| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0336/Э |
| Дугаар | 0330 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 0330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Х.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн 1925007050428 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 сарын 02-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-23 тоотод иргэн Т.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ганбаатар ах надтай уулзмаар байна гэж хэлүүллээ гэхээр нь би залгаж ярьсан. Согтуу байсан. Ганбаа ах такси бариад ирсэн. Надаас архи аваад өгөөч гэхээр нь 1 шил архи авч өгсөн. Тэгээд дахин найзтайгаа архи авч уугаад унтсан байсан. Би ажлаас ирэхэд унтаж байсан. Сэрээд дахин архи авч өгөөч, тэгэхгүй бол унтаж чадахгүй гээд байхаар нь 1 шил архи авч өгсөн. Тэр архиа ууж байгаад намайг Өмнөговьд байхдаа миний дүүд өвчин халдаасан гэсэн үү, миний дүүг гомдоовол 1 л дүрдэг хүн шүү гээд агсан тавьсан. Тэгээд бид 2 барьцалдаж авсан. Би унахаар нь нүүр рүү 1-2 удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохиролд 400.000 төгрөг өгсөн. Хэргийн хувьд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Г-н мөрдөн шалгаж ажиллагааны явцад өгсөн: ...би найз болох Ганчулууны хамт Гантулга руу яриад очиж уулзсан. Тухайн үед Гантулгаас ганц шил архи аваад өгчих гэтэл найзыгаа дуудаад Ганчулуун бид хоёрыг аавынх руу хүргүүлсэн ба замдаа дэлгүүрээс нэг шил архи авчих гэж хэлсэн. Ингээд Ганчулуун бид хоёр нэг шил архины талыг нь уучихаад би унтаад өгсөн. Сэртэл Гантулга эхнэртэйгээ ирчихсэн байсан ба Ганчулуун бид хоёрын ууж байгаад үлдсэн байсан нэг шил архины талыг нь Гантулга бид хоёр уучихаад цуг явж дэлгүүрээс дахиад нэг шил архи авч хувааж уусан. Архи ууж байхдаа Гантулгын эхнэрийн өмнөх нөхрийн талаар ярилцаж байгаад чи Өмнөговьд явж байхдаа манай дүүд өвчин халдаасан юм биш үү гээд маргалдсан. Тэгсэн чинь Гантулга намайг орон дээр сууж байхад хоолой боосон ба би хэсэг ухаан балартаад сэртэл намайг гараараа хэвлий рүү цохихоор нь би газар унасан ба Гантулга миний нүүр болон толгой руу хөлөөрөө дэвссэн. Гэтэл гаднаас манай дүү нар орж ирээд бид хоёрыг салгаад цагдаад дуудсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр Гантулга, манай ах Ганбаатар нар гэрт байсан ба Ганбаатар ах эхнэр цагдаад барьж өгөх гээд байна би танайд байхаас гэсэн зүйл ярж байсан. Ингээд Ганбаатар ах манай нөхрийг архи аваад өгчихөөч гэж гуйсаар байгаад нэг шил архи авахуулж гэрт ирж 2-уулаа хувааж уусан. Би тэр 2-ийг архи ууж байх хооронд унтчихсан байсан ба сэрсэн чинь манай нөхөр Ганбаатар ах 2 хоорондоо миний өмнөх амьдралын талаар яриад маргалдаад байсан. Тухайн үед Ганбаатар ах миний өмнөх амьдралын талаар яриад байсан чинь манай нөхөр чи ахыгаа явуулах юм уу намайг явуулах юм уу гэхээр нь би мэдэхгүй ээ гэж хэлсэн. Гэтэл манай ах Ганбаатар Гантулгыг чи миний дүүг ингэж дарамталдаг юм уу гэтэл Гантулга чи муу хөгшин банди гэж хэрэлдэж байснаа хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Нэгнийхээ хоолойноос багалзуурдаад дээр доороо орж зодолдож байгаад манай нөхөр нь дээр гарч байгаад нүүр лүү нь нэлээд олон удаа цохисон. Би салгах гэтэл надад хүчрэгдэхгүй байхаар нь охиныгоо урд талд байдаг ах руугаа явуулсан. Энэ хооронд би нөхрийгөө нуруу руу нь цохиод боль гэтэл больсон. Удалгүй хүргэн ах Пүрэвцогт эгчтэй хамт орж ирээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху /,
-Яллагдагч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...орой 20 цагийн үед ажлаа тараад эхнэр хүүхдээ аваад хадмынд очтол Ганбаатар ах согтуу унтаж байсан ба сэрчихээд ах нь архи уухгүй бол унтахгүй ш тээ гээд бид хоёр хамт дэлгүүр орж нэг шил архи аваад манай хадмынд хувааж уусан. Архи ууж байхдаа Ганбаатар ах чи манай дүүд өвчин өгчихсөн юм биш үү чи манай дүүг гомдоовол ах нь ганц л дүрнэ шүү гээд надтай маргалдсан. Улмаар Ганбаатар ах босоод гал тогоо руу гүйснээ эргээд над руу хүрээд ирэхээр нь би Ганбаатар ахыг хутга авчихлаа гэж бодоод барьцалдаж аваад ноцолдож байгаад газар унахаар нь нүүрэн тус газар нь өшиглөж цохисон гэсэн мэдүүлэг /хх 39-40 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 654 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Г-н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн хөмсөг дээр болон зүүн чихний ард язарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд, хамрын нуруу, цээж, хүзүүнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, язарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2019 оны 10 сарын 02-ны өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 14 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 04-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 25-26 ху/
-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх 28 ху/
-Х.Гантулгыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37, 39-40 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 сарын 02-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-23 тоотод иргэн Т.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ганбаа ах такси бариад ирсэн. Надаас архи аваад өгөөч гэхээр нь 1 шил архи авч өгсөн. Тэгээд дахин найзтайгаа архи авч уугаад унтсан байсан. Би ажлаас ирэхэд унтаж байсан. Сэрээд дахин архи авч өгөөч, тэгэхгүй бол унтаж чадахгүй гээд байхаар нь 1 шил архи авч өгсөн. Тэр архи ууж байгаад намайг Өмнөговьд байхдаа миний дүүд өвчин халдаасан гэсэн үү, миний дүүг гомдоовол 1 л дүрдэг хүн шүү гээд агсан тавьсан. Тэгээд бид 2 барьцалдаж авсан. Би унахаар нь нүүр рүү 1-2 удаа өшиглөсөн” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Ганбаатарын “...Сэртэл Гантулга эхнэртэйгээ ирчихсэн байсан ба Ганчулуун бид хоёрын ууж байгаад үлдсэн байсан нэг шил архины талыг нь Гантулга бид хоёр уучихаад цуг явж дэлгүүрээс дахиад нэг шил архи авч хувааж уусан. Архи ууж байхдаа Гантулгын эхнэрийн өмнөх нөхрийн талаар ярилцаж байгаад чи Өмнөговьд явж байхдаа манай дүүд өвчин халдаасан юм биш үү гээд маргалдсан. Тэгсэн чинь Гантулга намайг орон дээр сууж байхад хоолой боосон ба би хэсэг ухаан балартаад сэртэл намайг гараараа хэвлий рүү цохихоор нь би газар унасан ба Гантулга миний нүүр болон толгой руу хөлөөрөө дэвссэн” гэсэн мэдүүлэг /хх 9 ху/, гэрч Т.Отгонжаргалын /хх 12 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн хөмсөг дээр болон зүүн чихний ард язарсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд, хамрын нуруу, цээж, хүзүүнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 654 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирлын хувьд хохирогч Т.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 400.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Г нь торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА