Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 693

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А- овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 1905002000000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, МИАТ ХХК-д холбооны инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг, Жинст, ногоочдын 2 гудамж 0- тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академийн ард талд 15 дугаар байрны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А- овогт Б.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Д- нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” нэртэй бааранд иргэн Ж.Э-гийн эзэмшлийн булган шубыг хулгайлж нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” нэртэй бааранд иргэн Ж.Э-гийн эзэмшлийн булган шуб алга болсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:

 

хохирогч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз Г-тай хамт Улаанбаатар их дэлгүүрийн 2 давхараас шуба худалдаж авсан. ...Орой 20 цагийн үед хүүхдийн зуугийн “Beer house-д Г-ын хамт ороод тэндээ байж байтал Хаш-Эрдэнэ ирээд бид гурав задгайгаар 0.5 литрийн пиво авч уусан. Тэндээсээ гараад М- нэртэй караокед 2 цаг авч ороод улаан өнгийн Жонни валкер нэртэй 0.7 литрийн виски авч уугаад уг караокеноос 00:10 минутын үед гараад Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын К- бааранд ороод гадуур хувцасаа өлгүүрт өлгүүлэлгүй тэвэрч ороод ширээний хажуу талын сандал дээр тавьчихаад бид гурав бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад буцаж ширээн дээрээ ирэхэд миний булган шуба байхгүй болохоор нь зохион байгуулагчид нь хэлээд хяналтын камер шүүж шалгахад хажууд ганцаараа сууж байсан танихгүй эрэггэй хүн миний булган шубыг тэврээд баарнаас гарчихсан юм... Би өөрийн шуба хүлээн авсан. Ямар нэг гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 78 тал/,

 

шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс байхдаа харанхуйд тэр булган шубыг санамсаргүйгээр аваад гарчихсан юм. Би өөрийнхөө буруутай үйлдлээ ойлгож байна. Би нөгөө булган шуба эзэнд хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 39 тал/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 тал/

 

“Дамно” ХХК-ийн “...үнэлгээний дүн 1.700.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 тал/ эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/ нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” нэртэй бааранд иргэн Ж.Э-гийн эзэмшлийн булган шубыг шүүгдэгч Б.Д- нууц, далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54, 55 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 тал/, Миат хувьцаат компанийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогчид мэдэгдэлгүйгээр эд зүйлийг нь авч буй шүүгдэгч  Б.Д-ийн үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгч Б.Д-ийг бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-д 1.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” нэртэй бааранд иргэн Ж.Э-гийн эзэмшлийн булган шуб зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангагджээ.

 

 Иймд шүүгдэгч Б.Д-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох булган шубыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн авсан талаараа хохирогч Ж.Э- мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Д-өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан ялын саналын хүрээнд шүүх шүүгдэгч Б.Д-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Д- шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон камерын бичлэгтэй гол нотлох баримт байх тул уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д- өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А- овогт Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-өд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-өд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтсугай.

5. Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА