Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1279

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2016/03863 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох

 

"ХХХХ" ХХК-ийн 2015 оны 102 тоот тушаалыг хүчингүй болгож, ХХХХ-ийг жолооч, нярвын ажилд эгүүлэн тогтоож, хохиролд 78 000 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс 4 573 013 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                            ХХХХ  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                    Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх удирдлага ХХХ нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны Баасан гаригийн өглөө цацрагийн ажилтан ХХХХ, жолооч ХХХХ нарыг өрөөндөө дуудан орон тоо цомхотгож байгаа тул та хоёрыг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас халах шийдвэрийг ТУЗ-ын хурлаас гаргасан тул ажлаас халлаа гэж амаар мэдэгдсэн билээ. ХХХХ миний бие нь “ХХХХ” ХХК-д 2006 оноос хойш 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл жолооч нярваар ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, нэг сарын татварын дараах гар дээр цэвэр олгох 500 ам.долларын цалинтай нэг жилийн хугацаатай 102 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Би ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан. Гэтэл уг компани нь надад урьдчилан мэдэгдэлгүйгээр орон тооны цомхтгол нэрээр гэрээний хугацаа дуусаагүй байхад гэнэт 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ажлаас халах тухай ВПМ/01/15 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

1.Ийнхүү намайг ажлаас халсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, хөдөлмөрийн гэрээний 14.2-т заасныг тус тус зөрчсөн тул албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авах, эсвэл хөдөлмөрийн гэрээ дуустал хугацааны цалин болох 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 7 сарын гар дээр олгох цалин болох 3 500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг нөхөн авч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх,

                2. Хоёр ажилтанг ажлын орон тооны цомхтгол гэсэн ижил нөхцөлөөр халах мэдэгдэл гаргачхаад нэгийг нь буцааж ажилд нь оруулаад өөрийг нь халсан гэдэг гомдлоор сэтгэл санааны хохирол болох 3 000 000 төгрөг гаргуулах,

  1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан заалтыг зөрчиж 2010 оноос хойш нэг ч удаа ээлжийн амралт олгож биеэр эдлүүлээгүй тул уг 4 жилийн хугацааны хохирол болох 3 800 000 төгрөгийг нөхөн авах,
  2. 1 дүгээр сарын 30-ны өдөр захирал ХХХ нь "Чи хүүхдээ хараад гэртээ суухгүй юу" гэж доромжилсон. ХХХ нь монгол хэл мэдэхгүй бөгөөд компанийн орчуулагч н.Гэрэлчимэг хэлмэрчилсэн тул гэрч болно. Монгол Улсын иргэн эрэгтэй хүн 60 нас хүртлээ хөдөлмөрлөх эрхтэй бөгөөд 60 нас хүрч тэтгэвэрт гарсны дараа гэртээ суух эсэхээ өөрөө шийдэх бөгөөд гадаадын хэн нэгэн иргэнд өөрийн эх орондоо байхдаа ингэж доромжлуулсан тул сэтгэл санааны хохирол болох 36 000 ам.доллар /48 настай тул 60 нас хүртэл гэрт суулгахаар шийдсэн тул нийт 144 сарын цалингийн хагас нь болох/-тай тэнцэх төгрөг өөрөөс нь гаргуулах,
  3. Албан тушаалаар далайлган ажлын байранд 2 жил гаруй хугацаанд дарамталсан тул хохирол болох 5 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.Иймд “ХХХХ” ХХК-ийн захирлын 2015 оны 102 тоот тушаалыг хүчингүй болгож, ХХХХ намайг “ХХХХ” ХХК-ийн жолооч нярвын ажилд эргүүлэн тогтоож, нийт 89 800 255 төгрөгийг уг компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн дагуу дахин шинээр тоолсон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг нэг cap гаруй хугацаагаар хэтрүүлсэн байна. ХХХХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 1-гээс 5 дахь хэсгийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Иргэний хуулийн чухам ямар зүйл заалтыг үндэслэж шаардаад байгаа нь ойлгомжгүй нотлох баримтгүй, мөн тус компанитай хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ХХХ-гийн албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцтай холбоогүй, хувийн тааламжгүй харьцаанаас үүдсэн асуудлаар компанитай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн 4 хэсгийн сүүлийн өгүүлбэрт "өөрөөс гаргуулах" , 5 хэсэгт "албан тушаалаар далайлгасан" гэх мэтээр хувь хүнтэй холбоотой маргаан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн ба хууль зүйн ямар үндэслэлээр хуулийн этгээд, хувь хүний өмнөөс хариуцлага хүлээх ёстой нь тодорхой бус байна. Тиймээс бидний зүгээс ХХХ гэдэг хувь хүнийг төлөөлж тайлбар өгөх, хариуцлага хүлээх боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс нэгэнт ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ВПМ/01/15 дугаар тушаал 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр олгогдсон "Гэнэт халагдсаны тэтгэмж", амралтын мөнгө болох 4 573 013 төгрөг 14 мөнгийг ХХХХт олгосон. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг харахад ажил, албан тушаалаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардсан гомдлоос гадна "сэтгэл санааны хохирол"-ыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шинжтэй зүйл байгааг шүүх анхааран улсын тэмдэгтийн хураамжийг зайлшгүй төлүүлэх шаардлагатай байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс ХХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ВПМ/01/15 дугаар тушаалыг үндэслэн 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр олгогдсон "Гэнэт халагдсан тэтгэмж", амралтын мөнгө болох 4 573 013 төгрөг 14 мөнгийг ХХХХ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон ХХХХ-ийн дээрх мөнгийг авах хүсэлт зориггүй, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эрүүлэн томилогдох чин хүсэл зоригтой байдлыг харгалзан үзэж 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр олгогдсон "гэнэт халагдсаны тэтгэмж", амралтын мөнгө болох 4 573 013 төгрөг 14 мөнгийг ХХХХаас нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ. Иймд 4 573 013 төгрөгийг ХХХХаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ үндсэн дээр хуулиар олгогдох ёстой гэнэт халагдсаны тэтгэмж болон амралтын мөнгийг авсан гэж үзэж байгаа тул "ХХХХ" ХХК-ийн нэхэмжилсэн дээрх мөнгийг буцаан олгох боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэж заасан байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ХХХХ-ийг “ХХХХ” ХХК-ийн жолооч, нярвын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 13 998 525 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлээс 64 001 475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХаас 4 573 013 төгрөгийг гаргуулж хариуцагч “ХХХХ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч "ХХХХ" ХХК-иас 227 942 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч ХХХХаас 88 120 төгрөг гаргуулж хариуцагч хариуцагч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ олгогдвол зохих амралтын олговрыг хариуцагч олгоогүй, хариуцагч хоёр ажилтныг ажлаас халсан боловч нэг ажилтныг ажилд нь буцаан томилсон нь тэгш бус ялгавартай хандсан, "тэтгэвэрт гартлаа хүүхдээ хараад байж бай" гэж дарамталсан тул тэтгэвэрт гарах хүртэлх хугацааны цалингийн орлогыг тооцсон гэх үндэслэлээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар нотлогдохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олговол зохих амралтын олговрыг хариуцагч олгоогүй гэх байдал тогтоогдохгүй, /хариуцагч хоёр ажил нэхэмжлэгчид уг үйлдлийн улмаас хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх гэсэн энэ хэсгийн утга тодорхойгүй/ байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлага үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дөрвөн жилийн хугацаанд ээлжийн амралт авч байгаагүй, ээлжийн амралтын олговрыг аваагүй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир хариуцагчаас 64 001 475 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн нь үндэслэлгүй болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь "компанийн захирал ХХХ гэдэг хувь хүний ажилчиндаа гаргасан хувийн харьцааны өмнөөс компани хариуцлага хүлээхгүй" гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн нь ХХХ гэдэг хүн "ХХХХ" ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамт үзүүлдэг байсныг тодорхой нотолсон, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч ХХХХ-ийн нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээс ээлжийн амралт эдэлж байгаагүй, амралтын мөнгө авч байгаагүй гэдэг нь тодорхой харагдсаар байхад нотлох баримт байхгүй, хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03863 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 64 001 475 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч "ХХХХ" ХХК-д холбогдуулан 2015 оны 102 тоот тушаалыг хүчингүй болгож, ХХХХ-ийг жолооч, нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор, ээлжийн амралт эдлээгүйн урамшуулал, хохиролд нийт 78 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргаж, нэхэмжлэгчээс 4 573 013 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

           

Ажил олгогч "ХХХХ" ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ВПМ/01/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ХХХХ-ийг жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 12 дугаар тал/

 

Ажил олгогч байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нээлттэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч "ХХХХ" ХХК-д ажлын байрны орон тоо цомхотгогдсон, цөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч энэ байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймээс "ХХХХ" ХХК-ийн ажлын орон тоо хасагдсан, орон тоогоо цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХт олгосон 4 573 013 төгрөгийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч ХХХХ нь "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХ нь ажилтанд тэгш бус хандаж, хоёр ажилтны нэгийг буцаан ажилд авсан учраас сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг, 2010 оноос хойшхи ээлжийн амралт эдлүүлээгүйн улмаас учирсан хохиролд 3 800 000 төгрөг, хувийн таарамжгүй харьцааны улмаас зохисгүй үг хэлж “Чи хүүхдээ хараад гэртээ суухгүй юу” гэж гутаан доромжилсон учраас хохиролд 36 000 ам.доллар, ажлын байранд 2 жил гаруй доромжилсон учир хохиролд 5 000 000 төгрөгийг тус компаниас гаргуулна гэсэн шаардлага гаргасан эдийн бус гэм хорыг арилгуулах агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт хуулиар тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэх боломжтой юм.  

 

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагад дурдаж буй ажилтны эрхийг ажил олгогчийн зүгээс зөрчих, зохимжгүй үг хэлээр гомдоох зэрэг тохиолдолд гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардсан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч өөрийнх нь нэр төр гутаасан гэх нэхэмжлэлийн шаардлагын бодит үндэслэл  хэргийн баримтаар тогтоогоогүй тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагчид ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралтыг олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр олгоно” гэж зааснаас үзэхэд зохигчид ээлжийн амралт эдлүүлээгүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох талаар тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх ээлжийн амралт нэхэмжлэгчийг эдлүүлээгүйтэй холбогдуулан мөнгөн төлбөр тооцон хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзсэнийг буруутгах болмжгүй байна.  

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь нэхэмжлэгч ХХХХ-ийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг "ХХХХ" ХХК-ийн жолооч, няравын ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн заалттай нийцсэн байна гэж дүгнэв. 

 

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “… ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох”-оор заасны дагуу ажилгүй байсан хугацаанд бодож нийт 13 988 525 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн зөв болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй талаар шүүхийн шийдвэрт нэмж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2016/03863 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын

 

“...нэхэмжлэгч ХХХХт олгож” гэсний дараа “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.2, Хөдөлмөрийн  хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 64 001 475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

 

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО