Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ÄØÌ/44

 

 

М.Тод холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.М,

            Хохирогч: Т.Х,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х,

            Шүүгдэгч: М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Тод холбогдох, эрүүгийн 201710000104 дугаартай, 2 хавтас, 288 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Т -д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт 36-19 ДГА улсын дугаартай, саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2, 9.3 дахь

заалтуудыг зөрчиж явган зорчигч Т.Хг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Тыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ауюлгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Тод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

шүүгдэгч М.Тын бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зардал 582942 төгрөг, 3, 4 дүгээр сарын цалингийн зөрүү 767025 төгрөг, бүгд 1349967 төгрөгийг шүүгдэгч М.Тоос гаргуулж хохирогч Т.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Т.Х нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүү зэргийн талаар нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Тын 891356 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг, ... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хугацаат цэргийн албанд 2011 онд алба хааж, 2013 онд тус аймгийн Цагдаагийн газар мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажилд орж 2016 оноос эрүүгийн цагдаагийн тасгийн туслах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2017 оны 3 сарын 17-нд зам тээврийн осол хийж анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хорих ял сонссон. Миний бие 1 нас 11 сартай охин Т.Сарангоогийн хамт хоёулаа амьдардаг, эхнэр Ц.Энхжин салж гадаадад удаан хугацаагаар ажиллахаар явсан. Надад ажлын санал ирсэн, хэрвээ хорихоос өөр төрлийн ял авбал хохирогчид цаашид гарах хохирлыг төлнө. Миний байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирол төлсөн асуудал яригдаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Тын үйлдсэн хэрэг нотлогдон тогтоогдож, шүүхээс үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл ангиар шийтгэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэсэн заалтын дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа тул хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хохирогч Т.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчээс сая гаруй төгрөг өгсөн. Шүүгдэгчийн ялын хувьд надад санал байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд төлөгдөхөөр заагдсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн учраас хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой байна. Хавтаст хэргийн 242-243 дугаар хуудсанд авагдсан өрхийн эмчийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолтоор Сарангуа нь эцэг Тын асрамжинд байдаг талаарх баримт байгаа, үүгээр Тыг ганц бие эцэг гэдгийг нотолж байгаа юм. Т нь одоогийн байдлаар хохирлыг бүрэн төлсөн байгаа, хохирогчид цаашид баримтаар гарсан зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдлыг түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Т нь согтуугаар автомашин жолоодож явахдаа явган зорчигч Т.Хг мөргөж бие махбодид нь зүүн шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр,  духны зүүн дээд хэсгээс зүүн хацар шанааг хамарсан зулгаралт, уруул, хамар, эрүүний хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд тус тус учруулсан тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял шийтгэсэн 2017/ШЦТ/87 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч М.Тын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан,  хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа боловч шүүгдэгч нь хохирогчоос нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1349967 төгрөгийг төлж барагдуулаагүй тул анхан шатны шүүх түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

 

Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт      “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 заасан гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг болж, уг гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарахаар болсон байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан тул шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь М.Тыг анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй гэж үзэж, түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн нь зөв болсон, шүүгдэгч энэ үндэслэлээрээ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2, 2.1, 3, 3.3-т зааснаар шүүгдэгч М.Тод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж,  

“Эрүүгийн хуулийн  /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж нэмэлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Т нь нийт 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

   

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                   А.САЙНТӨГС