Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 683

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч: Н.Д-,

Шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- овогт С.С-д холбогдох эрүүгийн 1805064480000 дугаартай хэргийг 20-9 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 6, эцэг, эх, ах, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин 53 дугаар гудамжны 0- тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, И- овогт С.С-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч С.С- нь 20-8 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-" нэртэй караокены гадна Н.Д-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.С- 20-8 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-" нэртэй караокены гадна Н.Д-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн “...

...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “20-8 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлынхаа Х-, Т-, М- нарын хамт хорооллын эцсийн Сотын байранд байдаг Зочид буудалд архи ууж байгаад 20-8 оны 12 дугаар сарын 07-ны 0- цагийн үед бид нар дуулах гээд хорооллын эцэст байдаг А- нэртэй караокед орж 0.5 литрийн пиво 5 шилийг авч үйлчлүүлж байгаад шөнө 02 цагийн үед гарч тамхи татаад зогсож байсан чинь үл таних залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би хэсэг хугацааны дараа босч ирэхэд тэр залуу байхгүй байсан. Сүүлд нь би машины дугаараар нь хайж байгаад намайг цохиж гэмтэл учруулсан залууг С-гэдгийг мэдсэн. ...Би баарны тооцоог хийгээд найз нартай гараад ирсэн байхад зөөгч нь дутуу хийсэн байна гэхээр нь би бүрэн хийсэн гээд биллийг үзүүлсэн. Тэгээд дутуу байхаар нь би дутуу тооцоог хийгээд явах гэтэл С-гэх залуу тооцоог нь хийж чадахгүй бол яах гэж уусан юм бэ гэхээр нь би чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд явах гэхэд С-ирээд намайг цохисон. ...Миний толгой өвдөж хамар хөндүүр баруун чихний дээд хэсэг шалбарсан, үүдэн хоёр шүдний паалин сэтэрсэн...” /хх-ийн 10-13 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...20-8 оны 12 дугаар сарын 07-ны ...шөнө 0- цаг өнгөрч байхад хороололд Файр баарны гадна ирээд зогсож байсан чинь найз С-тэй таарсан. С-таксинд явна гэсэн тэгээд ...хүлээгээд зогсож байхад С-нэг танихгүй залуутай маргалдаад нөгөө залуу нь газар уначихсан байсан. Тэгээд би уг газраас хөдлөөд С-ийг зам дээрээс аваад ажил дээр нь хүргэж өгсөн...” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг

 

Гэрч Ө.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 20-8 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Файр баарны гадна өөрийн эзэмшлийн 0-улсын дугаартай авто машинаар таксинд явж байтал манай найз Санчир ирж суугаад бид хоёр Хүчит шонхорын тийшээ явсан. Тухайн үед найзаасаа болоод хүнтэй муудалцаад явж байна гэж хэлсэн...” /хх-ийн 54 тал/

 

Шүүгдэгч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би 20-8 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз Одсэр хорооллын эцсийн Файр бааранд байна, ирээд авчих гэхээр нь 0- цаг өнгөрч байхад яваад очтол Одсэр байхгүй байсан. Би баарны үүдэнд Хувьтөгөлдөр гэх найзтайгаа тааралдсан. Хувьтөгөлдөртэй яриад зогсож байтал 2 залуу баарнаас гарч ирсэн ба баарны эмэгтэй ажилчинтай маргалдаад байхаар би наанаас нь мөнгөө өгөөч ээ гэтэл нөгөө хэрэлдээд байсан залуу би тооцоогоо хийчихээд гараад ирье, чи наанаа байж бай гэхээр нь би Хувьтөгөлдөрийн машинд сууж байсан. Энэ үед нөгөө залуу хүрч ирээд машины цонх тогшоод намайг буугаад ир гээд байхаар нь би буусан. Тэгээд би машины урд талын хаалгаар буугаад нөгөө залууг зогсож байхад нь очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу газар унасан. Би тэндээс яваад өгсөн. Ингээд байж байтал цагдаа нар намайг дуудаад би очсон. ...” /хх-ийн 49-50 тал/ гэх мэдүүлгүүд, 

 

405 дугаар хаалттай хорих ангийн даргын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-ийн 98 тал/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 95 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-88 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 20-8 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  0-6 дугаартай “Н.Д-гийн биед хамарт цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-88/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай захирамж /хх-ийн 95 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Н.Д-гийн биед “хамарт цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон болох нь хэргийн 19 дэхь талд авагдсан шинжээч эмчийн 0-6 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч С.С-ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.С- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.С-ийг 20-8 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-" нэртэй караокены гадна хохирогч Н.Д-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч С.С-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь хор уршигтай холбоотой 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.С- нь тус шүүхийн шүүгчийн 20-9 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай захирамж /хх-ийн 95 тал/-аар энэхүү эрүүгийн 1805064480420 дугаар хэрэгт мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу эдлэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Мөн шүүгдэгч шүүгдэгч С.С- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 77-88 тал/-оор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2-д “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэдэн хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан тул шүүгдэгч С.С-ийн 20-8 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-" нэртэй караокены гадна хохирогч Н.Д-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг өмнөх хэрэгт нэгтгэн нэг бүр шийдвэрлэхээр байжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.С- ял эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдээгүй, хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэвч шүүгдэгч С.С-д энэ шийтгэх тогтоолоор бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, сөрөг үр дагавар үүсгэхгүй гэж шүүх дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх шаардлагатай.

 

Иймд шүүгдэгч С.С-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.С-ийн өмнөх шийтгэх тогтоолоос биечлэн эдлээгүй хорих ялтай нөхцөл байдлыг харгалзаж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И- овогт Санжаадоржийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч С.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 420 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний 30.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч С.С-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20-9 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20-9/ШШТ/441 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 0- жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Д- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА