Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 0331

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Хохирогч Б.Б, З.Т

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ш

Шүүгдэгч С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч-т холбогдох эрүүгийн 1925006070373 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Ч

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 08 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 47-92 ОРО Хонда Сивик маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Т, Б.Б нарыг мөргөж З.Тгийн эрүүл мэндэд хүнд, Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч нарт хохирол төлж ирсэн. Хохирогч Төрмагнайд 1.820.000 төгрөг, хохирогч Баярсайханд 453.000 төгрөг өгсөн. Хохирогч Төрмагнайн нэмж нэхэмжилсэн 2.067.173 төгрөгийг төлнө. Цаашид эмчлүүлэх, хагалгаанд орох зардлыг төлнө. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч З.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ослыг сайн мэдэхгүй байна. Тархиндаа гэмтэл авсан. Тархины хагалгаанд орно гэсэн. Одоо биеийн байдал муу толгой эргээд байгаа. Хохиролд 1.820.000 төгрөг өгсөн. Үлдэх 2.067.173 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон асуудлын талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 453.000 төгрөг өгсөн. Биеийн байдал сайн байгаа. Ажлаа хийж байгаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 08 сарын 19-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирсэн. Манай цэцэрлэгийн туслах багш Чулуунцэцэг ажилдаа орчихсон байсан. Өдөр 13 цагийн үед “Мон тээвэр” ХХК-аас миний утасруу залгаад Солонгос улсаас илгээмж ирсэн, ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд би Чулуунцэцэгт хандаж надтай хамт яваад өгөөч гэж гуйсан. Чулуунцэцэгийн 47-92 оро улсын дугаартай хонда сивик маркийн тээврийн хэрэгсэлд суугаад бид хоёр 9 дүгээр цэцэрлэгээс гарч Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талаар уртцагааны чигтэй яваад баруун эргээд явган хүний гарц руу дөхөж байхад би өөр тийшээ хараад явж байсан чинь Чулуунцэцэг яанаа гээд хашгирсан, би урагшаа харахад машины урд талын копуд дээр эрэгтэй хүн мөргүүлчихсэн байхаар нь Чулуунцэцэгийг машинаа зогсоо гэж хэлэхэд Чулуунцэцэг сандраад машинаа зогсоохгүйгээр буугаад мөргүүлсэн хүн дээр очсон. Би машинаас буугаад Чулуунцэцэгийг машинаа зогсоогооч гэж хэлэхэд Чулуунцэцэг буцаж машиндаа суугаад зогсоосон. Машины зүүн талд 40 гаран насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Нөгөө мөргүүлсэн эрэгтэй хүн замын урд талын хэсэгт газарт сууж байсан. Машины хажууд хэвтэж байсан хүн ухаантай байсан ба ёолоод байсан. Тэр үед хүмүүс ирээд битгий бос, битгий хөдлөөрэй гэж хэлээд эмнэлэгт дуудлага өгч байсан. Яг ямар хүн дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Нэг залуу дуудлага өгсөн шиг санагдаж байна. Чулуунцэцэг газарт хзвтэж байсан хүний гарыг барьчихсан, таны бие зүгээр байна уу гэж асууж байсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн гэсэн мэдүүлэг /хх 28 ху/,

 

-Яллагдагч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...13 цагийн үед Уянга орж ирээд Солонгос улсаас хайрцагтай илгээмж ирсэн байна найздаа туслаач машинаараа яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч хүү Төгөлдөрийн эзэмшлийн 47-92 ОРО дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Уянга багш хажуу талын суудалд суусан. Бид хоёр 9 дүгээр цэцэрлэгийн хашаан дотроос хөдлөөд Уртцагаангы чигт яваад 3-22 байрны уулзвараар төв зам руу баруун тал руу эргэж хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явган хүний гарц ойртоход хүн харагдахгүй байсан. Явган хүний гарц руу ойртоод ирэхэд баруун талаас гэнэт ажлын хувцастай 2 эрэгтэй хүн гарч ирээд машинд мөргүүлсэн. Нэг эрэгтэй нь машины урд талын копут дээр гараад зүүн тал руу унасан. Нөгөө эрэгтэй нь баруун тал руу үсэрсэн. Би сандраад тормозоо гишгээд машинаас гараад зүүн тал руу унасан хүн дээр очиход Уянга машинаа зогсоогооч гэж хэлсэн. Би машин дээрээ очиж зогсоочихоод эргээд мөргүүлсэн очиход нэг эрэгтэй хүн ирчихсэн зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх 69-70 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 561 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.3.Т-н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, зулай ясны шугаман хугарал, тархины эдийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл доор ялтсан цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хуйх, 2 нүдний зөөлөн эд зүүн шууны зөөлөн эдэд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гавлын дух, зулай ясны шугаман хугарал, тархины эдийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зөөлөн бүрхүүл доор ялтсан цус хуралт, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн цус хуралтууд зулгаралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайханд нөлөөлөхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.

6. Дээрх гэмтлүүд нь ослын улмаас үүссэн гэмтлүүд болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 41 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 562 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б биед өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

3. Гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Гэмтэл ослын улмаас үүссэн байх боломжтой.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн гэсэн дүгнэлт /хх 46 ху/,

 

            -Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 69 дугаартай дүгнэлтэнд:

1. 47-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ГБ76030605 регистрийн дугаартай С.Чг нь В ангиллын 1284327 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна.

2. 47-90 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч З.Т, Б.Б нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.

4. 47-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.

5. 47-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ч нь осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зураг нараас харахад тогтоох боломжгүй байна.

6. Жолооч С.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэсэн дүгнэлт /хх 34-35 ху/,

 

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Дээр дурьдагдсан эвдрэл зам тээврийн ослоос үүссэн эвдрэл гэмтэл бөгөөд засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт хамруулж, стандарт шаардлага хангасны дараа замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой.

2. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдэрлийн үнэлгээг тогтоож, засварын хөлсийг гаргах нь манай байгууллагын ажлын чиг үүрэгт байхгүй бөгөөд Даатгалын байгууллагын үнэлгээ тогтоох комисст хандах шаардлагатай гэсэн дүгнэлт /хх 52-56 ху/

           

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7, 13-14, 57 ху/

            -Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9 ху/

            -Согтуурал шалгасан баримт /хх 10 ху/

            -Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 11 ху/

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 ху/

            -Эд мөрийн баримтаар хураан авах тухай / хх 15 ху/

            -Эд мөрийн баримт авсан тухай тэмдэглэл / хх 17 ху/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 18 ху/

-С.Чийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 67-70 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72 ху/

-Хохирогч З.Тн өвчний түүх /хх 103-110, 113-125 ху/

-Хохирлын баримт /141-176 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 08 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 47-92 ОРО Хонда Сивик маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч З.Т, Б.Б нарыг мөргөж З.Тгийн эрүүл мэндэд хүнд, Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Чийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Цаашид эмчлүүлэх, хагалгаанд орох зардлыг төлнө. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн, хохирогч З.Тн “Ослыг сайн мэдэхгүй байна. Тархиндаа гэмтэл авсан. Тархины хагалгаанд орно гэсэн. Одоо биеийн байдал муу толгой эргээд байгаа” гэсэн, хохирогч Б.Бы “Болсон асуудлын талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 453.000 төгрөг өгсөн. Биеийн байдал сайн байгаа. Ажлаа хийж байгаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн, С.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...хөдлөөд Уртцагаангы чигт яваад 3-22 байрны уулзвараар төв зам руу баруун тал руу эргэж хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явган хүний гарц ойртоход хүн харагдахгүй байсан. Явган хүний гарц руу ойртоод ирэхэд баруун талаас гэнэт ажлын хувцастай 2 эрэгтэй хүн гарч ирээд машинд мөргүүлсэн. Нэг эрэгтэй нь машины урд талын копут дээр гараад зүүн тал руу унасан. Нөгөө эрэгтэй нь баруун тал руу үсэрсэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  гэрч Х.Уянга /хх 28 ху/ мэдүүлгүүд, хохирогч 3.Төрмагнайгийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, зулай ясны шугаман хугарал, тархины эдийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл доор ялтсан цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хуйх, 2 нүдний зөөлөн эд зүүн шууны зөөлөн эдэд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 561 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Бы биед өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 562 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Чийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 69 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Ч-ийн үйлдэл нь хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч С.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь хохирлын баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчээс хохирогч Б.Бд 453.000 төгрөгийг, З.Т-д 1.820.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Хохирогч З.Т-н хувьд шүүхийн шатанд эм тарианы зардал 1.883.173 төгрөг, замын зардал 54.000 төгрөг, 2019 оны 08 сарын 19-нөөс 11 сарын 07-ныг хүртэлх ажилгүй байсан 3 сарын цалин 1.950.000 төгрөг, нийт 3.887.173 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шатгах ажиллагааны явцад төлж барагдуулсан 1.820.000 төгрөгийг хасч, үлдэх 2.067.173 төгрөгний нэхэмжилж, нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар маргаагүй, нэхэмжилсэн хохирлыг болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Иймд  хохирогч З.Тн нэхэмжлэлийг хангаж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, мөн хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдлаа.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Чийн 1284327 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Бд төлөх төлбөргүй, хохирогч З.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ч-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 2.067.173 /хоёр сая жаран долоо мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 19-23 тоотод оршин суух /РД:ИИ71051115/ З.Т-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Ч-ийн 1284327 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй, хохирогч З.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА