь шүүгдэгч Ц.Б-ы Замын хөдөлгөөний хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-ы Тоёота приус маркийн00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, Д.Э-ын жолоодон явсан “Трансбус” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Аеросити” маркийн 00- улсын дугаартай автобусыг мөргөж, автобусанд зорчин явсан С.С.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж гэм буруугийн хэлбэрийг заасан.

 

Шүүгдэгч Ц.Б-нь жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүрэгтэй, уг үүргийг биелээгүй тохиолдолд хохирол, хор уршиг учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, мэдэж байгаа боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож өөрийн үйлдэлд хөнгөмсгөөр найдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б- нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 79 тал/, иргэний нэхэмжлэгч Д.С- нь “...манай байгууллагын зугээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 51 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Н-нь “...би дүүгээс авто машинд учирсан эвдрэл гэмтлийн талаар хохирлыг нэхэмжлэхгүй...” /хх-ийн 20 тал/ гэж тус тус мэдүүлсэн байх ба шүүгдэгч Ц.Б-нь хохирогч С.С.Б-д хохирол, хор уршигт тооцож 1.300.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.Бодлсайхан нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б-нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрэндархан овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.С.Б-гийн эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Санжаасүрэнд 100.000 төгрөг тус тус төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА