Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 678

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Э.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б- овогт Э.Г-т холбогдох эрүүгийн 1905027260000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Мис” Нисэхийн авенок инжинер 4 курсийн оюутан, ам бүл 5 эцэг эх дүү нарын хамт, Төв аймгийн Борнуур сум 1 баг Өгөөмөр 3 гудамж 0 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 70 дугаар байр, 135 тоотод эгч ахын хамт амьдардаг, Б- овогт Э.Г-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Г-нь 2019 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 211 тоотод маргааны улмаас Ш.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.Г-нь 2019 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 211 тоотод маргааны улмаас Ш.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгаас ирээд 22 цагийн үед найз С-тай Хархорин захын урд уулзахад 10-н жилийн ангийн Г- цуг ирсэн. Г- бид нарыг ядуу гуйлгачингууд гээд доромжлоод бага зэрэг маргалдсан. Тэгээд үүрээр 04 цагийн үед унтаж амрах гээд хэвтэх үед дээрээс гараараа нэг удаа зүүн хацар хэсэгт цохихоор нь би босч ирээд яаж байгаа юм гээд маргаж байтал Г- уучлаарай гээд тэврэлдэе гээд 2 гараа алдлаад тэврэх гэж байгаа юм шиг болохоор нь би бас гараа алдлаад өөдөөс нь тэврэх гэтэл дахиад уруул болон хамар луу гараараа 3-4 удаа цохитол С-, Т- 2 салгаж холдуулсан. Миний хамар амнаас цус гараад байхаар нь 00-ын өрөө рүү орж угаатал хамар мурийгаад уруул унжчихсан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. ...Г- намайг зодож дээрх гэмтлүүдийг бүгдийг нь учруулсан... Натур эмнэлэгт 120.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан. Гэмтлийн эмнэлэгт 170000 төгрөгөөр хамраа янзуулсан. Г- надаас уучлалт гуйн бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Гэрч М.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хархорин захын урд талын “С-” караокед нэг өдөр цагийн ажил хийсэн юм. Тэгтэл найз Г- Төв аймгаас найз ирлээ гээд надаас ирж түлхүүр аваад миний амьдарч байсан түрээсийн байр луу явсан. Орой 03 цаг өнгөрч байхад караоке хаагаад Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 211 тоотод гэртээ ирэхэд Г- 10 жилийн ангийн хүүхэд Г-, С- хоёртой 0.75 литрийн архи бараг дуусч байсан. Өмнө нь пиво уусан гээд 2.5 литрийн 1 сав байсан. Надад нэг хундага хийж өгснийг нь уугаад дахиж уухгүй гээд уугаагүй. Тэр гурав архиа ууж дуусаад 2.5 литрийн пиво 3 шилийг авч ирээд ууж байгаад Г- нилээд согтсон байсан учир 00-ын өрөө орж бөөлжөөд гарч ирээд уухгүй гээд л зүгээр сууж байсан. Тэгтэл Г- чи ямар том болчихсон юм гээд шууд Г-ийг цохиод авахаар нь С-, М- хоёр Г-ийг барьж аваад цааш холдуулсан. Гэтэл Г- юм уусандаа жоохон хэтрүүлчихлээ би уучлалт гуйна гэж Г- руу дөхөж очоод дахиад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Бид нар салгахаар дахиад уучлалт гуйна гэж очоод 5-6 удаа Г-ийг цохиж зодсон...” /хх-ийн 9 тал/,

 

Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 16-нд Г-той хамт эгчийнх нь дэлгүүрт буулгаж өгөөд явж байхад Г- над руу залгаад хотод ороод ирчихлээ, уулзах уу гээд 18-19 цагийн үед Хархорин захын урд гурвуулаа уулзаад 2.5 литрийн 2 сав пиво, 0,75 литрийн архи нэг шилийг аваад хорооллын эцэст Т-гийн амьдарч байгаа түрээсийн байранд Г-, Г- бид гурвыг очиход М- байсан. Эхлээд нэг шилийг М- бид нартай хувааж уугаад хүнтэй уулзана гээд яваад өгсөн. шөнө 03 цагийн үед Т-г ажлаасаа тараад ирэхэд нь үлдсэн архиа Т-тэй хувааж уусан. Дахин 2.5 литрийн 3 шил пиво авсан. Эхний пиво ууж байтал М- ирсэн. М- пиво уугаагүй. Г-, Г- хоёр орон дээр зэрэгцэж сууж байснаа нэгнийгээ үгээр идэж байснаа Г-, Г-ийн хүзүү орчим цохиод автал Г- зөрүүлж цохиод хоёулаа хоорондоо зодолдохоор нь би Г-ийг бариад Т- Г-ийг бариад М- дундуур нь орж салгасан. Удалгүй Г- Г-ийг дахиад цохиод авахаар нь дахин салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан Ш.Г-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Г-ийн нүүр лүү гараараа цохиж нүүрэн дэх гэмтлийг учруулсан. Г-ийн биед учирсан бүх гэмтлүүд нь миний цохилтоос үүссэн гэмтлүүд мөн... Би Г-оос уучлалт гуйн бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна...” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7620 дугаартай “...Ш.Г-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал 2 нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх, дух, эрүү, ташаа, хэвлий нуруунд шалбаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 13 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлгаа /хх-ийн 16-19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ш.Г-ийн биед “тархи доргилт, хамар ясны хугарал 2 нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх, дух, эрүү, ташаа, хэвлий нуруунд шалбаралт, цус хуралт гэмтэл нь хэргийн 13 дахь талд авагдсан шинжээч эмчийн 7620 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Э.Г-ийн хохирогчийг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.Г-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Г-нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 211 тоотод архи уусангүй гэх шалтгааны улмаас хохирогч Ш.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Э.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогтой багын найзууд ба хохиролд 650.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн” гэж мэдүүлж оролцсон болно.

Хохирогч Ш.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-той сайн дурын үндсэн дээр эвлэрч ямар нэгэн маргаангүй болсон тухай хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч Э.Г-оос гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Г-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Г-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Г-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ш.Г-т 650.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА