Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00521/и |
Дугаар | 001/ХТ2018/00521 |
Огноо | 2018-04-03 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00521
Б.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03407 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Ц
Хариуцагч: “У” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-т холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие “У” ОНӨААТҮГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017-02-01-ний өдөр 101/ШШ2017/00451 дугаар шийдвэр, 2017-04-10-ны өдөр 908 дугаар магадлал гарч ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 2017-07-31-ний өдөр Б/184 тоот ажилд авах тушаал гаргасан боловч уг тушаал нь шүүхийн шийдвэрт тусгасан шаардлагыг биелүүлээгүй. Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтний албан тушаал хэвээр хадгалагдсан байхад өөр хүн ажиллуулан тухайн ажилчны хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй гэсэн хариу өгсөн. Гурвалжингийн гүүрэнд байрлах Асфальт бетон заводын үйлдвэрт ажиллавал ажилла гэж тулгасан. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хүний нөөцийн мэргэжилтэн болон хэлтсийн даргад мэдэгдэн өргөдөл өгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан шийдвэр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2017-09- 05-ны өдөр Б/202 тушаалаар 2017 оны Б/184 тоот тушаалд нэмэлт оруулан засварласан хэдий ч тушаал одоог хүртэл бодитой биелсэн зүйлгүй, ажил үүргээ биелүүлэх боломжгүй байна. Миний бие 2017-01-06-ны өдрөөс 2017-07-06-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар Японд байсан. Гэхдээ миний төлөөлөгч Монголд байсан. Энэ үед надад тушаал гарах талаар хэлээгүй, тушаал гараагүй гэдэг байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01, 02 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн авсан. 2017 оны 3 сараас эхлэн 09 сарыг дуустал нийт 7 сарын хугацааны цалин болох 3 984 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагаа 2017 оны 03 сараас эхлэн 10 сарыг дуустал нийт 8 сарын хугацааны цалингаар нэмэгдүүлсэн. Иймд нийт 4 561 460 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч Б.Ц нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаатай интернетээр холбогдож Япон Улсад байгаа гэж мэдэгдэж байсан. 2017 оны 07 сард Япон Улсаас ирсэн гэсэн мэдээлэл авсан тул 2017-07-31-ний өдрийн Б/184 тоот тушаалаар байгууллагын дотоод ажилд томилсон боловч хэлтэс тавигдаж өгөөгүй байна гэсэн үндэслэлээр ажилдаа ирэхгүй байж байгаад 2017-09-01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан байдаг. Байгууллага дотоод зохион байгуулалтаараа хүнээ хаана ажиллуулахаа мэднэ. Хэрэгтэй газар нь томилж ажиллуулдаг. Тухайн үед Б.Цийг ажилд нь эгүүлэн томилох гэтэл эх орондоо байгаагүй гэдэг нэрийдлээр хойшлогдсон. Б.Цийн буруугаас болж байгууллага хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03407 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “У” ОНӨААТҮГ-с 3.476.420 төгрөг гаргуулж, Б.Цэд олгож, хариуцагчид хуульд заасан хувь хэмжээгээр Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийж бааталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны 8-10 дугаар сарын олговор гаргуулахад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.573 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “3 476 420” гэснийг “4 613 840” гэж, 2 дахь заалтад “70 573” гэснийг “88 771” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Байгууллагын даргын 2017-07-31-ний өдрийн Б/184, 09 сарын 05-ны өдрийн Б/202 тоот тушаалууд нь Б.Цийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт хариуцагчаас гаргасан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй нь ИХШХШТХуулийн 116.3-н шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Ц нь 2017 оны 01-07 сар хүртэл хугацаанд Япон улсад хувийн журмаар яваад хэзээ ирэх нь тодорхойгүй, ажилдаа эргэж орох асуудлыг байгууллагын хүний нөөцийн ажилтан утсаар ярьж хэлэхэд “... ажилдаа орохгүй цалингаа авна” гэж мэдэгдсэн мөн ажлаа үргэлжлүүлэн хийх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байж байгаад гэнэт дахин шүүхэд хандаж байгаа нь хэдийгээр түүний эрхийн асуудал боловч түүний буруутай эс үйлдэхүйг 2 шатны шүүх дүгнэхгүйгээр шийдвэр, магадлал гаргасан нь ИХШХШТХуулийн 40.3-г зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байраар хангаагүй, буюу бодитоор ажиллуулаагүй байх тул 9, 10 сарын олговрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байхад “... тушаал гарснаар олговор олгох үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж бодит нөхцөл байдалд шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь ИХШХШТХуулийн 116.2-т нийцээгүй байна. Хариуцагч байгууллагаас шүүхийн хүчин төгөлдөр 2017-02-01-ний өдрийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон тохиолдолд Б.Цтэй өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ сэргээгдэж, ажлын байраараа хангагдаж дахин гэрээ байгуулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байраар хангаагүй, бодитоор ажиллуулаагүй гэж Хөдөлмөрийн хуулийн 36.1 дэх заалтыг буруу тайлбарлан, дан ганц хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Ц нь ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017-02-01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн гэдгээ мэдсэн, мөн давж заалдах шатны шүүхийн 2017-04-10-ны өдрийн 908 дугаар магадлал гарснаас хойш байгууллагын даргын 2017-07-31-ний Б/184 дүгээр тушаал гарсан өдөр хүртэл 3 сар 21 хоног, 09 сарын 05-ны өдрийн Б/202 дугаар тушаал гарсан өдөр хүртэл 4 сар 25 хоногийн дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлаар нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгч эрх зөрчигдсөнөө мэдсэн, мэдэх ёстой байсан хугацааг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа ба хөөн хэлэлцэх хугацаа тоолох Иргэний хуульд заасан журмыг зөрсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Ц 2017-09-21-ний өдөр Улаанбаатар зам засвар арчлалтын газарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сараас 10 сарыг дуустал хугацааны цалин хөлс гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...шүүхийн 2017-02-01-ний өдрийн шийдвэрээр ажилдаа тогтоогдож ажилд буцааж авах тушаал гарсан ч одоо хүртэл ажилдаа ороогүй байна...” гэжээ /хх 1/
Анхан шатны шүүх хариуцагчаас 3.476.420 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ “...2017 оны 3, 4, 5, 6, 7 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулна, харин 2017-07-31-ны өдөр ажилд авах тушаал гарсан тул 2017 оны 8, 9, 10 дугаар сарын цалинг олгохгүй...” гэсэн үндэслэл заасан байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4.613.840 төгрөг гаргуулахдаа “... дундаж цалин хөлсийг 576.730 төгрөгөөр тодорхойлсон байхад шүүх 695.284 төгрөгөөр тооцсон нь буруу... нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 сарыг дуустал 8 сар ажилгүй байсан нь тогтоогдсон байна...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00451 дугаар шийдвэрээр Б.Цийг “У” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосны дагуу ажил олгогч 2017 оны 07 сарын 31-ний өдөр Б/184 дугаар тушаал гаргасан нь тогтоогджээ.
Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу тушаал гаргасан боловч Захиргаа, санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлэхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 88.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ