Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 471

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.О,

Хариуцагч: *** дүүргийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхийг хариуцагчид даалгах” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, гэрч Ц.Г, М.Г, О.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ч.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.О миний бие *** дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогчоор ажиллаж байсан. *** дүүргийн Засаг дарга Ч.Р нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/16 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. *** дүүргийн Засаг дарга  захирамжиндаа “...*** дүүргийн Засаг даргаар томилогдсон өдөр буюу 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс ажил үүргээ орхин, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогч Ч.Ог 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил, албан тушаалаас нь халсугай” гэжээ. Миний бие дээрх хугацаанд хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ажил тасалсан зүйл огт байхгүй байхад үндэслэлгүйгээр хууль зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсанд гомдолтой байгаа бөгөөд ажлаас халсан захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч, хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан боловч “... төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу авсан. Энэ дагуу 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандан гомдол гаргасан боловч “...дээрх асуудал нь тус зөвлөлийн хүлээн авч, хянан  шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан *** дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ”Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан тайлбарыг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Засаг дарга Ч.Р 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 05 цагт *** дүүрэгт ирж ажил тарсны дараа ажлаа хүлээж авсан байгаа. Мөн 10, 11, 14, 15-ны өдрүүдэд Ч.О ажлын байрандаа байсан. Гэхдээ Ч.Ртай уулзах боломж олгогдоогүй. Ажлаа хийж байсан атал ор үндэслэлгүйгээр ажил тасалсан гэдэг. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь өөр ямар нэг сэдэлтэй байгаа. Учир нь албан ёсоор уулзаад, төрийн залгамж халаа гэдэг утгаар ажлаа хүлээлцэж өгөх боломжууд байсан. Гэтэл Засаг дарга өөрөө дур мэдэн ажил тасалсан гээд сахилгын шийтгэл ногдуулна гэсэн нь тэтгэвэр тэтгэмж олгохгүй гэсэн санааг давхар агуулсан гэж ойлгож байгаа юм. 

2016 оны 04 дүгээр сард *** дүүргийн Засаг дарга Х.Б, түүний орлогч Т.Ч, Ч.З нар амарсан. 07 дугаар сард амрах ёстой байсан бөгөөд тухайн амралтыг Нийслэлийн Засаг даргаас ирсэн захирамжийн дагуу хойшлуулаад, орон нутгийн сонгууль өнгөрсний дараа 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж амарсан. Энэ үеэс Ч.О Засаг даргын ажил хариуцан үлдсэн. Энэ нь Х.Б, Ч.З, Т.Ч нарын гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдоно. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Ч.О Засаг даргын үүргийг гүйцэтгээд үлдэж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** дүүргээс нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг зарлаад, Засаг даргыг төлөөлж Ч.О оролцсон. Тэгэхээр 07-ны өдөр эрх зүйн актын үйлчлэл хамаарахгүй байгаа юм. 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөнийг ярих болсон шалтгаан нь тус зөвлөгөөнийг зөвхөн Засаг дарга явуулах ёстой байсан. Гэтэл тухайн үед Ч.О орлож байсан учраас тус зөвлөгөөнд Ч.О оролцоод, *** дүүргийн Засаг даргыг ирснээр ирц бүртгэсэн байдаг. 09-ний өдөр ажил үүрэг хэвийн явагдаад, орой ажил тарж байхад 16 цаг 30 минутад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас яриад шинэ Засаг дарга томилсон тухай танилцуулаад ажил хүлээлцэх хүмүүс замдаа гарсан тухай хэлсэн. Тэгээд 17 цагийн үед ажил тарж байхад хүмүүсийг дуудаад, ирсэн хүмүүсийн хүрээнд ажил хүлээлцсэн. Энэ үед ажил тарсан байсан учраас Ч.О ирж чадаагүй. Засаг даргын Тамгын газрын дарга О.М оролцоод, Засаг дарга нар ажлаа хүлээлцсэн. Энэ нь ажил тарсны  дараа болсон үйлд явдал юм.    

Эхний өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Үүнийг нэг өрөөнд хамт ажиллаж байсан Ц.Г нотолно. Энэ хүний хувьд ажил тасалсан тухай 4 өдөр яригдаж байгаа. Эдгээр өдрүүдэд Ч.О ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад  Засаг даргын орлогчийн болон үүрэг гүйцэтгүүлж үлдээсэн. Энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны М ХХК-д *** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Шинэ *** цэцэрлэгт хүрээлэнд Итали Улсын хөрөнгө оруулалтаар олон улсын хэмжээний зам тавигдаж байгаа тул гүйлтийн замын хучилт хийхэд ойр орчмын суурь хийх үед үүссэн шороог зайлуулах шаардлагатай бөгөөд, уг шороог зөөж, тээвэрлэх, шилжүүлэх техник, тоног төхөөрөмжид хамтран ажиллана уу гээд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2/368 дугаартай албан тоотод Ч.О гарын үсэг зурж явуулсан байдаг. Энэ шороог зайлуулахтай холбоотой М ХХК-ийн зүгээс Ч.Отэй ирж уулзсан юм. 

Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Ц.Г болон тус компанийн төлөөлөл нийлээд 3 хүн, ямар техник, тоног төхөөрөмж хэрэгтэй вэ гэдэг асуудлыг яриад Шинэ *** цэцэрлэгт хүрээлэнд, газар дээр нь очиж ажиллаж байсан нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоно. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг байгаа. Тус өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Нийслэлийн *** дүүргийн Засаг даргын нэр дээрх албан тоотыг Ч.О зурж явуулсан байгаа. Мөн байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан байдаг” гэв.

Хариуцагч *** дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.О нь *** дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Бын бүрэн эрхийн хугацаанд түүний Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогчоор улс төрийн шийдвэрээр томилогдон ажиллаж байсан улс төрийн албан хаагч юм. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар дүүргийн иргэд Монгол Ардын Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийг сонгож, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, ялалт байгуулсан. Ардчилсан намд орон нутгийн сонгуулиар иргэд улс төрийн хариуцлага хүлээлгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ердөө 4 суудал авч ялагдал хүлээсэн. Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ч.О нь улс төрийн албан тушаалтны хувьд улс төрийн хариуцлага хүлээж, хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ ухамсарлан ойлгож байсан боловч, тэртээ тэргүй ажлаас чөлөөлөгдөх юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж, ажлаас чөлөөлсөн дүүргийн Засаг даргын албан ёсны шийдвэр гараагүй байхад төрийн ажлын залгамж чанарыг умартан алдагдуулж, дүүргийн Засаг дарга томилогдон ажил албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс ажлаа сайн дураараа орхин, ажил тасалж, Засаг даргыг үл хүндэтгэсэн байдал гаргасан учир Засаг дарга захирамж гарган хууль, тогтоомж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэрэв Ч.О нь Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогчийн хувьд Засаг даргад ажлаа танилцуулан, хууль, тогтоомжийн дагуу зохих ёсоор нь ажиллаж байсан бол сахилгын шийтгэл ногдуулах шаардлага байгаагүй. Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.5-д “Ажлаас хоцорсон, ажил хийдүүлсэн шалтгааныг тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл энэ үеэр Тамгын газрын ажилтан, албан хаагчид амралтын хоногуудад ч гэсэн өдөр, шөнөгүй ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд ...хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгодог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ...албан тушаал хамаарна”, 6.1.12 дахь заалтаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг хамааруулсан байна. Тиймээс дүүргийн Засаг даргын орлогч бол сонгуулийн үр дүнгээр томилогдож, чөлөөлөгдөж байдаг улс төрийн албан тушаалтан юм. Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг дарга зөвхөн нэг орлогчтой байх байтал Ч.О нь хууль бусаар томилогдон ажиллаж байсан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт “сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх...”гэж заасан байна. Дүүргийн Засаг даргын захирамжийг хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гаргасан тул Ч.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх боломжгүй юм. Иймд иргэн Ч.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ч.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, *** дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл тус дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “*** дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

Ч.О нь *** дүүргийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дүгээр захирамжаар  Засаг даргын дэд бүтэц, тохижилт, нийтийн аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан орлогчоор томилогдож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар  уг ажил, албан тушаалаас халагджээ.

Нэхэмжлэгч “Миний бие хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ажил тасалсан зүйл огт байхгүй байхад үндэслэлгүйгээр хууль зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсанд гомдолтой” гэж, харин хариуцагч “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил үүргээ орхин, ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэж тус тус маргажээ. 

Хариуцагч *** дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрхийг Ч.Од эдлүүлээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгаагүй, түүнд мэдэгдэж, тайлбар авалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил, үүргээ орхин, ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь Ч.Ог 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсан талаарх гэрч Ц.Г, М.Г, О.М нарын мэдүүлгүүд  -ээр  нотлогддог.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д “Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлнө” гэж заасан бөгөөд *** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар  Засаг даргын орлогч дарга нарын хийсэн ажлын үр дүнг дүгнэж, хариуцлага тооцох, мөн холбогдох хууль тогтоомж болон ... бүтэц, орон тооны дагуу Засаг даргын орлогчийг томилон ажиллуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, зөвшилцөхийг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.

Уг хуралдаанаар Засаг даргын орлогч нарын асуудлыг дахин оруулж, зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байхад өмнөх Засаг даргын орлогч нарын ажлын үр дүнг тооцох, дүгнэх ажиллагааг хийлгүйгээр, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймээс *** дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Од үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл Ч.Огийн ажилгүй байсан 5 сар 28 хоногийн цалин хөлсийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, уг хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон Ч.Ог урьд эрхэлж байсан *** дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Учир нь  нэхэмжлэгч Ч.Огийн эрхэлж байсан *** дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д зааснаар сонгуулийн үр дүнд томилогдон ажилладаг Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд ажилладаг улс төрийн албан тушаалтан бөгөөд, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан төрийн албан хаагч боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан “”энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохилдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах албан тушаалд хамаарахгүй.  

Тийм учраас сонгуулийн үндсэн дээр шинээр томилогдон ажиллаж байгаа Засаг дарга Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснан бүрэн эрхийн хүрээнд Засаг даргын орлогчийг чөлөөлөх эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Огийн гаргасан “*** дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах боломжгүй гэж үзлээ.

Харин *** дүүргийн Засаг даргаас өмнөх Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор томилогдсон Засаг даргын орлогчийн албан тушаалаас Ч.Ог чөлөөлөх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч Ч.Ог ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дүгнээд нэхэмжлэгч Ч.Огийн “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Огийн ажилгүй байсан 5 сар 28 хоногийн цалин хөлсийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, уг хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж,  “Урьд эрхэлж байсан *** дүүргийн Засаг даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** дүүргийн Засаг даргаас Ч.Ог Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч Ч.Ог ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Ч.******* нарт мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.2.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Урьд эрхэлж байсан *** дүүргийн Засаг даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** дүүргийн Засаг даргаас Ч.Ог Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч Ч.Ог ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

2.Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Огийн гаргасан “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Огийн ажилгүй байсан 5 сар 28 хоногийн цалин хөлсийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дунджаар тооцон, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, уг хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *** дүүргийн Засаг даргад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН