Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 680

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт О.Н-т холбогдох эрүүгийн 1905025620000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэггэй, бага боловсролтой, сантехникч, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүн0-дугаар гудамжны0-тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 18 дугаар гудамжны нийтийн байрны 7 тоотод түрээсээр түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 382 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сар 25 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УГ86042076/, Б- овогт О.Н-,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Н- нь 2019 оны0-дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын ширээн дээр байсан иргэн Г. Х-ын Samsung s-8 plus /Самсунг Эс-8 плас/ маркын гар утсыг хулгайлж 530.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Н-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч О.Н- нь 2019 оны0-дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын ширээн дээр байсан иргэн Г. Х-ын Samsung S-8 plus /Самсунг Эс-8 плас/ маркын гар утсыг хулгайлан авч, 530.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:

 

хохирогч Г. Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны0-дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газар найз Э-, Х-нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн газарт ороод хоолоо захиалтал Э- бид хоёрын хоол түрүүлээд ирсэн. Бид хоёр түрүүлж идчихээд тамхилахаар гарсан. Тэр үед Х- үлдсэн байсан бөгөөд би гарахдаа өөрийн гар утсаа ширээн дээр орхиод гарсан байсан. Э- бид хоёр тамхиа татчихаад ороод ирэхэд миний ширээн дээр үлдээсэн байсан гар утас алга болчихсон байсан. Би Х-гаас өөрийнхөө гар утсыг асуутал "чиний гар утсыг нэг хүн ширээн дээрээс шүүрээд гарчих шиг боллоо" гэж хэлсэн. Тухайн үед Х- миний гар утсыг байсан үгүйг сайн анзаараагүй юм шиг байна лээ Шөлөндөө түргэн хоолны газрын зааланд хяналтын камер байсан бөгөөд тус камерыг шүүж үзэхэд нэгэн саравчтай малгай өмссөн эрэгтэй миний гар утсыг ширээн дээрээс шүүрээд маш хурдан гараад явж байгаа нь бичигдсэн байсан. Самсунг Эс-8 загварын гар утсаа би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Тэди худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан ба уг гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо санал гомдол байхгүй...” /хх-ийн 20-22 тал/,

 

гэрч У.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гарах үедээ Хосоо ширээн дээр утсаа орхиод гарсан байсан, гарахдаа надад утсаа орхиод гарсан талаар хэлээгүй. Нэг харсан хар өнгийн самсунг маркын утас байсан, нэг эргээд харсан чинь гар утас байхгүй байсан. Би уг хоолны газрын хамгаалагчид хэлээд хяналтын камер шүүж үзэхэд 20 орчим насны залуу ширээн дээрээс аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг бичигдсэн байсан...” /хх-ийн 25-26 тал/,

 

шүүгдэгч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн эмэгтэйтэй хамт явж байсан залуу нь гараад явчихсан санагдаж байна. Ингээд тэр эмэгтэй ариун цэврийн өрөөний үүдний ширээн дээр ганцаараа хоол идэх гээд сууж байсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд тэр эмэгтэй хоолоо авах гээд тек рүү явчихсан, гар утас нь ширээн дээр ил байхаар нь би хүнд мэдэгдэхгүй аваад гараад явсан...” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-15 тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгч, хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/

 

“А-" ХХК-ийн “...Samsung s8 plus гар утас нийт дүн 530.000 төгрөг...” гэх 719/083 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 31-32 тал/ бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Хэргийн үйл баримтаар 2019 оны0-дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын ширээн дээр байсан иргэн Г. Х-ын Samsung s-8 plus /Самсунг Эс-8 плас/ загварын гар утсыг шүүгдэгч О.Н- эзэмшигчид өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууц, далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.                                                                         

Шүүгдэгч О.Н-ын дээрх үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч О.Н-ын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Г. Х-т 530.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “А-" ХХК-ийн 2019 оны0-дугаар сарын 13-ны өдрийн 719/083 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Н-ын 2019 оны0-дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын ширээн дээр байсан иргэн Г. Х-ын Samsung s-8 plus /Самсунг Эс-8 плас/ маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 530.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч О.Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, хулгайн эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн авсан талаараа хохирогч Г. Х- мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Н-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Н- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор О.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 44, 46 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 56-63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч О.Н-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч О.Н- шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон гол нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Н-т мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА