Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 619

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О нарыг оролцуулан А Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: А Г ХХК

Хариуцагч: А М Г Т Г

Гуравдагч этгээд: Б ХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *****А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”А Г ХХК-ийн Төв аймгийн ****** сумын нутаг ****** нэртэй газарт хайгуулын гусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар хүлээн авч 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдор *****Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгосон байдаг. *****Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд А Г ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2375 дугаарын шийдвэрээр *****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

     А Г ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг А Г ХХК-иас шилжүүлэн авсныг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон.  

А Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргад холбогдох захиргааны хэргийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрээр А Г ХХК-ийн *****Х, *****А тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг.

      Б ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашиг малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын А Г ХХК-ийн *****Х, *****А тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоож хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал илт хууль бус үндэслэлээр 2012 оны 616 дугаар захирамжийг гаргасан байдаг. Гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл хуульд заагдсан байх бөгөөд цуцлах процессыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан.

     А Г ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн, тодруулж байна. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *****А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын даргын 615, 616 дугаар тушаалууд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, материаллаг хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн,  нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлж байгаа.

        Хариуцагч шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь цуцалсантай адилхан эрх зүйн үр дагавар бий болгох тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх ёстой. Энэ мэдэгдлийг хүргүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтанд 2014 онд нэмэлт өөрчлөлт орсон. Тушаал гарах үед 10 өдөр гэж байсан хугацаа нь 5 өдөр гэж заасан байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэдгийг мэдэгдсэн болохоос биш тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг огт өгч байгаагүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар уг мэдэгдлийг 5 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа компанид мэдэгдээд, мэдэгдлийг хүлээн авсан эрх ашиг нь хөндөгдөж байгаа байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргана. Гомдлыг шийдвэрлэсэн шийдвэр нь эрх ашгийг нь зөрчсөн хэвээр байна гэж үзвэл уг асуудлаар шүүхэд хандах эрхтэй. Энэ заалтыг Ашигт малтмалын газар шийдвэр гаргахдаа зөрчсөн гэж үзэж байна. 

        Ашигт малтмалын газрын дарга 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг удирдлага болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд: 8.1.1-д Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэж заасан байдаг. 615, 616 дугаар тушаалууд нь хэний гомдлоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шийдвэр хүчингүй болсон гэхээр энэ хэрэгт татагдсан гуравдагч этгээдийн гомдлоор хариуцагч уг шийдвэрийг гаргасан. Ийнхүү шийдвэр гаргахдаа гомдол гаргасан байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа хандсан эсэхийг нягтлан шалгаагүй. А Г ХХК-д ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойшхи хугацаанд гуравдагч этгээд Б ХК нь захиргааны байгууллага болон шүүхүүдэд удаа дараа гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг шүүхийн байгууллага шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэрүүдэд хэдийгээр өөр хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн талаас тайлбарлаж байгаа боловч Б ХК 2008 оноос хойш уг гомдлын талаар ярьж байсан, хууль зүйн үндэслэл нь өнөөдөр ч яригдаж байгаа төрийн санхүүжилтээр нөөцийг нь тодорхойлсон ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэдэг асуудлыг ярьсаар ирсэн. Хамгийн сүүлд 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 364 тоот шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр Б ХК нь гомдол, нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой байсан. Шүүхээс Б ХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг дүгнэсэн байхад уг хэрэгт хариуцагчаар оролцож байсан Ашигт малтмалын газар уг асуудалд хууль зүйн үндэслэлгүй хандаж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 8-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь маргаан бүхий 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгох томоохон үндэслэл болно гэж үзэж байна. 

        Маргаан бүхий 616 дугаар тушаал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалтыг үндэслэж гарсан. Уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан. 616 дугаар тушаалд А Г ХХК нь ямар байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг яаж зөрчсөн талаар дурдагдаагүй байдаг. Иймд үндэслэл болгох ёсгүй хуулийн заалтыг үндэслэл болгосон байна. Мөн Ашигт малтмалын газрын дарга тушаалаа гаргахдаа Уул, уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай албан даалгаврыг үндэслэсэн. Уг албан даалгавар нь 2012 онд гарсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 дүгээр шийдвэрийг илт, агуулгын хувьд зөрчсөн хууль бус даалгавар байдаг. Энэ бүгдийг дүгнээд үзэхэд маргаан бүхий 615, 616 дугаар тушаалуудад эрх зүйн зөрчил, материаллаг хууль тогтоомж болон хүчин төгөлдөр хуульд заасан процессыг зөрчсөн байна гэж үзэж байна.” гэв. 

          Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээр дурдсан ашигт малтмалын хайгуулын 0*****Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1******* дүгээр шийдвэр, улмаар уг тусгай зөвшөөрөлтэй талбайд 0*****А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэр нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг дараах байдлаар зөрчсөн байсан. Үүнд:

     Ашигт малтмалын ашиглалтын 0*****А дугаартай тусгай зөвшөөрөлтэй гэх Б дүүрэг болон Төв аймгийн ****** сумын нутаг ****** нэртэй газарт орших талбайд 1971 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын судалгааны ажил хийгдсэн ба хамгийн сүүлд 1988-1989 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан нэмэлт хайгуулын ажил хийгдсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан байдаг. Гэтэл уг талбайд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр А Г ХХК-д 0*****Х тоот тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1******* дүгээр шийдвэр нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн шийдвэр байсан.

      Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалын 1 дэх хэсгээр А Г ХХК-д ашигт малтмалын хайгуулын 0*****Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 1******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаалын 2 дахь хэсгээр А Г ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 0*****А дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 2375 дугаар шийдвэрийг мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

       Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмших хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө” гэж заасан байдаг. Бын хүрэн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Б ХК болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хооронд 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар Бын хүрэн нүүрсний ордод 1988-1989 онд хайгуул хийж, нөөцийг нь батлахад улсын төсвөөс 2089.8 мянган төгрөг буюу 2089 800 төгрөг /тухайн үеийн ханш/-ийн зардал гарсан бөгөөд Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор батлагдсан журам /аргачлал/-ын дагуу тооцоход 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 94 694 ам.доллар болж байгааг гэрээ байгуулагч талууд зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Улмаар гэрээнд заасан зардал /нөхөн төлбөр/-ыг Б ХК-иас 1999 онд 18 939 ам.доллар, 2000 онд 18 939 ам.доллар, 2001 онд 18 939 ам.доллар, 2002 онд 18 939 ам.доллар, 2003 онд 18 939 ам.доллар буюу нийт 5 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулсан байна.

      Ийнхүү нөхөн төлбөр төлж, гэрээг дүгнэх акт үйлдсэн нь уг ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон талбай /орд/ болохыг нотолж байгаа болно. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу олборлолт явуулж, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг төлсөн Б ХК байсаар байтал дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчин А Г ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус шийдвэр байсан. Тиймээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалаар А Г ХХК-д олгосон 0*****А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй акт болно.

      Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэхгүйгээр А Г ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг авч үзэхэд мөн л хууль тогтоомж илт зөрчсөн болох нь тогтоогдож байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх дэс дараалал, журмыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.5 дахь хэсгүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээн авч хянаад, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, саналыг авахаар заасан байдаг. Гэтэл ХV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг А Г ХХК-д олгохдоо хуулиар тогтоосон журмыг зөрчиж, зөвхөн Төв аймгийн Засаг даргаас санал авсан байх бөгөөд талбайн ихэнх хэсэг хамаарагддаг Нийслэлийн Засаг даргаас санал огт авалгүйгээр буюу Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байсан. А Г ХХК-ийн өргөдөлд Төв аймгийн Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргаас зайлшгүй санал авах үндэслэлтэй байсан. Учир нь А Г ХХК-ийн өргөдөл гаргасан талбай нь Төв аймгийн ****** сум болон Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан оршдог болно. Түүнчлэн А Г XXК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгоход Нийслэлийн Засаг даргаас санал аваагүй хэрнээ уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа Төв аймгийн Засаг дарга, Нийслэлийн Б дүүргийн Засаг даргаас аль алинаас нь санал авсан нь дээрх журмыг зөрсөнийг хангалттай нотолно.

        Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт зааснаар, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа аж ахуйн нэгж нь тухайн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн Ашигт малтмалын газрын даргын шийдвэрийг өргөдөлд хавсаргах үүрэгтэй байдаг. Гэтэл А Г ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20207 дугаартай өргөдөлд дээрх тэмдэглэл, шийдвэрийг ирүүлээгүй байсан. Иймд нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 616 дугаар тушаал гарах үндэслэл болсон Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаал гарч, тусгай зөвшөөрөл олгох холбогдох хууль, журмыг зөрчиж гарсан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.   

        Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн тухайд: А Г ХХК-иас “АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2008 оны 04 сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус компанид өмнө нь олгогдсон *****Х, *****А тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаар шийдвэр нь *****Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан шийдвэр байсан. АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 655 дугаар шийдвэр нь *****А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр байсан. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, *****Х, *****А тоот тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 598 дугаар тушаалаар *****Х, *****А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг тус тус сэргээсэн. Ийнхүү сэргээсэн тухайгаа АМГТХЭГ-ын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7-9636 тоот албан бичиг, 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 7-9815 мэдэгдэх хуудсаар тус тус А Г ХХК-д мэдэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч А Г ХХК-ийн Захиргааны шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

      Түүнчлэн Захиргааны шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримт бол “Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5-д зааснаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, тодорхой нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулсан атал хариуцагч 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 650 дугаар шийдвэрээр...*****А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн хэрэг буюу өнөөдрийн маргаан бүхий акт, түүний үндэслэлтэй холбоогүй, өөр үйл баримтуудыг тогтоосон шийдвэр болно. Мөн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрийг биелүүлж АМГТХЭГ-ын даргын 2008 оны 598 дугаар шийдвэрээр *****, ***** дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, энэ тухай АМГТХЭГ-ын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7-9636 тоот албан бичиг, 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 7-9815 мэдэгдэх хуудсаар А Г ХХК-д мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно.

      Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн тухайд: Б ХК-иас “АМГ-ын ГУУКХ нь 2008 оны 04 сарын 30-ны өдрийн 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон өгч, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг АМГ-ын ГУУКХ-т даалгах” нэхэмжлэлийг 2012 онд шүүхэд гаргасан байдаг. Шүүх хэргийг хянан хэлэлцээд “нэхэмжлэгч Б ХК-ийн маргаж буй хариуцагчийн эс үйлдэхүй нь АМГ-ын 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 1118 дугаартай шийдвэр гарснаар дууссан байх тул үүнээс хойш үргэлжлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр болно.

Дээрх Нийслэлийн захиргааны шүүхийн 2008 оны 256, 2012 оны 364 дүгээр шийдвэрүүдийг Ашигт малтмалын газар тухай бүр холбогдох шийдвэрүүдийг гаргаж биелүүлсэн тул шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүхийн дээрх шийдвэрүүд нь нэхэмжлэгч А Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох АМГ-ын даргын 2012 оны 615, 616 дугаар шийдвэртэй ямар ч холбоогүй шийдвэрүүд юм.     

        Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал илт хууль бус үндэслэлээр 2012 оны 616 дугаар захирамжийг гаргасан байдаг” гэсэн байна. Маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 616 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг заалт нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заалт болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А Г ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, *****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

        Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бын нүүрсний ордын нөөцийг нарийвчилсан болон гүйцээх хайгуулыг 1974-1975 оны хооронд хийж, тайланг 1977 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн хуучнаар ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан нөөцийн комиссоор хэлэлцэж нөөцийг батлан улсын нэгдсэн бүртгэлд оруулсан. 1988-1989 онд БНМАУ-ын Төвийн геологи хайгуулын экспедиз гүйцээх хайгуулаар ордын нөөцийг шинэчлэн тогтоосон байдаг. Уг хайгуулын ажлуудаар 2007 оны 11 дүгээр сарын 10-нд А Г ХХК-д олгосон *****А тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 183 хайгуулын цооног өрөмдөн нөөцийг тогтооход ашигласан байдаг. 1974-1975 онд Бын нүүрсний ордын хайгуулаар 469 цооног өрөмдөж балансын нөөцийг 303,7 сая тонн, балансын бус нөөцийг 296,1 сая тонноор тогтоосон. 1986-1989 онд хийгдсэн гүйцээх хайгуулаар 125 цооног нэмж өрөмдөн балансын нөөцийг 512,8 сая тонн, балансын бус нөөцийг 195,4 сая тонноор тогтоосон. Б ХК болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хооронд 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулсан. Б ХК хайгуулын зардлыг нөхөн төлсөн тул уг гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг.

       2014 онд Эрчим хүчний яамнаас шинээр байгуулагдах ДЦС-5, Бын ЦС- уудын хэрэгцээний нүүрсийг Б ХК-иас хангахаар тооцож Бын нүүрсний ордын геологийн нөөцийг баталгаажуулах нэмэлт хайгуул хийх, уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд 2014-2015 онд нийт 2.3 сая ам.долларын санхүүжилтээр Бын ордын нэмэлт хайгуулыг хийж, ордын нийт нөөцийг 812.06 сая тонноор тогтоосон. Үүнээс Алтай гянт ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай *****А талбайд 430.2 сая тонн нүүрс байгааг тогтоосон. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар уг нэмэлт хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлж, нүүрснийн нөөцийг 47,309.13 мян.тн-оор хүлээн авч бүртгэхээр болсон. Өөрөөр хэлбэл Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нэмэлт хайгуулын ажлаар тогтоосон ордын нийт 812.06 сая тонн нүүрсний нөөцийн 53% буюу 430,2 сая тонн нь А Г ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай *****А тусгай зөвшөөрөлтэй талбайд оршиж байна гэж үзэн нэмэлт хайгуулын үр дүнд тогтоосон ордын нүүрсний нөөцийг бүрэн баталгаажуулаагүй.

       Улмаар АМГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Н/90 , Н/91 тоот тушаал гарч Б ХК-ийн МХ-013631 болон МV-00**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн. Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 392 тоот тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Бын нүүрсний ордын талбайг нөөцөд авахаар заасан. Б ХК нь Ашигт малтмалын хууль гарсантай холбогдож анх 1998 онд ****А тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж тусгай зөвшөөрлийг ордын хэмжээгээр авч чадаагүй.

    Энэхүү нөхцөл байдлыг ашиглан А Г ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордын хэсэг талбайд хайгуулын зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсанаас 2 хоногийн дараа буюу 2006 оны 7 дугаар сарын 10-нд АМГТХЭГ-ийн ГУУКА-нд Бын нүүрсний орд дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан байна. Харин АМГТХЭГ нь 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7-3739 тоот албан мэдэгдэлдээ уг талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжтой, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг авсан байх шаардлагатай тухай мөн мэдэгдсэн байдаг. 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай ****А тусгай зөвшөөрөлтэй хил залгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордын хэсэг талбайд хайгуулын ажил хийх *****Х тусгай зөвшөөрлийг олгох “АМГТХЭГ-ын ГУУКА-ны даргын 7-5382 тоот шийдвэр гарсан ба А Г ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөр 2006 оны 11 дүгээр сарын 06-нд *****Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Хэдийгээр А Г ХХК тусгай зөвшөөрөл авах өргөдлөө шинэ хууль мөрдөж эхлэхээс өмнө гаргасан боловч Ашипг малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан тул А Г ХХК-иас ирүүлсэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэснийг илт зөрчин А Г ХХК-д Бын нүүрсний ордын хэсэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. А Г XXК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Б дүүргийн Засаг даргаас бус Төв аймгийн Засаг даргаас албан ёсны дэмжсэн санал авснаар материал бүрдүүлж өгсөний дагуу АМГТХЭГ-аас А Г ХХК-д Төв аймгийн ****** сумын ****** нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

       Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ц.Э нь Б ХК-д ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн" гэсэн байна. Иймд А Г ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр хуурамчаар баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогддог. Мөн Б ХК-ийн ****А, 13630А, 1******* ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь бүгд Улаанбаатар хотын Б дүүргийн ****** нэртэй газар оршиж байгаа нэрээр олгогдсон бол 1******* тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаад байсан *****А тусгай зөвшөөрөл нь Төв аймгийн ****** сумын ****** нэртэй газар оршиж байна. Өөрөөр хэлбэл хоёр өөр нутаг дэвсгэрийн харьяалалаар нэг газрыг хоёр өөр нэрээр олгосон байдаг. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялагийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг. А Г ХХК нь 2006 оны 11 дүгээр сарын 06-нд манай ****А тусгай зөвшөөрөлтэй хил залгаа талбайд *****Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл авч улмаар 2007 оны 11 дүгэээр сарын 10-нд хайгуулын тусгай зөвшөөрөл дээрээ үндэслэж *****А ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. А Г ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Төв аймгийн ****** сумын Засаг даргын тухайн үеийн АМГТХЭГ-т гаргасан 2007 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 05/70 тоот албан бичигт А Г ХХК нь манай сумын нутагт *****X тоот лиценз Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулан биелүүлж ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолтыг ашигласан байна. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Б ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт харъяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн" байдаг нь ****** сумын Засаг дарга нь тухайн үед шаардлагатай лавлагаа, тодруулга хийхгүйгээр үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь харагддаг. ****** сумын Засаг даргаас тодруулахад тухайн үед зохих газруудаас лавлагаа тодруулга авалгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн тухайгаа тайлбарласан. Мөн Б дүүргийн Засаг даргаас А Г ХХК нь Б дүүргийн нутаг дэвсгэрт *****Х тоот лиценз эзэмшдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэсэн тодорхойлолтыг гаргуулан авсан байна. Б дүүргийн Засаг дарга АМГТХЭГ болон Б ХК-иас мэдээлэл, лавлагаа авалгүйгээр ямар ч үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн байдаг.

        А Г XXК нь Б дүүргийн Засаг даргад хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдох тодорхойлолт авахаар хандаж байсан эсэх талаар лавлагаа авах зорилгоор Б ХК нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/10 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/980 тоот албан бичгийг явуулж байсан. Б дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-т ямар ч албан бичиг ирүүлж байгаагүйг 2011 оны 02 дугаар сарын 4/05 тоот, 2015 оны 10 дугаар сарын 3/293 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. А Г ХХК нь Бын нүүрсний ордод нэг ч цооног өрөмдөж хайгуул, нөхөн сэргээлтийн ажил, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүйг Б ХК-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа удирдлагууд, геологи, технологи, маркшейдер инженерүүд баталдаг. Иймээс А Г ХХК нь хууль бусаар *****А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй юм. А Г ХХК нь Бын орд газарт ямар талбайд хайгуулын ажил хийсэн, нөхөн сэргээлт хийсэн эсэх, хайгуулын ажлын тайланг гаргасан эсэх, хэдэн шинжээч томилогдон ажилласан, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын тайланг хэлэлцсэн эсэх , улсын нөөцөд бүртгэгдсэн эсэх, уулын ашиглалтын ямар үйл ажиллагаа явуулсан талаараа А Г ХХК нь эрх ашиг нь зөрчигдөөд байгаа манай компанид болон шүүхэд дэлгэрэнгуй, баталгаатай мэдээлэл, тайлбар өгөх нь энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэж үзэж байна. Б ХК нь А Г ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой санал, хүсэлтүүдийг АМГТХЭГ-т удаа дараа тавьсаны эцэст ГУУКХ-ийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 655 тоот шийдвэрээр А Г ХХК-ийн *****А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн уг шийдвэрээр 13630А, 1******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу 3337.5 га талбайг Б ХК-ийн эзэмшилд шилжүүлсэнээр Б ХК-ийн нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 4782.5 га болж ордын хэмжээ болон ашиглалт явуулж байгаа талбайг бүрэн хамрах болсон. Гэвч А Г ХХК-иас 2008 оны 06 дугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг гарсан шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ асуудлыг авч хэлэлцээд гаргасан шийдвэр нь зөвхөн Улсын их хурлын тогтоол, ҮХЯ-ны сайд болон АМГТХЭГ-ын даргын тушаалыг үндэслэсэн бөгөөд энэ нь шууд хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж АМГТХЭГ-ын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгосон. 2010 онд А Г ХХК нь *****А тоот тусгай зөвшөөрлийг А Г ХХК-д шилжүүлсэн.

       Б ХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн хэмжээгээр явуулахад саад болж байгаа маргаантай *****А тоот тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх талаар удаа дараа хандаж байсан. Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай албан даалгаварын дагуу АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6-д заасан журмыг баримтлаагүй, мөн хуулийн 19.12, 60.4 дэх хэсэгт тус тус заасан журмыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1******* тоот шийдвэрийн А Г ХХК-д холбогдох хэсэг болон Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,9-д заасан журмыг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.8-р заалтыг зөрчсөн, 48.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын ажпын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 тоот шийдвэрийн А Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Мөн АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 тушаалаар Ашигт малтмалын хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох журам, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9.1.4, 10.1.1-т тус тус заасан зарчмыг ноцтой зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7, 9.1.9-т тус тус заасан зарчмын дагуу илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон ашигт малтмалын *****А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.

       Иймд манай компанийн эзэмшдэг 1******* дугаар тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулан уг тусгай зөвшөөрлийн солбицолыг анх 2008 оны 05 дугаах сарын 01-ний өдрийн 7-3311 тоот шийдвэрээр олгогдсон солбицолоор буцаан сэргээн өгөхийг хүсч Б ХК нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдриЙн 1/777 тоот албан бичгийг АМГ-т явуулсан. Гэвч АМГ нь “Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаж байгаа тул тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж 2012 оны 11 дүгээр сард 6-7157 тоотоор хариу мэдэгдсэн. Мөн Б ХК нь Уул уурхайн сайдад маргаантай зөвшөөрлийг цуцлуулах талаар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг явуулсан. УУЯ-ны 2015 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 1/221 тоот бичгээр “Ашигт малтмалын хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасны дагуу боломжтой байна” гэсэн хариу ирүүлсэн болно. Дээрх нөхцөл байдлуудаас харахад тухайн үеийн АМГТХЭГ алдаатай шийдвэрүүдийг яаралтай засч залруулах шаардлагатай нь илэрхий байна. 

Бын уурхайг ашиглах төсөлд ордын уул геологи, гидрогео нөхцлийг тооцсон Б ХК-ийн одоо ашиглалт явуулж буй талбайд уулын ажлыг явуулахаар төлөвлөсөн байдаг учраас хэвийн үйл ажиллагаа явуулж дулааны цахилгаан станцуудыг найдвартай хангаж шинээр ашиглалтанд орох ДЦС-5, Бын ЦС, утаагүй түлшний үйлдвэрүүдийг нүүрсээр хангах төлөвлөгөөтэй. Маргаантай *****А тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалт, нүүрс олборлох ажлыг явуулах аас өөр аргагүй юм, Бын нуүрсний уурхайн талбайн зарим хэсэг А Г ХХК-ийн эзэмшиж байсан 12969А тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд ногдож байгаагаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар уг талбайн 81.0 га газарт Б ХК ажлыг явуулж, 7.6 сая.тонн нүүрс олборлоод байгаа. Уг маргаантай талбайд Б ХК-ийн уурхайн ус цахилгаан хангамжийн дэд бүтэц оршдог учраас Б ХК-иас тус компани нүүрс олборлолтын үйл ажиллагааг явуулах нь одоо ашиглаж байгаа уурхайн үйл ажиллагаатай зөрчилдөн ноцтой нөлөөлөхаөс гадна геологийн тогтоцын хувьд шинээр уурхай байгуулан ашиглалтын ажил уулын ажлын технологийн хувьд боломжгүй юм. Тийм учраас А Г ХХК өдий хүртэл ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа юм. 2016 онд хийсэн уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсруулсан болно. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн маргаанаас болж 2016 оны 07 дугаар сард Австрали Улс болон Монгол Улсын хамтарсан багын боловсруулж дууссан баг уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ-д Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс өгөх тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. 

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс А Г ХХК-иас тус шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, *****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай" нэхэмжпийн шаардлага нь Б ХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Монгол Улсын эрчим хүчний салбарыг нүүрсээр олон жилийн турш найдвартай хангаж ирсэн Б ХК-ийг өргөтгөж хөгжүүлэх боломжийг бүрдүүлж улмаар Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

        Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан талаар тайлбарлан маргаж байна. Тус хуулийн заалт нь Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт юм. Харин Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмыг зөрчиж алдаатай гаргасан шийдвэрээ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төрийн захиргааны байгууллагаас залруулж, хүчингүй болгосон нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалууд гарах болсон гол үндэслэл юм. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан үндэслэл энэ маргаанд хамааралгүй юм. Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалууд нь хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, энэ нь нэхэмжлэгчийн яг ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зуйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдгийг баримталсан боловч А Г ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг огтхон ч зөрчиж байгаагүй гэж тайлбарладаг. Гэвч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан хуулийн зохицуулалтад 2 өөр агуулга явж байгааг буруу тайлбарладаг.

      Тодруулбал, тус хуулийн заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг авсны дараа 2 ба түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг буруу явуулж, зөрчил гаргасныг ойлгох нэг ойлголт, нөгөөтээгүүр тусгай зөвшөөрөл эзэмшихдээ хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг илтэд зөрчиж эзэмшсэн болохыг ойлгох бас нэг өөр ойлголт юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан нь захиргааны акт гарахдаа баримталсан хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилдсөн, 2 өөр утгыг илэрхийлсэн байхыг ойлгохоор байна. Гэвч маргаан бүхий 615, 616 дугаар тушаалууд эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт биш юм. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, *****А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх талаар тайлбарлажээ. Хариуцагч Ашигт малтмалын газраас *****А тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн боломжгүй талаар хариу албан бичгийг нэхэмжлэгч А Г ХХК-д хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл *****А тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, зөв шийдвэр болох талаар А Г ХХК-д албан бичгээр мэдэгдсэн байна. Энэ талаар ч нэхэмжлэгч өөрийн өөрчлөн, тодруулсан шаардлагадаа бичсэнээр тодорхой харагдаж байна.

       Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж зааснаас үзвэл Ашигт малтмалын газраас эс үйлдэхүй гаргаагүй харин ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Аптайн гянт ХХК-ийн гомдлыг хуульд заасан хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий хариу өгсөн байна. Тиймээс төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүй байхгүй байна. 

     Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1 дэх заалтыг удирдлага болгосон бөгөөд энэ заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой гэж тайлбарлажээ. Б ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэрийг Б ХК-иас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хүсэл зориг туйлдаа хүрч Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалууд гарсан. Иймд нэхэмжлэгчээс хүсэл зориг нь биелсэн гэж үзэж давж заалдах гомдлоосоо татгалзсан байдаг. Тиймээс уг асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж маргаантай байсан асуудал тул нэхэмжпэгчийн тайлбарлаад байгаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шалган тогтоох шаардлагагүй юм, Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, *****А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн 615, 616 дугаар тушаалууд үндэслэлтэй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгчээс одоогоор 3 үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж ойлгосон. 

Нэхэмжлэгчээс 1989 оны улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгээд нөөцийг нь тогтоосон орд дээр хайгуулын ажлын зөвшөөрөл аваад нөөцөө тогтоолгосон гэж тайлбарладаг. Үүнээс хамгийн түрүүнд орд гэж юу юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан. Хавтаст хэрэгт улсын төсвийн хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ авагдсан байгаа. Энэ гэрээгээр 1988-1989 онуудад улсын төсвөөр хайгуул хийсэн Бын хүрэн нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг Б ХК гэрээний дагуу нөхөн төлсөн. Орд гэдэг зүйлийг хуулиар тодорхойлоод Бын хүрэн нүүрсний орд байсан байна гэдгийг тодорхой заагаад байхад Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг үндэслээд тухайн үеийн агентлагын дарга нар лиценз олгосон нь хууль бус байна гэж 615, 616 дугаар тушаалд үндэслэл болгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчөөд нэхэмжлэгч А Г ХХК болон А Г ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн тайлан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл байгаа эсэх асуудал гарч ирнэ. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт өгөхөд хүсэлтийг хангаад холбогдох баримтуудыг Үндэсний төв архиваас шаардсан байдаг. Гэтэл уг газраас А Г ХХК-ийн хайгуулын ажлын ямар нэг тайлан байхгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөл манайд хадгалагдаагүй гэсэн хариу ирдэг.

Тиймээс нэхэмжлэгч тухайн үед ямар аргаар дээрх тусгай зөвшөөрлүүдийг авсныг хэлж мэдэхгүй байна. Харин Ашигт малтмалын газрын даргын гаргасан 615, 616 дугаар тушаалууд нь доод шатны нэгжийн буюу хэлтсийн даргын шийдвэрийг илт хууль бус байсан байна, хуульд үндэслээгүй журмыг баримталж тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь буруу гэж хүчингүй болгосон. Түүнээс биш нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д зааснаар заавал мэдэгдэх ёстой гэсэн зүйлийг тайлбарлаад байгаа. Гэтэл уг заалтууд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан лицензийг хуульд заасан үндэслэлийн дагуу эзэмших эрхийг олж авсан байхад нь тусгай зөвшөөрлийн эрхийг нь ноцтой зөрчсөн тохиолдолд хүчингүй болгохдоо баримталдаг заалтууд. Гэвч өнөөдрийн маргаж байгаа маргааны гол зүйл нь тухайн үеийн албан тушаалтангууд илт хууль бус акт гаргасан байна. Илт хууль бус актын үндсэн дээр хүчингүй болгож байна гэж шийдсэн учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасан нь ямар ч хамааралгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн үндэслэл болгож маргаад байгаа нь үндэслэлгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг баримтлах ёсгүй байсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Ашигт малтмалын газрын дарга энэ хуулийг баримталсан нь зөв шийдвэр гэж үзэж байна. Учир нь уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан байдаг. Энд 2 үндсэн өгөгдөл байгаа. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага гэж байгаа. Үүнийг яагаад тайлбарлаж байна гэхээр Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбар байдаг. Энэ тайлбарын 6-д “Мөн зүйлийн 14.1.4-т заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх ба “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино” гэж тайлбарласан байна. Удаа дараа гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөн гэж Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшсэнийхээ дараа 2 буюу түүнээс дээш удаа лицензийн эрхээ зөрчсөн тохиолдолд гэж ойлгоно. Харин ноцтой зөрчсөн гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөн буюу тусгай зөвшөөрлийг анх авахдаа илтэд зөрчсөн гэх агуулга бүхий тайлбар юм. Тиймээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг баримталсан нь буруу гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж, маргаж байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар болон холбогдох хуульд зааснаар үгүйсгэгдэж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан нь захиргааны акт гаргахдаа баримталсан хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилтэй буюу баримталсан хуулийн заалт нь гаргаж байгаа шийдвэртэй зөрчилдсөн байхыг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан байна. Гэтэл гаргаж байгаа шийдвэр болон баримталсан хуулийн заалт нь хоорондоо ямар нэгэн зөрчилдсөн зүйл байхгүй байна. 615, 616 дугаар тушаалууд нь өөрөө ямар нэгэн утга агуулга болон илэрхий алдаатай болсон эсхүл баримталсан хуулийн заалт нь шийдвэр гаргагчийн хүсэл зоригоос хальсан хуулийн заалт биш. Тэгэхээр 615, 616 дугаар тушаалууд нь хуульд нийцсэн гэдэг нь харагдаж байна.

Мөн эс үйлдэхүй болон *****А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх талаар тайлбарлаж маргадаг. Гэтэл эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар эс үйлдэхүй нь хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлж хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх үүргээ орхигдуулсан эсхүл хуульд заасан хугацаанд нь хариу өгөөгүй байхыг эс үйлдэхүй гэж ойлгоно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмалын газрын даргад тухайн үед хандсан боловч Ашигт малтмалын газраас буцааж хариу өгсөн байдаг. 615, 616 дугаар тушаалууд нь хуульд нийцэж гарсан байна. Тийм учраас таны өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариу байдаг. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар нь ямар нэгэн байдлаар эс үйлдэхүй буюу хийх ёстой үйлдлээ хийхгүй орхигдуулсан зүйл гаргаагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн ярьсан тайлбар нь хуульд нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй гэсэн тодорхойлолтыг баримтлах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ийг баримталсан байгаа учраас уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой гэж маргаад байгаа. А Г ХХК, А Г ХХК болон Ашигт малтмалын газрын хооронд 2008 оноос эхэлж маргаан үүссэн байдаг. 2008 оноос хойш маргаан явж байхад хөөн хэлэлцэх хугацаа яригдах ямар ч боломжгүй зүйл. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай маргах гэж байгаа бол миний эрхийг зөрчиж байна гээд шинээр гомдол гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. 2008 оноос хойш маргаантай явж байсан учраас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хувьд ч хөөн хэлэлцэх хугацаа ярих ямар ч боломжгүй нөхцөл байдал байгаа юм.

615, 616 дугаар тушаалууд дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус байх захиргааны актыг ярьсан байдаг. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага өөрөө хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийнхөө илтэд алдаатай актаа өөрөө засварлах бүрэн эрхтэй. Үүнийхээ дагуу өөрийн гаргасан алдаатай актыг засварлаж ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ нь ямар нэгэн байдлаар өөрийнхөө алдааг залруулж байгаа болохоос биш ямар нэгэн хийх ёстой үйлдлээ хийхгүй орхигдуулсан эс үйлдэхүй болон хууль бус шийдвэр гаргасан нөхцөл байдал харагдахгүй байна.

Ордын талаар түрүүн ярихад 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажлаар нөөцийг нь тогтоож, нөөцийг тогтооход гарсан зардлыг Б ХК гэрээний дагуу бүрэн нөхөөд төлсөн байхад ямар ч эзэнгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл тухайн үеийн Ашигт малтмалын газрын удирдлагууд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бол сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Тэгэхээр энэ алдаатай гаргасан шийдвэрээ залруулсан төрийн захиргааны байгууллагыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө манайх хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ А Г ХХК гаргасан байсан гэж тайлбарладаг. Гэтэл 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр 2006 оны Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхлэхэд шинэ хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэнэ гэж заасан учраас заавал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 болон 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг харж үзэх ёстой байсан. Гэтэл харж үзэлгүй 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж Бын хүрэн нүүрсний ордын нөөцийг тогтоосон байхад 2006 оны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө манайх өргөдлөө өгсөн учраас бидэнд энэ хуулийн заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн А Г ХХК, А Г ХХК нь тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа талбайн хилийг яриад байдаг. Бын хүрэн нүүрсний орд буюу одоогийн *****А тусгай зөвшөөрөлтэй маргаан бүхий талбайн хилийн цэсийг ярьдаг. Бид Төв аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учраас ****** сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Хилийн заагийг тогтоосон тойм зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад 1989 онд тогтоогдсон ордын 10 хүрэхгүй хувь нь ****** сумын нутаг дэвсгэрт орж байгаа. Тэгэхээр үндсэндээ бид нарын маргаж байгаа *****А тусгай зөвшөөрөл буюу лицензийн талбай нь Төв аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт биш Нийслэлийн Б дүүргийн нутаг дэвсгэрийн талбайд 100 хувь хамаарч байгаа. Гэтэл Б дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байдаггүй. Б дүүргийн Засаг даргаас энэ талаар тодруулахад Б дүүргийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгээр манайхаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэдэг хариу ирүүлсэн. Мөн Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ашигт малтмалын газраас очсон баримтуудаас үзэхэд А Г ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хайгуулын ажлын тайлан, ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргахдаа хавсаргаж өгсөн баримт болон өргөдлүүд огт байдаггүй. Тэгэхээр тухайн үеийн эрх баригчид болон тухайн үеийн төрийн захиргааны байгууллагыг удирдаж байсан эрх бүхий албан тушаалтнуудын алдаатай шийдвэр буюу ямар нэгэн хууль бус аргаар гаргасан гэдэг нь давхар нотлогдож байдаг. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь өөрөө анхнаасаа улсын төсвөөр хайгуулын ажил хийгдсэн, нөөц нь бүрэн тогтоогдсон, төлбөрийг нь Б ХК төлсөн, одоогоор хайгуулын ажил явагдах ямар ч боломжгүй, ашиглалтын ажиллагаа Б ХК-ийн зүгээс явагдаж байгаа болохыг шүүх анхаарч үзнэ үү. Тийм учраас нэхэмжлэгчийн яриад байгаа үндсэн 3 шаардлага нь дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн ярьж байгаа 2 нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо зөрчилдөөд байдаг. Жишээ нь: 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулъя гэж маргаад байгаа. 615, 616 дугаар тушаалуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу шүүхээс хүчингүй болгуулах юм бол нэхэмжлэгчийн эрх нь бүрэн сэргэх боломжтой. Гэтэл одоо яриад байгаа зүйл нь 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар татгалзасан шийдвэр гаргаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгоё гээд байгаа. Хариуцагч байгууллага ямар ч эс үйлдэхүй гаргаагүй. Татгалзаж байгаа шийдвэр нь хуульд нийцсэн гээд хариу өгч байгаа. Гэтэл 2 гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь зөрчилтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

                                                              ҮНДЭСЛЭХ нь: 

        Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг хянан хэлэлцээд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А Г ХХК-иас “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, *****А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ .

 Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1******* дүгээр шийдвэрээр  Төв аймгийн ****** сум, Улаанбаатар хотын Б дүүргийн ****** нэртэй 1791 гектар талбайд 0*****Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр  0*****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус А Г ХХК-д олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр  А Г ХХК-ийн ашиглалтын 0*****А дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан А Г ХХК-ийн нэхэмжлэлээр “Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, *****Х, *****А тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж, тус шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийг хангаж, 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож ашигт малтмалын хайгуулын *****Х, ашиглалтын *****А тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б ХК давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 598 дугаар тушаалаар  А Г ХХК-ийн эзэмшлийн *****Х, *****А дүгээр тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр  Алтайн голд ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу  *****А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг А Г ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

 Б ХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэс нь 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалаар  тус газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1*******, мөн тус албаны 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрийн А Г ХХК-д холбогдох хэсэг, мөн тус өдрийн 616 дугаар тушаалаар  А Г ХХК-ийн ашиглалтын *****А тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосон байна.

Хариуцагчаас өөрийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг “...улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, ... эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэж,  616 дугаар тушаал нь “...илт хууль бус захиргааны акт буюу 615 дугаар шийдвэрийн үндсэн дээр олгогдсон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/******* дугаар шийдвэрээр  Б дүүргийн ****** гэх газарт орших 1445 гектар талбайд Б ХК-д ****А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.  

Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-6585 , 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-7487 , 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/3831  дүгээр албан бичгүүдээр *****А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн боломжгүй талаарх хариуг А Г ХХК-д тус тус хүргүүлжээ. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх ёстой. Энэ мэдэгдлийг хүргүүлээгүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэдгийг мэдэгдсэн болохоос биш тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг огт өгч байгаагүй...” гэж маргаж байгаа бөгөөд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.8-д “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 60 дугаар зүйлийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн хуульд заасан шаардлагуудыг зөрчиж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон алдаатай шийдвэрээ 615, 616 дугаар тушаалаар залруулсан гэж маргадаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт юм. 

Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаар шийдвэрээр  Б ХК-ийн 1*******, А Г ХХК-ийн *****А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицолыг өөрчилсөн бөгөөд дээрх 2 тусгай зөвшөөрлийн талбай ямар нэг давхцалгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө” гэж заасны дагуу Б ХК Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай”  гэрээ байгуулж,  А Г ХХК-иас А Г ХХК-д шилжүүлсэн *****А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар Б ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр  Б ХК-ийн ****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааруулан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Бын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх талаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар  маргаж буй Бын хүрэн нүүрсний орд бүхий газарт Б ХК-ийн ****А тусгай зөвшөөрлөөс гадна мөн компанийн 1******* тусгай зөвшөөрөл, А Г ХХК-ийн *****А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байна.

Иймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнээд Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалаар А Г ХХК-ийн хайгуулын тусгай, А Г ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодорхой судлалгүйгээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх үндэслэлтэй тул *****А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах төлбөрийг төлсөн эсэх, хэрэв төлсөн бол тухайн талбайд А Г ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, Алтай гянт ХХК-д шилжүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн түүнийг хэрхэн сэргээх асуудлыг судлан үзэж дахин шинээр акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 19 дүгээр зүйлийн 19.12, 25 дугаар зүйлийн 25.1.8, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө илүү төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогоос гаргуулан А Г ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН