Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 685

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1905014330000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Э-” ХХК-д жолооч, борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 3 дугаар гудамжны0-тоотод оршин суух хаягтай, тус байрны 4-12 тоотод түрээсээр түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Б- овогт Б.Б-д

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Бнь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн0-дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах 25 дугаар байранд “манай найз охины гэрийн хаалгыг тогшоод дуудаад өгчих, би гар утсаар чинь найз охин руугаа залгая, утсаа өгч бай" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч насанд хүрээгүй хохирогч Ц.Е-iphone-6 S /Айфон-6 Эс/ маркын гар утсыг авч зугтаан буцааж өгөлгүй, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Е-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 30-40 минутын үед А-ийн хамт сургуулиасаа гараад түүний эмээгийн амьдардаг Баянгол дүүргийн 15-р хорооны нутагт байрлах 25-р байр руу орсон. А- бид хоёр 7 давхарт гарах гээд лифтийг дарахад ажиллахгүй болохоор нь 7 давхарт алхан гараад А- эмээдээ ууттай зүйл өгсөн... Миний Айфон-6 Эс маркын гар утсыг А- бид хоёрыг түлхсэн хүн халааснаас аваад зугтаачихсан араас нь А- бид хоёр гарахад зугтаагаад яваад өгсөн... Зодож, айлган сүрдүүлж, Дарамталсан зүйл байхгүй... Би Айфон-6 Эс маркын гар утсаа хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 30 минутын үед хичээл тарсны дараа сургуулиасаа гараад найз Е-ийн хамт гэр лүүгээ явж байсан. Тэгэхэд Е-өөрийнхөө чихэвчтэй гар утсыг бариад явж байсан. Билэг их дэлгүүрийн ард талд байх 9 давхар байрны урдуур Е-бид хоёр алхаад явж байхад нэг ах хажуу талд ирээд “манай найз охиныг 25 дугаар байрнаас дуудаад өгөөч, та хоёрт 2000 төгрөг өгье, энэ байрны 8 дугаар давхарт манай найз охин А-байгаа гээд Е-бид хоёрын хамт тэр ах байрны 8 давхарт гарсан. 8 давхарт тэр ах Е-ийн Айфон-6 маркын гар утсыг “ахдаа өгч байгаач, найз охин луугаа залгая гэж хэлэн авсан. Тэгээд 8 давхарын шатны эхний хаалгыг тогшоод найз охиныг маань дуудчих гэж хэлэхээр нь хаалгыг тогшиход А-гэх хүн байхгүй гэсэн. Энэ үед тэр ах бид хоёрын ард байсан ба Е-ийн гар утсанд дуудлага ирлээ гэж хэлэн Е-эд гар утсыг өгөхөд “гадуур явж байна" гэж Е-хэлсэн. Тэр ах 8 давхар биш юм байна, 9 давхарт гарчих, утсаар чинь мессэж бичье, дуу ихтэй байна, 7 давхарт хүлээж байя гэж хэлэн Е-ийн гар утсыг дахин авсан. Тэр ах 7 давхар руу буухад Е-бид хоёр 9 давхарт гараад 2 айлын хаалгыг тогшсон боловч А-гэх хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Е-бид хоёр доошоо буухдаа давхруудаар тэр ахыг хайсан боловч байхгүй байхаар нь байрнаас гадаа гарахад тэр ах байхгүй байсан... Зодож цохисон зүйл байхгүй. Гар утсаа өгчих гэхээр нь Е-зүгээр л өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Гэрч Э.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Б.Б-оос хүний гар утас авсан гэж сонссон. Гэр бүлээ ганцаараа тэжээдэг байсан учир мөнгөний хэрэг гараад л ийм хэрэгт орсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13-14 цагийн үед Баянгол дүүргийн0-дугаар хорооны нутаг дэвсгэрт “Э-" ХХК-ийнхаа бүхээгтэй амьжиргаа цагаан маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад 10-н жилийн бололтой 2 хүүхэд 9 давхар байрны урд талд нэг хүүхэд нь гар утсаараа яриад байрны орц руу орохоор нь араас нь дагаж ороод 2 хүүхдийн араас 7 дугаар давхарт гараад “гар утсаа өгч байгаач, ганц ярия" гэж хэлээд гар утсыг нь аваад байрны орцноос гараад зугтаачихсан... Надад мөнгөний хэрэг гараад хүүхдийн барьж явсан гар утсыг авсан ба кодтой болохоор нь зарж ашиглаагүй... Гар утсыг нь надаас цагдаа хурааж аваад хохирогчид өгсөн....” /хх-ийн 31-32 тал/ гэх мэдүүлэг,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “...Айфон 6 эс загварын хуучин гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 350.000 төгрөгөөр тогтоов” гэх /хх-ийн 15-16 тал/ дүгнэлт,

 

эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 9-10 тал/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37 тал/, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн0-дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах 25 дугаар байранд насанд хүрээгүй хохирогч Ц.Е-iphone-6 S /Айфон-6 Эс/ загварын гар утсыг зохимол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулан хуурч авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б-нь насанд хүрээгүй хохирогч Ц.Е-эд өөрийн найз охин А-25 дугаар байранд амьдардаг, дуудаад өг, би утсаар чинь залгаад дуудъя гэж худал хэлж итгүүлэн, улмаар түүний гар утсыг өөртөө авсан үйлдэл тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч 350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болох Айфон 6 Эс загварын гар утсаараа хохирсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн0-дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах 25 дугаар байранд “манай найз охины гэрийн хаалгыг тогшоод дуудаад өгчих, би гар утсаар чинь найз охин руугаа залгая, утсаа өгч бай" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч насанд хүрээгүй хохирогч Ц.Е-iphone-6 S /Айфон-6 Эс/ маркын гар утсыг авч буцааж өгөлгүй явсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Б.Б-ыг залиалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн авсан талаараа насанд хүрээгүй хохирогч Ц.Е-мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотой Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 тал/, Э- ХХК-ийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, нэг сарын 700.000 төгрөгийн цалин орлоготой, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 3-15 тоотод оршин суух бүртгэлтэй болох нь тогтоогдсон байна.                                                                                 

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгч хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сиди нь хэргийн үйл явдлыг харуулсан нотлох баримт байх тул тухайн хэрэгт нь хавсарган үлдээхээр тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

 

Мөн шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Батчулууны Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг сидийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА