Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 673

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч П.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б- овогт П.А-д холбогдох эрүүгийн 1705003280000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 0тоотод оршин суудаг урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,  Б- овогт П.А-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч П.А-нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 456-83 тоотод оршин суух иргэн Э.Б-эд “үхэр авч өгнө гэж” 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн өдөр 3,000,000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авч иргэн Э.Б-ийг залилан, түүнд 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.А-нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 456-83 тоотод оршин суух иргэн Э.Б-эд “үхэр авч өгнө гэж” 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн өдөр 3,000,000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авч иргэн Э.Б-ийг залилан, түүнд 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.А-нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт ирээд надад 6 үхэр байна чи авах уу би хавар авч ирж өгье, надад мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би авахаар болоод нэг үхрийг 416,666 төгрөгөөр бодоод 2,500,000 төгрөгийг А-гийн Хаан банкны данс руу өөрийн Голомт банкны 2105010526 дугаарын данснаас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 0 тоотод байх гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр А- нь манай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг ажил дээр ирж надтай уулзаад “надад 7 сая төгрөг хэрэгтэй байна. Би Хэнтий аймаг руу явж үхэр цуглуулах хэрэгтэй байна" гэхээр нь “тэгвэл би чамд нэг мөсөн 8 сая төгрөг өгье, чи надад 20 ширхэг үхэр авч ирж өгөөрэй” гэж хэлээд 8 сая төгрөгийг интернэт банкаар А-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. А- надад хэлэхдээ “хавар ногоо цухуйхаар үхрээ авч ирж өгнө” гэж тохирсон ба бид 2 гэрээ байгуулаагүй. Би А-д итгээд л мөнгөө өгчихсөн юм. Тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын 15-наас хойш А-гаас үхрээ авья гэж нэхээд “мал туранхай түр хүлээ" гэж ярьж явсаар 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ба энэ өдрөөс хойш А- залгахаар утсаа авахаа больсон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А- над дээр ирээд би өгсөн мөнгөөр чинь ерөөсөө үхэр аваагүй, чиний мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан гэсэн... 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр П.А-гийн төрсөн дүү П.Арвин-Ургац нь өөрийн 5019189557 дугаарын данснаасаа миний Хаан банкны 5031122685 дугаарын данс руу 2 сая төгрөгийг бэлнээр шилжүүлсэн болно. ...Нийт 3 сая төгрөг авсан. Үлдэгдэл 7.500.000 төгрөгтөө П.А-гаар барилгын өрлөг, шаварын ажил хийлгэхээр тохиролцсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30, 120-121 тал/,

  

Шүүгдэгч П.А-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 03 сард Галсандамбын хамт Хэнтий аймгийн Батширээт, Дадал сумдуудаар үхрийн үнэ судалж ганц нэг айлуудаар орсон. Тэгээд шүлхий өвчин гарсан байхаар нь Л,Б-гэх хүмүүстэй уулзаад эхлээд мөнгийг нь авна гээд байхаар нь би Б-эс авсан мөнгөө өөр зүйлд зарцуулсан болохоор мал авч чадаагүй. Би хохирлын мөнгөнөөс 3 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 7.500.000 төгрөгийг ажил хийгээд Б-д өгөхөөр тохиролцсон. Б-н ажилладаг Т-ХХК-д би бригад авч өрлөг шавар хийхээр болсон... ” /хх-ийн  114-117 тал/ гэх мэдүүлэг, 

 

П.А-гийн 5006192315 дугаарын “Хаан” банкин дахь дансны хуулга /хх-ийн 89 тал/, хохирогч Э.Б-ийн 2105010526 дугаартай дансны хуулга /хх-ийн 24 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор П.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.А-нь хохирогч Э.Б-этэй 2010 оноос хойш барилгын ажил хамт эрхэлдэг байсан байх ба тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б-ийг “үхэр авч өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн өдөр 3,000,000 төгрөгийг тус тус түүнээс шилжүүлэн авч, иргэн Э.Б-эд нийт 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч П.А-ы хохирогч Э.Б-ийг хуурч, төөрөгдөлд оруулан үхэр авч өгнө гэж нийт 10.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч П.А-гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Түүнчлэн, хэрэг учрал нь 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 20, мөн оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд шүүгдэгч нь хохирогчийн 10.500.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өөрийн Хаан банкны 5006192315 тоот дансанд шилжүүлэн авсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу ял шийтгэлийг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.А-д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул түүнийг залилах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Э.Б-э нь мөрдөн шалгах ажиллагаанд “... үлдэгдэл төлбөр болох 7.500.000 төгрөгийг өөрийн ажил дээр өрлөг, шавар гэх мэт ажил хийлгэж байгаа. Надад гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж, шүүгдэгч П.А-нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би үлдэгдэл төлбөртөө Э.Б-ийн барилгын ажилд заслын ажил гүйцэтгэсэн. Одоо бид хоёрын дунд өр төлбөр байхгүй... гэж тус тус мэдүүлсэнд дүгнэлт хийж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.А-нь залиалах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт П.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.А-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА