| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0315/Э |
| Дугаар | 0327 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 0327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.М
Шүүгдэгч О.К
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.К-д холбогдох эрүүгийн 1925004410321 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.К
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Кнь 2019 оны 06 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 1-72 тоотод оршин суух иргэн Б.Д-н хашаанд байсан Ниссан патроль загварын машин дотроос хайрцагтай иж бүрдэл бүхий багажийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч О.К-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед архи уусан байсан. Миний буруу. Би тэр өдөр гэрээсээ гараад уруудаад явж байсан. Машины хажуугаар өнгөртөл дотор нь машины багаж харагдсан. Тэгээд хаалгыг нь таттал онгорхой байхаар нь авсан. Тэгээд таксины хүнд зараад мөнгөөр нь архи уусан. Хохирлоо төлж барагдуулсан. Хоригдож байх хугацаандаа ихийг бодсон. Дахин архи гэдгийг амсахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 08-ны өдөр 21 цагийн үед 5 микрын номин супер маркетаас хүнсний зүйл цуглуулаад гэрлүүгээ харьтал манай хашаанд нэг үл таних залуу явж байсан. Тэгэхээр нь би чи яагаад манай хашаанд явж байгаа юм гэж асуусан чинь манай ард талийн хашааны Сээгийгийнд орох гэж явж байна гэж хэлээд гартаа улаан өнгийн нэг тал нь улаан шаргал өнгийн чемодантай машины ком багаж баруун гартаа барьсан, зүүн гартаа цагаан өнгийн савтай шингэн ус барьсан явж байсан. Тэгээд би манай хашаанаас юу авч явж байгаа юм бэ гэж асуухад, би өөрийнхөө юмыг авч явж байна балайраад байгаарай балай авгай минь гэж хэлээд манай хашаанаас гарсан. Тэгэхээр нь Сээгийгийнд хоёулаа орьё би заагаад өгье гэж хэлсэн чинь та дуудчих гэж хэлээд урагшаа гараад зугтсан. Тэгээд би гэртээ ороод хүү Мянган руу залгаад манай машины багаж ямар хайрцагтай билээ гэж асуухад нэг тал нь хар нөгөө тал нь улбар шар өнгөтэй гэхээр нь хашаанд байсан ниссан патроль загварын машинд байсан багажаа хартал байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 18-р ху/,
-Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тээврийн хэрэгслийн хойд талын тээш хэсэгт байсан шаргал өнгийн чемодантай багажны ком дотроо олон төрөлтэй багаж байсан юм. 2019 оны 06 сарын 18-ны өдөр хашаанд байсан Ниссан патроль загварын тээврийн хэрэгсэл дотор хулгай ороход манай гэрт манай ээж Б.Дугармаа байж байгаад гадагшаа хүнсний зүйл цуглуулах гэж гарч яваад гэртээ ирэхэд хашаан дотор үл таних залуутай таарсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,
-Яллагдагч О.К-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг 2-15 б тоотод хашаанаас гараад гудамжны баруун талаар доошоо уруудах гээд явж байсан чинь Баян-Булаг багийн 1-70 тоот хашааны хаалга онгорхой дэлгээтэй байсан. Тэгээд би хашаа руу яваад орсон чинь Ниссан Патроль загварын тээврийн хэрэгслийн багажны ард ком багаж буюу хар ногоон өнгийн байсан байхаа сайн санахгүй байна ...тэгээд цүнхийг аваад гарах гэсэн чинь хашааны үүдэн дээр үл таних эмэгтэй таарсан. Тэр эмэгтэй юун хүн бэ гэж надаас асуухаар нь би Сэкийг хайж явна гэж хэлсэн чинь юун багаж бариад яваад байгаа юм гэж асуухаар нь миний багаж байгаа юм аа гэж хэлээд цүнхтэй багажаа аваад хашаанаас гараад доошоо уруудаад явсан гэсэн мэдүүлэг /хх 22-23, 30-31, 32-33 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 9-14 ху/
-О.К-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 29-34 ху/
-Хохирол төлсөн баримт / хх 39 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 40 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-47, 68-69 ху/
-Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 56 дугаартай магадлалын хуулбар /хх 70-71 ху/
-Ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 78 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.К нь 2019 оны 06 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 1-72 тоотод оршин суух иргэн Б.Д-н хашаанд байсан Ниссан патроль загварын машин дотроос хайрцагтай иж бүрдэл бүхий багажийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед архи уусан байсан. Миний буруу. Би тэр өдөр гэрээсээ уруудаад явж байсан. Машины хажуугаар өнгөртөл дотор нь машины багаж харагдсан. Тэгээд хаалгыг нь таттал онгорхой байхаар нь авсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Д-н “...21 цагийн үед 5 микрын номин супер маркетаас хүнсний зүйл цуглуулаад гэрлүүгээ алхаад харьтал манай хашаанд нэг үл таних залуу явж байсан. Тэгэхээр нь би чи юу хийж яваан яагаад манай хашаанд явж байгаа юм гэж асуусан чинь манай ард талийн хашааны Сээгийгийнд орох гэж явж байна гэж хэлээд гартаа улаан өнгийн нэг тал нь улаан шаргал өнгийн чимдантай машины ком багаж баруун гартаа барисан зүүн гартаа цагаан өнгийн савтай шингэн ус барьсан явж байсан. Тэгээд би манай хашаанаас юу авч явж байгаа юм бэ гэж асуухад, би өөрийнхөө юмыг авч явж байна балайраад байгаарай балай авгай минь гэж хэлээд манай хашаанаас гарсан” гэсэн /хх 18 ху/ мэдүүлгүүд, гэрч Э.Эрдэнэ-Ундрахын /хх 26 ху/ өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.К-г Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын хувьд хохирогч Б.Д-д 350.000 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.К урьд нь 2019 оны 03 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Импайре пабын ажилчдын өрөөнд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шүүгдэгч нь уг ялыг ШШГГ-ын 437 дугаар нээлттэй хорих байгууллагад эдэлж байгаа бөгөөд хорих байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтоор шүүгдэгч нь 2 сар 24 хоногийн ялыг биеэр эдэлж, одоо 1 жил 09 сар 06 хоногийн хорих ял үлдэж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь 38 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.К-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-эд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 06 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 06 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-эд оногдуулсан 1 жил, 10 сар, 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-н цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.К-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА