Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1280

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2016/03574 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХХ” ХХК-нд холбогдох

 

Гэрээний үүрэгт 123 500 639 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга               Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“ХХХХ” ХХК нь манай компаниас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 060/2013 дугаар “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 0180 80300 маркийн дугуйт ачигчийг худалдан авсан. Хариуцагч нь техникийг хүлээн авснаас хойш хамгийн сүүлд 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хуваарьт төлбөрийг төлсөн бөгөөд нийт төлсөн төлбөр нь 27 958 361 төгрөг болж байна. Үүнээс хойш “ХХХХ” ХХК ямар нэгэн төлбөр төлөлгүй манай техникийг үнэ төлбөргүйгээр ашиглаж гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэнгүй. Иймд манай компанийн зүгээс 060/2013 дугаар “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлаж, тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг 16 170 000 төгрөгөөр тооцон, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 281 хоног ашигласан тул төлбөл зохих түрээсийн төлбөр 151 459 000 төгрөгөөс “ХХХХ” ХХК-ийн төлсөн 27 958 361 төгрөгийг хасаж “Disd SD300” маркийн дугуйт ачигчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийн үлдэгдэл 123 500 639 төгрөгийг төлөхийг шаардсан боловч хариуцагч нь ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд хариуцагч “ХХХХ” ХХК-иас “Disd SD300” маркийн дугуйт ачигчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 123 500 639 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 123 500 639 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 454 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 775 454 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ХХХ" ХХК нь “ХХХХХ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 060/2013 “Тоног төхөөрөмж худалдан авах гэрээ” байгуулж 018080300 маркийн дугуйт ачигчийг худалдан авсан болно. Тоног төхөөрөмжийг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 3 сар 29 хоног ашигласан. Гэтэл “ХХХХ” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх ашигласан хэмээн гэрчийн этгээдээр гэрчлүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэдийгээр гэрчийн этгээд гэх иргэд ирж мэдүүлэг тайлбар өгсөн боловч уг этгээдүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй байна. “ХХХХ” ХХК-нд ажиллаж байсан гэх тэдгээр гэрчүүд тухайн цаг хугацаанд тус компанид ажилладаг байсан болох нь нотлогдоогүй байна. Тухайлбал ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын баримтуудаар нотлогдох байтал уг баримтууд ньхэргийн материалд ирээгүй байна. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт хэмээн үнэлсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг ийнхүү буруу үнэлснээр шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна. “ХХХХ” ХХК нь нэхэмжилж байгаа 123 500 639 төгрөгнөөс 64 680 000 төгрөгийг элэгдэл хорогдлоос үүдэн бий болсон хохирол хэмээн хүлээн зөвшөөрч байгаа ба харин үлдэгдэлд тооцсон 58 820 639 төгрөгийг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Нэгд “ХХХХХ" ХХК нь худалдсан тоног төхөөрөмжөө худалдан авагчийн эзгүйд хадгалж байсан обьектийн хаалгыг эвдэн авч явсан. Энэ байдлаа ашиглан 3 сар 29 хоногийг дурьдсан 58 820 639 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Хоёрт худалдах, худалдан авах хэлцэл цуцлагдсан тохиолдолд өгсөн авсанаа харилцан буцаан өгөх хуулийн шаардлагаас гадуур түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Ийм 2 төрлийн шалтгаан үндэслэлээр 58 620 639 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 123 500 639 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Disd SD300” маркийн дугуйт ачигчийг  24 366 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээний дагуу хуулийн шаардлага хангасан, талууд гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд худалдагч “ХХХХ” ХХК нь худалдан авагч “ХХХХХ” ХХК-нд эд хөрөнгийг үнийг төлөхөөс нь өмнө худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК нь гэрээний хавсралтад зааснаар төлбөрийг 2013 оны 12 дугаар арын 11-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 1.5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон боловч 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хуваарьт төлбөр 27 985 361 төгрөгийг төлснөөс өөр төлөлт хийгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Талууд гэрээний 4.1-т зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийн нэг сарын хөлсийг 16 170 000 төгрөгөөр тооцохоор тохиролцжээ.

 

Хариуцагч байгууллага гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас байх тул нэхэмжлэгч байгууллага зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалснаар талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх тул техникийг ашигласны хөлсөнд 123 500 639 төгрөгийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй болно. 

 

Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарласан байх бөгөөд хариуцагч байгууллага нь шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах буруутгах боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан шүүхийг буруутгах боломжгүй юм.  

 

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2016/ 03574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО